Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 116

 

Г.Б-, П.М- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Ц.Амаржаргал

                                                         Б.Манлайбаатар

Прокурор                                        Г.Яндаг

Шүүгдэгч                                         П.М-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Г.Энхтүвшин

Шүүгдэгчийн өмгөөлөгч                З.Энхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч П.Баттулга, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 181 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбын Б-,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэвжавын М- нарт холбогдох эрүүгийн 201609000164 дугаартай, 171/2016/0167/Э индекстэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Дархан-Уул аймагт 1966 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 50 настай, Дархан-Уул аймгийн Дархан сум, 1 дүгээр баг, Цахирын 1 дүгээр гудамж 5 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Өршөөл үзүүлэх” тухай хуулиар суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Хамниган овогт Гомбын Б-, /регистрийн дугаар: ТА66062030/

Монгол улсын иргэн, Дархан-Уул аймагт 1981 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эмэгтэй, 35 настай, Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 133 тоотод оршин суух, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарт хүний нөөцийн мэргэжилтэн ажилтай, дээд боловсролтой, бизнес удирдлага, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигин овогт Пүрэвжавын М-, /регистрийн дугаар:ТА81122360/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Г.Б- нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Захиргаа аж ахуйн албаны дарга, 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Төвийн бүсийн салбарын даргаар томилогдон ажиллах хугацаандаа албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, /2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 182 дугаартай “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн захирлын тушаалын 4 дэх хэсэгт заасан шинээр ажилтан авах журам, мөн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн захирлын А/149 дугаартай журмын 2.1-2.10/-т заасныг зөрчин урьдчилан амлаж, давтан үйлдлээр,

-Б.Батбилэгээс 500,000 төгрөгийн хээл хахуулийг 2013 оны 4 дүгээр сард авч, 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 66 дугаартай тушаалаар жолоочийн ажилд томилуулсан,

-Г.Гантулгыг 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төвийн бүсийн салбарын засварын албаны дэд станцын засварын монтёроор шинээр ажилд авахдаа өөрийн Хаан банкны 5073049490 дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр 800,000 төгрөгийн хээл хахуулийг авсан,

-Н.Дүүрэнбилэгээс 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр захиргаа аж ахуйн албанд бичиг хэрэг, архивчаар ажилд оруулахдаа 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкны 5073049490 дугаарын дансаар 500,000 төгрөгийн хээл хахуулийг авсан,

-П.М-ийг 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 169 дугаартай тушаалаар захиргаа аж ахуйн албанд хүний нөөцийн ажилд авахдаа 2014 оны 6 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд 2 сая төгрөгийн хээл хахуулийг авсан,

-Б.Болортунгалагийг 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ашиглалтын албанд ээлжийн монтёроор ажилд авахдаа өөрийн Хаан банкны 5073049490 дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 500,000 төгрөгийн хээл хахуулийг авсан,

-Л.Энхсайханыг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр захиргаа аж ахуйн албанд үйлчлэгчээр ажилд томилуулахдаа ах Д.Бавуудоржоос өөрийн Хаан банкны 5073049490 дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 500,000 төгрөгийн хээл хахуулийг авсан,

-С.Туяаболороос 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өөрийн Хаан банкны 5073049490 дугаарын дансаар 500,000 төгрөгийн хээл хахуулийг авч холбооны монтёроор ажилд томилсон,

-Б.Бат-Эрдэнийг 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ээлжийн монтёрын ажилд шинээр авахдаа 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эхнэрийн Хаан банкны 5055154144 дугаарын дансаар 1 сая төгрөгийн хээл хахуулийг авч ажилд томилсон,

-Н.Даваанямыг 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эхнэрийн дүү болох Оюунцэцэгээр зуучлуулан 800,000 төгрөгийн хээл хахуулийг авч 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар цайны газарт бэлтгэгч тогоочоор тус тус ажилд авсан.

П.М- нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Дархан-Уул аймгийн төвийн бүсийн салбарт хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 169 дугаартай тушаалаар ажилд орохдоо шинээр ажилд орохын тулд төвийн бүсийн дарга Г.Б-од 2 сая төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар П.М-ийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Дархан-Уул аймгийн төвийн бүсийн салбарт хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 169 дугаартай тушаалаар ажилд орохдоо шинээр ажилд орохын тулд төвийн бүсийн дарга Г.Б-од 2 сая төгрөгийн хээл хахууль өгсөн, Г.Б-ын П.М-ийг 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 169 дугаартай тушаалаар захиргаа аж ахуйн албанд хүний нөөцийн ажилд авахдаа 2014 оны 6 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд 2 сая төгрөгийн хээл хахуулийг авсан гэх үйлдэл холбогдол хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

-Шүүгдэгч Хамниган овгийн Гомбын Б-ыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, урьдчилан амлаж, давтан үйлдлээр хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар шүүгдэгч Г.Б-ын хувьд ногдох хөрөнгөнөөс 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ялтан Г.Б-од оногдуулсан 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхийн төрийн сан 190005002 тоот барьцаа хадгалах тусгай дансанд буй 7,1 сая төгрөгөөс ялтан Г.Б-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийг хурааж улсын орлогод оруулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газрын 190005002 тоот дансанд хадгалагдаж буй үлдэх 2,000,000 сая төгрөгийг Г.Б-од буцаан олгохоор,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар П.М-т урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, ялтан Г.Б-од өмнө авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар... тус тус заажээ.

Прокурор Г.Яндаг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

“...Шүүхийн шийтгэх тогтоолын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дүгээр зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар П.М-ийн Г.Б-од 2 сая төгрөгийн хээл хахууль өгсөн, Г.Б-ын П.М-ийн хүний нөөцийн ажилд авахдаа 2014 оны 06 дугаар сараас 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд 2 сая төгрөгний хээл хахуулийг авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Г.Б- болон П.М- нарын хооронд П.М-ийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Дархан-Уул аймгийн төвийн бүсийн салбарт хүний нөөцийн албан тушаалд ажилд оруулахын тулд аман тохиролцоо хийгдсэн, мөн Г.Б- нь хууль бус ашиг олж байгаагаа ухамсарлан ойлгож, хээл хахууль авахыг хүссэн болох нь дээрх гэмт хэргийг зуучилсан гэрч О.Оюунцэцэгийн мэдүүлэг мөн түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд Г.Б- нь сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ “...манай гэрт Оюунцэцэг дагуулж ирээд ажилд оруулмаар байна гэж хэлсэн юм. Тэр үед хүний нөөцийн мэргэжилтний орон тоо байсан юм. Манай гэрт ирээд уулзахад нь хүний нөөцийн мэргэжилтэн учраас компаний захиралтай уулзаж байж шийднэ гэж хэлээд гаргасан. Тэгээд удалгүй М- манай ажилд дээр ирээд хүний нөөцийн ажилд ормоор байна гээд байхаар нь чи тэгвэл мөнгө өгөө, би чамайг ажилд авахын тулд хот явж нилээн хөөцөлдөж байж авна гэсэн чинь “хамаагүй болно” гэсэн. Би М-ээс нийт 2.000.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг болон дээрх яллагдагчийн мэдүүлэг гэрч болон Ч.Батжаргал, Ж.Равдандорж нарын мэдүүлгээр давхар нотлогддог.

Анхан шатны шүүх Г.Б-, П.М- нарын дээрх үйлдэл хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн боловч шүүгдэгч Г.Б- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ гэмт хэргийн эх сурвалжаа заасан дээрх яллагдагчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад хөндлөнгийн гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байхад шүүх дүгнэлтэндээ гэрч О.Оюунцэцэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-ын өгсөн мэдүүлгийг үндэслэл болгосон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй шийдвэр байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т зааснаар тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Яндаг тайлбар, дүгнэлтдээ:

“...Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.М- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би мөрдөн байцаагчид яаж ажилд орсон талаараа үнэнийг хэлж байхад намайг “хийсэн хэргээ хүлээ, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана” гэхээр нь би үнэнээр нь явна, би Г.Б- даргад мөнгө өгөөгүй гэж хэлсэн. Гэтэл чи ганцаараа хэргээ хүлээгээгүй учраас ингээд яваарай гэж хэлж байсан” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хэргийн зүйлчлэлийг өөрчилж, гэрч нарыг дахин байцааж, хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаах нь зүйтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Г.Б- нь 75 хоног цагдан хоригдсон. Г.Б-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 181 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт ”...шүүгдэгч Г.Б- нь Цахилгаан дамжуулах үндсэний сүлжээ ТӨХК-ний Төвийн бүсийн салбарын даргаар ажиллаж байхдаа иргэн П.М-ийг Захиргаа аж ахуйн албанд хүний нөөцийн ажилд авна гэж урьдчилан амлаж 2.000.000 төгрөг хээл хахуульд авсан нь ...хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсан байна.” гэж дүгнэсний дараа “...Г.Б- нь П.М-ээс 2 сая төгрөг авсан, П.М- Г.Б-од 2 сая төгрөг өгсөн гэх үйлдэл нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна...” гэж хоёр өөр дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх” шаардлагыг хангаагүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Б- иргэн н.Наранхүүг залилан мэхлэж 300.000 төгрөг авсан, байгууллагын өмч болох 100 литр трансформатрын тосыг хувьдаа завшиж 600.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл холбогдлуудыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн үндэслэлээр 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 60 тоот тогтоол гарчээ. Прокурор болон шүүхээс гэм буруутай этгээдийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгохдоо гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэрхэн барагдуулсан тухай тогтоолдоо үндэслэлийг зааж өгөөгүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.4 дэх  хэсгийг зөрчсөн байна.

Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож байх тул улсын яллагчийн эсэргүүцэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 320 дугаар зүйлийн 320.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Б-, П.М- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай

2. Г.Б-од урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээ болон, П.М-т бусдын батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                               ДАРГАЛАГЧ                                                    Я.ТУУЛ

                                                   ШҮҮГЧИД                                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                         Б.МАНЛАЙБААТАР