Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 211/МА2023/00001

 

 

 

 

 

 

                           

 

 

 

                                                                       211/МА2023/00001

 

 

 

          Н ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

             хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2022/00576 дугаартай шийдвэртэй

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

М ХХК-д холбогдох

49.451.214 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагч М ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ня /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тү /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н ХХК нь М ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний дагуу 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд эм эмнэлгийн хэрэгсэл худалдах, худалдан авах үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд Н ХХК нь нийт 147.677.138 төгрөгийн борлуулалт хийж үүнээс М ХХК нь 52.451.214 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Хариуцагчаас 3.000.000 төгрөг төлсөн гэх баримтыг шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгсөн. Энэ 3.000.000 төгрөгийг хасахад 49.451.214 төгрөгийн төлбөрийг М ХХК нь Н ХХК-д төлөөгүй бөгөөд одоо манай компани 49.451.214 төгрөг нэхэмжилж байна. Н ХХК 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр М ХХК-д бараа нийлүүлэлтээ зогсоож, үлдэгдэл төлбөрөө төлөх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж, төлөөлөгчөө явуулж, сар бүр тооцоо нийлэх талаар эдний компанийг шаарддаг, гуйдаг боловч зугтаагаад тооцоо нийлдэггүй. Манай компани гэрээний хугацаанд М ХХК-д нийт 147.677.138 төгрөгийн бараа нийлүүлснээс 685.449 төгрөгийн бараа буцаалт хийгдэж, нийт 146.994.690 төгрөгийн бараа өгсөн. Үүнээс 97.540.475 төгрөгийг хариуцагч төлсөн тул одоо үлдэгдэл 49.451.214 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагч хамгийн анхны худалдан авалтаар 6.270.512 төгрөгийн бараа авахдаа Монхот-Оюу нэрээр авч энэ бараан дээр нэмэгдсэн өртгийн албан татварын баримт аваагүй учраас 141.406.670 төгрөгийн худалдан авалт хийсэн үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын баримт гарч байгаа. М ХХК НӨАТ авчихсан учраас манайх тайландаа хариуцагчид холбогдуулан өр, авлага үүсгээгүй. М ХХК манай байгууллагаас төлнө гээд бараагаа нэмэгдсэн өртгийн албан татварын баримттай аваад явдаг. Ийм учраас тайланд манай байгууллага авлагагүй гэж харагдаж байгаа. Манай компани хариуцагчид НӨАТ-ын баримтаа өгөөгүй бол хариуцагч компани өрөнд орох байсан. Эд өрөнд орохгүйн тулд нэхэмжлэл үүсгэхгүй шууд аккруэл суурийг баримтлаад бүртгүүлсэн. Үүнийг ч хуулиар хориглоогүй. М ХХК-д нийлүүлээгүй бараанд НӨАТ-ын падаан шивэгдсэн зүйл байхгүй буюу илүү НӨАТ-ын падаан шивээгүй. 685.449 төгрөгийн барааны буцаалт хийсэн үнийг хасаж НӨАТ засаж шивэгдсэн. М ХХК-д байгаа цаасан падаан, НӨАТ-ын падаан нь хоорондоо зөрж байгаагийн шалтгаан нь энэ буцаалттай холбоотой. Хариуцагч М ХХК-аас үлдэгдэл төлбөрөө төлнө гэдэг байсан учраас 2016 оны тайланд үлдэгдэл төлбөрийн талаар тусгаагүй харин 2017 оны тайланд тусгаж өгсөн. Н ХХК нь эм ханган нийлүүлэх байгууллага учраас бөөний үнээр худалдаа хийх ёстой. М ХХК нь манай компаниас авсан үнээр эм, эмнэлгийн хэрэгслийг зарах үүрэггүй, өөрсдийн үнээр зарна. Төлбөр тооцоогоо гүйцэд хийгээд явах юм бол сарын эцэст манай байгууллага урамшуулал өгдөг. Хариуцагчид урамшууллыг тухайн үед нь өгөөд явдаг байсан. Тухайн байгууллага өртэй учраас сүүлийн саруудад урамшуулал өгөөгүй. М ХХК нь Н ХХК-аас бараа аваад тухайн авсан бараагаа цахим нэгдсэн санд бүртгэдэг байсан бөгөөд ингэхдээ авсан бараагаа бүртгэж өөрийн татварын тайландаа тусгаад нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаа хүлээж авсан байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь болох мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг хэрэглэсэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15 дахь хэсэгт заасан дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий баримт, мөн хуулийн  4.1.13-т нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, мөн хуулийн 4.1.20-т заасан нэгдсэн системийг ашиглан М ХХК-д баримтаа илгээж байсан. Бараа хүлээн авсан нь үнэн учраас та нар бараагаа шивээд өг, тайландаа тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татвараа авъя гэсэн хүсэлтийг Н ХХК-д хариуцагч гаргаж байсан учраас нэхэмжлэгч НӨАТ-ын баримт гаргаж өгсөн. Үүгээр ямар үнэтэй бараа авсан нь тогтоогдож байгаа. М ХХК НӨАТ авсан учраас хариуцагч бараа худалдан авснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс Н ХХК-с манай компани эм, бараа худалдан авсан, гэрээ байгуулсан. 2 байгууллага хол байдгаас үүдээд утсаар захиалгаа өгөөд нэхэмжлэгч байгууллага манайд бараа материалаа нийлүүлдэг байсан. Хоёр талын байгуулсан гэрээнд эм эмнэлгийн хэрэгсэл дутуу ирэх, сав баглаа боодол нь алдагдсан хадгалалтын хугацаа ойртсон, хугацаа дууссан эм эмнэлгийн бүтээгдэхүүн ирсэн тохиолдолд цаг үед нь холбогдож шийдвэрлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч байгууллагаас ийм бүтээгдэхүүн ирсэн үед падаанаас хасуулах талаар хэлдэг боловч хассан падаанаа явуулдаггүй байсан. Нэхэмжлэгч НӨАТ-ын баримтаа үндэслэнэ гэж байна. 2016, 2017 онуудад дөнгөж цахим систем хэрэгжиж байсан үе. Тухайн үед байгууллагууд бие биеэсээ илүү баримт байвал шивээд өгөөч гээд ашигтай байдлаар баримт шивж өгдөг байсан. Иймдээ ч Н ХХК-ийн нягтлантай харилцаж НӨАТ-ын баримт гуйгаад авсандаа хохирчхоод байна. Манай компани нэхэмжлэгчээс нийт 98.585.566 төгрөгийн бараа авсан. Ингэхдээ дутуу бараа нь 1.133.155 төгрөг болно. Нэхэмжлэгчид барааны үнэ 97.540.475 төгрөг төлж одоо төлөх төлбөргүй. Нэхэмжлэгч тал 146.994.690 төгрөгийн бараа нийлүүлсэн гэсэн хэр нь 141.406.627 төгрөгийн НӨАТ-ын баримт байдаг. Үнэхээр манай байгууллагад өгч байсан бүх эм, эмнэлгийн хэрэгсэл бараа бүтэгдэхүүндээ НӨАТ-ын баримт өгч байсан бол энэ 2 тоо зөрөхгүй байсан. 2018 оны 11 дүгээр сард Н ХХК-ийн төлөөлөгч ирж М ХХК-аас 47.000.000 төгрөгийн авлагатай байгаа талаар хэлсэн. Тухайн үед манай захирал өвчтэй эмнэлэгт хэвтэж байсан би өр авлагын талаар шүүж үзэх боломжгүй байсан болохоор Н ХХК-ийн төлөөлөгчид хандаж танай байгууллагад өртэй нь өртэй гэхдээ 47.000.000 төгрөгийн өр байхгүй учраас танайхтай тооцоо нийлэхгүй, манайх шалгаж үзээд араас чинь тооцоогоо явуулъя гэж хэлсэн. Тухайн үед тооцооны зөрүүтэй байсан, нутаг дэвсгэрийн хувьд хол зайтай, тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Н ХХК-тай тооцоо нийлэх боломжгүй байсан. Худалдан авсан барааг хэзээ хүлээж авсан, ямар баримтаар хүлээлгэн өгсөн талаар Иргэний хууль, нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хооронд байгуулагдсан гэрээ, Сангийн сайдын баталсан тушаал дээр тодорхой заасан байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 246 дугаар зүйлийн 246.1, гэрээний 3.4 дэх заалтаар тухайн барааг худалдан авагчид хүлээлгэн өгөөд, барааг худалдаж авсан талаарх баримтыг үйлдэх, хэрвээ бараа дутсан зөрүүтэй байгаа тохиолдолд тухайн зарлагын баримт дээр тэмдэглэл үйлдсэнээр барааг худалдсан, худалдан авсан нөхцөл хангагдсанд тооцно. Энд худалдах худалдан авах гэрээний дагуу бараа хүлээлгэж өгсөн юм уу, үүнийгээ шүүхэд хэрхэн нотолж байгаа гэдэг асуудал л яригдана. Нэхэмжлэгч, хариуцагч талууд гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зээлээр эм ханган нийлүүлэх гэрээний 3.4 дэх хэсгийн “Эм эмнэлгийн хэрэгслийг хүлээн авахдаа нэр төрөл, тоо ширхэг, бүрэн бүтэн байдал, хадгалалтын хугацаа, хаяглалт шошго, үнэ зэргийг шалгаж, барааны нэр төрөл баталгаат хугацаа, тоо ширхэг зөрж байвал баримтыг шинэчлэн бичүүлж авах бөгөөд эсхүл баримт дээр зохих залруулгыг хийж, нийлүүлэгч талын тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулж болно” гэсэн заалтын дагуу хариуцагч тал анхан шатны баримтууд дээр дутуу ирсэн эмийн нэр төрлийг тодорхойлж энэ талаар гараар тэмдэглэл үйлдэж анхан шатны баримтаа бүрдүүлээд өгсөн нь хэрэгт байдаг. Н ХХК-аас сав баглаа боодол алдаатай, эм эмнэлгийн бүтээгдэхүүнүүд савлагаанаасаа дутуу ирэхэд нь М ХХК-аас Н ХХК-тай холбогдож падаанаас хасалт хийлгэх талаар хүсэлт өгдөг байсан боловч нэхэмжлэгч хассан падааныхаа дүнг хариуцагч руу явуулдаггүй байсан. Н ХХК НӨАТ-ийн баримтад үндэслэн М ХХК-аас төлбөр нэхэмжилдэг. НӨАТ-ын тайлан анхан шатны баримтад үндэслэж гардаг. Мөн НӨАТ-ын тайлангаас улбаалан санхүүгийн тайлан болон бусад тайлан гардаг. “М” ХХК-д байгаа падаанаас түүж үзэхэд нийт 1.133.155 төгрөгийн буцаалт хийгдсэн байгаа. Н ХХК-аас ирээгүй эмүүд байвал тухай бүрд нь холбогдож ирээгүй байгаа эмийн талаар хэлж падаанаас хасалт хийх, шинэ падаан өгч явуулах талаар хэлж байсан боловч Н ХХК-аас шинэ падаан ирж байгаагүй. Нэхэмжлэгч талын өгсөн анхан шатны баримтуудад болон хариуцагч талын өгсөн анхан шатны баримтууд тоо, үнэ мөн дугаараараа зөрүүтэй байгаа. Нэхэмжлэгчийн өгсөн баримтууд нь бүгд нэг хүний гарын үсэгтэй, бүгд нэг ижил тамгатай, нэг янзын хэлбэртэй падаанууд байгаа. Хариуцагч талын гаргаж өгсөн баримтууд нь янз бүрийн тамга тэмдэгтэй боловч бүгд нэхэмжлэгч талд ирсэн баримтууд бөгөөд эдгээр баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу бүрдүүлсэн анхан шатны баримтууд юм. Хоёр компанийн гол маргаан үүсээд байгаа зүйл бол нэмэгдсэн өртгийн албан татварын баримт шивсэн асуудал. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль батлагдаж нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг программд шивдэг болсон. Үүнээс болж НӨАТ-ийн хий бичилт бий болсон. Бодитоор худалдсан бараа хэдэн төгрөг болсон, НӨАТ-ын баримтын үнэн зөв эсэх асуудал захиргааны болон иргэний шүүхээр удаа дараа шийдэгдэж байгаа. Шүүх энэ талаарх маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны баримтаар тогтоогдсон тохиолдолд энэ нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үнэн гэж үзнэ, харин анхан шатны баримтаар буюу зарлагын баримт нэхэмжлэх анхны гүйлгээний баримтаар тогтоогдоогүй тохиолдолд нэмэгдсэн өртгийн баримтыг үнэн зөв гэж үзэхгүй гэж үзсэн байдаг. НӨАТ-ын баримт бодитоор худалдсан, хүлээлгэн өгсөн гэдгийг нотлохгүй, энэ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар тогтоогдоно. Хариуцагч талаас нягтлан бодох бүртгэлийн баримт болох зарлагын падаанаар 98.585.566 төгрөгийн эм хүлээж авсан гэдэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн 97.540.475 төгрөг төлсөн баримтыг шүүхэд өгсөн. Нийт 12 ширхэг падаанд бичигдсэн 1.133.155 төгрөгийн бараа дутуу ирсэн байдаг бөгөөд энэ нь гараар тэмдэглэгдсэн байгаа. Энэ талаарх баримт хэрэгт эх хувиараа авагдсан байдаг. Эдгээрээс тооцоход хариуцагч нэхэмжлэгчийн нийлүүлсэн барааны үнийг бүрэн төлсөн байна. Бодитоор худалдсан бараа НӨАТ-д шивэгдсэн барааны үнийн дүнгээс бага үнийн дүнтэй байдаг. Мөн 2.000.000 төгрөгөөр нэг удаа, 1.000.000 төгрөгөөр нэг удаа нийт 3.000.000 төгрөгийг төлбөрт тооцон шилжүүлсэн гэдэг нь сүүлд өгсөн баримтаар тогтоогддог. Худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч хүлээн авсан барааны төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч тухайн төлбөрөө бүрэн төлсөн. Санхүүгийн тайланд Н ХХК нь М ХХК-аас авлагатай байсан бол гүйлгээ, санхүүгийн авлага гэсэн хэсэгт бүртгэгдэх байсан. Гэтэл нэхэмжлэгчийн өр авлагын тухайд 2018 оны эхэнд 62.241.300 төгрөг байсан боловч оны эцэст 25.919.400 төгрөг болж багассан байдаг нь М ХХК-с авлагагүй байсан гэдэг нь харагдаж байна. Н ХХК 146.994.690 төгрөгийн барааг М ХХК-д нийлүүлсэн гэдэг боловч НӨАТ-ын жагсаалтаар 141.406.670 төгрөгийн бараа нийлүүлсэн байдаг. 52.000.000 төгрөгийн авлагатай гэдгийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. М ХХК нь нийт 98.585.566 төгрөгийн барааг, падааны хамт Н ХХК-аас хүлээж авсан. Хэрэгт авагдсан баримтуудаас харвал нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээ болон хуульд зааснаар бараа хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримтаа шүүхэд шилжүүлэхдээ нэмэлтээр үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл уг баримтыг хариуцагч тал эх хувиар нь гаргаж өгсөн. Хариуцагчийн гаргаж өгсөн зарлагын баримтууд бол үнэн зөв бодитой баримт. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлээ нотолж байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын баримт нь зөвхөн программд шивэгдсэн баримт л байгаа. Ийм учраас нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа гэдэг нь үндэслэлгүй. М ХХК нь Н ХХК-с 98.585.566 төгрөгийн бараа хүлээн авч үнийг төлсөн нь дансны хуулгаар тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2022/00576 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М ХХК-аас 42.066.152,9 /дөчин хоёр сая жаран зургаан мянга нэг зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420.206 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 368.281 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож; Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж; Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2022/00576 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэрээр “...2 талын падааны нийт үнийн дүн зөрүүтэй байна. Эдгээр баримтын тухайд аль нэг талын гаргаж өгсөн падааныг үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. Хариуцагчийн төлөөлөгч Д.О “Тухайн үед бие биеэсээ илүү баримт байвал шивээд өгөөч гээд ашигтай байдлаар баримт шивж өгдөг байсан.”... гэж тайлбарлаж байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй. ...Нэхэмжлэгч Н ХХК-ийн төлбөрийн баримтын цахим систем...-ээс гаргаж нотлох баримтаар өгсөн 2-р хавтаст хэргийн 241-253-р талд авагдсан төлбөрийн баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв баримт гэж үзлээ.” гэж дүгнээд НӨАТ-ын падааны үнэн зөв эсэх хууль зүйн үндэслэлээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.14, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 гэж тодорхойлон нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй дүгнэлт болж байна. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хийгдсэн гэх дүгнэлт үндэслэлтэй. Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээн авсан барааны үнийг төлөх үүрэг хариуцагчид үүсэх ёстой. Барааг хүлээн авсан гэдгийг Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно.”, Эм, эмнэлгийн хэрэгсэл зээлээр ханган нийлүүлэх гэрээний 3.4-т “эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авахдаа нэр төрөл, цуврал, тоо ширхэг, бүрэн бүтэн байдал, хадгалалтын хугацаа, хаяглалт шошго, үнэ зэргийг шалгаж авна. Барааны нэр төрөл, баталгаат хугацаа, цуврал тоо ширхэг зөрж байвал баримтыг шинэчлэн бичүүлж авах бөгөөд эсвэл баримт дээр нь зохих залруулгыг хийж, нийлүүлэгч талын тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулж болно.” гэж тус тус заасны дагуу бараа материалыг хүлээн авахдаа нэхэмжлэгчийн ирүүлсэн тамга тэмдэг бүхий зарлагын баримт дээр залруулга хийж хүлээн авсан байдаг бөгөөд үүгээр нотолно. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн тамга тэмдэгтэй зөвхөн нэхэмжлэгчээс гаргаж өгөх боломжтой, хариуцагчийн хүлээн авсан талаарх тэмдэглэгээтэй бараа материал хүлээн авсан талаарх нотлох баримтыг үндэслэлгүйгээр үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.

Гэтэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-т заасан анхан шатны баримт гэдгийг ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 13.2-т “Аж ахуй нэгж, байгууллагад нийтлэг мөрдөх анхан шатны баримтын загвар, бүрдүүлэх аргачлалыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”, Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Маягт, заавар батлах тухай” 347 дугаар тушаалаар батлагдсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх зааврын нэгдүгээр зүйлд “Анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог хэлнэ. Анхан шатны  баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.” гэж зааснаас харвал нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт нь бүх санхүүгийн тайлан НӨАТ-ын падаан тайлангийн үндэслэл болохоор заажээ. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.”, 5.6-д “Энэ хуулийн 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон байна.” гэж тус тус зааснаас харвал хэдийгээр НӨАТ-ын падаан бичсэн боловч тухайн борлуулалт нь давхар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон тохиолдолд үнэн зөв гэж үзэх талаар хуульд зохицуулжээ. Гэтэл шүүх нягтлан бодох бүртгэлийн суурь баримт бичиг болох анхан шатны баримтыг үндэслэлгүйгээр үзэн зөв гэж үнэлэхээс татгалзаж, НӨАТ-ын хий бичилт хийсэн байх магадлалтай падааныг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Зүй нь анхан шатны баримт нь НӨАТ-ын падааны үнэн зөв эсэхийг дүгнэх шалгуур болохоор заасан байхад үүнийг анхаарч үзсэнгүй. Нотлох баримтыг эргэлзээгүй үнэн талаас нь үнэлээгүй. Хариуцагчийн гаргаж өгсөн зарлагын баримт нь бараа материалыг дагалдаж нэхэмжлэгч талаас ирсэн баримтууд эх хувиараа байх бөгөөд нэхэмжлэгчийн тамга тэмдэг, нягтлан бодогчийн гарын үсэг бүхий баримтууд бөгөөд ирсэн бараа материалтай тоо хэмжээг тулгаад хариуцагчийн хүлээн авсан ажилтан гарын үсэг зурж тэмдэглэсэн, хариуцагч дур мэдэн үйлдэх боломжгүй хууль, журамд нийцсэн баримт байдаг. Мөн 5-р хавтаст хэргийн 131-194-р хуудсанд хариуцагч нотлох баримтаар өгсөн бараа материалын хүлээн авалтын орлогын баримтаар, нэхэмжлэгчийн зарлагын баримт нотлогдож байхад үүнийг шүүх үнэлсэнгүй. Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Маягт, заавар батлах тухай” 347 дугаар тушаалаар батлагдсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх зааврын НХМаягт БМ-1 “Бараа, материал хүлээн авалтын баримт гэж бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас ирж байгаа бараа, материалын үнэ бүхий зүйлс, тоо хэмжээ зэрэг дугаарын хувьд дагалдан ирсэн баримттайгаа тохирохгүй байх, хайрцаг, сав, баглаа боодол, лоц, ломбо задарч гэмтсэн үед эд хариуцагч санхүүгийн албанд мэдэгдэж, байгууллагаас мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй комисс томилуулж “Бараа, материал хүлээн авалтын баримт”-аар хүлээн авна. НХМаягт БМ-3 Зарлагын баримт гэж “Бараа, материалын үнэт зүйлсийг худалдан авагч байгууллагад ачуулах, нэг агуулах, эд хариуцагч, нярваас нөгөөд шилжүүлэх, өөрийн хэрэгцээнээс илүү буюу хэрэгцээнд тохирохгүй зүйлийг худалдан борлуулах, нэгжийн орц норм тогтоогдоогүй материал үнэт зүйлийг үйлдвэрт тавьж олгох, зохих шийдвэрийн дагуу өөр газар шилжүүлэхэд зарлагын баримтыг эд хариуцагч зөвшөөрөл шийдвэрийг үндэслэн 2 хувь бичиж, 1 хувийг өөртөө авч тайлангийн хугацаанд санхүүгийн албанд, үлдэх хувийг хүлээн авагчид “Материал үнэ бүхий зүйлийг гаргах зөвшөөрөл”-ийн хамт олгоно.” гэж зааснаас харвал дээрх 2 баримт нь бараа материал хүлээн авсан болохыг нотлох нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байх бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нарын гарган өгсөн зарлагын баримт ижил огноо дугаартай байх ёстой байхаар байна. Гэтэл нэхэмжлэгч зарлагын падааныг нэг ижил тамга тэмдэг, гарын үсэг зурж нөхөн бүрдүүлсэн гэдгээ шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хууль болон худалдах, худалдан авах гэрээ, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасныг зөрчиж бараа материалыг худалдах үедээ бүрдүүлэх анхан шатны баримтыг сүүлд нь нөхөн бүрдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад үүнийг харгалзан үзсэнгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэгтэй. Бидний хувьд нэгэнт хүлээн аваагүй барааг яаж нотлох нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгч талын хариуцагчид борлуулсан барааны анхан шатны баримтыг эх хувиар нь шүүхэд нэгэнт өгсөн. Мөн худалдан аваагүй барааг баримт бүрдүүлж нотлох боломжгүй байхад шүүхээс худалдан аваагүй талаараа буюу НӨАТ-ын падааныг хий бичилттэй гэдгийг нотлоогүй гэж байгаа нь ойлгомжгүй.

НӨАТ-ын падааныг худалдах, худалдан авах гэрээний барааг хүлээлгэн өгсөн гол нотлох баримт гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-т зааснаас харвал бараа материалыг хүлээлгэн өгсөн гэдгийг нотлох баримт бол зарлагын баримт байдаг. Бидний зүгээс нэхэмжлэгч байгууллагын НӨАТ-ын хий бичилтийн талаарх гомдлыг давхар татварын алба болон эрүүгийн цагдаагийн газарт өгч шалгуулах болно. Мөн НӨАТ-ын падааны хий бичилтийн талаарх маргааныг шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн тогтоолд “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ц-А ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ... тоот падаанаар ... төгрөгийн худалдан авалтыг М ХХК-тай хийсэн гэж 2016 оны 06 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгасан нь цахим тайлангийн системд хадгалагдсан байна. Гомдол гаргагчаас дээрх худалдан авалтыг бодитойгоор хийсэн болохоо нотлоогүй, төлбөрийг бэлнээр хийсэн талаарх санхүүгийн баримт, орлого, зарлагын баримтууд байсан нь үерийн улмаас устсан гэж тайлбарлах боловч энэ нөхцөл байдал нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл Ц-А ХХК нь Монгол гранд эйнжил инвест ХХК-тай нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр худалдан авалт хийж, төлбөр төлсөн болох нь санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн баримтаар тогтоогдоогүй. Дээрх байдлаар гомдол гаргагч Ц-А ХХК нь өөрийн компанийн 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд М ХХК-ийн хий бичилттэй падаанаар худалдан авалтын хасалт хийсэн зөрчил гаргаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчсөн байх тул хариуцагч татварын улсын байцаагч нарын ... дугаартай шийтгэлийн хуудсаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг үндэслэн ... төгрөгийн зөрчилд ... төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна." гэх дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь анхан шатны баримтын үнэн зөв байдлыг нотлохгүй, харин анхан шатны баримт нь НӨАТ-ын падааны үнэн зөв эсэх, худалдан авалт хийгдсэн эсэхийг нотлох, татварын тайлан тооцооны үндсэн баримт болохоор байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2022/00576 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2022/00576 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч М ХХК-ний давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан  журмын дагуу явуулсан,  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, маргааны үйл баримт, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч Н ХХК хариуцагч М ХХК-аас 49.451.214 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч М ХХК нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 42.066.152,9 төгрөгийг хангаж,  7.385.061 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 17/05/29 дугаар эм, эмнэлгийн хэрэгсэл зээлээр ханган нийлүүлэх гэрээ байгуулан, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд эм, эмнэлгийн хэрэгсэл  худалдах, худалдан авахаар тохиролцсон байна.  

        

Гэрээний дагуу худалдагч Н ХХК нь худалдан авагч М ХХК-д эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлснээс 685.449 төгрөгийн бараа буцаагдаж, 146.994.690 төгрөгийн үнэтэй эд хөрөнгө худалдсанаас төлөгдөөгүй үлдсэн 49.451.214 төгрөгийг нэхэмжилж, худалдан авагч М ХХК 98.585.566 төгрөгийн эм, хэрэгсэл худалдан авсан бөгөөд үнийг төлсөн гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч, хариуцагч нар худалдсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнтэй анхан шатны баримтыг үндэслэн тооцоо нийлээгүй, тооцоо нийлэх саналыг нэхэмжлэгч талаас гаргадаг боловч хариуцагч тал тооцоо нийлдэггүй,  цахим бүртгэлд бүртгэгдсэн санхүүгийн баримт үндэслэлтэй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч тал төлбөрийн баримтын цахим системээс НӨАТ-ын баримт болон татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч, нэхэмжлэгч нарын 2016, 2017 оны НӨАТ суутган төлөгчийн тайланг гаргаж өгсөн байх ба хариуцагч тал “НӨАТ-ын баримт бодитоор худалдсан, хүлээлгэн өгсөн гэдгийг нотлохгүй, энэ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар тогтоогдоно, хариуцагч тал анхан шатны баримтыг эх хувиар гаргаж өгсөн нь үнэн зөв бодитой баримт бөгөөд уг баримтаар 98.585.566 төгрөгийн эм хүлээж авсан гэж тайлбарлажээ. 

 

Анхан шатны шүүх зохигчдын шүүхэд гаргаж өгсөн дээрх баримтууд дахь зарим падааны барааны нэр үнийн дүн тохирдог боловч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зарим падаан хариуцагч талын гаргаж өгсөн баримтад байхгүй, 2 талын падааны нийт үнийн дүн зөрүүтэй,  эдгээр баримтын тухайд аль нэг талын гаргаж өгсөн падааныг үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, хариуцагчийн төлөөлөгч Д.О “Тухайн үед байгууллагууд бие биеэсээ илүү баримт байвал шивээд өгөөч гээд ашигтай байдлаар баримт шивж өгдөг байсан. Иймдээ ч “Н” ХХК-ийн нягтлантай харилцаж НӨАТ-ын баримт гуйгаад авсандаа хохирчхоод байна” гэж тайлбарлаж байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас хэвлэсэн М ХХК-ийн НӨАТ суутган төлөгчийн 2016 оны тайлан, Н ХХК-ийн НӨАТ суутган төлөгчийн 2017 оны тайлантай тус тус  тохирдог тул нэхэмжлэгч Н ХХК-ийн төлбөрийн баримтын цахим систем https://invoice.ebarimt.mn//-ээс  гаргаж  нотлох баримтаар өгсөн  төлбөрийн баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв нотлох баримт гэж зөв дүгнэжээ.

 

Улмаар борлуулагч Н, ТТД5278465, хаяг: Монгол, Улаанбаатар, Сүхбаатар, 5-р хороо, 23, 35; худалдан авагч М, ТТД2002582, хаяг: Монгол, Архангай, Эрдэнэбулган өөрийн байр, 0, барааны нэр: төлбөр болон гэрээгээр хийгддэг эмийн бүтээгдэхүүний бөөний худалдаа гэсэн, тус бүр дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай, нэгдсэн системээр баталгаажсан нэр хаяг, татвар төлөгчийн дугаартай,

  1. 2016 оны 06 сарын 30-ны 5.407.780 төгрөг,  5.357.100 төгрөг, 2.120.006,90 төгрөг
  2. 2016 оны 07 сарын 30-ны 11.070.143 төгрөг
  3. 2016 оны 08 сарын 31-ний 29.897.165 төгрөг
  4. 2016 оны 09 сарын 30-ны 15.113.230 төгрөг
  5. 2016 оны 10 сарын 31-ний 18.512.790 төгрөг
  6. 2016 оны 11 сарын 30-ны 20.357.750 төгрөг
  7. 2017 оны 01 сарын 31-ний 4.305.200 төгрөг
  8. 2017 оны 02 сарын 28-ны 9.827.433 төгрөг
  9. 2017 оны 03 сарын 31-ний 2.012.590 төгрөг
  10. 2017 оны 06 сарын 30-ны 4.479.265 төгрөг

11. 2017 оны 07 сарын 31-нд 12.946.175  төгрөгийн баримтаар  нийт 141.406.627 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг худалдагч Н ХХК нь худалдан авагч М ХХК-д худалдсан болох нь, хариуцагч М ХХК худалдан авсан эм, эмийн хэрэгслийн үнэнээс 99.340.475 төгрөгийг төлсөн нь тус тус тогтоогдсон гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч М ХХК давж заалдах гомдол гаргасан.

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч тал М ХХК-ийн захирал С.О давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж байх ба М ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 22/2022 дугаар итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах гомдол гаргах эрх олгоогүй байх тул М ХХК-ийн захирал С.О давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлтэй болно.

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368.261 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2022/00576 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч М ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 368.281 /гурван зуун жаран найман мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

       

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

                  ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                    Н.ЭНХМАА