Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 804

 

 

 

 

 

М.Пүрэвдарьд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Мөнгөнцэцэг,

шүүгдэгч М.Пүрэвдарийн өмгөөлөгч Л.Амартогос,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 367 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Дамбадаржаагийн бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 27 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн М.Пүрэвдарьд холбогдох 201526022274 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Мөнхбатын Пүрэвдарь, 1987 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар, /Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн Хөшигтөд оршин суух бүртгэлтэй/, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8-148 тоотод оршин суух, /регистрийн дугаар: НС87031274/,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 2 сар 26 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2011 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

М.Пүрэвдарь нь:

1. 2012 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 66, 67 дугаар байрны гадна байрлуулсан байсан иргэн С.Энхлхагвын эзэмшлийн 77-22УНЕ улсын дугаартай “Тоёота гранд марк-2” загварын тээврийн хэрэгслийн жижиг гурвалжин шилийг хагалж дотроос нь “Асер” загварын зөөврийн компьютер, “ай пад” зэргийг хулгайлж 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2013 оны 2 дугаар сарын 28-ны шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эгг март” өндөгний дэлгүүрийн цонхоор нэвтэрч биет 968.130 төгрөгийг хулгайлсан,

3. 2013 оны 6 дугаар сарын 4-ний шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86А байрны гадна байрлуулсан байсан иргэн Б.Батбаатарын эзэмшлийн 18-17УНГ улсын дугаартай “Тоёота гранд марк-2” загварын тээврийн хэрэгслээс 2 нүдний дуран, мөн иргэн Ц.Ганчимэгийн 51-81УБЛ улсын дугаартай “Тоёота Спасио” загварын тээврийн хэрэгслээс 2 ширхэг үнэртэй ус, 2 ширхэг нүүрний тос, түрийвч, цүнх зэргийг хулгайлан нийт 1.115.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2014 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” пабын цонхоор нэвтэрч биет 899.000 төгрөгийг хулгайлсан,

5. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 16-299 тоот хашаанд байрлах Д.Цэрэнлхамын эзэмшлийн “Приус” засварын газрын цонхоор нэвтэрч автомашин оношилдог төхөөрөмж, хайрцагтай түлхүүр багажны цуглуулга, савхин куртик зэргийг хулгайлж 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2016 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12 дугаар байрны гаднаас 47-16 УНО улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгслийн 1 ширхэг толь хулгайлж Ж.Батсүхэд 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2016 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 дүгээр байрны гаднаас 65-13 УБЗ улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгслийн 1 ширхэг толь хулгайлж Б.Будад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2016 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө  Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “S” караокены гадаа байрлуулсан байсан 36-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилийг хагалж “Агион” загварын унадаг дугуй хулгайлж Н.Одонгаравт 215.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: М.Пүрэвдарьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 315 дугаартай Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтууд бүрэн биелэгдээгүй, мөн хулгайн гэмт хэргийн улмаас учирсан шууд ба шууд бус гэм хорын хохиролыг зөв тооцох шаардлагатай гэх үндэслэлээр М.Пүрэвдарьд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч Н.Дамбадаржаа бичсэн эсэргүүцэлдээ: “...2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 315 дугаартай магадлалд дурдсан “М.Пүрэвдарь нь мөрдөн байцаагч Сэргэлэн намайг түрээр авч яваад “энэ газар руу гараараа заа” гэж хэлээд зураг авсан, 5 хэргийн шинжээчийн дүгнэлтүүд, хурууны хээ, хэргийн газрын камерын бичлэг зэргийг дахин шалгуулах хүсэлтэй” гэх асуудлуудыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоох шаардлагатай. Тухайлбал: гэмт хэрэг гарах үед “Цэ” пабад хяналтын камер байсан эсэх, бичлэг одоо байгаа эсэх, шинжээчийн 01/389 дугаар дүгнэлтээр гарсан хурууны хээ нь хэний хурууны хээ байж болох зэргийг дахин тодруулах шаардлагатай гэж дурдсан бөгөөд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар М.Пүрэвдарийн “мэдүүлгийг газар дээр нь шалгах” ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон Ч.Ангараг-Эрдэнэ, Б.Баттулга нарыг гэрчээр байцаахад М.Пүрэвдарь нь өөрөө хулгай хийсэн газраа зааж явж байсныг тодорхой мэдүүлсэн, мөн шинжээчийн 01/389 дугаар дүгнэлтээр гарсан хурууны хээ нь хэний хурууны хээ байж болох талаар дахин шинжээч томилох боломжгүй байгаа учир нь тухайн илэрсэн хурууны хээ “М.Пүрэвдарийн хурууны хээтэй тохироогүй, мөн санд байгаа хурууны хээтэй тохироогүй” гэсэн тул өөрөөр хэний хурууны хээ байсан ч энэ нь М.Пүрэвдарь хулгайн гэмт хэрэг үйлдээгүй гэж нотлох баримт болохгүй, хэрэгт ач холбогдолгүй, биелэгдэх боломжгүй юм. Иймд давж заалдах шатны магадлалын заалтыг хэрхэн биелүүлээгүй гэж үзэж байгаа талаар тусгаагүй тул 367 дугаартай шүүгчийн захирамж нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсэний үндсэн дээр гараагүй, үндэслэлгүй гэж үзэж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 11, 90, 145, 148, 2 дугаар хавтаст хэргийн 92, 126 дугаар талуудад хулгайлсан эд зүйлийн үнэлгээ авагдаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон бөгөөд шүүхийн захирамжид ямар үнэлгээ дутуу эсвэл хийгдээгүй болохыг заагаагүй, энэ нь хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх нөхцөлийг хангаагүй байна гэж үзэж байна. Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар М.Пүрэвдарийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа ба гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд оруулан тооцохгүй бөгөөд эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эсэхийг өөрөө шийдвэрлэх ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу хохирогч нар шууд бус хохирлоо нэхэмжлэл гарган Иргэний шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой юм. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 367 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор М.Мөнгөнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор Н.Дамбадаржаагийн бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 27 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар М.Пүрэвдарийн “Мэдүүлгийг газар дээр нь шалгах” ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон Ч.Ангараг-Эрдэнэ, Б.Баттулга нарыг гэрчээр байцаахад М.Пүрэвдарь нь өөрөө хулгай хийсэн газраа зааж явж байсныг тодорхой мэдүүлсэн. Мөн шинжээчийн 01/389 дугаар дүгнэлтээр гарсан хурууны хээ нь хэний хурууны хээ байж болох талаар дахин шинжээч томилох боломжгүй байгаа учир нь тухайн илэрсэн хурууны хээ “М.Пүрэвдарийн хурууны хээтэй тохироогүй, мөн санд байгаа хурууны хээтэй тохироогүй” гэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 315 дугаар магадлалд заасан заалтуудыг боломжтой хэмжээгээр биелүүлсэн гэж үзэж байна. Биелэгдээгүй заалтуудад мөрдөн байцаалтын ажиллагаа хийх боломжгүй. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Пүрэвдарийн өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 315 дугаар магадлалд заагдсан заалтууд биелэгдээгүй. Иймд прокурор Н.Дамбадаржаагийн бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 27 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

М.Пүрэвдарьд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

 

Учир нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 315 дугаар магадлалд заагдсан зарим заалт болох “Це” пабад хяналтын камер байсан эсэх, бичлэг одоо байгаа эсэх”-г шалгах талаарх заалтыг мөрдөн байцаалтын шатанд биелүүлээгүй байна.

 

Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 199 дэх талд “2014 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” пабын цонхоор нэвтэрч биет 899.000 төгрөгийг хулгайлсан” гэх үйлдэлтэй холбогдуулан камерын бичлэгийг ахмад П.Энхбаяр хуулбарлаж авсан талаар тэмдэглэл үйлдсэн байна. Гэтэл уг камерын бичлэг хавтаст хэрэгт авагдаагүй, бичлэг байгаа эсэх талаар дүгнэлт хийгээгүй, олж тогтоох ажиллагаа хийгдээгүй байна.

 

Мөн “Цэ энд Цэ” ХХК-ийн “Цэ” паб нь хэрэг гарах үед “Оул секьюрити” ХХК-тай “Дохиолол хамгаалалтын гэрээ” байгуулан хамгаалуулж байсан 2014 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” пабын цонхоор нэвтэрч биет 899.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг гэрээний дагуу “Оул секьюрити” ХХК төлж барагдуулах үүрэг хүлээж байжээ. Гэтэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр “Оул секьюрити” ХХК төлж барагдуулсан эсэх талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хэрэв хохирлыг “Оул секьюрити” ХХК төлж барагдуулсан бол уг байгууллага нь иргэний нэхэмжлэгчээр оролцох боломжтой эсэхийг шалгах шаардлагатай байна.

 

“2013 оны 6 дугаар сарын 4-ний шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86А байрны гадна байрлуулсан байсан иргэн Б.Батбаатарын эзэмшлийн 18-17 УНГ улсын дугаартай “Тоёота гранд марк-2” загварын тээврийн хэрэгслээс 2 нүдний дуран, “МП-3” зэрэг зүйлсийг хулгайлсан” гэх үйлдэлд М.Пүрэвдарийг холбогдуулан яллахдаа уг дуран, “МП-3” зэргийн хохирлыг үнийн дүнд оруулаагүй, яллах дүгнэлтэд бичээгүй.

 

Мөн үүнээс гадна гэмт хэргийн улмаас автомашиныхаа цонх, салхины шилийг хагалуулсан хохирогч нарын гэм хорын болон нэхэмжлэлийн тооцоог зөв тооцоогүй зэрэг зөрчил гаргажээ.

 

Иймд улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон энэхүү магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 367 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Дамбадаржаагийн бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 27 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол М.Пүрэвдарьд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН  

                                                                         Ц.ОЧ