Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 800

 

 

Б.Даваасамбууд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Мөнхжаргал,

ялтан Б.Даваасамбуугийн өмгөөлөгч Р.Нямцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 3 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Даваасамбуугийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201624000073 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Хурхад овогт Баасанжавын Даваасамбуу, 1986 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын Нарны зам гудамжны 103/2 дугаар байрны 49 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:МЙ86031112/,

Б.Даваасамбуу нь 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 16 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, 361-ийн гарамын урд замд М.Номинчимэгийн эзэмшлийн “Toyota Axio” загварын 43-62 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Э.Жамбалсүрэнгийн жолоодож явсан С.Батчулууны эзэмшлийн “Toyota Prius-20” загварын 26-15 УНЕ улсын дугаартай автомашиныг мөргөж, 4.077.000 төгрөгийн шууд, 4.622.000 төгрөгийн нийт хохирол, зорчигч С.Оюунбилэгийн биед хүнд, зорчигч Г.Сондор, Г.Амараа нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл, зорчигч Э.Халиуны амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдуулан, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Даваасамбууг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан, бусдын амь нас  хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Б.Даваасамбуугийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Даваасамбуугийн эдлэх 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Даваасамбуу нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүний В ангиллын 508724 дугаартай жолоочийн үнэмлэхийг  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Даваасамбуугийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Даваасамбууд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Б.Даваасамбуу гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2016 оны 1 дүгээр сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас Улаанбаатар хот орохоор явж байхдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас зорчигч Э.Халиуны амь нас хохирч, бусдын биед хүнд, хүндэвтэр гэмтэл учруулж, жолооч Э.Жамбалсүрэнгийн автомашинд 4.077.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 3 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Би шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж ял шийтгэлээ хөнгөрүүлэх хүсэлтээ дээд шатны шүүхэд гаргах хүсэлтэй байсан боловч өмгөөлөгчийн “...чи байж бай, би давж заалдах гомдол гаргана...” гэсэн үгэнд итгэж, гомдол гаргаж чадаагүй. Мөн шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар шүүхээс оногдуулсан ял шийтгэл 1 жил болох юм байна гэж тайвширсанаас давж заалдах гомдол гаргах боломжоо алдсан. Үүнийгээ тайлбарлаж давж заалдах гомдол гаргах хугацаагаа сэргээлгэхээр хүсэлт гаргасныг хангасан бөгөөд дараах гомдлыг гаргаж байна.

Хийсэн хэргийнхээ хувьд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй,  хохирогч нараас дахин уучлалт гуйж энэхүү гаргаж байгаа гомдлыг зөвөөр ойлгохыг хүсэж байна.

Би бага зэргийн өгсүүр газар урдаа явсан “Land Cruiser-200” загварын машинтай ойролцоо хурдтай, хоорондын зай 20-30 метр орчим явж байсан. Гэтэл “Land Cruiser-200” загварын машин хурдаа хасахаар нь би түүнийг тойрон гарах зорилгоор эсрэг урсгал руу дохиогоо өгөөд ортол өөдөөс ирж явсан “Toyota Prius-20” загварын автомашинтай мөргөлдөж, уг осол гарсан. Шүүх хурлаас хойш ял эдэлж байх хугацаанд бодож байхад зам тээврийн осол зөвхөн нэг жолоочоос шалтгаалдаггүй, хөдөлгөөнд оролцогчдын бүгдийнх нь анхаарал, ослоос сэргийлэх үйлдэл хамаардаг юм байна гэж ойлгож байна. Тухайн үед “Land Cruiser-200” загварын автомашин хурдаа сааруулж, ардаа яваа автомшинд ослоос сэргийлэх зорилгоор гүйцэж түрүүлэн эсрэг урсгалд орох дохио өгөх, эсхүл ослын гэрлээ асаах байдлаар анхааруулсан бол би гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байжээ гэж бодож байна. Үүгээр би өөрийгөө өмгөөлж, бусдыг буруутгаж байгаа биш, ял эдлэх хугацаандаа авсан ухаарлаа хэлж байгааг минь зөвөөр ойлгоорой.

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан материаллаг хохирлыг төлж барагдуулсан. Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж гаргуулах бодит хохирол байхгүй болохыг дүгнэсэн. Охиноо алдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхбаатар “гомдолгүй” гэж хэлэх боломжгүй байгаа нь ойлгомжтой. Үүнийгээ шүүх хурал дээр “жолоочийг заавал шийтгүүлнэ гэдэг байдлаар бус, яаж гомдолгүй гэж хэлэх вэ” гэдэг байдлаар илэрхийлж байсныг шүүх хуралд суусан хүмүүс бүгд мэдэж байгаа. Хүний сайхан охиныг хот хүргэж өгнө гэж суулгаад осолд оруулж амь насыг нь хохироосондоо маш их харамсаж байгаа ба насан туршдаа мартахгүй харамсал, сургамж болсон. Намайг зорчигч тээвэрлэснийг буруутгаж байгааг ойлгож байна. Манай улсад айл бүхэн машинтай, хүн бүр ажил эрхлэдэггүй, өрх бүр боломжийн орлоготой биш тул хот хооронд зорчигч тээвэрлэх явдал нийтлэг байгааг  аль аль талаас нь ойлгож болмоор санагдана.

Шүүхээс торгох ял оногдуулах, хохирогч нас барсан, гэм хор арилаагүй шалтгаанаар хорих ялыг тэнсэх, хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулах боломжгүй гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх дахин хянаж үзэхийг хүсье. Шүүхийн практикт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах, ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой байдаг. Хүний амь нас хохирсон гэм хорыг миний зүгээс арилгах боломжгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхбаатар ахад сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, түүнд учирсан хохирлыг өөрийн чадлаар төлвөл яах бол гэсэн санаатай явна.

Иймд гэм буруугаа бүрэн ойлгож, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг төлж барагдуулсан. Анх удаа болгоомжгүй байдлаар хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, тодорхой хугацаанд хорих ял эдэлж байхдаа гэм буруутай үйлдлээ ойлгон ухамсарласан, хувийн байдал зэргийг минь харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Даваасамбуугийн өмгөөлөгч Р.Нямцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд Б.Даваасамбуугийн хүсэлтээр эрх зүйн туслалцаа үзүүлэн оролцож байна. Б.Даваасамбуу цагдан хоригдох хугацаандаа үйлдсэн гэмт хэргийнхээ талаар чин санаанаасаа гэмшиж, хор хохирлыг ухамсарлаж, үр дагавар, үйлдэл холбогдолыг ойлгосон тухай давж заалдах гомдлыг өмгөөлөгчийн зүгээс дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой, хүний амь нас хохирсон, гэм хор арилсан гэж үзэх үндэслэлгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлтийг хууль хэрэглээний талаас нь тайлбарлан оролцож байна. Энэ дүгнэлт нь бодит байдал болон хууль хэрэглээ, онол арга зүйн хувьд бүрэн нийцэхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлээс 28 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын санаатай болон болгоомжгүй хэлбэр, гэм буруугүйгээр хор уршиг учруулах тухай тодорхойлсон байдаг. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь хэсэгт “учрах хор уршгийг урдьчилан зайлуулсан” гэх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551, 61 дүгээр зүйлд  хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан байхыг шаарддаг. Харин хохирлыг нөхөн төлсөн буюу  гэм хорыг аргилгасан гэсэн ойлголтыг нэг ойлголтоор авч үзэх үү, тус тусад нь салгаж ойлгох уу гэдэг талаар албан ёсны тайлбарыг судалж үзэхэд:

2003 оны Улсын Дээд шүүхийн тайлбарт хор уршиг, гэм хор хоёрыг адил ойлголтоор авч үзэж зөвлөмж гарсан байдаг. 2009 оны 15 дугаар тогтоолд хохирогч нас барснаас үүсэх гэм хорыг арилгах асуудлыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ гэсэн албан ёсны тайлбар байна. 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан нийт 219 шийдвэрээс 130 нь буюу 60 хувь нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна. Ингэхдээ гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг арилгасан, хохирогч гомдолтой эсэхийг харгалзан хэрэглэсэн байгаагаас дүгнэхэд шүүх энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдлыг түгээмэл хэрэглэж байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Эрх зүйн онолчид судалж үзэхдээ гэм хор гэсэн ойлголтыг гэмт хэргийн улмаас учирсан материаллаг ба материаллаг бус хохирол гэж тайлбарласан байдаг.

Дээр дурдсан шүүхийн практикт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг баримтлан гэм хор арилаагүй гэдгийг “хүний амь нас хохироогүй” гэж авч үзнэ гэж заагаагүй учир хууль хэрэглэхэд эргэлзээ төрж байна. Учир нь шүүхийн практикаас үзэхэд шүүхээс Б.Даваасамбууд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах эсвэл ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байгааг харгалзан үзнэ үү...” гэв.

Прокурор Ц.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтан Л.Даваасамбуу давж заалдах гомдолдоо хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Харин оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гомдол гаргасан байна. Ялтны гэм буруутай үйлдэл нь нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх түүний гэм бурууд тохирсон хууль зүйн үндэслэл бүхий ял шийтгэл оногдуулсан байна. Давж заалдсан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь тухайн гэмт хэргийн улмаас хоёр хүний биед хүндэвтэр гэмтэл, нэг хүний биед хүнд гэмтэл, ослын улмаас нэг хүний амь нас хохирсон, бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55­1 дүгээр зүйлд зааснаар хуульд зааснаас доогуур ял оногдуулах боломжгүй тул Л.Даваасамбуугийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзэн шийдвэрлэлээ.

Ялтан Б.Даваасамбуу нь 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 16 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, 361-ийн гарамын урд замд М.Номинчимэгийн эзэмшлийн “Toyota Axio” загварын 43-62 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Э.Жамбалсүрэнгийн жолоодож явсан С.Батчулууны эзэмшлийн “Toyota Prius-20” загварын 26-15 УНЕ улсын дугаартай автомашиныг мөргөж, 4.622.000 төгрөгийн нийт хохирол, зорчигч С.Оюунбилэгийн биед хүнд, зорчигч Г.Сондор, Г.Амараа нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл, зорчигч Э.Халиуны амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч С.Оюунбилэгийн “...2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 16 цаг 40 минутын орчим Улаанбаатараас Сэлэнгийн чиглэлд төрсөн ах Батчулууны эзэмшлийн автомашиныг нөхөр Жамбалсүрэн жолоодон явсан. 361 гарам орох гээд 40-50 орчим км/ц-ийн хурдтай ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явж байтал урдаас ирж явсан цайвар өнгийн жип машины араас цайвар өнгийн жижиг машин гараад ирсэн. Тэгээд сайн санахгүй байна. Нэг ухаан ороход миний сууж явсан машин мөргөлдсөн. Харин манай машинтай мөргөлдсөн машины хүмүүсийг гаргаад байх шиг байсан. Хөдлөх гэтэл зүүн хөл хугарсан байсан. Машинаасаа гарч чадахгүй байж байгаад түргэн тусламж ирээд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Манай машин өөрийнхөө урсгалаар явж байхад өөдөөс ирж байсан машины араас урсгал сөрж гарч ирээд мөргөлдсөн. Тухайн үед харагдах орчин чөлөөтэй, зам халтиргаа гулгаа байхгүй, замын хөдөлгөөн бага, цаг агаар тогтуун байсан...” /1-р хх-22-23/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхбаатарын “...би хүүхдээ анхнаасаа энэ жолоочид суулгаагүй, өөр машинд суулгасан байсан. Гэтэл нөгөө машины жолоочтой тохироод манай хүүхдийг аваад ийм асуудал болсон. Авч явсан жолооч Б.Даваасамбуу нар бидэнд мэдэгдэх ёстой байсан. Гомдолтой байна...” /1-р хх-31/,

хохирогч Г.Амраагийн “...2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын наана байх 59 дүгээр зөрлөг дээр хүний машин хүргэж өгөөд буцаад хот явахаар жижиг саарал өнгийн машинд суусан. Тэр машины зүүн гар талд буюу жолоочийн ар талд суусан. Тэгээд явж байгаад 361 дүгээр гарамын ойролцоо нэг машинтай мөргөлдсөн. Тухайн үед хойд талын суудал дээр унтаж явсан. Нэг мэдэхэд тасхийгээд л ухаан алдсан байсан. Уг ослоос зүүн гар хугарч, эрүүндээ гэмтэл авсан...” /1-р хх-36-37/,

хохирогч Г.Сондорын “...2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоноос Улаанбаатар явахаар саарал өнгийн жижиг машинд 10.000 төгрөг өгч суусан. Би машины хойд талын суудлын голд суусан. Харин миний баруун талд замаас суусан залуу, зүүн талд Хөтөлөөс суусан залуу, урд талын суудалд амь хохирогч суусан юм. ...361-ийн гарамын ойролцоо явж байхад би утсаараа оролоод явж байтал жолоооч зүүн гар тийшээ дарах шиг болохоор нь хартал гэнэт урдаас саарал юм ороод ирсэн. Тэгээд санахгүй байна...” /1-р хх-44-45/,

иргэний нэхэмжлэгч С.Батчулууны “...2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн орчим миний эзэмшлийн 26-15 УНЕ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын автомашиныг манай хүргэн Э.Жамбалсүрэн унаж яваад осолд орсон. Ослын улмаас миний машин засвар авах, хөдлөх боломжгүй болсон. Үнэлгээ хйлгэхэд 4.622.000 төгрөг болсон. Буруутай этгээдээс машиныхаа мөнгийг гаргуулан авмаар байна...” /1-р хх-50-51/,

гэрч Э.Анхбаярын “...2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 17 цаг 10 минутын орчим өөрийн эзэмшлийн 61-30 УНВ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын автомашинтай Улаанбаатараас Жаргалант тосгон орохоор Баруун турууны даваа уруудаад урдаасаа хойш чиглэлтэй 60 орчим км/ц-ийн хурдтай явж байтал миний урд явсан цайвар өнгийн “Toyota Prius 20” загварын автомашинтай эсрэг урсгалд явсан жижиг машин урсгал сөрж гарч ирээд мөргөлдсөн. Би уг мөргөлдсөн “Toyota Prius 20” загварын машины хойно 3-5 орчим метрийн зайтай явсан. Уг машин мөргөлдмөгц хурдаа хасаж, зүүн тийш дараад мөргөлдсөн машиныг өнгөрөөд зогссон. Буугаад очтол урсгал сөрөж орж ирээд мөргөсөн автомашины жолооч өндөр залуу болон эсрэг урсгалаас нь ирсэн машины жолооч хоёр бууж ирсэн. Өндөр жолооочийн машины урд хаалгыг онгойлгож сууж байсан охиныг гаргахад өөрөө гарч ирээд тэнцвэр алдаад байхаар нь хөнжил дэвсээд газар хэвтүүлсэн. Арын суудалд сууж явсан 3 хүнийг гаргасан. Тэр хооронд Сүрэнчулуун эмч тэднийг үзээд 2 эмэгтэйг дотуур цус алдаж байж магадгүй, яаралтай эмнэлэгт хүргэх хэрэгтэй гэхээр нь эмчийн хамт өөрийнхөө машинаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн. Ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд явсан машины жолооч урд машинаа гүйцэхээр урсгал сөрж ороод эсрэг урсгалаар ирсэн  “Toyota Prius 20” загварын автомашинтай мөргөлдсөн. Урсгал сөрж орж ирсэн машины урд нэг жийп л явсан. Тухайн үед харагдах орчин чөлөөтэй, халтиргаа гулгаа байхгүй, машины хөдөлгөөн бага, цаг агаар тогтуун байсан...” /1-р хх-56-57/,

гэрч Н.Сүрэнчулууны “...2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дүгээр гарам ордог Баруун турууны даваа уруудаад явж байтал цайвар өнгийн 2 жижиг машин замын баруун талд осолд орсон байдалтай нэг машин нь замын эсрэг талд хойшоо харсан байдалтай хажууд нь өндөр залуу, цагдаагийн хамт байсан. ...Машины урд талын хаалгыг онгойлгоход нэг жаахан охин өөрөө гарч ирээд тэнцвэр алдаад байхаар нь машины араас хөнжил авч, түүнийг газар хэвтүүлсэн. Тэгээд арын суудал дээр сууж байсан 2 залуу, 1 охиныг уг машинаас гаргасан. Эмч хүний хувьд үзлэг хийхэд 2 эмэгтэй нь үзлэг хийхэд царай нь цайгаад дотуур цус алдаад байгаа бололтой байхаар нь цагдаагийн хамт Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн. Сонгинохайрхан дүүргийн 5 шар орчим явж байхад Халиун гэх охин их муудаад бараг амьсгал хураагаад ирсэн. 5 хүнтэй явсан машины жолооч их өндөр залуу байсан...” /1-р хх-58-59/,

гэрч М.Гунгаабуугийн “...Миний сууж явсан машин 361-ийн гарамны ойролцоо нэг машинтай мөргөлдсөн. Тухайн үед хойд талын суудал дээр унтаж явсан болохоор сайн мэдээгүй, нэг мэдэхэд л тасхийгээд явчихсан. Би хамгийн сүүлд машинаас буусан. Биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй. Осол болоод удаагүй байтал хажуугаар явж байсан машинууд зогсоод цагдаа хувцастай хүн манай сууж явсан 2 охиныг эмнэлэгт хүргэж өгнө гээд аваад явсан...” /2-р хх-2/,

гэрч Э.Жамбалсүрэнгийн “...2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагийн орчим Улаанбаатараас Сэлэнгийн чиглэлд  “Toyota Prius 20” загварын 26-15 УНЕ улсын дугаартай автомашин жолоодож гарсан. 17 цагийн орчим Баруун турууны даваа уруудаад 361 дүгээр гарам руу дөхөж явтал эсрэг урсгалд явж байсан цагаан өнгийн “Land cruiser 200” загварын автомашины араас гэнэт мөнгөлөг өнгийн машин гарч ирээд машины эгц урдаас мөргөсөн. Би эхнэр С.Оюунбилэгийн хамт явсан. Эхнэр бид хёр хоёулаа гэмтэл авсан. Эхнэрийн зүүн хөлний дунд чөмөг хугарч, тойг нь их хэмжээтэй бяцарсан...” /1-р хх-68/,

Б.Даваасамбуугийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...361-ийн гарам өнгөрөөд замын 1 дүгээр эгнээгээр 50 орчим км/ц-ийн хурдтай явж байтал урд явсан боронзон өнгөтэй “Land cruiser 200” загварын автомашин гэнэт тоормоз гишгэхээр нь зүүн гар тийшээ дараад эсрэг урсгалд ортол урдаас ирж явсан машинтай мөргөлдсөн. Миний машинд сууж явсан 2 охиныг цагдаа хувцастай хүн гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. Зам гулгаатай, харагдах орчин чөлөөтэй, хөдөлгөөн бага байсан. Миний машин баруун гар талдаа жолооны хүрдтэй болохоор урд явсан машинаас бүтэн гарч байгаад урдаас ирж байгаа машин харагддаг. Тухайн үед тонгойж харахад машин харагдахгүй байхаар нь эсрэг урсгалд ортол урдаас ирсэн машин хурдтай ирээд мөргөсөн. Энэ осол миний буруугаас болж гарсан...” /1-р хх-162-163, 165/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1721 дүгээр шинжээчийн “С.Оюунбилэгийн биед зүүн дунд чөмөгний ил хугарал, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал, хамар, эрүү, баруун дунд хурууны угт, зүүн гарын шуунд зулгаралт, цээж, баруун гуя, зүүн шагай, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” /1-р хх-84/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1718 дугаар шинжээчийн “Г.Амраагийн биед зүүн атгаал ясны хугарал, эрүү ясны хугарал, баруун, зүүн үений сэртэнгийн хугарал, мултрал, баруун чамархай эрүүнд шарх, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, 2 шүдний сулрал, дух, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, зүүн угалз, баруун өвдөгт зулгаралт, хүзүү, эрүү, баруун бугалга, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна.” /1-р хх-86/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2908 дугаар шинжээчийн “Сондорын биед тухайн хэргийн хугацаанд тархи доргилт, баруун гайморын хөндийн урд, дотор хана, баруун хацар, баруун нүдний ухархайн дотор хана, хамар яс, зүүн эгэм ясны далд хугарал, баруун гайморын хөндийн шингэн хуралдалт, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /1-р хх-88/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 253 дугаар шинжээчийн “Э.Халиуны цогцост элэгний баруун дэлбэнгийн язарч урагдсан шарх, хэвлийн хөндийд 2500 мл цусан хураа, голтод цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тухайлбал авто ослын үед мөргөгдөх, цохигдох, дарагдах үед үүсгэгдэх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх хэвлийн битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь АВО системээр ОаВ (I) бүлгийн цустай байна. Талийгаачаас авсан гэх цусанд спиртийн зүйл илэрсэнгүй.” /1-р хх-92-93/, Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-2-5/, гэрэл зургийн үзүүүлэлт /1-р хх-6-9/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-10-12/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1-р хх-14-15/,

Улаанбаатар хотын цагдаагийн газрын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 164 дүгээр шинжээчийн “Toyota Axio” загварын 43-62 УНК улсын дугаартай автомашины жолооч Б.Даваасамбуу нь Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Toyota Prius-20” загварын 26-15 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Э.Жамбалсүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Тоормозны мөр байхгүй тул хурдыг тогтоох боломжгүй байна.” /1-р хх-76-77/ гэх дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 1333 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-97/, өвчтөний түүх /1-р хх-104-147/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогджээ.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох зүйлийг бүгдийг шалгасан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон техникийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар Б.Даваасамбуу нь автомашинаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж, гэнэт эсрэг урсгалд орж, өөдөөс нь ирж яваа автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар гарсан дүгнэлт нь нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлагыг хангажээ. 

 Ялтан Б.Даваасамбуу нь хохирогч нарт учруулсан материаллаг хохирлыг барагдуулсан хэдий ч гэмт хэргийн улмаас учирсан гэм хор бүрэн арилгаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан  “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг тэнсэж, ...хянан харгалзахаар тогтоож болно...” гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй байх бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон, хохирогч С.Оюунбилэг, Г.Амараа нарт учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна хэмээн дүгнэснийг харгалзан шүүх түүний гэм буруу, үйлдсэн хэргийн хор аюулд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна.                                                                                               

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж ял оногдуулдаг бөгөөд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзаагүй нь хууль хэрэглээний алдаа биш юм.

Б.Даваасамбууд оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан шудрага ёсны зарчимд нийцэж байх тул түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах, хуульд зааснаас доогуур ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Даваасамбуугийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгиохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 3 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Даваасамбуугийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ОЧ

                  ШҮҮГЧИД                                                  Д.ОЧМАНДАХ

                                                                                      Н.БАТСАЙХАН