Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 813

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Э.Байгалмаа, О.Одмандах, Т.Ариунцэцэг, Ц.Энхбат,

Д.Наранцацралт, С.Гантуяа нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Р.Батнасан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Лхагсаннамдаг,

яллагдагч О.Одмандах, Д.Наранцацралт, С.Гантуяа, 

яллагдагч О.Одмандах, Д.Наранцацралт, С.Гантуяа нарын өмгөөлөгч Э.Ганбат,

яллагдагч Ц.Энхбат, түүний өмгөөлөгч Ц.Туяа,

яллагдагч Т.Ариунцэцэг, түүний өмгөөлөгч О.Баясгалан,

яллагдагч Э.Байгалмаа, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнийн гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 297 дугаар Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Батнасангийн бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаар прокурорын эсэргүүцлээр эрүүгийн 201525022395 дугаартай Э.Байгалмаа, О.Одмандах, Т.Ариунцэцэг, Ц.Энхбат, Д.Наранцацралт, С.Гантуяа нарт холбогдох хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21ий өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Цэцэн сартуул овогт Эрдэнэбатын Байгалмаа, 1977 оны 2 дугаар сарын 24-нд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд эмэгтэйчүүдийн их эмч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 19 дүгээр байрны 16 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЦЕ77022468/;

 

2. Далбааныхан овогт Орсоогийн Одмандах, 1983 оны 7 дугаар сарын 4-нд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн өргөө амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн их эмч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 18 дугаар байрны 15 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ДЮ83070400/;

 

3. Өндөр овогт Тогоомааширын Ариунцэцэг, 1975 оны 3 дугаар сарын 28-нд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн өргөө амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн их эмч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЙЮ75032805/;

 

4. Солонгот овогт Цэдэндоржийн Энхбат, 1983 оны 12 дугаар сарын 8-нд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн өргөө амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн их эмч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 50 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ШБ83120875/;

 

5. Урианхай овогт Дагшинжавын Наранцацралт, 1969 оны 9 дүгээр сарын 2-нд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн өргөө амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн их эмч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 42 дугаар байрны 41 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ХЗ69090261/;

 

6. Боржигон овогт Солонгосын Гантуяа, 1981 оны 7 дугаар сарын 8-нд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн өргөө амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1б хэсэг 36 дугаар байрны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ХЗ81070866/;

 

Э.Байгалмаа нь Л.Алтанцэцэгийг жирэмсний хяналтад байх хугацаанд 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн шинжилгээний хариунд үтрээний үрэвсэлтэй байхад шинжилгээний хариуг үндэслэн онош тавиагүй, эмчилгээ хийгээгүй, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Л.Алтанцэцэг нь умай, умайн хүзүүний идээт үрэвсэл, цусаар түгсэн үжлээр хүндэрсний улмаас халдвар хордлогын шокод орж олон эрхтний дутагдлаар нас барсан, Л.Алтанцэцэгийн эмэгтэй нярай нь 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эх доторх хүчилтөрөгчийн архаг дутмагшилтай, амьсгалын зам ураг орчмын бохир шингэнээр бөглөрсний улмаас уушгины үрэвсэл ба цусархаг хам шинжээр хүндэрч нас барсан,

О.Одмандах нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн өргөө амаржих газарт хүлээн авах яаралтай тусламжийн эмчийн үүрэг гүйцэтгэн ажиллах хугацаандаа Л.Алтанцэцэгийг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн өргөө амаржих газарт төрөхөөр ирэхэд хүлээн авч үзлэг хийхдээ амин үзүүлэлтүүдийг харьцуулж хянаагүй, дагалдах оношоор Кольпит /үтрээний үрэвсэл/ гэж тавигдсан боловч ерөнхий шинжилгээнүүдийг төлөвлөж хийгээгүй, үзлэгийг бүрэн хийж хяналт тавиагүй, эрэмбэлэн ангилалт хийгээгүй, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Л.Алтанцэцэг нь умай, умайн хүзүүний идээт үрэвсэл, цусаар түгсэн үжлээр хүндэрсний улмаас халдвар хордлогын шокод орж олон эрхтний дутагдлаар нас барсан, Л.Алтанцэцэгийн эмэгтэй нярай нь 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эх доторх хүчилтөрөгчийн архаг дутмагшилтай, амьсгалын зам ураг орчмын бохир шингэнээр бөглөрсний улмаас уушгины үрэвсэл ба цусархаг хам шинжээр хүндэрч нас барсан,

Т.Ариунцэцэг нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өглөөний 08 цаг 30 минутаас оройн 16 цаг 30 минут хүртэл Жирэмсний эмгэгийг эмчлэх тасагт тасгийн эмчээр ажиллахдаа тус тасагт төрөхөөр хэвтэж байсан Л.Алтанцэцэгт үзлэг хийгээгүй эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өглөөний 08 цаг 30 минутаас оройн 16 цаг 30 минут хүртэл Жирэмсний эмгэгийг эмчлэх тасагт тасгийн эмчээр ажиллахдаа Л.Алтанцэцэгт үзлэг хийхдээ амин үзүүлэлтүүдийг харьцуулж хянаагүй, дутуу үзсэн, дагалдах оношоор Кольпит /үтрээний үрэвсэл/ тавигдсан байхад ерөнхий шинжилгээнүүдийг төлөвлөж хийгээгүй, үзлэгийг бүрэн хийгээгүй, төрөлт сэдээх эмчилгээ хийсэн боловч хяналт тавьж дараагийн эмчид хүлээлгэж өгөөгүй, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Л.Алтанцэцэг нь умай, умайн хүзүүний идээт үрэвсэл, цусаар түгсэн үжлээр хүндэрсний улмаас халдвар хордлогын шокод орж олон эрхтний дутагдлаар нас барсан, Л.Алтанцэцэгийн эмэгтэй нярай нь 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эх доторх хүчилтөрөгчийн архаг дутмагшилтай, амьсгалын зам ураг орчмын бохир шингэнээр бөглөрсний улмаас уушгины үрэвсэл ба цусархаг хам шинжээр хүндэрч нас барсан,

Ц.Энхбат нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цаг 30 минутаас 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өглөөний 09 цаг хүртэл жирэмсний эмгэгийг эмчлэх тасагт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэн ажиллахдаа Л.Алтанцэцэгт эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Л.Алтанцэцэг нь умай, умайн хүзүүний идээт үрэвсэл, цусаар түгсэн үжлээр хүндэрсний улмаас халдвар хордлогын шокод орж олон эрхтний дутагдлаар нас барсан, Л.Алтанцэцэгийн эмэгтэй нярай нь 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эх доторх хүчилтөрөгчийн архаг дутмагшилтай, амьсгалын зам ураг орчмын бохир шингэнээр бөглөрсний улмаас уушгины үрэвсэл ба цусархаг хам шинжээр хүндэрч нас барсан,

Д.Наранцацралт нь 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр жирэмсний эмгэгийг эмчлэх тасагт ахлах жижүүр эмчээр, С.Гантуяа нь 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өглөөний 09 цагаас 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өглөөний 09 цаг хүртэл жирэмсний эмгэгийг эмчлэх тасагт 2 дугаар жижүүр эмчээр ажиллахдаа Л.Алтанцэцэгт үзлэг хийсэн боловч үзлэгийг хожуу эхэлсэн, эхэд патогенезийн /шинж тэмдгийн/ эмчилгээг эхэлсэн боловч цаашид гарч болох хүндрэлийг тооцож, шокийн үеийн гарааны эмчилгээг эхлээгүй, кесар мэс заслын үед эхийн биеийн байдлыг дутуу үнэлж, гол эрсдэл бүхий идээт голомтыг үлдээж дахин эрсдэл бүхий хагалгаа хийх нөхцөлийг бүрдүүлэн эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Л.Алтанцэцэг нь умай, умайн хүзүүний идээт үрэвсэл, цусаар түгсэн үжлээр хүндэрсний улмаас халдвар хордлогын шокод орж олон эрхтний дутагдлаар нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Э.Байгалмаа, О.Одмандах, Т.Ариунцэцэг, Ц.Энхбат, Д.Наранцацралт, С.Гантуяа нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Байгалмаа, О.Одмандах, Т.Ариунцэцэг, Ц.Энхбат, Д.Наранцацралт, С.Гантуяа нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулж шаардлагатай зарим ажиллагааг хийгээгүйгээс шүүхээс энэ хэргийн талаар үндэслэл бүхий тогтоол гаргахад ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлууд эргэлзээ бүхий буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд дутуу тогтоогдсоныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заажээ. Э.Байгалмаа, О.Одмандах, Т.Ариунцэцэг, Ц.Энхбат, Д.Наранцацралт, С.Гантуяа нарын “...өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй...” тус тусын үйлдэл нь амь хохирогч Л.Алтанцэцэг, түүний эмэгтэй нярайн үхэлтэй чухам ямар шалтгаант холбоотой болохыг нарийвчлан тодруулах шаардлагатай. Тухайлбал, амь хохирогч Л.Алтанцэцэг, түүний эмэгтэй нярайн үхлийн шалтгаан нь ерөөс жирэмсний хяналт хангалтгүй байснаас шалтгаалсан, эсхүл Нийслэлийн өргөө амаржих газрын эмч нар амь хохирогчийг эмнэлэгт хэвтэх үед нь биеийн байдлыг дутуу үнэлж, шинжилгээ хийгээгүй, онош оройтуулан тавьж, эмчилгээ оройтсоноос шалтгаалсан, эсхүл үзлэгийг хожуу эхэлж цаашид гарч болох хүндрэлийг тооцоогүй, шокийн үеийн гарааны эмчилгээг эхлээгүй, кесар мэс заслын үед өвчтөний биеийн байдлыг дутуу үнэлж... дахин эрсдэл бүхий хагалгаа хийх нөхцөлийг бүрдүүлснээс шалтгаалсан зэрэг чухам хэний үйлдэл /эс үйлдэл/, түүний улмаас буй болсон хор уршиг хоорондын шалтгаан, үр дагаврыг зааглан ялгаж тодруулах нь зүйтэй. Дээрх нөхцөл байдлыг нотлох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг зөв тогтооход ач холбогдолтой.

2. Тус тусын дүгнэлтийг гаргасан шинжээчдийн дүгнэлт, шинжилгээний хүрээ, шинжээчдийн хариултууд хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь хамарч чадсан эсэх, шинжилгээний үр дүн буюу шинжээчдийн дүгнэлтүүдийг бүх талаас нь бодит байдлаар шинжлэн судалж хооронд нь болон хэргийн нөхцөл байдалтай харьцуулах, эх сурвалжийг магадлах, үндэслэлийг хянах байдлаар дүгнэлт өгч тэдгээрт тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саадтай байна. Ийм учир эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн шинжээч нараар дүгнэлт гаргуулах, холбогдох стандарт, журам, тушаалыг хэрэгт хавсаргах шаардлагатай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар яллагдагчид сонсгосон ялын талаар тайлбар гаргах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрх олгосон /ЭБШХ 36.3.5, 36.3.7/, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид байцаан шийтгэх ажиллагааны оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх, яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах замаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгахыг /ЭБШХ 28.2.8, 28.2.11/ үүрэг болгосон. Үүний тулд зарим яллагдагч нарын мөрдөн байцаалтад гаргасан хүсэлт болон хэрэг шүүхэд ирснээс хойш гаргасан хүсэлтэд дурдсан асуудлыг хамтад нь шалгаж тодруулах шаардлагатай.

4. Амь хохирогч Л.Алтанцэцэгийн өвчний түүхэнд “биеийн халууныг бичсэн бүх тоо засвартай, өвчний түүхийн хуудас дуусаагүй байхад дундуур нь өөр хуудас оруулан нааж үзлэг бичигдсэн” шалтгаан нөхцөл, энэ талаар хяналт тавьдаг алба, албан тушаалтан буй эсэх /эмнэлгийн чанарын алба г.м/ ажил хариуцсан этгээдүүд энэ мөрөөр үзлэг шалгалт явуулсан эсэх зэргийг тодруулан шалгаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хууль ёсоор хариуцвал зохих этгээд бий эсэхийг тодруулах шаардлагатай. Хэрэгт ач холбогдолтой ямар ч нотлох баримт яллах эсхүл цагаатгах, хөнгөрүүлэх агуулгатай байж хэргийн аль нэг талд ашигтай байдгаас хөндлөнгийн байр суурь бүхий шүүх нотлох баримт цуглуулахад оролцох нь мэтгэлцэх зарчимд нийцэхгүй юм. Иймээс шүүх дээрх асуудлуудаас гадна дутуу хийгдсэн ажиллагааг нэг бүрчлэн заагаагүй болохыг тэмдэглэж байна.

Э.Байгалмаа, О.Одмандах, Т.Ариунцэцэг, Ц.Энхбат, Д.Наранцацралт, С.Гантуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Байгалмаа, О.Одмандах, Т.Ариунцэцэг, Ц.Энхбат, Д.Наранцацралт, С.Гантуяа нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Р.Батнасан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж, хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар хуульчилсан бөгөөд 230.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар заасан байхад 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 297 дугаар шүүгчийн захирамжид дутуу хийгдсэн ажиллагааг нэг бүрчлэн заагаагүй болохыг тэмдэглэж байна гэсэн нь ойлгомжгүй байна.

Э.Байгалмаа, О.Одмандах, Т.Ариунцэцэг, Ц.Энхбат, Д.Наранцацралт, С.Гантуяа нарын тус тусын ямар үйлдэл нь амь хохирогч Л.Алтанцэцэг, түүний эмэгтэй нярайн үхэлтэй ямар шалтгаант холбоотой болохыг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эмгэг судлалын шинжилгээний протокол НӨАГ-114.2015, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн №ӨАГ-116 Эмгэг судлалын шинжилгээний протокол, шинжээч Д.Алтанзулын 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2093, 2094 дугаартай актууд, гэрч Б.Уранчимэг, М.Пагмадулам, Б Энхчулуун нарын мэдүүлэг, шинжээч эмч Б.Ундармаа, С.Одончимэг, Д.Алтанзул нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нарийвчлан тодруулж, яллах дүгнэлтэд тодорхой дурдсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар амь хохирогч Л.Алтанцэцэг, түүний эмэгтэй нярайн үхлийн шалтгаан нь яллагдагч Э.Байгалмаа, О.Одмандах, Т.Ариунцэцэг, Ц Энхбат Д.Наранцацралт, С.Гантуяа нарын жирэмсний хяналт хангалтгүй байсан. Нийслэлийн өргөө амаржих газрын эмч нар амь хохирогчийг эмнэлэгт хэвтэх үед нь биеийн байдлыг дутуу үнэлж, шинжилгээ хийгээгүй, онош оройтуулан тавьж, эмчилгээ оройтсоноос шалтгаалсан, үзлэгийг хожуу эхэлж цаашид гарч болох хүндрэлийг тооцоогүй, шокийн үеийн гарааны эмчилгээг эхлээгүй, кесар мэс заслын үед өвчтөний биеийн байдлыг дутуу үнэлж, дахин эрсдэл бүхий хагалгаа хийх нөхцөлийг бүрдүүлснээс шалтгаалсан зэрэг эмч тус бүрийн өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс шалтгаалсан, өөрөөр хэлбэл яллагдагч Э.Байгалмаа, О.Одмандах, Т.Ариунцэцэг, Ц.Энхбат, Д.Наранцацралт, С.Гантуяа нарын үйлдэл түүний улмаас учирсан хор уршиг нь шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдож байна. Шүүгчийн захирамжид тус тусын дүгнэлтийг гаргасан шинжээчдийн дүгнэлт, шинжилгээний хүрээ, шинжээчдийн хариултууд хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь хамарч чадсан эсэх, шинжилгээний үр дүн буюу шинжээчдийн дүгнэлтүүдийг бүх талаас нь бодит байдлаар шинжлэн судалж хооронд нь болон хэргийн нөхцөл байдалтай харьцуулах, эх сурвалжийг магадлах, үндэслэлийг хянах байдлаар дүгнэлт өгч тэдгээрт тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саадтай байна. Ийм учир эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн шинжээч нараар дүгнэлт гаргуулах, холбогдох стандарт, журам, тушаалыг хэрэгт хавсаргах шаардлагатай гэжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийхээр хуульчилсан ба шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2093, 2094 дугаартай дүгнэлтүүд болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч шинжээч Д.Алтанзулын 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дүтнэлт нь хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь хамарч чадаагүй, хэргийн нөхцөл байдалтай харьцуулах боломжгүй, эх сурвалжийг магадлахад саадтай байна гэж үзэх ямар үндэслэл, нөхцөл байдал тогтоогдсон нь ойлгомжгүй байх бөгөөд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар яллагдагчид сонсгосон ялын талаар тайлбар гаргах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрх олгосон /ЭБШХ 36.3.5, 36.3 7/ хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид байцаан шийтгэх ажиллагааны оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх, яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах замаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгахыг /ЭБШХ 28.2.8, 28.2.11/ үүрэг болгосон. Үүний тулд зарим яллагдагч нарын мөрдөн байцаалтад гаргасан хүсэлт болон хэрэг шүүхэд ирснээс хойш гаргасан хүсэлтэд дурдсан асуудлыг хамтад нь шалгаж тодруулах шаардлагатай гэжээ. Яллагдагч нарын гаргасан хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд шийдвэрлэсэн бөгөөд шүүхэд яллагдагч нар ямар хүсэлт гаргасан нь тодорхойгүй байна. Амь хохирогч Л.Алтанцэцэгийн өвчний түүхэнд “биеийн халууныг бичсэн бүх тоо засвартай, өвчний түүхийн хуудас дуусаагүй байхад дундуур нь өөр хуудас оруулан нааж үзлэг бичигдсэн зэрэг нь амь хохирогч Л.Алтанцэцэг болон түүний эмэгтэй нярайн үхлийн шалтгаантай, шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд бусад нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээдийг тогтоосны дараа ...шүүх холбогдох этгээдийг иргэний хариуцагчаар татах тогтоол гаргаж” болох талаар хуульчилсан бөгөөд дээрх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй юм...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Лхагсаннамдаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн талаар дахин шалгаж тодруулж, эмч нарын үйлдлийг тус тусад нь ялгаж зааглах хэрэгтэй...” гэв.

 

Яллагдагч Э.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар хэлж байсан...” гэв.

 

Яллагдагч О.Одмандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай үндэслэлтэй гарсан. Хэргийг нарийвчлан шалгах ёстой. Жирэмсний хяналтад өгсөн сүүлийн шинжилгээгээр Алтанцэцэг эрүүл байсан...” гэв.

 

Яллагдагч Т.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж  үндэслэлтэй гарсан. Би зохих ёсны үзлэг, шинжилгээ, эмчилгээг хийсэн. 19-ний өдөр тасагт ажил тарсны араа хэвтсэн болох нь бичсэн мессежээр нь нотлогдож байгаа. 20-ны өдөр хийх шаардлагатай эмчилгээнүүдийг хийсэн. Учир нь, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шинжилгээнүүдээс үзэхэд ямар нэгэн үжлийн шинж тэмдэг илрээгүй байсан...” гэв.

 

Яллагдагч Ц.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан...” гэв.

 

Яллагдагч Д.Наранцацралт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй...” гэв.

 

Яллагдагч С.Гантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан...” гэв.

 

Яллагдагч Э.Байгалмаагийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16, 80 дугаар зүйлд шүүгчийн захирамжид дурдсан  асуудлууд огт биелэгдээгүй байна. Анхан шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Яллагдагч Т.Ариунцэцэгийн өмгөөлөгч О.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Нарийн мэргэжлийн шинжээчээр бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахгүй бол Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Алтанзул ерөнхий заалтаар буруутгасан нь үндэслэлгүй...” гэв.

 

Яллагдагч Ц.Энхбатын өмгөөлөгч Ц.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалган тогтоох нь зүйтэй гэж мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй...” гэв.

 

Яллагдагч О.Одмандах, Д.Наранцацралт, С.Гантуяа нарын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа учраас буцаасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд дутуу шалгасан, шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон. Нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөлийн оролцоотойгоор дүгнэлт гаргуулж байж энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Миний үйлчлүүлэгч нарын үйл ажиллагаа цаг хугацаандаа хийгдсэн. Эхний хагалгааг хийхэд умайг авахад хүргэх хэмжээний үжил явагдаагүй байсан тул шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй...” гэв. 

ХЯНАВАЛ:

 

Э.Байгалмаа, О.Одмандах, Т.Ариунцэцэг, Ц.Энхбат, Д.Наранцацралт, С.Гантуяа нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжид заасан бүхий л ажиллагааг нэмэлт мөрдөн байцаалтаар хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Мөн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж оролцогчдын тайлбарыг нэг бүрчлэн судалж, байцаан шийтгэх ажиллагаандаа анхаарч ажиллахыг давж заалдах шатны шүүхээс анхааруулан тэмдэглэж байна. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2 дахь заалтад заасан “...шинжээчид нэмэлт асуулт тавих...”, 157.1.3 дахь заалтад заасан “...шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тэр талаар тайлбар гаргах...”, 157.1.4 дэх заалтад заасан “...мөрдөн байцаагч, прокурорын зөвшөөрөлтэйгээр шинжилгээ хийлгэхэд байлцах...” зэрэг яллагдагч, өмгөөлөгч, хохирогчийн эрхээ эдлэх боломжийг бүрэн хангасны эцэст шинжилгээ хийлгэх нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 297 дугаар Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Р.Батнасангийн бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                                           Д.МЯГМАРЖАВ

 

                                                                                                    Д.ОЧМАНДАХ