Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 111

 

Н.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Ц.Амаржаргал

                                                         Б.Манлайбаатар

 

Прокурор                                        Д.Энхтуяа

Хохирогч                                        Т.Энхтуяа

Хохирогчийн өмгөөлөгч                Г.Баттогтох

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ж.Болдбаатар

                                                        З.Шүрэнчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 479 дугаартай “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н-гийн Б-д холбогдох эрүүгийн 201609000076 дугаартай, 171/2016/0194/Э индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Баян-Агт сум Баянзүрх багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Онолт овогт Н-гийн Б- /РД: ГА83070770/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Н.Б- нь 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдамын хөндий гэх газар Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр 3424 ОРО улсын дугаартай Аванте Экс Ди маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3а, 21 дүгээр бүлгийн 21.8, 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч С.Төрхишигийг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 479 дугаартай  шүүгчийн захирамжаар:

-Эрүүгийн баяцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-т зааснаар шүүгдэгч Н.Б-д холбогдох эрүүгийн 201609000076 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Н.Б-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр... тус тус заажээ.

Прокурор Д.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

“...Шүүгдэгч Н.Б-г гэм буруутай эсэхийг хэлэлцэж шийдвэрлэх шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шинжээч нарыг оролцуулах хүсэлтийг яллах дүгнэлтийн хавсралтанд дурдаж хэргийг шүүхэд хүргүүлсэн байтал, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч нар хүрэлцэн ирээгүй, шүүгчийн туслах ажилтнаас лавлахад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарыг оролцуулахаар дуудаагүй талаар танилцуулсан. Улмаар шүүх хуралдаан эхлэж шүүгчээс “хуралдааны ирцтэй холбоотой гаргах санал хүсэлт байна уу” гэсэн асуултанд улсын яллагчийн зүгээс санал нэгтэй давтан дүгнэлт гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нараас аль боломжтойг оролцуулах саналаа гаргахад “шинжээчийн дүгнэлт хавтас хэрэгт авагдсан” гэсэн үндэслэлээр ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр хуралдааныг үргэжлүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 238 дугаар зүйлд “шүүх хуралдааны ажиллагаанд оролцогч талууд тэгш эрхтэй байх” гэсэн заалт, мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна....

Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан байхад шүүх захирамжиндаа “...жолооч Г.Наранмижид нь замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс хэрэг учрал гарсан газарт тухайн үед амьд байсан гэх талийгаач С.Төрхишигийг машины урд дугуйгаараа мөргөж түрсний улмаас элэг нь няцарсан баруун хөлийн дунд чөмөг нь хугарч гэмтсэн гэмтэл учирсан ба талийгаачийн үхлийн шалтгаанд жолооч Т.Б-, Г.Наранмижид нарын хэн нь хэдэн хувийн ямар буруутайг тогтоолгохын тулд бүрэлдэхүүнтэй шинжээчийг дахин томилуулахаар шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгчид маргаж мэтгэлцэн санал хүсэлт гаргасныг хүлээн авч дараахи асуудлуудыг шалгаж тогтоох нь зүйтэй гэж үзэж прокурорын шатанд Г.Наранмижидийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоол хүчинтэй байхад яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэлгүй, Г.Наранмижидийн үйлдэлтэй холбогдуулан нэмэлт ажиллагааг хийлгэхээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хуралдааны танхимаас онцын хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа гарч орж, шүүх хуралдааны явцад ач холбогдол өгөхгүй байсан. Энэ нь нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаан тасралтгүй явагдах зарчим алдагдсаныг харуулж байгаа бөгөөд, мөн хуулийн 237 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэг сахиулах арга хэмжээ авагдаагүй, мөн шүүх хуралдааны дэг зөрчигдсөн гэж үзвэл мөн хуулийн 252 дугаар зүйлд зааснаар дэг зөрчигчид хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 228 дугаар зүйлийн 228.2-т зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүхийн захирамжинд зааснаар шүүх хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутанд хийгдэхээр товлон зарлагдсан ба шүүх хуралдаан энэ цаг хугацаанд болоогүй, тодорхой шалтгааны улмаас хойшилсон талаар 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 473 дугаартай шүүгчийн захирамжаар дараагийн шүүх хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 09 цаг 30 минутад болохоор товлогдсон. Гэвч шүүх хуралдаан энэ цагтаа эхлээгүй болно. Шүүх хуралдаан ямар шалтгааны улмаас цагтаа эхлээгүй, мөн шүүх хуралдаан хойшилж байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар улсын яллагчид мэдэгдээгүй, шийдвэр гаргалгүйгээр тухайн өдрийн үдээс хойш 15 цаг өнгөрч байхад шүүх хуралдаан эхэлсэн нь ойлгомжгүй ба шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулж байгаа талаар захирамж шийдвэр гаргаагүй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж шүүх хуралдаан явуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 479 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй гэж үзэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны щүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа тайлбар, дүгнэлтдээ:

“...Эсэргүүцлээ дэмжиж байна, анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 479 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Талийгаачийг дайрсаны дараа амьсгаатай байсан, зүрх нь цохилж байсан гэдэг. Н.Б-гийн 100 хувь буруу болж талийгаач нас барсан гэх нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Заавал дахин дүгнэлт гаргуулж байж хэргийг шийдвэрлэх ёстой. Г.Наранмижидийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Баттогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаах нь зүйтэй. Зөрүүтэй эргэлзээтэй шинжээчийн дүгнэлт гарсан учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 479 дугаартай  шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий…” байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

Шүүгч хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд шүүх хуралдааныг зарлах хуралдуулах эрхтэй боловч шүүх хуралдаанаас зарим зүйлийг тодруулах үүднээс хэргийн зарим нэг оролцогчдыг зайлшгүй шүүх хуралдаанд оролцуулах нөхцөл байдал үүссэн бол тэдгээр оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулахаар хуралдааныг хойшлуулах, маргаж буй асуудлаар дахин шинжээч томилох зэргээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгүйгээр шийдвэрлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заажээ.  

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч 201609000076 тоот эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан зарчмыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх эмнэлэгийн шинжээч гэмт хэрэгт өртсөн хохирогчид ямар хүчний улмаас, ямар гэмтэл учирсныг тогтоох үүрэгтэй.  Гэтэл шүүгчийн 479 тоот захирамжинд “...-Талийгаач Ё.Төрхишигийн үхлийн шалтгаанд жолооч Т.Б-, Г.Наранмижид нарын хэн нь хэдэн хувийн ямар буруутайг тогтоолгохоор” буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан шинжээч нарыг оролцуулан хэргийг шийдвэрлэх боломжтой.

Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Түүнчлэн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 473 дугаартай шүүгчийн захирамжаар Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09.30 цагт хянан хэлэлцэхээр зарласан боловч тухайн өдөр шүүх хуралдааныг товлосон цагтаа эхлүүлэлгүй 15.10 цагт эхлүүлсэн байх бөгөөд цаашид шүүх хуралдааныг товлосон цагтаа хийж байхыг анхан шатны шүүх анхаарах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 479 дугаартай “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Н.Б-д урьд бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай

 

 

                                                     ДАРГАЛАГЧ                                             Я.ТУУЛ

                                                         ШҮҮГЧИД                                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                       Б.МАНЛАЙБААТАР