Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 821

 

                                                 

М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж,

Б.Бат-Очир нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Амарсанаа,

Ялтан М.Жавхлангийн өмгөөлөгч Д.Алтанцэцэг,

Ялтан О.Энхтулгын өмгөөлөгч Ж.Болдбаатар,

Ялтан Б.Баяржаргал /цахимаар/, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

Ялтан Б.Пүрэвдоржийн өмгөөлөгч Р.Оюунбадам,

Ялтан Б.Бат-Очир /цахимаар/, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Н.Амарсанаагийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 дугаар эсэргүүцэл, ялтан Б.Бат-Очир, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, ялтан Б.Пүрэвдорж, ялтан Б.Баяржаргал, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, ялтан М.Жавхлангийн өмгөөлөгч Д.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарт холбогдох эрүүгийн 201601000103 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Мөнхтүвшингийн Жавхлан, 1997 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн харъяа Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн их сургуулийн менежментийн 2 дугаар курст суралцдаг, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 408 дугаар байрны 58 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЗ97091711/,

2. Гөрөөчин овогт Отгонбаатарын Энхтулга, 1993 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улсын багшийн их сургуулийн 4 дүгээр курст суралцдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хорооллын Усны гудамжны 2б байрны 52 тоотод оршин суух,

2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УИ93040514/,

 3. Жанцан овогт Батжаргалын Баяржаргал, 1994 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зочид буудлын зохион байгуулагч мэргэжилтэй, “Дипломат” ХХК-ийн “Темпле” баарны менежер ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжны 452 тоотод оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:ТЕ94081437/,

  4. Урианхай овогт Билэгдэмбэрэлийн Пүрэвдорж, 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хорооллын 73 дугаар байрны 604 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УТ95081019/,

 5. Дайртан овогт Бат-Эрдэнийн Бат-Очир, 1995 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын Хатанбаатар Магсаржавын гудамжны 21а байрны 49 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 52-2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УШ95061976/,

              1. М.Жавхлан, О.Энхтулга нар нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Аман хуур” хотхоны орчим Б.Баяржаргалаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан метафетамин агууламж бүхий 2 хэсэг нийт 0.6 грамм “мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар худалдан авч 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл биедээ болон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 408-58 тоотод хадгалсан,

            2. Б.Баяржаргал нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Аман хуур” хотхоны орчим Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан метафетамины агууламж бүхий 2 хэсэг нийт 0.6 грамм “мөс” гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч биедээ хадгалан, улмаар М.Жавхлан, О.Энхтулга нарт 300.000 төгрөгөөр борлуулсан,

            2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” болон 2.8 грамм “өвс” гэх бодисыг Б.Пүрэвдоржоос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл биедээ хадгалсан,

             3. Б.Пүрэвдорж нь 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” болон 2.8 грамм “өвс” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,

            2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх мансууруулах бодисыг Б.Бат-Очироос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, цагаан өнгийн цаасанд ороож тамхины хэлбэрт оруулан 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 73-602 тоотод хадгалсан,

            2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2.5 см-ын диаметртэй төмөр саванд хийсэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах бодисыг Б.Бат-Очироос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар авч 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл биедээ хадгалсан,

             2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 435.9 грамм “өвс” гэх мансууруулах бодисыг Б.Бат-Очироос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл биедээ хадгалсан,

            4. Б.Бат-Очир нь 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 435.9 грамм “өвс” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж цуглуулан бэлтгэн олж авч 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 52-02 тоотод хадгалсан,

            2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,

            2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2.5 см-ын диаметртэй төмөр саванд хийсэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн олж авч биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Нийслэлийн Прокурорын газраас М.Жавхлан, О.Энхтулга нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Б.Баяржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36  дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Б.Пүрэвдоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36  дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Б.Бат-Очирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36  дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Баяржаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэг болгон өөрчилж, М.Жавхлан, О.Энхтулга, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг, Б.Баяржаргалыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн олж, авсан, хадгалсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар М.Жавхлан, О.Энхтулга нарыг тус бүр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Пүрэвдорж, Б.Бат-очир нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар Б.Баяржаргалыг 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар М.Жавхлан, О.Энхтулга нарыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд баривлах ялыг ганцаарчлан тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баяржаргалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар М.Жавхлангийн цагдан хоригдсон 10 хоног, О.Энхтулгын цагдан хоригдсон 10 хоног, Б.Пүрэвдоржийн цагдаг хоригдсон 22 хоног, Б.Бат-Очирын цагдан хоригдсон 13 хоног, Б.Баяржаргалын цагдан хоригдсон 13 хоногийг тус бүрийн хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Б.Баяржаргалаас 300.000 төгрөгийг хурааж улсын орлогод оруулж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэжээ.

            Улсын яллагч Н.Амарсанаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх Б.Баяржаргалд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүйгээр зүйлчлэлийг өөрчлөн ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол...”, 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол...” гэж тус тус объектив талын шинжүүдийг тодорхойлж өгсөн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд нь тус бүрдээ бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааж өгөөгүй байна. Прокуророос Б.Баяржаргал нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Аман хуур” хотхоны орчим метамфетаминий агууламж бүхий 2 хэсэг нийт 0.6 грамм “мөс” гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч биедээ хадгалан, М.Жавхлан, О.Энхтулга нарт 300.000 төгрөгөөр борлуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” болон 2.8 грамм “өвс” гэх мансууруулах бодисыг Б.Пүрэвдоржоос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл биедээ хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Б.Баяржаргалын дээрх үйлдлүүд өөр өөр цаг хугацаанд өөр санаа зорилготой үйлдэгдсэн, мөн “мөс” гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан, борлуулсан, “шавар” болон “өвс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлийн тус бүрт нь ял оногдуулж болох өөр өөр хэсгүүдэд заагдсан гэмт хэргүүд болно. Гэтэл шүүх Б.Баяржаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт багтааж байна хэмээн дүгнэлт хийж зүйлчлэлийг өөрчлөн, ял шийтгэл оногдуулсныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх Б.Баяржаргалын дээр дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлд заасан гэмт хэрэг бүрт тус тусад нь ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох ёстой байсан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Ялтан Б.Пүрэвдорж давж заалдах гомдолдоо: “...Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдэж 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ухамсарлаж байгаа, эхийн хамт амьдардаг бөгөөд дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Иймд энэхүү байдлыг минь харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Б.Пүрэвдоржийн өмгөөлөгч Р.Оюунбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Б.Пүрэвдоржид холбогдох хэргийн гэм буруутай үйлдэлд маргах зүйлгүй. Харин шүүх түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг харгалзаж үзсэнгүй гэж үзэж байна. Б.Пүрэвдорж нь сурч байх хугацаандаа тэргүүний сурагч байсан ба сургуулиа төгсөөд Америкийн Нэгдсэн Улс руу сурахаар явсан. Америкт байх хугацаанд нь эх нь төрж эрэгтэй дүүтэй болсон нь нутагтаа ирэх шалтгаан нь болсон. Тэрээр дүүтэй болоод маш их баярлаж байтал дүү нь 2 настайдаа нас барсан ба дүүгээ алдснаас хойш гэрээс гардаг, гадуур тэнэдэг болсон гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Б.Пүрэвдорж хоригдож байх хугацаандаа их зүйлийг ухаарч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс Б.Пүрэвдоржийн дээрх хувийн байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр О.Энхтулга холбогдож, уулзахаар болсон бөгөөд хамт ажилладаг байсан найз Б.Пүрэвдоржийн хамт “Аман хуур” хотхоны ойролцоо уулзахаар болсон. Түүнтэй хамт М.Жавхлан гэх залуу ирсэн. Тэд нартай уулзаад зогсож байхад Б.Пүрэвдорж “би явлаа, залгаарай” гээд явсан. Гэтэл О.Энхтулга нэг ууттай зүйл гаргаж ирээд “мөс” хэрэглэж үзсэн үү гэхээр нь “үгүй” гэсэн бөгөөд энэ арай хүрэхгүй бага байна, мөнгө байвал хамт явж хэрэглье гэхээр нь “ямар үнэтэй вэ” гэхэд “300.000 төгрөг, яаралтай авмаар байна” гэсэн. “Тийм их мөнгө байхгүй, юу асуугаад байгаа юм” гэтэл яараад байна гээд явсан. Тухайн үед олуулаа явж байсан. Хэнтэй явж байсныг нь хараагүй. Хэд хоногийн дараа Б.Пүрэвдорж бид 2 уулзсаны маргааш буюу 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Б.Пүрэвдорж намайг дуудахаар нь гарахад 2 энгийн хувцастай цагдаа баривчлан саатуулж, 5 хүний нэр хэлэн олж өг гэсэн. Тэр дунд О.Энхтулга гэж байсан. Миний гар утсыг шалгаж, О.Энхтулгын дугаарыг олоод түүн рүү яриад намайг өөр өрөөнд оруулсан. Намайг гарахад О.Энхтулга 3 хүний хамт зогсож байсан. Надаас байцаалт авахдаа хаанаас “мөс” авч О.Энхтулга, М.Жавхлан нарт зарсан бэ гэхээр нь “тийм зүйл зараагүй” гэж мэдүүлэг өгөөд гарсан. Тухайн үед О.Энхтулга, М.Жавхлан нартай таарч юу болоод байгаа талаар асуухад “чи бид хоёрыг барьж өгсөн биз дээ, битгий гомдоорой” гээд намайг гүтгэсэн байцаалт өгсөн байсан. Шинжээчийн дүгнэлтээр мансууруулах бодис илрээгүй, О.Энхтулга, М.Жавхлан нарт мансууруулах бодис борлуулаагүй, надаас худалдаж авсан гэж гүтгэж байгаад гомдолтой байгаа тул хэргийг дахин шалгаж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Баяржаргалын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Баяржаргалыг гэм буруутайд тооцож, 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлуудыг дутуу тогтоосон, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, зарим яллагдагчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхад Б.Баяржаргалыг хүнд гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэл болгож ялласан гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс уг гомдлыг гаргаж байна.Үүнд:

Б.Баяржаргалын үйлдлийг зүйлчилсэн  зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан “...борлуулсан...” үйлдэл нотлогдоогүй, энэ хэрэгт хамтран оролцогчоор татагдсан М.Жавхлангийн “Б.Баяржаргалаас 2016 оны 4 сарын 27-ны өдөр анх “мөс” гэх бодисыг 300.000 мянган төгрөгөөр худалдан авсан...” гэх ямарч нотлох баримтгүй мэдүүлгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь М.Жавхлангийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхад түүний дан ганц зөвхөн ярьж буй зүйлд нь тулгуурлан яллах гол нотлох баримт болгон авч байгааг хууль зөрчсөн гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ М.Жавхлангийн мэдүүлгийг туйлын үнэн гэж бусад шүүгдэгчийн гэм бурууг нотлох гол нотлох баримт гэж үзэж байгаа бол мэдүүлгийг бүхэлд нь үнэлэх ёстой болох бөгөөд ажилгүй, орлогогүй этгээд болох М.Жавхлангийн “...Би урьд нь энэ зүйлийг хэрэглэж байгаагүй...” гэсэн мэдүүлгээс харахад М.Жавхлан хэн нэгнээс өндөр үнээр уг бодисыг хэрэглэх зорилгоор хууль бусаар олж авах үйлдэл хийх шалтгаант холбоо тогтоогдохгүй буюу түүний мэдүүлгийн үнэн зөвд ноцтой эргэлзээ төрж байгаа болно. Харин М.Жавхлан өөрийг нь цагдаад хэлж баривчлуулсан гэх хувийн шалтгаанаар Б.Баяржаргалаас өндөр үнээр “мөс гэх бодисыг худалдан авсан гэж мэдүүлсэн байх хангалттай нөхцөл байдал харагдаж байгаа бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар “мөс” гэх нэршил бүхий ямарч бодис Б.Баяржаргалаас илрээгүй, бусад нотлох баримтаар ч уг бодис байсан эсэх нь тогтоогдоогүй болон зарсан гэх баримт илрээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан сэжигтэн, яллагдагч /шүүгдэгч/-ийн хамгийн гол эрх бол гэм буруугүй болохоо нотлох үүрэг хүлээхгүй буюу хэрэгт өгч буй мэдүүлгийг заавал үнэн зөв байх, эсвэл бусад нотлох баримтаар нотлогдоогүй бол гэм бурууг хөдөлбөргүй тогтоох нотлох баримт болгож болгохгүй гэсэн үндэслэл бөгөөд Б.Баяржаргалыг “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис борлуулсан гэм бурууг нотлох цорын ганц баримтаар М.Жавхлангийн мэдүүлгийг авсан нь шийтгэх тогтоол үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан гэж үзэж гомдолтой байна. Хэрэг гарсан гэх огноо нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гэж тогтоогдсон байтал цагдаад баривчлагдсан огноо нь 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр буюу даруй 9 хоногийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд шийтгэх тогтоолд зориуд дурдсан байх ба О.Энхтулга мэдүүлэгтээ энэ тухай огт дурдахгүй байгаад анхаарал хандуулах ёстой гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Баяржаргалын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан “...борлуулсан...” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан хэрэгт гэм буруутайд тооцож, хөнгөрүүлэн шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Бат-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, шүүхээс оногдуулсон ял шийтгэлд ямар нэгэн гомдол санал байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа ба ажиллаж, сурч бүтээх үедээ ял шийтгэл эдлэх болсондоо маш их харамсаж, өөрийгөө буруутган дахин ийм хэрэгт холбогдохгүй амьдрана гэж өөртөө болон эцэг, эхдээ амлаж байна. Өөрийн гэнэн, саваагүй зангаасаа болж гэмт хэрэгт холбогдсондоо туйлын их харамсаж байна. Би гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Бат-Очирын өмгөөлөгч Я.Баярсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Бат-Очир нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч шүүхээс оногдуулсан ял шийтгэлд ямар нэгэн гомдол санал байхгүй, хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байгаа ба ажиллаж сурч бүтээх үедээ ял шийтгэл эдлэх болсондоо харамсаж, өөрийгөө буруутгаж, гэнэн, саваагүй зангаасаа болж гэмт хэрэгт холбогдсондоо туйлын их харамсаж байгаа. Түүний гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй ажиллаж, сурч амьдрах чин хүсэл болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Ялтан М.Жавхлангийн өмгөөлөгч Д.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч түүнд оногдуулсан ялыг хүндэдсэн гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. М.Жавхлан нь 19 настай, оюутан, хэрэг үйлдэх болсон гол санаа зорилго нь худалдан авах гэж буй бодисоо хүний ой тогтоолтыг сэргээдэг гэж сонсож байсан тул хаврын шалгалт эхлэхээс өмнө хэрэглээд үзье, үнэн эсэхийг нь мэдье гэсэн гэнэн, томоогүй зангаар авсан нь хэргийн хор уршгийг ойлголгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харуулж байна. Энэ нь дээрх авсан бодис нь нөлөөлөхгүй, мэдэгдэхгүй болохоор нь буцаан өгч мөнгөө эргүүлэн авахаар тохирч уулзаж байгаад цагдаад баригдсан нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа.

Тэрээр үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж, гэм буруугаа ухамсарлан хэргийн талаар мөрдөн байцаалтын туршид тогтвортой, үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хувьд хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөргүй. М.Жавхлангийн хувийн байдлын хувьд урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, үнэнч шудрага, төлөв томоотой, элдэв муу зуршилгүй, хичээл сурлагадаа сайн үлгэр жишээ, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, айлын том хүү, дүү нараа асарч, хүмүүжүүлдэг нь хэрэгт авагдсан мэдүүлэг бусад холбогдох материалаас харагдаж байна. Шүүхээс М.Жавхланд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор харгалзан үзэлгүй, уг зүйл ангид байгаа баривчлах ялын хамгийн дээд хэмжээг оногдуулсан нь үндэслэлгүй, ял хүндэдсэн гэж үзэж байгаа тул хууль ёсны энэрэнгүй зарчмыг баримтлан түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялаас хасч өгнө үү...” гэв.

            Ялтан О.Энхтулгын өмгөөлөгч Ж.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй. Улсын яллагчийн эсэргүүцэл болон давж заалдах гомдол гаргасан ялтан нар, тэдний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудад өгөх тайлбар байхгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            1. М.Жавхлан, О.Энхтулга нар нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Аман хуур” хотхоны орчим Б.Баяржаргалаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан метафетамин агууламж бүхий 2 хэсэг нийт 0.6 грамм “мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар худалдан авч 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл биедээ болон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 408-58 тоотод хадгалсан,

            2. Б.Баяржаргал нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Аман хуур” хотхоны орчим Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан метафетамины агууламж бүхий 2 хэсэг нийт 0.6 грамм “мөс” гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч биедээ хадгалан, улмаар М.Жавхлан, О.Энхтулга нарт 300.000 төгрөгөөр борлуулсан,

            2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” болон 2.8 грамм “өвс” гэх бодисыг Б.Пүрэвдоржоос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл биедээ хадгалсан,

3. Б.Пүрэвдорж нь 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” болон 2.8 грамм “өвс” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,

            2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх мансууруулах бодисыг Б.Бат-Очироос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, цагаан өнгийн цаасанд ороож тамхины хэлбэрт оруулан 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 73-602 тоотод хадгалсан,

            2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2.5 см-ын диаметртэй төмөр саванд хийсэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах бодисыг Б.Бат-Очироос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар авч 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл биедээ хадгалсан,

             2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 435.9 грамм “өвс” гэх мансууруулах бодисыг Б.Бат-Очироос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл биедээ хадгалсан,

            4. Б.Бат-Очир нь 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 435.9 грамм “өвс” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж цуглуулан бэлтгэн олж авч 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 52-02 тоотод хадгалсан,

            2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,

            2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2.5 см-ын диаметртэй төмөр саванд хийсэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн олж авч биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодитой тогтоох талаар уг хэрэгт шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийгджээ.

            Шүүх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг удирдлага болгож тэдгээрийн агуулга зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлага хангагддаг учиртай.

            Гэтэл Нийслэлийн Прокурорын газраас Б.Баяржаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүний гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт багтаан зүйлчилж ял шийтгэл оногдуулж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зөрчил гаргасан байна.

            Учир нь гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг тухайн гэмт хэргийн заавал байх объектив ба субъектив шинжийг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт хуульчилан заасан байдаг.

            Харин гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд гэмт үйлдлийн улмаас учруулсан хохирол, субъектив тал, гэмт хэргийн оролцоо, зорилго зэрэг нөхцөл байдлаас хамааран зүйл, хэсэг тус бүрдээ бие даасан өөр өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх, эсхүл үндсэн бүрэлдэхүүнээ давтан үйлдсэн зэргээр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг харилцан адилгүйгээр хуульчилжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд заасан гэмт хэрэг  нь гэмт санаа болон зорилгоороо өөр өөр зүйл болон хуульчлагдсан байна.

            Гэтэл анхан шатны шүүх Б.Баяржаргалын тус тусдаа бие даасан гэмт үйлдлүүдийг уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд багтаан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг зөвтгөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, улсын яллагч Н.Амарсанаагийн бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, ялтан Б.Пүрэвдорж,  ялтан Б.Бат-Очир, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, ялтан Б.Баяржаргал, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн ялтан М.Жавхлангийн өмгөөлөгч Д.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад дүгнэлт хийх боломжгүйг дурдаж, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

2.  Хэргийг шүүхэд очтол М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЮУНЧУЛУУН                                   

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХТУУЛ

                                                                        Н.БАТСАЙХАН