Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 826

 

                                                           

 

 

 

 

 

М.Батсайханд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Гансүх, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор М.Эрдэнэзаяа,

            Ялтан М.Батсайхан,

            Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батсуурь даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 5/40 дүгээр прокурорын эсэргүүцлээр М.Батсайханд холбогдох эрүүгийн 201625011797 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Мөнхтулгын Батсайхан, 1972 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 293 тоотод оршин суух,

1993 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 cap хорих ялаар,

1997 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 capын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 10 cap 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:СФ72082116/,

М.Батсайхан нь ялтай байх хугацаандаа 2016 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 02 цагийн үед нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 3-293 тоотод буюу гэртээ иргэн Ч.Дэмбэрэлийг шалтгаангүйгээр зүүн хөлний шилбэн тус газарт нэг удаа хутгалж, хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан,

мөн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын шатнаас зориуд санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Батсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Батсайханыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар М.Батсайханд 6 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж, биечлэн эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар М.Батсайханд оногдуулсан 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хохирогч Ч.Дэмбэрэл хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол
хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар М.Батсайханы цагдан хоригдсон 81 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, М.Батсайханыг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...М.Батсайхан нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 10 cap 7 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэсэн байхад шүүхээс эдлээгүй үлдсэн 1 жил 10 cap 7 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар “шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсанаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэсэн заалтыг баримтлаагүй түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан багтааж 6 жилийн хорих ялыг оногдуулсан байна.

Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 cap 7 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоолгүйгээр шүүхээс орхигдуулж шийдвэрлэсэн байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн заалтыг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Ялтан М.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ийм үйлдэл хийсэндээ их гэмшиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 гэсэн зүйл ангиар зүйлчилсэнг зөвшөөрч байна. Харин намайг шалтгаангүйгээр танхайрсан гэсэн дээр эргэлзээд байна. Дэмбэрэл нь удаа дараа манай дүүг зоддог, дарамталдаг байсан. Иймд өөрийн гэр бүлээ хамгаалж байгаад энэ хэргийг хийсэн. Намайг урд нь ял эдэлж байсан гэдгээр танхайрсан гэж хандаад   байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрсөн…” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…М.Батсайханы ял эдлэх хугацаа нь 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр дуусах байсан. Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан 6 жилийн хорих ялыг оногдуулсныг дээд шатны прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж ял оногдуулах байсан. Ийм учраас дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэж шийдвэр гаргаж өгнө үү…” гэв.

                                                            ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь “хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Прокуророос М.Батсайхан нь ялтай байх хугацаандаа 2016 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 02 цагийн үед нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 3-293 тоот гэртээ иргэн Ч.Дэмбэрэлийг шалтгаангүйгээр зүүн хөлний шилбэн тус газарт нэг удаа хутгалж, хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан,

          мөн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын шатнаас зориуд санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Ялтан М.Батсайхан 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 86-87/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаар шүүгчийн захирамж /хх-ийн 79/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлт /хх-ийн 80 ар/, ялтны зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт /хх-ийн 81/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.9 дэх хэсэгт “Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээд хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна” гэж тодорхой заажээ.

 

Ялтан М.Батсайхан хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж, хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн байхад анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт огт хийлгүй орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх  ялтан М.Батсайханы хувьд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, биечлэн эдлэх ялыг тогтоох ёстой байтал зөвхөн шинээр үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  321 дүгээр зүйлийн 321.1.1 дэх заалтад зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн дээрх байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “…Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл, журмыг гагцхүү энэ хуулиар тогтооно” гэсэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцэхгүй юм.

 

Иймд дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Батсайханд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: