Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 830

 

 

Д.Цэвээнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор О.Багшбаяр,

          Ялтан Д.Цэвээн, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Батсуурь, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 143А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Цэвээний өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Цэвээнд холбогдох эрүүгийн 2016 2501 1677 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорж овгийн Доржийн Цэвээн, 1968 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, шифрчин мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 2 дугаар гудамжны 5г тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЕЙ68072310/,

Д.Цэвээн нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аргуй” хүнсний дэлгүүрийн гадаа хохирогч Т.Ганхуягтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Цэвээний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Цэвээнийг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Д.Цэвээнийг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, түүний цагдан хоригдсон 58 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар ирсэн нэг ширхэг сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, хохирогч Т.Ганхуяг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Ялтан Д.Цэвээний өмгөөлөгч Н.Цэцэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Нэг. Анхан шатны шүүх 143А дугаар шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт: “...Т.Ганхуяг нь тэр орой архи уусан согтуу үедээ урьдын танил Д.Цэвээнийг дэлгүүртэй айлд хүргэн ороо юу гэж тоглож хэлснээс болж тоглоом нь шоглоом болж Д.Цэвээн нь уурлан түүний баруун нүд рүү нэг удаа гараараа цохисон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. ...Шүүх Д.Цэвээнийг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар өөрчилж оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгөх санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв. ...Хэрвээ тэдний хажууд 2 хүн биенээ цохих гээд гараа саваад чимээ гаргаад байхад мэдэхгүй байх боломжгүй байна. Д.Цэвээний биед хөнгөн гэмтэл учирсантай холбогдуулан Б.Мөнхцог, Л.Мөнхбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулсан ял сонсгож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч Д.Цэвээний биед бүлэглэн хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хангалттай тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр Б.Мөнхцог, Л.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын 437 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна. Д.Цэвээний биед учирсан гэмтлийг шүүх эмнэлэг 20 хоногийн дараа үзэж биед нь хөнгөн гэмтэл учирсан байна гэж дүгнэлт гаргасан. Гэхдээ яг тухайн үед үүсчээ гэж үзээгүй байна. Тухайн үед үүссэн гэх нотлох баримт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул “Т.Ганхуягтай мөргөлдсөнөөс үүссэн гэмтэл гэж үзээгүй болно” гэж тус тус дүгнэснийг үндэслэлгүй гэж үзнэ.

            Тухайн гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд миний үйлчлүүлэгч Д.Цэвээний биед дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт зэрэг гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн 6396 тоот дүгнэлтээр тогтоогдсон, шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч мэдүүлэхдээ Д.Цэвээний толгойд учирсан гэмтэл нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой, шинжээч дүгнэлтээ гаргахдаа компьютер томографийн дүгнэлт, үзүүлэгч Д.Цэвээний өвчний талаарх өгүүлэмж, эмзэглэл зэрэгт үндэслэн дүгнэлтээ гаргасан гэж мэдүүлсэн.

Л.Мөнхбаяр, Б.Мөнхцог нар бүлэглэн Д.Цэвээнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан хэмээн мөрдөн байцаалтын шатанд тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон шалгаад прокурорын 437 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан тэдгээр нь уг гэмтлийг учруулсан болох нь “нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Д.Цэвээний биед гэмтэл учирсан нь тогтоогдоогүй гэж хэрэгсэхгүй болгоогүй билээ.

Д.Цэвээн зодуулж хохирсон талаараа мөрдөн байцаагчид хэлсээр байхад эрүүгийн хэрэг үүсгэсэн өдрөө буюу гэмт хэрэг гарснаас 20 хоногийн дараа л шүүх эмнэлэгт үзүүлэхийг нь зөвшөөрч шинжээч томилсон тогтоол өгсөн байдаг. Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн гэмтэл нь 28 хоногийн доторх хугацаанд эдгэрэлтэй байдаг тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох боломжтой гэж байна. Хохирогч Т.Ганхуягийн мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдож байж хөдөлбөргүй нотлох баримт болох ёстой. Миний үйлчлүүлэгч Д.Цэвээн гараа атгаж байгаад хохирогч Т.Ганхуягийн нүдэнд цохиж санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал Т.Ганхуягийн биед учирсан гэмтлийн талаар дүгнэлт гаргасан шинжээч эмч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ, мөргөлдөх үед нүд гэмтэл болохыг үгүйсгээгүй.

Д.Цэвээн нь Т.Ганхуягийн биед огт гэмтэл учруулаагүй гэж мэдүүлээгүй, гагцхүү болгоомжгүй байдлаас гэмтэл учрууллаа гэж мэдүүлсээр, мөн өөрийн гэм буруутай байдлаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан эд материалын хохирлоо бүрэн төлж барагдуулаад байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд “Эрүүгийн хуулийг хэрэглэх, нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байх тул нэгэнт эргэлзээ бүхий байгаа хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан болгон зүйлчилж, Д.Цэвээнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү.

Хоёр. Хэрвээ давж заалдах шатны шүүх, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж үзээд миний үйлчлүүлэгч Д.Цэвээнийг хохирогчийн биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан нь нотлогдож тогтоогдсон байна гэсэн дүгнэлтэд хүрвэл, Д.Цэвээн нь анх удаагаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус харьцаа, үйлдэл нөлөөлсөн, хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан, эхнэр нь 6 жилийн өмнө салж өөр амьдралтай болсноос бага насны 2 хүүхдээ ганцаараа тэжээн өсгөж, одоо 11-14 насны 2 хүүхэд нь харж хандах хүнгүй, өрхийн орлогогүй, хашаандаа хэцүүхэн амьдарч байгаа, Д.Цэвээн өөрөө цэргийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан, харьцангуй нас нь өндөр болсон, биеийн эрүүл мэнд тааруу байдаг, анхан шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Т.Ганхуяг шүүхээс оногдуулах ял шийтгэлийн тухайд тухайлсан саналгүй, хүндэтгэлтэй хандахаа илэрхийлсэн. Д.Цэвээний ар гэрийн зүгээс хохирогч Т.Ганхуягийн цаашид гарах эмчилгээний зардалт 3.500.000 төгрөг төлсөн. Хохирогч Т.Ганхуяг нь “...Д.Цэвээнд аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлт бичиж өгсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, өөрчилж өгнө үү.

Өмнө нь Баянзүрх дүүргийн шүүх хэргийг шийдвэрлэхдээ Д.Цэвээнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж байсан боловч энэхүү шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр хүндрүүлж шийдвэрлэснийг анхаарч үзнэ үү...” гэв.

Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...ялтан Д.Цэвээний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй байгаа учраас давж заалдах шатны шүүхээс Д.Цэвээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж, хорих ялыг багасгаж, түүний ял эдлэх дэглэмийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж үзэж байна...” гэв.

Ялтан Д.Цэвээн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангажээ.

Д.Цэвээн нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аргуй” хүнсний дэлгүүрийн гадаа хохирогч Т.Ганхуягтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Ганхуяг “...Д.Цэвээн уурлаад бид хоёр муудалцахад миний баруун нүд рүү Д.Цэвээн баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгэхэд миний нүд бүлтрээд гараад ирэх шиг болохоор нь би хагарчихлаа гэж бодоод нүдээ бариад доошоо суусан. ...Би Д.Цэвээнийг шоолоод наргиан хийгээд байж байхад надад уурлаад намайг зодсон. Би харин түүнтэй зодолдож, муудалцаагүй....” / 1-р хх-20-22/,

Гэрч Х.Мөнхбатын “...Т.Ганхуяг нь Д.Цэвээнийг “чи намайг гараараа цохиж нүд гэмтээлээ” гээд маргалдаж байсан...” /1-р хх-26/,

Гэрч М.Дөлгөөний “...аавыг харахад архи уусан байхаар нь гэртээ оруулаад буцаж гараад дэлгүүр явахад “Аргуй” дэлгүүрийн хажуу талын хаалганы довжоон дээр Т.Ганхуяг ах ганцаараа сууж байсан. Тэгээд би Т.Ганхуяг дээр очиход “Хуягаа ах юу хийж байгаа юм” гэхэд “цагдаа дуудчих” гээд над руу хэлээд харахад нэг нүд нь улаан болцон, цагаан хэсэг нь харагдахгүй, нүдний доод хэсэгт цус болсон байсан. Мөн сууж байсан газар нь цус туссан байсан...” /1-р хх-28-29/,

Гэрч Д.Мядагмаагийн “...Д.Цэвээн дэлгүүрээс бие засах гээд гарсан. Гарсны дараа 2-3 минутын дараа шатны тэнд юм дугарахаар нь би дэлгүүрээсээ гараад очсон. ...Т.Ганхуяг “Д.Цэвээн пизда чинь нүд рүү цохичих шиг боллоо” гээд нүдээ нухаад гараараа бариад байсан...” /1-р хх-33/,

Гэрч Б.Мөнхцогийн “...Д.Цэвээн, Т.Ганхуяг хоёр босоод хоорондоо юм ярьж байсан. Тэгээд нээх муудалцаж бариагүй байхад Т.Ганхуяг орилоод “миний нүд рүү Д.Цэвээн цохичихлоо” гээд байсан. Миний өмнө талд Т.Ганхуяг цаашаа хараад босоод зогссон байдалтай байхаар нь Т.Ганхуягийн араас очиход Т.Ганхуяг над руу нүдээ дарсан байдалтай эргэж харсан. Тэгээд би Д.Цэвээнийг “чи яаж байгаа юм боль” гэж хэлээд Д.Цэвээний цээж рүү нэг удаа түлхсэн...” /1-р хх-37-38/,

Гэрч Л.Мөнхбаярын “...Т.Ганхуяг орилоод “нүд рүү цохичихлоо, нүд нүд” гээд байсан. Тэгээд бид хоёр тэр хоёр дээр очоод Д.Цэвээнийг Т.Ганхуягаас салгаж, холдуулж байхад худалдагч хүүхэн гарч ирээд Д.Цэвээнийг татаад “ор чи” гээд аваад дэлгүүр лүүгээ аваад орсон. Гэтэл Т.Ганхуяг “нүд рүү цохичихлоо, нүд нүд” гээд орилоод байхаар нь харсан. Тэгэхэд тэр хоёр салангад зайтай зогсож байсан. Д.Цэвээн түүнийг цохисон байх, тэр хоёроос өөр хүн тэнд байгаагүй...” /1-р хх-39-40/,

Шинжээч эмч Б.Долгормаагийн “...Уг гэмтэл өмнө үүссэн байх боломжгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл бөгөөд ямар нэг архаг хууч өвчин биш. Нүдний хараа хуучин хэвэндээ орно гэх баталгаа байхгүй...” /1-р хх-41/,

Шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлсийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” /1-р хх-42/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Хохирогч Т.Ганхуягийн биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт, эвэрлэг болон солонгон бүрхүүлийн урагдал, болоргүйдэл, баруун нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна…” гэсэн 5509 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-44-45/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Д.Цэвээн нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвартай байна. Д.Цэвээн нь хэрэг хариуцах чадвартай...” гэсэн 590 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-49-51/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-17-18/, хохирогч Т.Ганхуягийн  Улсын 1 дүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /1-р хх-99-104/, хохирлын баримтууд /1-р хх-123-139/, эд мөрийн баримт /1-р хх-142/, хохирол төлсөн баримт /1-р хх-227-228/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Д.Цэвээнд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын шатанд чухал ач холбогдолтой байж болох зүйлийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэн ялтны гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэсэн ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Гэвч Д.Цэвээний хувийн байдал, гэмт хэрэг анх удаа үйлдсэн, бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн, тус шүүх хуралдаанд оролцсон прокурор “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой...” гэсэн дүгнэлт, хохирогч Т.Ганхуягийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн “...Д.Цэвээнд гомдолгүй болсон, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөлж өгнө үү...” гэсэн хүсэлт зэргийг харгалзан Д.Цэвээнд оногдуулсан хорих ялыг хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур тогтоон, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн ял шийтгэх оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин ялтан Д.Цэвээн нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 2 дугаар гудамжны 5г тоотод насанд хүрээгүй Ц.Балжинням, Ц.Хасбазар нарын хамтаар өрх толгойлон амьдардаг/1-р хх-75, 175-176/ болох нь нотлогдож байхад анхан шатны шүүхээс насанд хүрээгүй хүүхдүүдийг хэний асрамжид үлдээх талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд нэмэлт заалтыг оруулах шаардлагатай байна.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 6 дахь заалтуудад ялтан Д.Цэвээний нийт цагдан хоригдсон хоногийг давхардуулан бичсэн нь ойлгомжгүй байх тул өөрчлөн найруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 143А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт зааснаар Д.Цэвээнийг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1. дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт зааснаар Д.Цэвээнийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэвээнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10. дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэвээнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй...” гэж,

6 дахь заалтыг “...энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Цэвээний цагдан хоригдсон 58 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай...” гэснийг “...энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай...” гэж тус тус өөрчлөлт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...2005 оны 9 дүгээр сарын 10-нд төрсөн Цэвээний Хасбазар, 2012 оны 2 дугаар сарын 14-нд төрсөн Цэвээний Балжинням нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧИД                                              Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ