Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 114

 

Б.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                          Я.Туул

Шүүгчид                                        Б.Манлайбаатар

                                                       Ц.Амаржаргал

Оролцогчид:

Ялтан                                            Б.Л-

Ялтны өмгөөлөгч                         Д.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч П.Баттулга, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 197 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ы Л-д холбогдох эрүүгийн 201609000468 дугаартай, 171/2016/0214/Э индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтны биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь амйгийн Сайнцагаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, Дархан-Уул аймгийн Дархан сум, 6 дугаар баг, Ханжаргалантын 9 дүгээр гудамж, 10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Тайж овогт Б-ы Л- РД: ЗЮ95012712

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Л- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Хонгор сум, 2 дугаар баг, Зулзагын голын эрэг дээр найз Ц.Ууганбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний цээжний зүүн талд хутгалж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Тайж Б-гийн Л-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Тайж Б-гийн Л-д 03 жил /гурав/ 04 сар /дөрөв/ 10 хоногийн хугацаагаар  /арав/ хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б. Л-д оногдуулсан 03 жил /гурав/ 04 сар /дөрөв/ 10 хоног /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар Б.Л- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй хутга /1 ширхэг/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар Б.Л-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор... тус тус заажээ.

Ялтан Б.Л- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Би хийсэн гэмт үйлдэлдээ үнэн голоосоо гэмшсэн бөгөөд учруулсан хор хохирлоо өөрийн сайн дураар, цаг хугацаанд нь төлж барагдуулсан.

Миний бие одооноос нийгэмдээ сайн хүн болж, сургууль соёлоо төгсч, улс эх орондоо маш хэрэгтэй боловсон хүчин болж, амьдрах бололцоогоо сайн хангана хэмээн амлаж байна. Иймд миний хэргийг дахин хэлэлцэж өгнө үү” гэжээ.

Хохирогч Ц.Ууганбаяр давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“...Б.Л- нь миний хохирлыг гүйцэт барагдуулсан тул дэглэм бууруулж, зүйл ангийг нь хөнгөрүүлж өгнө үү. Миний бие одоогоор бүрэн эдгэрсэн болно” гэжээ.

Ялтан Б.Л- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Хуулийн зүйл хэсэгт өмгөөлөгчийн хувьд маргалдахгүй. Ялтан давж заалдах шатны шүүх миний хувийн байдлыг харгалзаж өгнө үү гэж байгааг анхаарах нь зүйтэй” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн дулааны ашиглалтын 4 дүгээр дамжааны оюутан Б-ы Л-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнийн 03.30 цагийн үед Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Зулзагын голын эрэг дээр найз Ц.Ууганбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний цээжний зүүн талд хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дээрх гэмт хэргийг Б.Л- үйлдсэн гэм буруутай гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар түүнд 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Б.Л-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянавал түүний үйлдсэн хэргийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй хэдий ч тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016.11.01-ний өдрийн 447 дугаартай “Хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох тухай” захирамжаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар уг хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхээр заасан тул даргалагч шүүгчээр шүүгч Г.Гэрэлт-Од, шүүх бүрэлдэхүүнд шүүгч П.Баттулга, Т.Энхжаргал нар томилогдсон байх ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар “нөлөөллийн мэдүүлэг” хөтлөхөөр байхад энэ хэрэг дээр хөтөлсөн нөлөөллийн мэдүүлэг мөн эсэх нь тодорхойгүй, он, сар, өдөргүй, хэнд холбогдох хэргийнх нь мэдэгдэхгүй, зөвхөн даргалагч шүүгч Г.Гэрэлт-Од “нөлөөлөх оролдлого ирээгүй” гэж гарын үсэг зурсан баримтыг /хх-81-р тал/ хэрэгт хавсаргасан нь ойлгомжгүй байна.

Тухайлбал: Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гарсан эсэх нь тодорхойгүй, хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнийг нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй, холбогдох дээрх хуулиудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал болон тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтанд шүүгдэгч Б-ы Л-ын эцгийн нэрийг Б- гэж буруу ташаа бичиж, шийдвэрийн бичилтэнд хайнга, хариуцлагагүй хандсан алдаа гаргасан, цаашид ийм алдаа гаргахгүй байх талаар урьд давж заалдах шатны шүүх хуралдаануудаас анхан шатны шүүхэд удаа дараа анхааруулж байсныг хайхраагүйг тэмдэглэх нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Б.Л-д урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ                                                     Я.ТУУЛ

                                    ШҮҮГЧИД                                                     Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                          Ц.АМАРЖАРГАЛ