Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 799

 

Г.Жаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор В.Отгончимэг,

ялтан Г.Жаргал /цахимаар/,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Жаргалын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201526031147 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайчууд овогт Галсангийн Жаргал, 1991 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Увс аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 3 дүүгийн хамт, Увс аймгийн Өлгий сум, 3 дугаар баг, Хулст нуур гэх газар оршин суух бүртгэлтэй боловч, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 2-63 тоотод түр оршин суух,

1. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

3. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 1441 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 252 дугаар шүүгчийн захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл Үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 4 жил, 16 хоногийн хорих ял, 50.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлсэн, /РД:ОТ91032718/,

Г.Жаргал нь урьд нь хулгайлах, залилан мэхлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн буюу ялтай байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Л.Сүхбаатарт “Toyota Prius-20 загварын автомашиныг урьдчилгаа 2.000.000 төгрөгийг өнөөдөртөө буюу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлөөд үлдсэн төлбөрийг лизингээр авч болно. Лизингээр авбал 1 жил 6 сарын хугацаатайгаар хүүгүй 4.500.000 төгрөг төлж болно” хэмээн хуурч мэхлэн авч бусдад 2.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаагч болон хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэлгүйгээр 2016 оны 3 дугаар сарын 19-нөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Жаргалыг урьд хулгайлах, залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар Г.Жаргалыг 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Жаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж,  5 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  1 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар  түүнд оногдуулсан  5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Жаргалын цагдан хоригдсон 181 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Жаргалаас 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Сүхбаатарт олгохоор, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Жаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Г.Жаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.Ундармаагийн хамт найз О.Одонцэцэгийнд очсон. Тухайн үед О.Одонцэцэг “найз нь нөхрөөсөө салчихаад 3 хүүхэдтэйгээ үлдсэн, ажилгүй байгаа болохоор хүүхдүүд хоол, ундгүй, түрээсийн байрныхаа төлбөрийг өгч чадахгүй асуудал ихтэй байна, та хоёр мөнгө зээлээч” гэсэн. Тэр үед түүнд мөнгө зээлэх боломжгүй байсан. Бид 3 хэрхэн мөнгө олох тухай ярилцаж байтал Б.Ундармаа “манай хүргэн ах Л.Түвшинбаярын төрсөн ах Л.Сүхбаатар машин авна гэж ярьж байсан мөнгөтэй байгаа байх, гэхдээ гол нь юу гэж хэлж мөнгө авах вэ, зээлээч гэвэл өгөхгүй байхдаа” гэсэн. Гэтэл О.Одонцэцэг “ах чинь машин авах гэж байгаа бол чи японоос машин оруулж ирж байгаа, урьдчилгаа төлбөрөө өгөөд хямд үнээр машин захиж болно” гээд хэлчих. Тэгээд дараа нь машин оруулж ирэхдээ больчихлоо гээд буцаагаад өгье гэсэн. Ийнхүү тохиролцоод би Л.Түвшинбаяртай “Мурат японоос 10 ширхэг машин оруулж ирж байгаа, 9 нь захиалгатай гэнэ. 1 ширхэг “Toyota Prius 20” загварын машиныг нь 2.000.000 төгрөгийн урьдчилгаа өгөөд үлдэгдэл 4.500.000 төгрөгийг 18 сарын лизингээр авч болно, авах хүн байна уу” гэж асуусан. Тэгтэл “манай ах машин авах гэж байгаа, би ахаасаа асуугаад хариу хэлье” гэсэн. Тэгээд Л.Түвшинбаяр 2015 оны 11 дүгээр сарын 17-нд холбогдож, “ах машин авъя” гэнэ. Ямар данс руу урьдчилгаа төлбөрөө хийх вэ гэсэн. Тэгэхээр нь О.Одонцэцэгийн Хаан банкны дансны дугаарыг мэссэжээр явуулсан. Гэтэл Л.Түвшинбаяр 11 цагийн орчим мөнгө шилжүүлчихлээ гэхээр нь бид гурав Баянхошууны 112 дугаар автобусны буудлын АТМ-с 2.000.000 төгрөг аваад О.Одонцэцэгт 500.000 төгрөгийг нь өгч, 1.500.000 төгрөгийг нь Б.Ундармаа бид хоёр авсан. Ингээд Б.Ундармаагийн хамт “Бөмбөгөр” худалдааны төв орж түүнд гинж, үсний индүү, гутал, хүрэм, үнэртэй ус, мөнгөн ээмэг, бөгж, өөртөө өвлийн гутал зэргийг авсан. Мөн “Тэди” төв орж Б.Ундармаад 230.000 төгрөгөөр “Samsung Galaxy S3” загварын гар утас, 99575554 гэсэн дугаарын хамт авсан. Ийнхүү бид гурав үгсэн тохиролцож энэ гэмт хэргийг үйлдсэн боловч олон хүнд асуудал үүсгээд яахав хэргийг ганцаараа даачихъя гэж бодоод мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгсөөр ирсэн. Гэвч давж заалдах шатны шүүхэд хэргийн бодит үнэнийг мэдүүлж энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу...” гэв.

Прокурор В.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Жаргал нь хулгайлах, залилан мэхлэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Л.Сүхбаатарт “Toyota Prius-20” загварын автомашиныг урьдчилгаа 2.000.000 төгрөгийг төлөөд үлдсэн төлбөрийг лизингээр авч болно. Лизингээр авбал 1 жил 6 сарын хугацаатайгаар хүүгүй 4.500.000 төгрөг төлж болно хэмээн хуурч мэхлэн авч бусдад 2.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан. Мөн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаагч болон прокурорт мэдэгдэлгүйгээр 2016 оны 3 дугаар сарын 19-нөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн. Анхан шатны шүүхээс 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Г.Жаргал нь давж заалдах гомдолдоо Л.Сүхбаатарын 2.000.000 төгрөгийг хуурч мэхлэн авсан гэмт хэргийг Б.Ундармаа, О.Одончимэг нартай үгсэн тохирч үйлдсэн гэх боловч мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгсөн талаар дурдсан байна. Гэвч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэм буруу болон хэргийн нөхцөл байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдсон. Б.Ундармаа, О.Одонцэцэг нарыг уг хэрэгт холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татан шалгах ажиллагааг хийсэн боловч тэд уг гэмт хэргийг Г.Жаргалтай бүлэглэн үйлдсэн нь тогтоогдоогүй учир тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Жаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзэн шийдвэрлэлээ.

Г.Жаргал нь урьд нь бусдын эд хөрөнгийг хулгайлах болон залилан мэхлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн буюу ялтай байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Л.Сүхбаатараас “Toyota Prius-20” загварын автомашиныг урьдчилгаа 2.000.000 төгрөгийг өнөөдөртөө буюу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлөөд, үлдсэн төлбөрийг лизингээр авч болно. Лизингээр авбал 1 жил 6 сарын хугацаатайгаар хүүгүй 4.500.000 төгрөг төлж болно” хэмээн хуурч мэхлэн авч 2.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч Л.Сүхбаатарын: “...2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Г.Жаргал гэх хүн манай дүү Л.Түвшинбаярт “миний найз Мурат машины ченж хийдэг, Японоос 2015 оны 11 дүгээр сарын 18-нд улаан өнгийн “Toyota Prius-20” загварын автомашин оруулж ирэх гэж байгаа, баталгаатай хүн, манай ах бас машин захиалсан, авах гэж байгаа” гэж утсаар хэлэхэд нь би дүүтэйгээ боломжийн юм байна, ах нь хүнээс мөнгө зээлээд тэр машиныг авдаг юм уу” гээд авахаар шийдсэн. Тэгээд Г.Жаргал гэх хүнтэй ярихад “Мурат урьдчилсан захиалгатай машин оруулж ирдэг, энэ удаад харин чингэлэгээ дүүргэхээр 1 машин илүү ачсан юм. Урьдчилгаа 2.000.000 төгрөгийг өнөөдрийн дотор буюу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлөөд үлдсэн төлбөрийг лизингээр 1 жил 6 сарын хугацаатай хүүгүй 4.500.000 төгрөг төлнө” гэхээр нь “мөнгө олдвол худалдаж авъя” гэж хэлсэн. Найз А.Дарьсүрэнд хэлэхэд тэрээр өөрийнхөө машиныг ломбарданд 2.000.000 төгрөгөөр тавиад мөнгийг нь зээлээд шилжүүлсэн. Тэгээд Л.Түвшинбаяр луу “мөнгө шилжүүлчихлээ, гэж хэлээрэй” гэсэн. Л.Түвшинбаяр “маргааш тушаасан баримтаа иргэний үнэмлэхний хамт хуулбарлаад байж байгаарай, Мурат өөрөө тань руу яриад аль гааль дээр машин буусныг хэлнэ. Тэгэхээр очоод уулзаарай” гэж Г.Жаргал хэлсэн гэсэн. Маргааш нь ярихгүй байхаар нь Г.Жаргал гэх хүн рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Г.Жаргалын залгасан дугаар луу нь ярихад О.Одонцэцэг гэх хүн “Г.Жаргал байхгүй” гэсэн. О.Одонцэцэгээс “чиний данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн, машин нь хаана бууж байгаа юм бэ” гэж асуухад “тэр мөнгийг чинь Г.Жаргал аваад явсан, надад хамаагүй” гэсэн. ...Машин чөлөөлсөн нийт 2.459.830 төгрөгийг нэхэмжилж байна, гомдолтой байна...” / 1-р хх-34-40/,

гэрч Л.Түвшинбаярын “...Г.Жаргал өршөөлөөр суллагдаад манайд ирээд “манай найз Мурат Японоос 10 машин оруулж ирж байгаа, 9 нь захиалгатай, 1 нь илүү машин орж ирж байгаа. Уг машины өнгө нь улаан өнгөтэй, авах хүн байна уу” гэж хэлсэн. Энэ тухай манай хашаанд хамт байсан ах Л.Сүхбаатар сонссон. Тэрээр өмнө машин авна гэж ярьж байсан. Г.Жаргал надад хэлэхдээ “урьдчилгаа 2.000.000 төгрөг төлөөд машиныг гааль дээрээс ав” гэсэн. Тэгээд Г.Жаргал, Л.Сүхбаатар хоёр хоорондоо утсаар холбогдон машин авахаар болсон. Г.Жаргал манайд нэг хоночихоод явсан. Маргааш нь 89664663 дугаараас миний 99960010 дугаар луу залгаад “О.Одонцэцэг гэх хүн Японоос машин авч орж ирж байгаа. 3 дахь өдрийн өглөө бууна, мөнгө хийсэн баримтаа аваад гаалиас машинаа аваарай” гэсэн. Тэр үед Л.Сүхбаатар ах надтай хамт бидний яриаг сонссон. Тэгээд ингэж утсаар ярьсны маргааш нь Г.Жаргал над руу 88720972 дугаарын утаснаас залгаад “Японоос захисан машин 6.500.000 төгрөгөөр орж ирж байгаа, урьдчилгаа 2.000.000 төгрөгөө өгчих, үлдсэн 4.500.000 төгрөгийг Мурат Японоос ирээд 1 жил 6 сарын хугацаатай лизингийн гэрээ байгуулна гэж хэлж байна” гэсэн. Тэгээд Г.Жаргал миний утас руу Хаан банкны дансны дугаар явуулсан. ...Л.Сүхбаатар ах тэр оройдоо Хаан банкаар түүний данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Уг орой шөнийн 03 цагийн үед Г.Жаргал,О.Одонцэцэг, Б.Ундармаа нар 2 залуугийн хамт манай гэрт согтуу ирээд удалгүй явсан.  Маргааш өглөө нь Г.Жаргал над руу 88720972 дугаараас залгаад “Мурат машин хэдэн цагт явахыг өөрөө хэлнэ” гэж байна. Чиний дугаарыг өгсөн гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр Л.Сүхбаатар ахтай Мурат гэх хүний ярихыг хүлээсэн боловч яриагүй. Тэгээд ах бид хоёр Г.Жаргалыг худлаа ярьсан гэдгийг мэдсэн юм...” /1-р хх-42-43/,

гэрч А.Дарьсүрэнгийн “...Л.Сүхбаатар 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө манай нөхөр Цэрэнноров руу яриад “орж ирсэн япон машин авах гэж байна, 2.000.000 төгрөг яаралтай зээлээч” гэхээр нь найдвартай юм уу гэхэд “манай дүүгийн найзууд байгаа юм, найдвартай” гэсэн. Бид нар гэр бүлийн найзууд учраас өөрсдийн эзэмшлийн “Suzuki Carry” загварын машинаа ломбарданд 1 сарын хугацаатай тавьсан. Бид мөнгийг О.Одонцэцэг гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд нөхөр бид хоёр маргааш өглөө нь Л.Сүхбаатартай ярихад цаад хүмүүс нь утсаа авахгүй байна, худлаа ярьсан юм шиг байна, цагдаа руу явах гэж байна гэсэн...” /1-р хх-45-46/,

О.Одонцэцэгийн сэжигтнээр өгсөн: “...Баянхошууны 112 дугаар буудал дээр байх Хаан банкны АТМ-ээс Г.Жаргал миний картнаас 800.000 төгрөгөөр 2 удаа, 400.000 төгрөгөөр 1 удаа буюу 2.000.000 төгрөг авсан. Г.Жаргалын авсан мөнгийг Б.Ундармаа аваад улаан өнгийн хэтэвчиндээ хийсэн. Тэндээсээ такси бариад би Хөтөл дээр буугаад тэд цааш явсан. Орой 20 цагийн орчим тэд тортой хувцас барьчихсан манайд ирцгээсэн. Г.Жаргал, О.Одонцэцэг нар хүрэм, гутал, ээмэг, бөгж, үнэртэй ус, үсний индүү зэргийг авсан байсан. Г.Жаргал тухайн үед би ахтайгаа уулзаад ах мөнгө өгсөн гэж хэлсэн. Бид гурав хорооллын ойролцоо нэг караокед сууцгаасан. Г.Жаргал пиво захиалаад найз нь дайлья гэсэн. Тэндээс гараад Баянхошуунаас Г.Жаргал найзыгаа аваад бензин түгээгүүрийн ойролцоо байх караокед орсон. Г.Жаргалын найз нь намайг хамт явъя гээд байхаар нь Г.Жаргалд “чи намайг найзтайгаа явуулах гэж авч гарсан юм уу” гэхэд тэрээр уурлан миний нүүр лүү цохиод хөл рүү өшиглөсөн. Би түүнийг болиулах гээд цааш нь түлхтэл түүний гинжийг нь тасалчихсан. Тэгээд тэд явсан. Маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад миний утас руу 8803-тай дугаараас Сүхээ гэх хүн залгаад “өглөө 07 цаг өнгөрөөд машин бууна гэсэн, ирээгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би гайхаад Г.Жаргал руу залгаад энэ тухай хэлтэл “би ахындаа байна, одоо очлоо” гэж хэлээд ирээгүй. Үүнээс хойш 2 цагийн дараа Б.Ундармаа орж ирээд хувцаснуудаа аваад явсан. Түүнээс Г.Жаргалыг хаана байгаа вэ гэхэд, өчигдөр орой салаад уулзаагүй гэсэн...” /1-р хх-71-72/,

Б.Ундармаагийн сэжигтнээр өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр О.Одонцэцэгийн гэрт байхад Г.Жаргал түүний утсаар яриад орж гараад байсан. 16 цагийн үед Г.Жаргал “би мөнгөтэй болсон” гэхээр нь “юун мөнгө вэ” гэхэд “та хоёрт хамаагүй” гэсэн. Бид гурав Хөтөлийн автобусны буудлын ойролцоо байх Хаан банкны АТМ-ээс мөнгө авсан. Бид хоёр “Бөмбөгөр” худалдааны төвөөс Г.Жаргал өөртөө өмд, мөнгөн гинж, гутал авсан. Надад хүрэм, гар утас авч өгсөн. “Тэди” төвөөс гараад замдаа Г.Жаргалын дүү гэх залууг аваад О.Одонцэцэгийнд очсон. 20 цагийн үед бид 4 гарч хороололд караокед орсон. Маргааш нь бид 3 гэрт нь байхад манай эгч О.Отгонцэцэг рүү утасдаад дүүгээ хараад өг гэхээр нь гараад явж байтал Түвшинбаяр ах над руу залгаад “Г.Жаргал яасан бэ, ахтайгаа ярьж байна уу, машин нь орж ирсэн үү” гэсэн. Тэгээд би Г.Жаргалыг Л.Сүхбаатар гэх хүнээс 2.000.000 төгрөг авсан гэдгийг мэдсэн. /1-р хх-92/,

Г.Жаргалын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Миний өмнө үйлдсэн хэрэгт 2.000.000 төгрөг хэрэг болоод байсан юм. О.Одонцэцэгийнд байхдаа түүний утас сүлжээндээ үнэгүй ярьдаг гэхээр нь түүний 88720972 дугаарын утаснаас Л.Түвшинбаяр луу залгаж “Toyota Prius 20” загварын машин авах хүн байна уу” гэж асуусан. Би утсаар ярихдаа О.Одонцэцэг, Б.Ундармаа нараас нуугдаж байгаад ярьсан. Л.Түвшинбаяр “яаж авах вэ” гэхээр нь “2.000.000 төгрөг урьдчилгаанд өгөөд ав” гэж хэлсэн. Тухайн үед надад бичиг баримт байхгүй байсан болохоор О.Одонцэцэгийн Хаан банкны дансыг Л.Түвшинбаяр луу явуулсан. О.Одонцэцэгээс дансных нь дугаарыг авахдаа түүнд мөнгөний талаар хэлээгүй, надаас яах гэж байгаа талаар асуухад нь “хөдөөнөөс мөнгө ирж байгаа” гэсэн. Тэгээд орой 18 цагийн үед Л.Түвшинбаяр ах данс руу чинь 2.000.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгээд О.Одонцэцэг, Б.Ундармаа нарын хамт АТМ-с 2.000.000 төгрөгийг авсан. Б.Ундармаа бид хоёр “Бөмбөгөр” худалдааны төв ороод түүнд хүрэм, гутал, үнэртэй ус, мөнгөн ээмэг, бөгж авч, өөртөө өвлийн гутал авсан. Мөн “Тэди” төвөөс Б.Ундармаад 230.000 төгрөгөөр гар утас авч өгсөн. Тэндээсээ О.Одончимэгийнд очоод бид 3 хороолол явсан. Би Л.Түвшинбаярт “Toyota Prius 20” загварын машин байна, авах хүн байна уу гэж худлаа ярьсан...” /1-р хх-76-81/ гэх мэдүүлгүүд, Хаан банкны орлогын мэдүүлэг /1-р хх-9/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-24-32/, барьцаат зээлийн гэрээ /1-р хх-41/ зэрэг нотлох баримтуудаар,

2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаагч болон хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэлгүйгээр 2016 оны 3 дугаар сарын 19-нөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн нь:

гэрч Ж.Болд-Очирын “...2016 оны 4 дүгээр сард санагдаж байна. Ажлын өдөр ажлаа хийгээд сууж байтал мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч П.Өлзийтогтох “хэргийн хүн шүү, алдчихваа” гээд нэг залууг манай өрөөнд оруулан суулгасан. Тухайн үед ажил ихтэй байцаалт авч байтал нөгөө залуу өрөөнөөс гарч явсныг мэдээд шатаар доошоо буун цагдаагаас гадагшаа нэг залуу гарсан эсэхийг асуухад гараагүй гэж хэлсэн. Гараад харахад хүн явж харагдаагүй. Тэгээд хэлтэс дотор л байна гэж бодоод буцаад өрөөндөө орсон. Гэтэл тэр залуу хэлтсээс гараад явсан, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн байсан...” /2-р хх-95/,

гэрч Ц.Цагаанбаярын “...Манай сумын харъяат Г.Жаргал гэгч нь цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ASAP санд эрэн сурвалжлагдаж байсан тул мэдээлэл цуглуулж байгаад 2016 оны 5 дугаар сарын сүүлчээр Г.Жаргалыг Өлгий сумаас Ховд аймгийн чиглэлд явж байгаа гэсэн мэдээлэл авагдсаны дагуу хэсгийн цагдаа дэд ахлагч О.Дөлгөөнд отолт хийж баривчлах чиглэл өгсний дагуу баривчилсан. Г.Жаргал нь цагдаагийн албан хаагчийг хараад мотоциклоо орхиж зугтаахаар нь хөөж баривчилсан гэсэн. Г.Жаргал цагдаагийн байгууллага дээр өөрөө ирээгүй, хаана байгаа нь тогтоогдохгүй байсан...” /2-р хх-98/,

гэрч О.Дөлгөөний “...Хан-Уул дүүргийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч П.Өлзийтогтох 2016 оны 5 дугаар сарын эхээр утсаар ярьж “танай сумын харъяат залуу байцаагдаж байх хугацаандаа оргон зайлсан, сумандаа очсон байх магадлалтай эрэн сурвалжилж байна” гэсэн. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн үед Өлгий сумын хэсгийн төлөөлөгч Ц.Цагаанбаяр Г.Жаргалыг сумын төв рүү орох гэж байгаа талаар мэдээлсэн. Би Өлгий сумын 3 дугаар баг, Цахиуртын амаар орж ирэх замд түүнийг ирэхийг хүлээн отож байсан. Цахиуртын амнаас нэг мотоцикль бууж байгаад замдаа зогсож ажиглаж байснаа миний хажуугаар өнгөрөхөд нь “зогс” гэсэн дохио өгөхөд зугтсан. Араас нь хөөж байгаад Өлгий сумын 4 дүгээр багт байрлах эмнэлгийн хойд талын дэрсэн дундаас баривчилсан...” /2-р хх-99-100/,

гэрч А.Дарьсүрэнгийн “...Сураг сонсоход Г.Жаргал гэгч цагдаад шалгагдаж байгаад оргож зугтаасан тухай Л.Сүхбаатар хэлж байсан. Нэлээн хугацааны дараа Увс аймгаас түүнийг баривчилж цагдан хорьсон гэсэн...” /1-р хх-101/ гэх мэдүүлгүүд болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж нотолсон шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд цугларсан нотлох баримтуудын хүрэлцээ хангалттай, эдгээр хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар Г.Жаргал нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч, бага бус хэмжээний хохирол учруулсан, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, зүйлчлэл зөв, шүүхээс түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна.

Давж заалдах шатны шүүхэд ялтан Г.Жаргалын гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Ялтан Г.Жаргал “…уг гэмт хэргийг Ундармаа, Одонцэцэг нартай үгсэн тохиролцож үйлдсэн, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгсөн...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь О.Одонцэцэгийн “...Г.Жаргал тухайн үед ахтайгаа уулзахад ах мөнгө өгсөн гэж хэлсэн. Маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад миний утас руу 8803-тай дугаараас Сүхээ гэх хүн залгаад өглөө 07 цаг өнгөрөөд машин бууна гэсэн, ирээгүй байна гэсэн...”, Б.Ундармаагийн “...16 цагийн үед Г.Жаргал “би мөнгөтэй болсон” гэхээр нь “юун мөнгө вэ” гэхэд “та хоёрт хамаагүй” гэсэн. ...Л.Түвшинбаяр ах над руу залгаад “Г.Жаргал яасан бэ, ахтайгаа ярьж байна уу, машин нь орж ирсэн үү” гэсэн. Тэгээд би Г.Жаргалыг Л.Сүхбаатар гэх хүнээс 2.000.000 төгрөг авсан гэдгийг мэдсэн...”, Г.Жаргалын сэжигтнээр өгсөн “...О.Одонцэцэгээс дансных нь дугаарыг авахдаа түүнд мөнгөний талаар хэлээгүй, надаас яах гэж байгаа талаар асуухад нь “хөдөөнөөс мөнгө ирж байгаа” гэсэн. Би Л.Түвшинбаярт “Toyota Prius 20” загварын машин байна, авах хүн байна уу гэж худлаа ярьсан...” гэх мэдүүлгүүдээр О.Одонцэцэг, Б.Ундармаа нар Г.Жаргалд ах нь мөнгө өгсөн гэж ойлгон хамт явсан болох нь тогтоогдож байх тул Г.Жаргал, О.Одонцэцэг, Б.Ундармаа нарыг үгсэн тохиролцож уг гэмт хэргийг үйлдсэн гэх эргэлзээ үгүйсгэгдэж байгаа бөгөөд тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь хэргийн нөхцөл байдалтай тохирч байх тул ялтан Г.Жаргалын гаргасан  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин ялтны цагдан хоригдсон хоногийг тооцож үзэхэд Г.Жаргал 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүртэл 35 хоног, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 151 хоног буюу нийт 186 хоног хоригдсон байхад анхан шатны шүүх тогтоолдоо “181 хоног” гэж буруу тооцсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтын “...181 хоногийг...” гэснийг “...186 хоногийг...” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан Г.Жаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЧ

                        ШҮҮГЧИД                                           Д.ОЧМАНДАХ

                                                                                    Н.БАТСАЙХАН