Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 112

 

К.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                           Я.Туул

Шүүгчид                                        Б.Манлайбаатар

                                                       Ц.Амаржаргал

Оролцогчид:

Прокурор                                      О.Доржмаа

Ялтан                                            К.Г-

Ялтны өмгөөлөгч                         Н.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 186 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К-ы Г-д холбогдох эрүүгийн 201609000187 дугаартай, 171/2016/0198/Э индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтны биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Баруун туруун суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй, урьд

-2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сум дундын 14 дүгээр шүүхийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 9 хоногийг 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу суллагдсан байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Хүрд овогт К-ы Г- /РД: ОА91022311/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

К.Г- нь 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Баяндаваа 4-4 тоот П.Одонцэцэгийн гэрээс нийт 2.830.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

-2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 10 дугаар хэсгийн 4-35 тоот Б.Оргилсайханы гэрээс эд зүйл хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, 17-7 тоот И.Даваагийн гэрээс бэлэн 650.000 төгрөг хулгайлсан,

-2016 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Дархан сумын 5 дугаар баг, 20-4 дүгээр байранд байрлах “Аньс” нэртэй эмийн санд нэвтэрч, бэлэн 324.900 төгрөг хулгайлсан,

-2016 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлба” ХХК-ийн бааранд нэвтэрч бэлэн 213.400 төгрөг хулгайлсан,

-2016 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Мини маркет” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бэлэн 523.950 төгрөг, “Нокиа” маркийн гар утас хулгайлж нийт 563.950 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид, Засаг даргын ажлын байранд нэвтэрч хулгай хийхээр завдаж өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Хүрд овогт К-ы Гантулгыг ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр, орон байр агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч К.Г-д эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил /гурав/ жил хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч К.Г-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч К.Гантулгын энэ хэрэгт цагдан хоригдсон 139 /нэг зуун гучин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 1 ширхэг хутга, 1 ширхэг сүх, 2 ширхэг арматурын төмөр, холбоотой түлхүүр, 1 ширхэг цаасны хутга, 1 ширхэг машины дорцов зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч К.Г-ас 2.830.000 /хоёр сая найман зуун гучин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Баяндаваа 4-4 тоотод оршин суух Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Одонцэцэг /ТВ81011029/-т, 650.000 /зургаан зуун тавин мянга) төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ баг , 17-7 тоот оршин суух Алах овогг Ишжамцын Даваа /ТА50041611/-д, 70.000 /далан мянга/ төгрөг гаргуулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт, 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 10 дугаар хэсэг, 1-36 тоотод оршин суух Өндөр наст овогт Балжиннямын Оргилсайхан /ПМ79021611/-д, 563.950 /таван зуун жаран гурван мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Дэвшил хотхонд байрлах “Эрдэнэ-Уулын Оргил” ХХК-ийн “Их Мөрөн” хүнсний дэлгүүрт, 213.400 /хоёр зуун арван гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар багт байрлах “Дэлба” ХХК-д, 324.900 /гурван зуун хорин дөрвөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 48-92 тоотод оршин суух Хужгай овогт Ёндонжамцын Мөнхцэцэг /ИЦ72090469/-т тус тус олгохоор,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар К.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр.... тус тус заажээ.

Ялтан К.Г- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Би 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Булган аймагт айлд мал хариулж байсан. Орхон аймгийн цагдан хорих төвөөс Дархан-Уул аймгийн цагдан хорих төв рүү шилжүүлэхдээ мөрдөн байцаагч н.Гэрэлцогт “Дарханы 2 үйлдлийг чи хүлээчих, энэ хэрэг хохирол гомдолгүй, 2016 оны 03 дугаар сарын 19, 2016 оны 04 дүгээр сарын 04-нд болсон хэрэг байгаа юм. Чамайг батлан даалтанд гаргаж гадуур шалгуулна” гэж хэлсэн.болохоор би тухайн үед миний хөгшин эмээгийн бие муу байсан бөгөөд би хулгайн хэргийг хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед намайг даалтанд гаргаагүй ба хохиролтой хэргийг надад тулган зөвшөөрүүлж гарын үсэг зуруулсан. Энэ хэргийн газрын хурууны хээ, гутлын мөр зэрэг нь өөр хүнийх буюу минийхтэй таарахгүй байх бөгөөд тухайн үед мөрдөн байцаагч н.Сэр-Од хажууд нь байсан.

Иймд хэрэг гарсан өдөр Булган аймагт байсныг шалгуулж, үнэн зөвөөр шийдвэрлүүлж, энэ 2 хэргийн хохирол, үйлдлийг хасч, миний асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ

Ялтан К.Г- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд би Булган аймагт н.Гансүх гэх айлд 2 сар мал малласан. Дарханы 2 хэргийг би үйлдээгүй. н.Төгөлдөр гэж залууг хэрэгт татаж шалгуулмаар байна. 24 цагийн аптек болон дэлгүүрт би н.Төгөлдөртэй хамт явсан. Өөр үйлдэл байгаа шалгуулмаар байна” гэв.

Ялтны өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...К.Гантулгыг бүрэн яллах ажиллагааг хийгээгүй. “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагчийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй гэж заасан” гэв.

Улсын яллагч О.Доржмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:

“...Дархан-Уул аймагт үйлдэгдсэн 2 үйлдлийг К.Г- хийгээгүй гэж ярьж байна. К.Гантулгыг сэжигтнээр тооцож байцаалт авахад Дарханд үйлдсэн хэргийн талаар ярьсан. Хэргийн зүйчлэл тохирсон тул ялтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй...“ байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэх боломжгүй байна.

Прокуророос К.Гантулгыг 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Баяндаваа 4-4 тоот П.Одонцэцэгийн гэрээс нийт 2.830.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

-2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 10 дугаар хэсгийн 4-35 тоот Б.Оргилсайханы гэрээс эд зүйл хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, 17-7 тоот И.Даваагийн гэрээс бэлэн 650.000 төгрөг хулгайлсан,

-2016 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Дархан сумын 5 дугаар баг, 20-4 дүгээр байранд байрлах “Аньс” нэртэй эмийн санд нэвтэрч, бэлэн 324.900 төгрөг хулгайлсан,

-2016 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлба” ХХК-ийн бааранд нэвтэрч бэлэн 213.400 төгрөг хулгайлсан,

-2016 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Мини маркет” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бэлэн 523.950 төгрөг, “Нокиа” маркийн гар утас хулгайлж нийт 563.950 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид, Засаг даргын ажлын байранд нэвтэрч хулгай хийхээр завдсан буюу 7 удаагийн давтан үйлдлээр орон байр, агуулах саванд нэвтэрч нийт 5.202.250 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч  К.Гантулгыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Ялтан К.Гантулгын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн материалыг бүхэлд нь судлан үзвэл тэрээр анхан шатны шүүх хуралдаан дээр “...2016.03.19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Баяндаваа 4-4 тоот П.Одонцэцэгийн гэрээс 2.830.000 төгрөгийн эд зүйл, 2016.04.04-ний өдөр Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 10 дугаар хэсгийн 4-35 тоотод амьдрах Б.Оргилсайханы гэрээс 550.000 төгрөгийн эд зүйл хулгайлаагүй, 2016.02.05-наас 2016.04.08-ны өдрүүдийн хооронд Булган аймгийн Бүрэнхангай суманд айлд байсан. Орхон аймгийн цагдан хориход цагдан хоригдож байтал Дархан-Уул аймгийн цагдаагийн мөрдөн байцаагч намайг Дарханы цагдан хорих төв рүү шилжүүлэн цагдан хорьсон бөгөөд тэр үедээ Дархан-Уул аймагт гарсан дээрх хоёр хэргийг “чи хүлээчих, энэ хэргийн хохирогч нар гомдол саналгүй гэдэг юм, та орох оронгүй, ажил төрөлгүй, мөн ээж чинь нас барсан учраас энэ хэргийг хүлээчих, бид хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ” гэсэн учраас би хүлээсэн. Мөрдөн байцаагч энэ хоёр хохирогч руу утсаар яриад “танай гэр яг хаана байдаг юм” гээд гэрт нь очсон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /2-р хавтас хх-111, 112, 118-р тал/, энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр дээрх хугацаанд Булган аймгийн Бүрэнхангай суманд н.Гансүх гэх айлд мал хариулж байсан, түүнчлэн өөр гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн тул мөрдөн байцаалтаар холбогдох ажиллагааг явуулж шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ялыг зөв оногдуулах, иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхэд нөлөөлөхөөр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1.2, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, К.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа  хийлгэхээр хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. К.Г-д урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ                                                     Я.ТУУЛ

                                     ШҮҮГЧИД                                                     Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                           Ц.АМАРЖАРГАЛ