Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 213/МА2022/00020

 

                                

 

Б.Ариунжаргалын нэхэмжлэлтэй

Ц.Даваасүрэн, Б.Дашбилэгт нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 131/ШШ2022/00360 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ариунжаргалын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч Ц.Даваасүрэн, Б.Дашбилэгт нарт холбогдох Зээлийн гэрээний үүргийн 22.201.650 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 11.246.000 төгрөгийн, 2019 оны 1  дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 1.350.000 төгрөгийн, 2019 оны 5  дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 1.000.000 төгрөгийн, 2019 оны 6  дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ц.Даваасүрэн, Б.Дашбилэгт тэдгээрийн өмгөөлөгч Б.Бурмаа нарын нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ариунжаргал, түүний өмгөөлөгч Г.Чингис, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Х.Золцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ариунжаргалын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Ц.Даваасүрэн, Б.Дашбилэгт нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд цагаан цахирын уурхайд чулуу олборлодог өөрсдийн хувийн бизнес хийдэг. Мөн эхнэр нь үсчнээр ажилладаг. Бизнестэйгээ холбоотойгоор надаас удаа дараа гэрээ байгуулан мөнгө зээлж байсан. 2019 оны 01 сарын 21-ний өдөр 11.246.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 12 хувийн хүүтэй зээлж авсан. Уг зээлийн гэрээний хүүнээс 2 сард 1.050.000 төгрөг, 3 сард 750.000 төгрөг, 4 сард 750.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл хүүний төлбөр 5.547.120 төгрөг үлдсэн, мөн өнөөдрийг хүртэлх алданги буюу 11 хоногийн алданги 618.530 төгрөг, үндсэн төлбөр 11.246.000 төгрөг, нийт 17.411.650 төгрөг болно. Мөн өдрөө дахин 1.350.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй зээлсэн. Уг гэрээний төлбөрийн хүүг сар бүр өгч байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх алданги 675.000 төгрөг, үндсэн төлбөр 1.350.000 төгрөг, нийт 2.025.000 төгрөг өгөөгүй байгаа болно. 2019 оны 5 сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг гэрээний хүүг хугацаандаа төлсөн, үндсэн төлбөрийг төлөөгүй байгаа. Уг гэрээний өнөөдрийг хүртэлх алданги 115.000 төгрөг, үндсэн төлбөр 1.000.000 төгрөг, нийт 1.115.000 төгрөг өгөөгүй байгаа болно. 2019 оны 06 сарын 11-ний өдөр 1.500.00 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг мөнгөний 1 сарын хүүг өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэлх алданги 150.000 төгрөг, үндсэн төлбөр 1.500.000 төгрөг нийт 1.650.000 төгрөг төлөхөөр байна.... Иймд зээлийн гэрээнүүдийн төлбөр болох 22.201.650 төгрөгийг Ц.Даваасүрэн, Б.Дашбилэгт нараас гаргуулж өгнө үү.

 Хариуцагч нарын хүүхэд нь манай бага хүүхдийн ангид явдаг юм. 2019 онд Б.Дашбилэгт над дээр цаасан дээр юм биччихсэн бариад орж ирсэн. Тэр дээрээ Цэнгэл гуайд 1.800.000 төгрөг, тэсэлгээнд 2.500.000 төгрөг гээд зарцуулах мөнгөө бичсэн байсан. Тэгээд Жижгээ эгчээ олон газар өртэй байснаас нэг хүнд өртэй баймаар байна. Мөнгө зээлээч гэсэн. Тэгээд 11.246.000 төгрөгийг зээлсэн. Мөн манай хамт ажилладаг хүн 1.350.000 төгрөг зээлээч гэж байна гэсэн, тэгэхээр нь эгч нь танихгүй хүнд өгөхгүй гэсэн чинь бид хоёр цалин дээрээс нь гаргаж өгнө гээд дахиад 1.350.000 төгрөг авсан. Сүүлд авсан 1.000.000 төгрөгийг ажилд гарна гээд авсан. Дараа нь 1.500.000 төгрөгийг зээлэхдээ аав, ээж хоёрт нь өгсөн байгаа. Бид нар гэрээ байгуулаад нотариатаар орчихвол нотлох баримт болно гэж бодсон. Түүнээс мөнгө хүлээлцсэн баримт үйлдээгүй. Зээлдэгч нарын дансаар шилжүүлэх гэхээр дансаараа гүйлгээ хиймээргүй байна гэдэг байсан. Би 11.246.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ гэрээнүүдийг байгуулахдаа нотариат дээр хариуцагч нарыг биечлэн байлцуулж мөнгөө бэлэн өгөөд байгуулж байсан. Айлган, сүрдүүлж дарамталж байж гарын үсэг зуруулдаг байсан гэх зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хамгийн сүүлд Дашбилэгт нь хүүхдийн эцэг, эхийн уулзалт дээр халамцуу байхдаа мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч надад хэлж байсан. Анх 11.246.000 төгрөгийг өмнөх зээлийн гэрээний тооцоо нийлсэн баримт гэж тайлбарлаж байснаа одоо огт мөнгө аваагүй, өгөх ёсгүй гэж байгааг ойлгохгүй байна. 2017-2018 оны зээлийн гэрээний төлбөрүүд бүрэн барагдсан байсан. Энэ мөнгийг өгсөн баримт нь энэ зээлийн гэрээнүүд болно. Түүнээс биш өөр мөнгө хүлээлцсэн баримт давхар үйлдэх шаардлагагүй гэж бодсон.. гэжээ.

Хариуцагч Б.Дашбилэгт, Ц.Даваасүрэн нарын анхан шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга

...2017 оны 09 сард 1.000.000 төгрөгийг хүүтэй зээлж 2017 оны 10 сард хүүтэй нь буцаан өгсөн. Дараа нь 2.000.000 төгрөг авч хүүг нь сар бүр өгч байсан. Үүн дээрээ нэмээд 4.000.000 төгрөг болгосон, мөн хүүг нь өгөөд явдаг байсан. Би энэ авсан мөнгөний хүүг жил гаруй хугацаанд тогтмол өгдөг байсан. 2018 оны 12 сараас хойш ажил зогссон тул хүү болон алдангийг хоног, сард төлж байсан ба нийтдээ 7.800.000 төгрөг өгнө, би авсан мөнгөө өгнө. Б.Дашбилэгтийн данснаас ганц нэг сарын мөнгө бэлнээр өгч байсан. Б.Ариунжаргал нь хүний нэр дээр зээл гаргаж хүүг нь авдаг байсан. Ер нь бол 2017 оноос хойш Б.Ариунжаргалаас 1.000.000-2.000.000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэйгээр зээлээд хүүг нь сар бүр төлөөд явдаг байсан. Б.Ариунжаргал нь зээл олгосны шимтгэл авдаг байсан. Б.Ариунжаргалаас 1.000.000- 2.000.000 төгрөг л зээлдэг байсан. Түүнээс их хэмжээгээр зээлж байгаагүй. Зээлсэн мөнгөний хүү алданги нэмэгдээд их дүнтэй болохоор тэдгээрийг нийлүүлээд шинээр зээл авснаар гэрээ байгуулаад явдаг байсан. 2018 онд тооцоо хийгээд төлөх ёстой мөнгө 6.193.000 төгрөг болсон, үүн дээр хүү алдангийг нэмээд 11.246.000 төгрөг болсныг 2019 онд шинээр зээл авсан мэтээр гэрээ хийсэн. Түүнээс энэ 11.246.000 төгрөгийг бол бэлнээр аваагүй. Маргаж байгаа 4 зээлийн гэрээнээс 2019 оны 06 сарын 11-ны өдөр байгуулсан 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг л бодитоор авсан. Гэхдээ 1.500.000 төгрөгөөс 750.000 төгрөгийг нь өмнөх зээлийн хүүнд тооцож Б.Ариунжаргалд үлдээгээд 750.000 төгрөгийг бэлэн авсан. Бусад 3 гэрээ нь хүү алдангаа дахин мөнгө зээлж байгаа мэтээр байгуулсан гэрээ юм. Бид Б.Ариунжаргалаас авсан зээлийн хүү, алдангид нийт 10.000.000 төгрөг төлсөн. Б.Ариунжаргалд хангалттай хүү төлсөн гэжээ.

 Хариуцагч Б.Дашбилэгт, Ц.Даваасүрэн нарын анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:  

Ц.Даваасүрэн, Б.Дашбилэгт бидний бие иргэн Б.Ариунжаргалаас 2017 оны 09 сараас эхлэн мөнгө зээлж авч байсан нь үнэн боловч 2.000.000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зээл авч байгаагүй юм. Зээл авсан тухай бүрээ зээлийн хүүг төлдөг байсан. Тэрээр хүүн дээрээ хүү нэмж тооцож үнийн дүнг нэмэгдүүлж байсан. Тэгээд тухай бүр гэрээ хийдэггүй, хаяа өөрөө дуудаад баахан хүү, алданги тооцож байгаад очоод гэрээн дээр гарын үсэг зурчихаарай гэдэг байсан. Хамгийн сүүлчийн байдлаар 2018 оны 01 сард бодож үзэхэд 6.193.000 төгрөг болж байсан юм. Түүнээс хойш бид хоёр дахин мөнгө зээлээгүй. Хүү алдангийн мөнгө гээд 2018 оны 01 сараас хойш 2019 оны 04 сар хүртэл нийт 19.267.800 төгрөгийг өгсөн байгаа юм. Гэтэл огт өгч авалцаагүй буюу 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 11.246.000 төгрөг, 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 1.350.000 төгрөг, 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөг, 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 1.500.000 төгрөг нийт 15.096.000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг зээлүүдийг огт зээлж аваагүй, гэрээний дагуу бид хоёрт мөнгө тоолж өгч байгаагүй гэрээ юм. Гэрээний дагуу бэлэн мөнгө тоолж аваагүй учир 7.105.650 төгрөгийн хүү алдангийг төлөх үндэсгүй учир хууль зөрчиж хийсэн уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна..гэжээ.

..Бид хоёр 2017 оноос Жижгээ эгчтэй танилцсан. Анх 1.000.000 төгрөг зээлж аваад түүнээс хойш өрөө дараад дахиж зээл аваад явж байсан. Их хэмжээгээр зээл аваагүй, 1.000.000-2.000.000 төгрөгийн хооронд л зээл авч байсан. Хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 409.000 төгрөгийг зээлж авсан. Үүнээс хойш хүү, алданги гээд 6.193.000 төгрөг болсон. Энэ мөнгийг бид төлж дуусгавар болгосон. Түүнээс хойш мөнгөний хэрэгцээ гараад дахин мөнгө зээлүүлэх хүсэлт гаргахад зээлүүлэх боломжгүй талаар хэлснээр түүнээс хойш огт мөнгө аваагүй. Аль болох л боломжоороо зээлсэн мөнгө төлөхийг хичээдэг. Хүү алдангиа төлж чадахгүй явсаар хуримтлагдаж явсан. Байнга мөнгөө төл гэж утсаар залгаж маш их сэтгэл санааны дарамтад орсон. Б.Цацалсүрэн нотариат дээр очоод бэлэн мөнгөөр зээлүүлсэн гээд гэрээ байгуулаад гарын үсэг зурчих миний иргэний үнэмлэхийн хуулбар байгаа гэсэн. Үүнийг бидэнд тусалж байна гэж ойлгосон. Гэрээн дээр бичигдсэн мөнгөн дүнг анзаарч хараагүй тухайн үеийн дарамт шахалтад орж гэрээн дээр гарын үсэг зурсан. Нотариатч нь яагаад гэрээний 2 тал ирэхийг шаардаагүй юм бол. Нэхэмжлэгч нь тухайн үед өөрийн тэмдэглэлийн дэвтэр хөтөлж байсан түүнийгээ гаргаж өгөөгүй. Өгсөн мөнгөө 3 дахин нугалж авчихаад одоо ахин 22.201.650 төгрөг нэхэмжилж намайг гүтгэж байна. Бид нэхэмжлэгчид 19 сая орчим төгрөг төлсөн. Эд зүйлээ ломбардад тавьж, мөнгө олж төлдөг байсан. Төлөх ёсгүй мөнгөө төлнө гэдэг бол боломжгүй зүйл юм..гэжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Даваасүрэн, Б.Дашбилэгт нараас 13.486.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ариунжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8715650 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг баримтлан 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 6 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 11.246.000 төгрөгийн, 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.350.000 төгрөгийн, 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.500.000 төгрөгийн, 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 2 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн хариуцагч Ц.Даваасүрэн, Б.Дашбилэгт нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ариунжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Даваасүрэн, Б.Дашбилэгт нараас улсын тэмдэгтийн хураамж 225380 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ариунжаргалд олгох, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 268958 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нар Б.Дашбилэгт, Ц.Даваасүрэн нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

Хариуцагч Б. Дашбилэгт, Ц.Даваасүрэнгийн өмгөөлөгч миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 131/ШШ2022/00360 дугаартай шийдвэрийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна.

Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Нэхэмжлэгч тал 4 удаагийн гэрээгээр

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 6 сарын хугацаатай сарын 12 хувийн хүүтэй , 11 246 000 төгрөгийн

 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3 сарын хугацаатай    сарын 12 хувийн хүүтэй 1 350 000 төгрөгийн

 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1 сарын хугацаатай сарын 12 хувийн хүүтэй 1 500 000 төгрөгийн

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2 сарын хугацаатай сарын 12 хувийн хүүтэй 1 000 000 төгрөгийн гэрээ байгуулж нийт 14 196 000 төгрөгийг хариуцагч нарт зээлсэн гэдэг боловч мөнгөө хэрхэн яаж өгсөн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин хариуцагч нар дээрх мөнгийг аваагүй харин 1 500 000 төгрөг авч байсан энэ мөнгийг өгөхдөө 750 000 төгрөгийг хүүнд авна гээд суутгаад бэлэн 750 000 төгрөг өгсөн , дээрх гэрээг гэрээнд заасан цаг хугацаанд авснаа мэдэхгүй Б.Ариунжаргалын шаардсанаар бид хоёр нотариат дээр очоод бэлдээд тавьсан бэлэн зээлийн гэрээн дээр гарын үсэг зурдаг байсан .

Мөн 2018 онд тооцоо нийлэхэд миний авсан мөнгө хүү, алдангитай нийлээд 6 193 000 төгрөг болж байсан энэ цаг хугацаанаас хойш нэхэмжлэгчээс мөнгө аваагүй талаар хэлдэг.

Тус хэрэгт хариуцагч талын хүсэлтээр шүүхээс нотариатын газраас

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 сарын хугацаатай 12 хувийн

 хүүтэй 8 750 000 төгрөгийн

2. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03 сарын хугацаатай 12 хувийн хүүтэй 8 196 000 төгрөгийн 2 гэрээг гаргуулсан байдаг.

Мөн хариуцагч, нэхэмжлэгч нарын хэрэгт гаргаж өгсөн дансны хуулгаар

нэхэмжлэгчээс хариуцагч нарт

1. 2017 оны 12 дугаар сарын 06-наас 2017 оны 12 дугаар сарын 09-ний хооронд 2 удаагийн гүйлгээгээр 700 000 төгрөг

2. 2018 оны 01 дүгээр сарын 12-наас 2018 оны 03 дугаар сарын 10-ны хооронд 3 удаагийн гүйлгээгээр 1 144 000 төгрөг нийт дансаар 1 844 000 төгрөг зээлсэн байна, мөн бэлнээр 750 000төгрөг өгч нийт 1 919 000 төгрөг зээлсэн байна. Хариуцагчаас нэхэмжлэгчид

1. 2017 оны 12 дугаар сарын 31-нд 1 200 000 төгрөг

  1. 2018 оны 03 дугаар сарын 10-наас 2018 оны 12 дугаар сарын 21-ний

хооронд 5 удаагийн гүйлгээгээр 4 625 740 төгрөг

  1. 2019 оны 3 дугаар сарын 1-нээс 2019 оны 03 дугаар сарын 22-нд 3

удаагийн гүйлгээгээр 1 215 000төгрөг нийт 7 040 740 төгрөг шилжүүлсэн байна.

3. Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчаас бэлнээр 1050 000 төгрөг, 750 000 төгрөгөөр 2 удаа, 1 500 000 төгрөг нийт бэлнээр 4 050 000 төгрөг дансаар 7 040 740 төгрөг нийт 11 090 740 төгрөгийг хариуцагч нар нэхэмжлэгч Б.Ариунжаргалд төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдон тогтоогдож байна.

3. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд дараах байдлаар гомдлоо тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч 2017 онд хариуцагч нарт 1 919 000 төгрөг зээлэн уг мөнгийг хариуцагч нар төлөөгүй тул сарын 12 хувийн хүү тооцон тогтоосон хугацаанд төлөөгүй , хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 1 919 000 төгрөг 2018 онд тооцоо нийлэхэд хүү, алдангитай нийлээд 6 193 000 төгрөг болсон, дахин 6 193 000 төгрөг төлж чадаагүй тул 12 хувийн хүү, 0,5 хувийн алданги тооцон 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 сарын хугацаатай 12 хувийн хүүтэй 8 750 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд дахин 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03 сарын хугацаатай 12 хувийн хүүтэй 8 196 000 төгрөгийн гэрээг тус тус байгуулсан байна.

Хэрэгт авагдсан талуудын шилжүүлсэн мөнгөний гол анхаарах зүйл нь нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 12-нд 585 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 150 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 409 000 төгрөг нийт 1 144 000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн , хариуцагч нь 2018 оны 03 дугаар сарын 10-нд 803 520 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1 178 700 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1 043 520 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны хооронд 550 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1 050 000 төгрөг нийт 4 625 740 төгрөг нэхэмжлэгчид шилжүүлсэн байхаас үзэхэд 2018 онд үүссэн асуудал бөгөөд хүүгээс хүү бодож, алдангиас алданги тооцон нөхөж зээлийн гэрээ байгуулан хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 6 сарын хугацаатай сарын 12 хувийн

хүүтэй , 11 246 000 төгрөгийн

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3 сарын хугацаатай сарын 12 хувийн хүүтэй 1 350 000 төгрөгийн

2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1 сарын хугацаатай сарын 12 хувийн хүүтэй 1 500 000 төгрөгийн

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2 сарын хугацаатай сарын 12 хувийн хүүтэй 1 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан боловч тухайн цаг хугацаанд мөнгийг өгөөгүй зөвхөн 2018 онд нэхэмжлэгчийн хариуцагчид зээлсэн 1 919 000 төгрөгнөөс салбарласан хүү, алданги тооцож явсан болох нь талуудын гаргаж өгсөн дансны хуулгаар тогтоогдож байна.

Тухайлбал :

 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 6 сарын хугацаатай сарын 12 хувийн хүүтэй , 11 246 000 төгрөгийн зээл нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3 сарын хугацаатай 12 хувийн хүүтэй 8 196 000 төгрөгийн зээлээс үүдэлтэй байх бөгөөд 8 196 000 х12% =983 520 төгрөг байх бөгөөд нэг сарын хүү болох 983 520 төгрөгийг хЗ сарын хүү = 2 950 560 төгрөг байх бөгөөд 2 950 560 төгрөг дээр 8196 000 төгрөгийг нэмээд 11 146 560 төгрөг гарч байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгч хариуцагчид 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 11 246 000 төгрөгийг зээлээгүй зөвхөн хүү дээр хүү тооцон дүр эсгэн хийсэн гэрээ байна.

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3 сарын хугацаатай сарын 12 хувийн хүүтэй 1 350 000 төгрөгийн зээл нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 6 сарын хугацаатай сарын 12хувийн хүүтэй , 11 246 000 төгрөгийн зээл сунгасан буюу 12хувийн хүүг тооцож гэрээ байгуулсан.

2019 оны 05дугаар сарын 07-ны өдрийн 2 сарын хугацаатай сарын 12хувийн хүүтэй 1 000 000 төгрөгийн гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1 сарын хугацаатай сарын 12 хувийн хүүтэй 1 500 000 төгрөгийн зээл мөн олгоогүй бөгөөд дандаа хүүг зээл олгосон мэтээр гэрээ байгуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн зүгээс дээрх үйл баримтаар талуудын өгсөн авсан мөнгө, түүний хүүг тооцсон байдал, цаг хугацааг шалгаж нягталсны эцэст нэхэмжлэгч хариуцагч нарт хэзээ ч их хэмжээний мөнгө зээлж байгаагүй нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна.

Иймд анхан шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй зөвхөн зээлийн гэрээг хийсвэрээр үнэлж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйл “Зээлийн гэрээ”-ний үндсэн шинж болох Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг онцлогтой мөнгө буюу төрлийн шинжтэй эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог бөгөөд нэхэмжлэгч дээрх 4 зээлийн гэрээгээр хариуцагчид мөнгө өгөөгүй болох нь нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохдоо зээлдүүлэгч мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 хууль зөрсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь дээрх үйл баримтаар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч Б.Ариунжаргал нь зээлийн гэрээнүүдэд заасан мөнгийг хариуцагч нарт бэлнээр өгсөн талаараа нотолж чадаагүй үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1-д зааснаар нэхэмжлэгч 22 201 650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч 2017-2018 оны хооронд 1 919 000 төгрөг зээлсэн хариуцагч нь нэхэмжлэгчид 11 090 740 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. Мөн дараах эргэлзээтэй зүйлүүд байдаг тухайлбал өмнөх зээл хаагдаагүй байхад яагаад дахин зээл өгдөг, дандаа бутархай тоогоор зээл олгосон, зээл олгосон гэх мөнгөнүүдийг дансаар шилжүүлээгүй гэх мэт

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 -т заасныг баримтлан нэхэмжлэгч Б. Ариунжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 6 сарын хугацаатай сарын 12 хувийн хүүтэй , 11 246 000 төгрөгийн , 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3 сарын хугацаатай сарын 12 хувийн хүүтэй 1 350 000 төгрөгийн , 2019 оны 06 дугаар сарын х11-ний өдрийн 1 сарын хугацаатай сарын 12 хувийн хүүтэй 1 500 000 төгрөгийн , 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2 сарын хугацаатай сарын 12 хувийн хүүтэй 1 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 хууль зөрсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь дээрх үйл баримтаар тогтоогдож байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

Нэхэмжлэгч Б.Ариунжаргал нь хариуцагч Ц.Даваасүрэн, Б.Дашбилэгт нарт холбогдуулан 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 11.246.000 төгрөгийн, 2019 оны 1  дүгээр сарын 21-ний өдрийн 1.350.000 төгрөгийн, 2019 оны 5  дугаар сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөгийн, 2019 оны 6  дугаар сарын 11-ний өдрийн 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн  нийт 22.201.650 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч  дээрх 4  удаагийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган харилцан маргаан үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд бичгээр байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 11.246.000 төгрөгийн, 2019 оны 1  дүгээр сарын 21-ний өдрийн 1.350.000 төгрөгийн, 2019 оны 5  дугаар сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөгийн, 2019 оны 6  дугаар сарын 11-ний өдрийн 1.500.000 төгрөгийн  4 удаагийн зээлийн гэрээнүүдийг харахад Иргэний хуулийн 42, 43 дугаар зүйлд зааснаар хэлбэрийн хувьд бичгээр байгуулж, харилцан гарын үсэг зурсан, гэрээний үнэн зөвийг нотариатчаар батлан гэрчлүүлсэн төдийгүй гэрээний талуудын гэрээнд зурсан гарын үсэг нь тэдгээрийн гарын үсэг мөн болох талаар Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 012 тоот дүгнэлт гарчээ/ хэргийн 3-9,142-162 дугаар тал/

“...Дээрх  бичгээр байгуулсан 4 удаагийн зээлийн гэрээний үүргийн  нийт 22.201.650 төгрөгийг  төлөхгүй.  Б.Ариунжаргалаас 1.000.000- 2.000.000 төгрөг л зээлдэг байсан. Зээлсэн мөнгөний хүү алданги нэмэгдээд их дүнтэй болохоор тэдгээрийг нийлүүлээд шинээр зээл авснаар гэрээ байгуулаад явдаг байсан. 2018 онд тооцоо хийгээд төлөх ёстой мөнгө 6.193.000 төгрөг болсон, үүн дээр хүү алдангийг нэмээд 11.246.000 төгрөг болсныг 2019 онд шинээр зээл авсан мэтээр гэрээ хийсэн.

... 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг л бодитоор авсан.  1.500.000 төгрөгөөс 750.000 төгрөгийг нь өмнөх зээлийн хүүнд тооцож Б.Ариунжаргалд үлдээгээд 750.000 төгрөгийг бэлэн авсан. Бусад 3 гэрээ нь хүү алдангаа дахин мөнгө зээлж байгаа мэтээр байгуулсан гэрээ юм. Бид Б.Ариунжаргалаас авсан зээлийн хүү, алдангид нийт 10.000.000 төгрөг төлсөн...” гэж хариуцагч нар  татгалзлаа тайлбарлаж байна.

Анхан шатны шүүх “...2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 6 196 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн үр дагаврыг тооцож, тооцоо нийлж төлбөрийн үлдэгдэл 11 246 000 төгрөгийг харилцан хүлээн зөвшөөрч энэ байдлаа бичгээр илэрхийлэн хэлцэл байгуулсан харин үүргийн гүйцэтгэлд 1 050 000 төгрөг төлсөн болохыг харилцан зөвшөөрсөн, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 750 000 төгрөгөөр 2 удаа 1 500 000 төгрөг төлсөн нийт 2 550 000 төгрөгийг 11 246 000 төгрөгөөс хасаж 8 696 000 төгрөгийг хангаж,

2019 оны 01 сарын 21-ний өдрийн 1.350.000 төгрөгийн гэрээний үүрэг 2.025.000, 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг 1115000, 2019 оны 06 сарын 11-ны өдрийн 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг 1650000 нийт 4790.000 төгрөгийг нэмж тооцон 13.486.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, 8.715.650 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Даваасүрэн, Б.Дашбилэгт нараас 13.486.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ариунжаргалд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянаан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугар зүйлийн 116.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байна” гэж заасантай нийцэхгүй  байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 42, 43 дугаар зүйлүүдэд зааснаар талуудын хооронд  хэлцэл хийсэн гэж дүгнэсэн нь  зөв хэдий ч  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдгээрээ зээлийн гэрээний үндсэн агуулга тодорхойлогддог гэтэл нэхэмжлэгч Б.Ариунжаргал нь анхан шатны шүүхэд нэхэмжилсэн 4 удаагийн зээлийн гэрээний нийт үнийн 22.201.650 төгрөгийг нотлох, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  62 дугаар зүйлийн 62.1.4-т “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”-ыг  хавсаргаж ирүүлээгүй улмаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр иргэний хэрэг үүсгэж  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг нь түүнд тайлбарлаж тэрээр гарын үсгээ зурж баталгаажуулсан, улмаар  хэргийг анхан шатны шүүх 2 удаа хянан шийдвэрлэсэн буюу 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх боломжит хугацаа бүр нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байхад талуудын тайлбарт үндэслэн хариуцагч Ц.Даваасүрэн, Б.Дашбилэгт нараас 13.486.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ариунжаргалд олгож шийдвэрлэжээ.

Мөн түүнчлэн анхан шатны шүүх  нэхэмжлэгч Б.Ариунжаргал нь  4 удаагийн зээлийн гэрээгээр зээлдүүлсэн төгрөг бүрийг хариуцагч Ц.Даваасүрэн, Б.Дашбилэгт нарын өмчлөлд хэзээ, хэрхэн шилжүүлсэн болон зээлдэгч нараас мөнгөө хэзээ, хэрхэн, хэдийг нь буцаан авсан болохоо нотлох баримтаар нотлоогүйгээс гадна  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасны дагуу үзэхэд  нэхэмжлэгч  талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй,   анхан  шатны шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлээгүй байж нэхэмжлэл,   тайлбарт үндэслэн  шүүх шийдвэр гаргах нь  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй юм./  анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл/

Нэхэмжлэгч Б.Ариунжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан хариуцагч Ц.Даваасүрэн, Б.Дашбилэгт нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болно.

Иймд хариуцагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.3, 167 дугаар зүйлийн 167.1.4-т тус тус заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь  хүчингүй болгож хэргийг буюу  нэхэмжлэгч Б.Ариунжаргалын нэхэмжлэлийг    хэрэгсэхгүй болгож,  шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин хариуцагч  нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас Давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  илүү төлсөн 33580 төгрөг, нийт 258960 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.4-т   заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 131/ШШ2022/00360 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ариунжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ц.Даваасүрэн, Б.Дашбилэгт нараас Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258960 төгрөгийг шүүгчийн захирамжаар тэдэнд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Т.ЖАРГАЛСАЙХАН

Л.НЯМДОРЖ