Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 823

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Жанчив, Ш.Давгадорж нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Мөнхгэрэл,

            шүүгдэгч Х.Жанчив,

            хохирогч Ч.Төмөрбаатар,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 201625020103 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Онолт овогт Хашбатын Жанчив, 1994 оны 10 дугаар сарын 10-нд Архангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шримэкс” ХХК-д лифтийн механик ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Урантолгойн хороолол, 1 дүгээр байрны 1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвшийн 48 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:АИ34101019/,

Боржигон овогт Шийлэгбатын Давгадорж, 1990 оны 7 дугаар сарын 31-нд Өвөрхангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, “Шримэкс” ХХК-д лифтийн механик ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг, Онги хорооллын 10-11 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 4-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙО90073135/,

Х.Жанчив, Ш.Давгадорж нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВВ” караокед Ш.Давгадоржийн эхнэрийг өмөөрсөн Ч.Төмөрбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Х.Жанчив, Ш.Давгадорж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар прокуророос Ш.Давгадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Х.Жанчивт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Х.Жанчивыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Х.Жанчивт холбогдох эрүүгийн 201625020103 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Х.Жанчивыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.Жанчив, Ш.Давгадорж нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Х.Жанчиваас 1.380.000 төгрөгийг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-744 тоотод оршин суух хаягтай, ГГ89042032 регистрийн дугаартай, Ч.Төмөрбаатарт олгож, хохирогч Ч.Төмөрбаатар нь энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Х.Жанчив, Ш.Давгадорж нар нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Ч.Төмөрбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор С.Мөнхгэрэлийн яллах дүгнэлтэд бичигдсэнээр хохирогч Ч.Төмөрбаатар нь нийгмийн хэв журмыг хамгаалах үүргээ биелүүлж, эхнэрээ зодох гэж байсан Ш.Давгадоржийн үйлдлийг таслан зогсоосны үр дүнд Ш.Давгадорж болон Х.Жанчив нарт зодуулж үүдэн дөрвөн шүд нь хугарсан байх бөгөөд энэ нь догшин авирлаж бусдын бие махбодид гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь хэсэгт заасантай нийцэж байхад хяналтын прокурор буруу зүйлчилсэн, хэт нэг талыг барьсан, хууль буруу хэрэглэсэн байхад шүүх түүнийг зөвхөн яллагдагч талд ашигтайгаар шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж хэрэг гарсан гэх тухайн газар дахь объектын хяналтын камерийн бичлэгийг санаатайгаар хэрэгт авч хавсаргаагүй, хугацаа алдуулж бичлэг устах нөхцөл бололцоог бүрдүүлсэн, хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой байх гэрчүүдийг асуугаагүй, мэдүүлэг өгөхгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлж эрэн сурвалжлаагүй нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэт нэг талыг барьсан, яллагдагч талд ашигтай байх нөхцөл бололцоог бүрдүүлсэн, хяналтын прокурор хэргийн нөхцөл байдлыг ойлгоогүйн улмаас хэрэгт хяналт сул тавьсан, хэргийн оролцогч нарын согтуурлын хэмжээг тогтоогоогүй нь хэргийг замхруулах, хуулийн цоорхойг ашиглах нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Хохирогч Ч.Төмөрбаатар нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Ш.Давгадорж нь эхнэрээ зодож нийгмийн хэв журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох үүргээ биелүүлсэн, Х.Жанчив ирээд нүүрэн тус газар өшиглөсөн, би газарт унасан, өшиглөхөд нь дөрвөн шүд хугарсан гэсэн тайлбар өгсөн. Гэрч Ц.Намнансүрэн, Ч.Алтангэрэл нар нь хохирогчийг бүлэглэн зодож байсныг харсан гэж мэдүүлсэн байхад түүнийг мухарлан шалгаагүй нь хэргийг саармагжуулж, яллагдагч нарт ашигтай байдлаар шийдвэрлэхэд нөлөөлсөн нь Цагдаагийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 “гэмт хэрэг, зөрчил гарсан тухай мэдээллийг хүлээн авмагц гэмт хэрэг, зөрчлийн газрыг хамгаалах, үзлэг хийх, нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, гэмт этгээдийг олж тогтоох, эрэн сурвалжлах, баривчлах”, 33 дугаар зүйлийн 33.2 “Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэхдээ холбогдох хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ” гэснийг тус тус зөрчсөн байна. Мөн мөрдөн байцаагч, прокурор нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад оршино”, 8 дугаар зүйлийн 8.1 “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 14 дүгээр зүйлийн 14.1 “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 16 дугаар зүйлийн 16.1 “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1 “Гэмт хэргийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд гэмт хэрэг гарсан байдал, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй”, 21 дүгээр зүйлийн 21.2 “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь байцаан шийтгэх ажиллагааны бүрэн эрхээ аль нэг байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлнэ”, 28 дугаар зүйлийн 28.2.8 “эд мөрийн баримт болон бусад нотлох баримт цуглуулах, энэ хуулийн 28.2.4-т заасан болон хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл өгч болох бусад этгээдийг байцаах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх” гэж заасныг тус тус зөрчсөн байхад шүүх хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Ш.Давгадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, зөвхөн яллагдагч нарт ашигтай байдлаар хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, мөрдөн байцаалтын ажиллагааг хуулийн дагуу явуулах даалгавар өгч шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Х.Жанчив тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2-3 удаа хохирол өгье гэж араас нь явсан. Өөрөө дарамтлаад буруу зөрүү юм ярьж яваад байдаг. Тухайн үед манай найз амнаас нь цус гарсан байдалтай гаднаас орж ирсэн. Би гарч ирээд “чи яахаараа миний найзыг зоддог юм” гэж хэлэхэд, “чамд ямар хамаатай юм бэ” гээд намайг эхлээд цохисон. Би түүний нүүр лүү нь өшиглөсөн...” гэв.

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй зөв шийдэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Х.Жанчив нарын үйлдлийг танхайрах гэмт хэргийн шинжтэй гэж байгаа нь үндэслэлгүй. Хохирогчийн зүй бус ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болох нь тогтоогдсон. Хохирогч мөнгө нэхсэнээс болж гэмт хэрэг гарсан. Хохирогчид өөрт нь захиргааны арга хэмжээ авсан асуудал байгаа. Харин танхайрсан байдал тогтоогддогүй. Анхан шатны шүүхээс Ш.Давгадоржийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Яллах дүгнэлтэнд “Ш.Давгадорж, Х.Жанчив нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 18-ны өдөрт шилжих шөнө “ВВ” караокед бусдад зодуулсан Б.Гэрэлмааг өмөөрлөө гэж Ч.Төмөрбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон” гэжээ.

Ш.Давгадорж, Х.Жанчив нарт холбогдох хэргийн яллах дүгнэлтэнд дурдсан хэргийн үйл баримт нь хэргийн зүйлчлэлтэйгээ тохирохгүй байна.

Мөн мөрдөн байцаалтаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна.

            Мөрдөн байцаалтаар Ш.Давгадорж нь Б.Гэрэлмаатай ямар харилцаа холбоотой, гэр бүлийн гишүүн мөн эсэхийг тогтоох, хэрэв мөн бол Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрх болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т заасны дагуу Б.Гэрэлмаагийн мэдүүлгийг хууль ёсны болгож, нотлох баримтын шаардлагад нийцүүлэх шаардлагатай.

            Мөн шүүгдэгч Х.Жанчив, Ш.Давгадорж нарын гэмт хэрэг үйлдсэн санаа сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүй нэг мөр тогтоосны эцэст хэргийг зөв зүйлчлэх шаардлагатай гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Жанчив, Ш.Давгадорж нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Жанчив, Ш.Давгадорж нарт холбогдох эрүүгийн 201625020103 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Х.Жанчив, Ш.Давгадорж нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУУЛ

 

                         ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ