Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 822

 

 Ш.Лхагва-Очирт холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

               Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Энхтуул,

ялтан Ш.Лхагва-Очир, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Ш.Лхагва-Очир, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Лхагва-Очирт холбогдох эрүүгийн 201625031403 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Шүүширийн Лхагва-Очир, 1972 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 34 дүгээр гудамжны 563 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-590 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ХЗ 72020213/,

Ш.Лхагва-Очир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Далайхүү” худалдааны төвийн үүднээс бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр хохирогч Б.Тунгалаг болон түүний 6 сартай хүүхэд А.Баянсайхан нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн иргэн П.Ариунболдын эзэмшлийн 43-48 УБТ улсын дугаартай, “Toyota Prius-11” загварын автомашиныг авч зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Ш.Лхагва-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.Лхагва-Очирыг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаахдаа хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэн хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Лхагва-Очирт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Лхагва-Очирт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Лхагва-Очирын нийт цагдан хоригдсон 101 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ш.Лхагва-Очироос нийт 292.400 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Тунгалагт олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Ш.Лхагва-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өөрийн үйлдсэн үйлдэлдээ чин санаанаас гэмшиж, харамсаж байна. Хохирогч болон түүний ар гэрийнхнээс уучлалт гуйя. Хохирогчийн нэхэмжилсэн 492.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулж, хохирол гомдолгүй болгосон. Би өөрийн гэмт үйлдэлдээ гэмшиж, дахин гэмт хэрэг хийхгүй жирийн сайхан ажиллаж амьдрах чин хүсэл эрмэлзэлтэйг болон хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулж, гэм хорыг арилгасан, анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Боломжгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтан Ш.Лхагва-Очирын өмгөөлөгч Ц.Алтанцол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Ялтан Ш.Лхагва-Очир нь анх удаа тохиолдлын шинжтэй хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн, хорих ял шийтгэгдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг сайн дураар нөхөн төлж, арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар ялыг тэнсэж, хянан харгалзаж болох тухай хуулийн шаардлага, нөхцлийг хангаж байгаа. Иймд давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоон, хүмүүжүүлэх боломжтой тул энэрэнгүй ёсны зарчмаар хандан Ш.Лхагва-Очирт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгөхийг давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүнээс ялтан болон түүний өмгөөлөгчийн зүгээс хүсч байна...” гэв.

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан 292.400 төгрөгийн хохирлыг төлсөн гэж байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хохирогч нь сурган хүмүүжүүлэгч багш мэргэжилтэй. Гэмтлийн улмаас авсан шархаас үүдэн биеийнх нь олон хэсэгт олон тооны сорви үүссэн. Үүнтэй холбогдуулан 2.892.400 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба мөрдөн байцаалтын шатанд 492.400 төгрөгийг баримт хэрэгт хавсаргасан. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд 200.000 төгрөг төлөгдсөн. Анхан шатны шүүх 492.400 төгрөгийг бодит хохирол учирсан гэж үзэж, бусад зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн...” гэв.

ХЯНАВАЛ:

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 172 дугаар Шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангажээ.

          Ш.Лхагва-Очир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Далайхүү” худалдааны төвийн үүднээс бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр хохирогч Б.Тунгалаг болон түүний 6 сартай хүү А.Баянсайхан нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн иргэн П.Ариунболдын эзэмшлийн 43-48 УБТ улсын дугаартай, “Toyota Prius-11” загварын автомашиныг авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Хохирогч Б.Тунгалагийн “... 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг 45 минутын орчимд нөхөр П.Ариунболд, 6 сартай хүү А.Баянсайхан нарын хамт нөхөр П.Ариунболдын эзэмшлийн “Toyota Prius” загварын, 43-48 УБТ улсын дугаартай автомашинтай явж байгаад, манай нөхөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Далайхүү худалдааны төв рүү орох үед үл таних хүн жолооч талын цонхоор толгойгоо оруулан харснаа хаалга онгойлгоод “... аа за...” гэж инээгээд жолооны ард суусан. Тэгэхээр нь би тэр хүнд “... та машин андуураад байгаа юм биш үү...” гэхэд тэр хүн “... манай худалдааны төв өөр зогсоол дээр машин тавьдаг болсон. Мэдээгүй байгаа юм уу...” гэсэн. Тэгснээ машин хөдөлгөөд худалдааны төвийн зүүн урд талын зогсоол руу орж зогсох гэж байснаа шууд урагшаа хөдлөөд төв зам руу ороод 7 буудлаас урагшаа явдаг эсрэг урсгалаар ороод 7 буудлын зүгт маш хурдтай явсан. Тэр хооронд би нөхөр лүүгээ залгатал тэр хүн “...чиний залгаж байгаа хүний утас энэ дотор байна...” гээд дунд хайрцагийг цохиод байсан. Би тэр үед нь уйлаад “Та яагаад байгаа юм бэ. Машин андуурч суучихаад” гэхэд тэр хүн баруун гараараа машинаа жолоодоод зүүн гараа хойш гаргаад намайг цохиод “... би чамайг ална. Би угаасаа хүн алдаг...” гэх мэт үг хэлээд намайг цохиод байсан. Тэгснээ “...чи алуулмаар байна уу, машинаас үсэрч үхмээр байна уу, би хүүхдийг чинь ална...” гэж орилоод байсан. Тэр үед урдаас “Land” загварын автомашин манай машиныг шахаж орж ирсэн. Тэр хүн зогсох гэснээ болиод хойшоо сунаад жолоочийн эсрэг талын арын хаалгыг гараараа онгойлгоод намайг хүүхэдтэй минь хамт түлхэж унагаасан. Би машин зам дээр шидэгдэн унасан. Ард явж байсан “Toyota Prius” загварын машин зогсоод намайг Далайхүү худалдааны төв дээр хүргэж өгсөн. Тэгээд нөхөртэйгөө уулзаад уг машинтай манай машиныг дээрэмдэн авсан хүний араас хөөсөн ба цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн. Тэр хүн миний үснээс зулгаагаад, толгой дух руу цохиод байсан. Манай хүүхдийн толгойг цохих гээд байхаар нь би өөрөө урдуур нь ороод цохиулсан. Миний дух орчим шалбарсан. Машинаас түлхэж унагах үед миний баруун мөр, баруун тохой, зүүн гарын тохой, бугуй, хоёр өвдөг, зүүн хөлийн булчингийн орчимд зулгаралт үүссэн. Баруун тохой орчим арьс язарч оёдол тавиулсан. Гэдэс хэвлий аарцаг орчимоор өвдөөд, хүзүү зүүн хэсгээрээ хөндүүрлээд байгаа. Манай хүү зам дээр түлхэгдэн унахдаа толгойгоороо унасан. Толгойных нь орой хэсэг 12х4 см орчим арьс нь язарч зулгарсан. Мөн зүүн тохой, баруун бөөр орчим нь зулгарсан...” /хх-20-21/,

          Гэрч П.Аринболдын “... 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг 40 минутын орчим “Далайхүү” худалдааны төвд лангуу түрээслэдэг ааваасаа мөнгө авах гээд худалдааны төвийн төв хаалганы шатны дэргэд өөрийн эзэмшлийн 43-48 УБТ улсын дугаартай, “Toyota Prius” загварын автомашинаа тулгаад тавьсан. Тухайн өдөр нилээн халуун байсан учраас эхнэр, хүү 2 машины арын суудал дээр сууж байсан ба би машиныхаа агааржуулагчийг асаагаад, жолооч талынхаа цонхыг хагас онгойлгоод, машинаа асаалттай чигээр нь орхиод буусан. Тэгээд 2 дугаар давхарт лангуу түрээслэдэг аавтайгаа уулзчихаад гарахад 2-3 минут болсон. Гарч ирэхэд машин байхгүй байхаар нь эхнэр лүүгээ залгахад эхнэрээс 1 дуудлага ирсэн байсан. Тэгж байтал эхнэр над руу залгаад уйлаад, цаана нь хүүхэд уйлаад, юм яриад байсан боловч би “машинаас уначихлаа” гэдэг үгийг нь ойлгосон. Тэгээд удалгүй нэг машинтай худалдааны төвийн үүдэнд ирсэн ба эхнэр, хүүхэд 2 маань нил цус болчихсон, уйлаад байсан. Шоконд орчихсон юу ч ярьж чадахгүй байсан. Харин хүргэж ирсэн машины жолооч “...залуу 5-н буудлын хавьцаа, миний урд явж байсан машинаас эхнэр, хүүхэд 2 чинь уначихсан. Эхнэр чинь туслаарай гэж орилсон. Би мөргөхгүй зогсоод машиндаа суулгаад хүргэж ирсэн. Тэгээд чиний машин хойшоо чиглэлтэй явсан, ойрхон байж магадгүй...” гэж хэлэхээр нь тэр машинд суугаад 7-н буудал чиглэлтэй явж байх замдаа эхнэрээсээ юу болсон талаар асуутал “чамайг буунгуут танихгүй эрэгтэй хүн жолоочийн талын хаалгыг онгойлгоод машин дотор орж ирээд суухаар нь та яах гэж байгаа юм бэ, машин андуураад байгаа юм биш үү гэтэл Далайхүү төв чинь өөр зогсоол дээр машинаа тавьдаг болсон гээд ухраагаад хойд талын зогсоол руу оруулах гэж байснаа төв зам руу аймаар хурдан орсон. Би айгаад та яах гэж байгаа юм бэ гээд орилсон чинь “дуугүй бай, дуугүй байхгүй бол ална шүү, хүүхдийг чинь ална. Би хүн алдаг хүн” гэж хэлээд хойшоо эргэж хараад нэг гараараа цохисон. Би чам руу залгатал чи утсаа аваагүй. Нөгөө хүн нөхрийн чинь утас энд байна гээд голын хайрцаг руу цохиод байсан. Хүүхдийг чинь ална гээд заналхийлээд цохиод байсан. Тэгээд хурд саарах үед намайг машинаас түлхэхэд нь бид 2 уначихсан...” гэж хэлсэн. Би цагдаа дуудсан...” /хх-25-26/,

          Гэрч Г.Зоригтбаатарын “... 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг 55 минутын үед Согоот 10-аас Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Далайхүү худалдааны төвийн үүднээс 43-48 УБТ улсын дугаартай “Toyota Prius-11” загварын машин хулгайд алдлаа гэх дуудлагаар очиход дуудлага өгсөн хүн байхгүй байхаар нь дуудлага өгсөн утас руу залгахад “манай эхнэр хүүхдийг 5-н буудал дээр машинаас унагаачихаад машиныг аваад явчихсан байна. Би өөрөө эмнэлэг рүү явж байна. Алдагдсан машин Чингэлтэйд байгаа сурагтай байна” гэхээр нь Чингэлтэй рүү өгстөл зарлагдсан машин нь автобусны буудлын урууддаг замын эсрэг урсгал сөрж, дэлгүүрийн гадаа зогсоочихсон байхаар нь дэлгүүр лүү очиж худалдагчтай уулзахад “нэг согтуу залуу орж ирээд манай эхнэр ирж авна” гэж хэлээд машины түлхүүрээ өгчихөөд замын хойд талын дэлгүүрийн урдуур гараад явчихсан гэж хэлсэн байсан. Тэгээд хойд талын дэлгүүр лүү орж камерын бичлэгийг шүүж үзтэл дэлгүүрийн урдуур машин өнгөрч байгаа бичлэг байсан. Камер нь хэсэг тасраад нэг залуу дэлгүүр лүү ороод нэг юм асуучихаад гараад явж байгаа бичлэг байсан. Дэлгүүр ажиллуулдаг эмэгтэй “энэ залуугийн гэр манайхаас хойшоо байдаг” гэхээс өөр тоймтой зүйл хэлээгүй. Тэр үед машинаа алдсан залуугийн хамаатны 2 залуу ирээд, бид 3 гэрийг нь хүнээс асууж байгаад олоод гэрт нь ороход согтуу, сэрүүн хэвтэж байсныг аваад жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн...” /хх-29-30/,

          Гэрч У.Бат-Өлзийгийн “... 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Далайхүү” худалдааны төв дээр дээлний лангуу түрээслэдэг хадам аав дээр очиход хадам аав “чам руу Ариунболд ярьсан уу, машинаа алдчихсан гэсэн” гэхээр нь Ариунболд руу залгаад юу болсон талаар асуухад “би аав руу орчихоод гараад ирсэн чинь машин дотор сууж байсан эхнэр, хүүхдийг маань согтуу хүн аваад зугтаасан” гэж хэлэхээр нь би “чи хаана байгаа юм бэ” гэхэд “эхнэр, хүүхдээ аваад эмнэлэг явж байна. Би яахаа мэдэхгүй байна. Машин 7 буудал, Дамбын чиглэлд явсан гэнээ” гэхээр нь би тааралдаж магадгүй гэж бодоод Чингэлтэйн 2 дугаар буудлын халаасанд урсгал сөрж, бүх цонхнууд нь онгорхой нэг хаалгыг нь дутуу хаачихсан “Toyota Prius-11” загварын мөнгөлөг саарал өнгийн машин зогсож байхаар нь Ариунболд руу залгаад “машины чинь дугаар хэд вэ” гэж асуутал 43-48 УБТ гэж хэлсэн нь таарч байсан. Тэгээд би “машиныг чинь олчихлоо” гэж хэлээд тэр хавьд машиныг хараад зогсч байтал автобусны буудал дээр жижиг дэлгүүр байсан. Дэлгүүрийн эмээ гартаа гуулин юм шиг өнгөтэй, чонын шагайтай түлхүүр барьчихсан сууж байхаар нь эмээ дээр очоод “энэ машины жолооч хаана байна” гэж асуутал “нэг согтуу залуу манай эхнэр хүүхэд 2 ирж машинаа авах байх, та өгчихөөрэй” гэж хэлээд түлхүүр үлдээгээд, замын эсрэг талын дэлгүүр лүү орчихоод уул өгсөөд явсан гэж хэлсэн. Би хадам аав руу залгаад “Ариунболдын машиныг олчихлоо. Цагдаад дуудлага өгсөн юм уу, гэж асуутал “цагдаа нартай Далайхүү худалдааны төвийн камерыг шүүж байна” гэж хэлэхээр нь “цагдаагаа нааш явуул” гэж хэлсэн. Удалгүй 2 цагдаа, манай хадам аавын баз хүргэн болох Сонгууль ах нар ирсэн. Цагдаа нар ирээд дэлгүүрийн худалдагч эмээтэй уулзсан чинь “ягаан алаг өнгийн фудволктой, саарал өнгийн богино өмдтэй, саравчтай малгайтай, согтуу эрэгтэй хүн орж ирээд, энэ машины түлхүүрийг манай эхнэр, хүүхдийг ирэхээр нь өгөөрэй” гэж үлдээгээд хойд талын дэлгүүр орчихоод уул өөд өгсөөд явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь хойд талын дэлгүүр лүү цагдаа нартай хамт ороод камерыг нь шүүж үзтэл эмээгийн дүрсэлсэн хүн камерт бичигдсэн байсан. Дэлгүүрийн хүмүүс тэр хүний нэрийг хэлээд, гудамжийг нь зааж өгч баримжаа гаргасан. Тэгээд тэр айлыг олоод байшин руу ортол нэг эрэгтэй хүн орон дээрээ бүх хувцсаа тайлчихсан, шалдан хэвтэж байсан. Тэгээд согтуу мөртлөө илтэд сандарсан байдалтай байсан. Би ягаан өнгийн судалтай фудволк нь байна уу гээд хартал орон доогуураа хийчихсэн байсан...” /хх-33-34/,

          Ялтан Ш.Лхагва-Очирын “... 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Батгэрэл манайд ирээд өмнөх өдөр уугаад үлдсэн архи, пивоо хувааж уугаад Зураачдын урланд ажилладаг найз дээрээ очсон. Тэндээ 0.75 литрийн “Ерөөл” нэртэй, 1 шил архи хувааж уугаад тэр 2 найзаасаа салсан. Тэднээс яаж салснаа санахгүй байна. Нэг мэдсэн чинь “Далайхүү” худалдааны төв дээр ирчихсэн байсан. “Далайхүү” худалдааны төвийн шатны ойролцоо мөнгөлөг саарал өнгийн “Toyota Pruis-11” загварын автомашины жолооч нь буухдаа машинаа түгжилгүй, худалдааны төв рүү орчихоор нь би тэр машин дээр очоод жолоочийн талын суудал дээр суутал хойд талын суудал дээр нэг эмэгтэй хүүхдээ тэврээд сууж байсан. Тэр эмэгтэй надтай юм ярьсан үгүйг санахгүй байна. Би машиныг асаагаад гэр лүүгээ явж байсан. Завсарын буудал орчим тэр эмэгтэй хүүхэдтэйгээ машинаас үсэрчихсэн. Тэгэхээр нь 6-н буудал орчихоод гарамын ойролцоо буцаж эргээд нөгөө газраа иртэл тэр хүүхэн хүүхэдтэйгээ харагдахгүй байсан. Тэгэхээр нь буцаж эргээд машиныг Янжмаагийн 6 нэрийн дэлгүүрийн үүдэнд тавиад дэлгүүр лүү ороод “машиныг хүн ирж авна” гэж хэлээд машины түлхүүрийг үлдээгээд гэртээ ороод унтчихсан. Намайг унтаж байхад 2 цагдаа, 1 энгийн хувцастай хүн орж ирээд намайг аваад дүүргийн цагдаагийн газар луу явсан...” /хх-54-55/, “... Би 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр найз Батгэрэлийн хамт архи ууж байгаад гэртээ харихаар 100 айлын автобусны буудал дээрээс микронд суутал намайг согтуу, мөнгөө төлөхгүй байна гээд 17-ын буудал дээр буулгасан. Тэгээд сүүдэрт сууж байтал “Далайхүү” худалдааны төвийн үүдэнд “Toyota Prius-11” загварын машин ирээд зогсохоор нь гэртээ харих гээд уг машиныг унаад явсан. Гэтэл арын суудал дээр хүүхэдтэй хүүхэн сууж байсан. Би зургаан буудал орчим хохирогчийг машинаас унагаасан. Тэгээд цааш явж байгаад Хайлааст руу салдаг замын тэнд буцаж эргээд харахад хохирогч байхгүй байсан. Гэрийн ойролцоох дэлгүүрийн үүдэнд машиныг нь тавиад, худалдагчид “...нэг хүүхэдтэй хүүхэн ирж авна...” гээд түлхүүрийг нь үлдээгээд явсан...” /хх-109/  гэх мэдүүлгүүд,  

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.Тунгалагийн биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун бугалга, тохой, зүүн тохой, зүүн шуу, 2 өвдөг, зүүн шагай, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 10059 тоот дүгнэлт /хх-36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... А.Баянсайханы биед хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн тохой, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 10058 тоот дүгнэлт /хх-38/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8, 12-17/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-18/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Ш.Лхагва-Очирт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, түүнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний гэм бурууд тохирсон байх ба мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Ш.Лхагва-Очир нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, автомашиныг авч зугтаахдаа машинд сууж байсан Б.Тунгалаг, 6 сартай хүү А.Баянсайхан нарыг авто зам дээр машинаас түлхэж унаган амь биед нь аюултайгаар хүч хэрэглэсэн нь тогтоогдсон, тухайн хэргийн үйлдэл, түүнээс учирсан хор уршиг их байх бөгөөд ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.   

Иймд ялтан Ш.Лхагва-Очир, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гаргасан шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг тэнсэж, хянан харгалзах, эсхүл хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ш.Лхагва-Очир, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧИД                                                  О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                    Д.ОЮУНЧУЛУУН