Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 809

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Отгонбаяр, Б.Батболд нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Гансүх, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          прокурор Б.Ууганбаатар,

          яллагдагч А.Отгонбаярын өмгөөлөгч Х.Базаррагчаа, Б.Тэнгис,

          яллагдагч Б.Батболд, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

          нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуугийн гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ууганбаатарын бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны 5/01 дугаартай прокурорын эсэргүүцлээр эрүүгийн 201401080479 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28ы өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Аюушийн Отгонбаяр, 1987 оны 7 дугаар сарын 17-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Налайх дүүргийн “Цахилгаан түгээх төв”-д ээлжийн инженер ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо, Шар хад гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 3 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УД87071711/,

 

Чогсом овогт Батжаргалын Батболд, 1982 оны 11 дүгээр сарын 27-нд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-д мэс засал, гэмтэл согогийн эмч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамжны 24 дүгээр байрны 30 тоотод бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 83А байрны 19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЕК82112770/,

 

А.Отгонбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 19 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайхар” бааранд иргэн Б.Гантулгатай “чи согтуу байна, гэртээ харь” гэх зэргээр маргалдаж улмаар тус баарнаас гарч зодолдон иргэн Б.Гантулгын хэвлийн тус газарт нь өшиглөж нарийн гэдсэнд цооролт, хэвлийн хөндийн битүү гэмтэл учруулж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан,

Б.Батболд нь 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 8 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын эмчээр ажиллаж байхдаа Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн ажиллах журмын 3.4 дэх хэсэгт зааснаар “анхны үзлэгээр амин үзүүлэлт, гэмтлийн шинжүүдийг тодорхойлон, эрэмбэлэн ялгаж шаардагдах яаралтай тусламж үйлчилгээг үзүүлнэ”, мөн 3.9 дэх хэсэгт зааснаар “өвчний оношийг богино хугацаанд тогтоох боломжгүй, үйлчлүүлэгчийн биеийн байдал нь эмнэлгийн нөхцөлд ажиглалт хийх шаардлагатай, Б.Гантулгын биед үүссэн нарийн гэдэсний урагдал, хэвлий гялтангийн түгээмэл үрэвслийг оношлохдоо Монгол Улсын MNS 5665-6:2006 стандартад заасан цусны ерөнхий шинжилгээ хийх, рентгэнд хэвлий харах, хэвлийд хатгалт хийж оношийг баталгаажуулах шинжилгээнүүдийг хийгээгүй стандарт зөрчиж, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Б.Гантулгын амь насыг хохироож хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: А.Отгонбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, Б.Батболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Отгонбаяр, Б.Батболд нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчин, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэн, хэргийг эцэслэн шүүхээр хянан хэлэлцэх боломжгүй байна. Тухайлбал:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.3 дахь хэсэгт “урьд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаасан захирамж, тогтоолын заалтыг биелүүлээгүй”, мөрдөн байцаалт явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн, мөн хуулийн 329 дүгээр зүйлийн 329.1 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол, магадлал, шүүгчийн захирамжийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ” гэж хууль тогтоогч хуульчилжээ. Харин Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 24 дүгээр тогтоолын 1 дэх заалтад эмч нарын мэргэжлийн зөвлөл буюу мэргэжлийн байгууллагаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах тасгийн эмч Батболдод дүгнэлт гаргуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгч 2008, 2010 оны Монгол Улсын MNS стандарт байдаг гэж тайлбарлаж байх тул хэдэн оны, аль стандарт нь хүчинтэй эсэхийг тогтоох гэсэн байхад 2008, 2010 оны стандарт байдаг эсэхийг тогтоосон баримт бичиг хэрэгт авагдаагүй, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй, мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 813 дугаар магадлалын А.Отгонбаяр, Б.Батболд, Б.Буяннэмэх, О.Гантогтох нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, хэргийн бүрдэл хангагдаагүй гэж дүгнээд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийхийн зэрэгцээ дараах зүйлсийг анхаарах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн хувьд хохирогч нь энэ хэргийн улмаас амь насаа алдаагүй байхыг шаардах ба А.Отгонбаярын үйлдэл, гэмт хэргийн сэдэлт санаа зорилгыг буюу хувийн, танхайн сэдэлттэй аль нь болохыг тогтоож хэргийг зөв зүйлчлэх шаардлагатай. 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 511 дүгээр магадлалд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс А.Отгонбаярын үйлдсэн гэмт хэргийг сэдэлт санаа зорилгыг буюу хувийн танхай сэдэлттэй аль нь болохыг тогтоох, хэргийг зөв зүйлчлэх талаар гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 813 дугаар магадлалын заалт бүрэн биелээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлтийг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан тогтоох гэсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол, магадлалын заалтыг мөрдөн байцаалтын явцад прокурорын хяналтанд биелүүлээгүй байна.

2.  Гэрч Ербол 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “талийгаач Баагий ахтай юм яриад сууж байхад Отгонбаяр нь дундуур нь ороод чи харь барь гээд маргалдаад
эхэлсэн тэгээд зууралдаад авахад нь бид нар салгасан” /1-р хх-ийн 28/, гэрч Ж.Батболдын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Гантулга буюу Бөнсүү ганцаараа бага зэрэг халамцуу орж ирээд хамтдаа сууцгаан архинаас хувааж уусан юм. Гэтэл Отгонбаяр талийгаачийг чи согтуу байна гэртээ харь гэсэн тэгэхэд талийгаач Отгонбаярыг чи өөрөө харь гэж хоорондоо хэрэлдээд улмаар барьцалдаад авсан тэгэхээр нь бид нар салгасан /1-р хх-ийн 34/, гэрч С.Батбаярын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Тайхар бааранд ороод 1 шил 0.75 грамм Хараа архи аваад 2 жүүс захиалсан тэгээд байж байтал гаднаас бид нар Бөгсү гэж дууддаг Гантулга орж ирсэн, тэгээд миний хажууд сууж найзуудтайгаа мэндлээд надтай бас мэндэлсэн би сайн уу дүү гэхэд өнөөдөр найзын төрсөн өдөр болж байна ах дүү гэж байхгүй гээд инээсэн намайг хүзүүгээр тэврээд хүзүүдэн автал Отгонбаяр Гантулга хөгшөөн чи жаахан уучихсан байна харьж амрахгүй юу даа гэсэн тэгтэл ээ пизда гээд салаавч гарган өөрөө зайл гэсэн тэгээд тэр хоёр барьцалдаад авсан бид салгасан /2-р хх-ийн 43/, гэрч С.Батбаярын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт “талийгаач надтай ярьж байхад Отгонбаяр дундуур орж маргалдсан талийгаач намайг зүгээр хүзүүдсэн, /4-р хх-ийн 196/, мөн гэрч Х.Нурбол “талийгаач гаднаас орж ирээд С.Батбаяр ахад өнөөдөр ах дүүгийн ёс байхгүй найзын төрсөн өдөр болж байна гэж хэлэхэд Отгонбаяр чи даварч байгаа юм биш үү, гэртээ харь гээд маргасан байсан /4-р хх-ийн 194/ гэсэн хамт байсан гэрчүүдийн болон яллагдагч А.Отгонбаярын сэжигтнээр өөрийн өмгөөлөгч Х.Базаррагчаатай 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “талийгаач Гантулга ганцаараа орж ирээд хамтдаа ширээнд сууж архи ууцгаасан. Гэтэл талийгаач Баагий ахын толгойгоор хүзүүдэн аваад өнөөдөр Батхуягийн төрсөн өдөр ах хамаагүй гэж байсан. Баагий ах залхсан бололтой босоод зайдуу суусан гэсэн мэдүүлгүүдээс дүгнэж үзэхэд А.Отгонбаяр нь талийгаачийг ялимгүй зүйлээр шалтаглан олон нийтийн үйлчилгээний газар танхайрч талийгаачтай маргаан үүсгэсэн байж болзошгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан нотлогдвол зохих гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр асуудлыг шалган тогтоогоогүй.

3.  Талийгаачийн 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Тайхар бааранд ороход
манай ангийн Нурбол, Батхуяг, Отгонбаяр, Батболд, Батхуягийн хүргэн ах Баагий нар архи
пиво уугаад сууж байсан. Би хамт сууж архинаас нэг уусан тэгээд би Отгонбаяртай ялихгүй
зүйлээс болж бага зэрэг муудалцсан юм. Тэгэхэд Отгонбаяр хоёулаа гаръя гэхээр нь зүгээр
юм ярих гэж байгаа юм бол уу гээд дагаад баарнаас гартал Отгонбаяр “чи муу яасан овоо
rap вэ” гээд хувцсаар хоолой боогоод би муужираад газар унахад гэдсэн дээр, баруун гаран дээр дэвсээд ар нуруу руу цохиж мөн нүд рүү гараараа цохисон, чамайг алчихсан ч яадгийн гээд гэдсэн дээр хэд хэдэн удаа дэвссэн, тэгээд би мөлхөж арай гэж зам дээр гараад такси бариад гэртээ харьсан” гэх тайлбар нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, нүүр, хүзүү хоолой, их бие, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэсэн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 08 шэ/91 дүгээр дүгнэлттэй тохирч байхад гэрч Ербол, Батхуяг нар нь талийгаачийг буцаж бааранд орж ирсэн гэж мэдүүлсэн атлаа дээрх гэмтлийг хараагүй гэх зэргээр зөрүүтэй эргэлзээтэй мэдүүлгүүд өгсөн нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байтал түүнийг шалгаагүй, мөн талийгаач нь амь насанд аюултай хүнд гэмтэл авснаас хойш 12-15 цаг, 20-22 цагийн дараа 2 удаа ЭХО-д харуулахад хэвлийн тойм харалтаар гэдэс саажилттай, хэвлийн хөндийд сул шингэнгүй, давтан харалтаар харьцуулахад гарсан өөрчлөлтгүй, хэвлийн хөндийд сул шингэнгүй гэсэн байх бөгөөд 24-40 гаруй цагийн дараа гэмтэл хүндэрч хордлогын байдалд шилжсэний улмаас амь нас хохирсон нь Батболдын үйлдэлтэй холбоотой эсэхийг шалган тогтоогоогүй. Түүнчлэн тухайн үед томографик, ажиглах өрөө байсан эсэхийг нотлох баримт бичиг хэрэгт авагдаагүй байна. Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас А.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, Б.Батболдод мөн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорын газарт очтол А.Отгонбаяр, Б.Батболд нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг CD-г хэргийн хамт прокурорт хүргүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Ууганбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 24 дүгээр тогтоолын 1 дэх заалт, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 813 дугаар магадлалын заалтуудыг тус тус биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өмнө нь дээрх тогтоол болон магадлалуудын заалтуудыг биелүүлсэн гэж шүүх дүгнэсэн учраас Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 29 тоот шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хэрэг гарах үед шүүгдэгч А.Отгонбаяр нь хохирогч Б.Гантулгыг гэртээ харихыг сануулж анх маргалдсан ба маргаанаа хүмүүсийн нүдэн дээр үргэлжлүүлэхгүй гэсэн үүднээс гадаа гарсаны дараа хоёулаа байхдаа бусдын биед гэмтэл учруулсан, хохирогчийг зодох үйлдлийг нь хөндлөнгөөс өөр хүн хараагүй байгаа зэргээс дүгнэхэд танхайрах сэдэлт тогтоогдохгүй, харин хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлджээ гэж үзэхээр байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэж байсан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангасан гэж дүгнэн шүүгдэгч А.Отгонбаярын үйлдсэн гэмт хэргийг хувийн сэдэлттэй үйлдсэн болохыг шийтгэх тогтоолд тодорхой дурдсан, хэргийг анхан шатны шүүхээр 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд заагдсан ажиллагааг дутуу хийсэн эсвэл хийгээгүй талаар огт дүгнээгүйгээс гадна давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 813 тоот болон 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 511 тоот магадлалуудад заагдсан яллагдагч А.Отгонбаярын үйлдсэн хэргийн сэдэлт санаа зорилгыг гэмт хэрэг үйлдэх үед хамт байсан иргэдийг мөрдөн байцаалтын шатанд гэрчээр удаа дараа байцааж тодруулан магадлалын заалтуудыг биелүүлсэн байгаа тул шүүхийн захирамжийн энэ заалтыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.

2. Яллагдагч А.Отгонбаяр нь 2014 оны 11 дүгээр сарын 2-ны орой 19 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайхар” баарны гадна иргэн Б.Гантулгатай маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт нь өшиглөж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг хувийн сэдэлттэй үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Яллагдагч А.Отгонбаяр нь иргэн Б.Гантулгатай хохирогчийн зүй бус үйлдлийг таслан зогсоохоор зүй ёсны шаардлага тавьсанаас болж маргалдаж эхэлсэн, хувийн таарамжгүй харьцааны улмаас уг маргаан үүсэн болох нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 140 тоот шүүгчийн захирамжинд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдсон байхад ....яллагдагчийн гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр асуудлыг шалган тогтоогоогүй... гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Яллагдагч А.Отгонбаярын үйлдсэн хэргийн сэдэлт, санаа зорилгыг гэмт хэрэг үйлдэх үед нь хамт байсан гэх иргэдийг гэрчээр байцаахаас өөрөөр тогтоох боломжгүй бөгөөд шүүх хуралдаанд гэрч нарыг оролцуулан энэ асуудлыг тодруулах боломжтой гэж үзэж байна.

3. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгсэлээр гэрч нарын мэдүүлгүүдийг авч хэрэгт хавсаргасан ба анхан болон давж заалдах шатны шүүхүүд гэрч нарын мэдүүлгийг хохирогчийн мэдүүлгээс зөрсөн талаарх дүгнэлтүүдийг урьд нь огт хийж байгаагүй байна. Талийгаач Б.Гантулгын биед учирсан гадна гэмтлийг гэрч нарыг сайн анзаарч хараагүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр шалгах тухай заалт нь гэрч нарын буюу хүний эрхийг ноцтой зөрчсөн заалт бөгөөд гэрч нарын мэдүүлгүүд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үеэс тогтвортой, зөрүүгүй байсан болох нь хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр нотлогдож байна. Яллагдагч Б.Батболд нь 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 08 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын эмчээр ажиллаж байхдаа Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн ажиллах журмын 3.4-д зааснаар “анхны үзлэгээр амин үзүүлэлт, гэмтлийн шинжүүдийг тодорхойлон, эрэмбэлэн ялгаж шаардагдах яаралтай тусламж үйлчилгээг үзүүлнэ”, мөн 3.9-т зааснаар “өвчний оношийг богино хугацаанд тогтоох боломжгүй, үйчлүүлэгчийн биеийн байдал нь эмнэлгийн нөхцөлд ажиглалт хийх шаардлагатай, Б.Гантулгын биед үүссэн нарийн гэдэсний урагдал, хэвлий гялтангийн түгээмэл үрэвслийг оношлохдоо Монгол Улсын MNS 5665-6:2006 стандартад заасан цусны ерөнхий шинжилгээ хийх, рентгэнд хэвлий харах, хэвлийд хатгалт хийж оношийг баталгаажуулах шинжилгээнүүдийг хийгээгүй стандарт зөрчиж эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Б.Гантулгын амь насыг хохироож хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мэргэжлийн шинжээч нарын 5 удаагийн дүгнэлтээр хангалттай бүрэн ноглогдсон байна. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхүүд яллагдагч Б.Батболдын үйлдсэн гэмт хэргийн талаар болон, гэм буруутай эсэх талаар эргэлзээтэй зүйл байгаа эсэхэд огт дүгнэлт хийгээгүй ба түүний үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулж өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан үндэслэлийн талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хангалттай хэлэлцэж шийдвэрлэсэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан давж заалдах шатны шүүхийн тогтоолд яллагч Б.Батболдын талаар ямар ч заалт дурдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

Яллагдагч А.Отгонбаярын өмгөөлөгч Х.Базаррагчаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан, хийгдсэн ажиллагааны нотлох баримтуудыг авагдаагүй мэтээр шүүгчийн захирамжид бичсэн. Жишээ нь 3 дугаар хавтаст хэргийн 74, 76, 78 дугаар хуудсуудад Эрүүл мэнд, спортын яамны Мэс заслын салбар зөвлөлийн албан бичиг авагдсан бөгөөд энэ талаар маргаж, мөн энэ үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Уг албан бичигт “Монгол Улсын MNS56652006 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна” гэсэн бөгөөд үүний дагуу хийгдсэн нэмэлт шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 76 хуудсанд авагдсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг авагдаагүй байна гэж шүүгчийн захирамжид заасан тул энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй шийдвэр болсон. Хэргийн зүйлчлэлийн талаар маргаантай асуудал яригддаг. Энэ хэрэг нь анхан шатны шүүх хуралдаанаар 3 удаа, давж заалдах шатны шүүхээр 3 удаа хэлэлцэгдэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд эргэлзээтэй зүйл байхгүй. Харин анхан шатны шүүхийн шийдвэр 3 янзаар гарсан байна. Эхлээд прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд зааснаар хэргийг зүйлчилж шүүхэд шилжүүлэхэд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Дараа нь прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхэд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн. Үүний дараа давж заалдах шатны шүүхээс хэргийн сэдэлтийг тогтоо гэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хэргийн сэдэлтийг тогтоохын тулд хэрэг гарах үед байсан гэрч нарын мэдүүлэгт үндэслэхээс өөр арга байхгүй. Хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцах болгонд гэрч нарыг байцаасан. Гэрч нар талийгаач Гантулга согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд маргаан үүсгэж, Отгонбаяр луу “энд ах зах гэх зүйл байхгүй, чи өөрөө зайл” гэж дайрсан талаар мэдүүлсэн. Тухайн үед гэрч нар маргааныг таслан зогсоосон. Шүүгчийн захирамжид “гэрч нар зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэж заасан. Үүнд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүй. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд очиход гэрч нарыг шууд сэжигтнээр татаж шалгана. Ингэхлээр мэдүүлэг өгч байгаа гэрчүүдийн мэдүүлэг яах вэ гэдэг асуудал эргэлзээтэй болж байна. Өмгөөлөгчийн хувьд ингэж шууд заасан заалт шүүгчийн захирамжид байж болохгүй гэж үзэж байна. Энэ хэргийн шалтгаант холбоог авч үзнэ үү. Нэг хор уршгийг 2 хүний буруутай үйлдлийн улмаас учруулж болох юм уу, 5 удаагийн шинжээчийн дүгнэлтэд 2 хор уршгийн тухай ярьж байна. 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр учруулсан амь биед аюултай хүнд гэмтлийн тухай асуудал байна. Энэ гэмтлийг хэн учруулсан бэ. Талийгаач 9-ний өдөр нас барсан гэмтэл юунаас шалтгаалсан бэ. Хүнд гэмтлийг маргаан байхгүй А.Отгонбаяр учруулсан бөгөөд хохирогч эмчилгээ хийлгэхгүй, цаг хугацаа алдаад, гэртээ байж байгаад нас барсан бол уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд зааснаар зүйлчилнэ. Хохирогч гэмтэл авсны маргааш өглөө Налайх дүүргийн эмнэлэгт очиж, тэндээсээ Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирэхэд жижүүр эмч Б.Батболд хүлээж аваагүй байдаг. Үүний дараа Сонгдо эмнэлэгт очиж үзүүлэн онош нь тодорхой болж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд дахин ирж 2 удаа мэс засалд ороод гэмтэл авснаасаа хойш 7 хоногийн дараа нас барсан. Шүүгчийн захирамжид дүгнэлт хийж, хэргийн сэдэлтийг тогтоох ёстой гэж байгаа ч яаж тогтоох ёстой вэ. Хэрэгт тодорхойгүй зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Яллагдагч А.Отгонбаярын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дүгээр шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэлслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж прокурор эсэргүүцэл бичсэнийг дэмжиж байна. Прокурорын эсэргүүцэл, Х.Базаррагчаа өмгөөлөгчийн тайлбарт хэргийн нөхцөл байдлын талаар тодорхой дурдсан, хэрэгт нэмж хийх ажиллагаа байхгүй. Энэ хэрэг өмнө нь 3 удаа анхан шатны шүүх хуралдаанаар, 3 удаа давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй тул хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

Яллагдагч Б.Батболдын өмгөөлөгч Д.Төмөрбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэлслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан гэж үзэж байна. Учир нь шүүгчийн захирамжид дурдагдсан 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 514 дүгээр магадлал, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 813 дугаар магадлалын заалтууд биелэгдээгүй. 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Б.Батболд эмч хүлээн авах дээр ажиллаж байхдаа талийгаачийг анх үзсэн. Дараа нь ЭХО-ны эмчид 2 удаа үзүүлэхэд шингэнгүй гарсан, хохирогч өөрөө гэрлүүгээ явж хугацаа алдсан байдал харагддаг. Энэ нөхцөл байдал нь амь нас хохирсонтой шалтгаант холбоотой эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай гэдэг үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Энэ ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай. Прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дүгээр шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс А.Отгонбаяр, Б.Батболд нарт холбогдох хэргийн “сэдэлт, санаа зорилго, гэмт хэрэг гарсан байдал”-ыг тодруулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд удаа дараа буцааж, шалгуулж байжээ.

А.Отгонбаяр, Б.Батболд нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаагаар уг хэргийг шүүх хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг хангалттай шалгасан, одоо хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах шаардлагагүй, хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, тэдний мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

            Иймд прокурор Б.Ууганбаатарын бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5/01 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, А.Отгонбаяр, Б.Батболд нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн, хянан хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуугийн гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, А.Отгонбаяр, Б.Батболд нарт холбогдох хэргийг яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн, хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд шилжүүлтэл А.Отгонбаяр, Б.Батболд нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                   

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ