Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 14

 

Л.Батхуягт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                     

          Прокурор А.Нямсүрэн,

          Ялтан Л.Батхуягийн өмгөөлөгч А.Ганбат,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Г.Буяннэмэх, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Л.Батхуяг, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар 2094 0162 дугаартай Л.Батхуягт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Гал омог овгийн Лхагвасүрэнгийн Батхуяг, 1973 оны 11 дүгээр сарын 23-нд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Хангамжийн 30 дугаар байрны 4 тоотод оршин суух,

2002 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 262 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ХЕ73112372/,

Л.Батхуяг нь согтуугаар 2009 оны 2 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Баруун тасганы А1-2 тоот буюу хохирогчийн гэрт, С.Бямбадоржийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, эхнэртэйгээ хардаж, өс хонзонгийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар зодож, түүний бие махбодид их тархины баруун тал бөмбөлгийн зулай дагзны дэлбэн, 3, 4 дүгээр ховдлын орчмын тархины эдийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулай, зүүн тал бөмбөлгийн чамархай дагзны дэлбэн хамарсан зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, их тархины тал бөмбөлгийн дух, чамархай, дагз, зулайн гадна хэсэг хамарсан, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны хэсэг дэх хатуу хальсны доорх цусан хураа, дух, зүүн хөмсөгт няцралт, баруун хөмсөг, 2 нүдний зовхи, баруун зүүн хацар, шанаа, хамар амны эргэн тойрон, зүүн хацар, шанаа, эрүүний доод хэсгийг хамарсан цээжний баруун хэсэг, хавирганы нум, баруун шуу бугалганд цус хуралт бүхий олон тооны шарх гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.Батхуягт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Батхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллагдагчаар татсаныг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон өөрчилж, Л.Батхуягийг бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 608 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхжаргал нь хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 хөлтэй сандлыг устгахаар шийдвэрлэжээ.

Ялтан Л.Батхуяг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Миний бие 2009 оны 2 дугаар сарын 3-ны өдөр гэртээ унтаж байхад өглөө 09 цагийн үед хаалга тогшиж Б.Алтангэрэл “шартаж үхлээ” гэсээр орж ирсэн. Тэгээд бид хоёрын өчигдөр ууж байсан архины үлдэгдлийг хувааж уугаад бид хоёрыг босгож манайд очиж архи ууя гээд дагуулаад гарсан. Бид 3 дэлгүүрээс 1 шил архи аваад Б.Алтангэрэлийнд очиход С.Бямбадорж ах гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид гурав авч очсон архиа задлаад бид дөрөв хамт уугаад дууссан чинь Б.Алтангэрэл, Ц.Цожинай нар хамт архинд гарсан. С.Бямбадорж ах бид хоёр гэрт үлдсэн чинь С.Бямбадорж ах надад “наад Б.Алтангэрэл чинь гэрээс хулгай хийгээд байх юм аа. Миний алтан гадас одонг минь зарчихсан юм уу, яасан юм алга болгочихсон олдохгүй юм. Надад агсан, согтуу тавиад зодож алчих гээд байх юм. Нэг л өдөр энэ хүүхэд намайг ална. Эсвэл миний гарт үхэж гай болох гээд байгаа юм” гэж байтал гаднаас Б.Алтангэрэл, Ц.Цожинай нар нэг шил архи, нэг ундаа барьсаар орж ирсэн. Тэгээд бид дөрөв авчирсан архиа ууж дуусаад дахин “архи ууя” гэж С.Бямбадорж ах хэлэхээр нь би ганцаараа архинд явсан бөгөөд нөгөө гурав гэрт үлдсэн. Би архинд 10 минут яваад ирэх замдаа байшингаа хэтрээд цонхоор хартал Б.Алтангэрэл орон дээр хэвтэж байсан. С.Бямбадорж ах, Ц.Цожинай хоёр газар сууж байсан. Би байшин тойрч ороход С.Бямбадорж ах хаалга онгойлгож өгсөн. Би тэгэхлээр нь С.Бямбадорж ахад “авгай битгий оролдоод байгаарай” гэсэн чинь С.Бямбадорж ах “за битгий маазраад бай” гээд тоглоом болгоод л өнгөрсөн. Тэгээд Б.Алтангэрэлийг сэрээгээд архи уух гэж байхад С.Бямбадорж “энэ нэг юм архи задлаад аягалчихгүй, миний хүүхэд биш хоноцын хүүхэд шиг хүнийрхээд байдаг юм шүү” гэхэд Б.Алтангэрэл уурлаад аавлуугаа давшлаад байсан. Би тэгэхээр нь болиулаад байж байтал гаднаас Б.Цогжавхлан, Э.Батболд нар согтуу орж ирсэн. Тэгээд бид зургаа нийлж ууж байтал С.Бямбадорж ах “би орой ажилтай” гээд унтаад өгсөн. Жаахан байж байгаад Б.Цогжавхлан “би одоо болсон, архи уухгүй” гээд С.Бямбадорж ахын орон дээр хажуугаар нь буюу урд талаар нь ороод хэвтээд өгсөн. Тэгж байтал Б.Алтангэрэл зурагтын хажуугаар толгойгоо үүд рүү харуулаад унтаад өгсөн. Би архи уухгүй байсан чинь Э.Батболд “би ч гэсэн” гээд Б.Алтангэрэлийн хажуугаар толгойгоо цонх руу харуулаад хэвтсэн. Тэгээд би Ц.Цожинайг дагуулаад тэднийхээс 16 цаг 50 минутын үед гарахад С.Бямбадорж ах, Б.Алтангэрэл, Э.Батболд, Б.Цогжавхлан нар үлдсэн. Бид хоёрыг 2 дугаар 40 мянгатад гэртээ орж ирэхэд 17 цаг 20 минут болж байсан. Ээж минь хоолоо бэлтгэж байсан. Тэгээд бид хоёр гэрээс гаралгүй байж байгаад хоолоо идээд унтаж амарсан.

Хоёр. Б.Цогжавхлан гэрчээр “Э.Батболд бид хоёрыг гаднаас согтуу орж ирэхэд Бямбаа ахынд Л.Батхуяг, Ц.Цожинай, Б.Алтангэрэл, С.Бямбадорж ах, энэ дөрөв архи ууж байсан. Би талийгаачийн орон дээр цуг унтаж байсан. Бид хоёрыг гарахад Бямбаа ах өндийж хараад үлдсэн. Э.Батболд бид хоёрыг явахад царай зүс нь зүгээр байсан” гэж мэдүүлсэн.

Гурав. Гэрч С.Алимаа “19 цагийн үед айлуудаар орж цахилгааны мөнгө авах гээд С.Бямбадорж гуайнд ороход С.Бямбадорж гуай орон дээрээ дээш хараад хэвтэж байсан. Б.Алтангэрэл нилээн ууртай маягтай “аав архи уугаад ажил дээрээ хүнд зодуулсан байна” гэж хэлсэн. Талийгаачийн нүүрэн дээр алчуур тавьчихсан байсан. Тэгэхлээр нь би татаж чангааж сэрээгээгүй. Талийгаачийн гэр байдгаараа л цэвэрхэн цус, нөж харагдаагүй. Б.Алтангэрэл эрүүл шахуу байсан” гэж мэдүүлсэн.

Дөрөв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжаргал “намайг 20 цагийн үед гэртээ орж ирэхэд аавын нүүр ам аймаар хөх, няц болчихсон, мөн гэр нь ундуй, сундуй болчихсон, жижиг модон сандал хугарчихсан, аавын нүүрнээс цус гарчихсан. Тэр цусыг нь ах гар нүүрийн алчуураар арчаад, мөн газар дуссан цусыг тэр алчуураар арчиж байсан. Аавын нүүрэн дээр модоор цохигдсон ором гарч, зүсэгдсэн хэсгээр нь цус гоожиж байсан. Мөн Б.Алтангэрэл ах өмнө нь аавыг зодож байсан” гэж мэдүүлсэн.

Иймд дээрх шалтгааны учир холбогдол, үйл явдлуудын цаг хугацааны зөрүү болон Б.Цогжавхлан, Б.Энхжаргал нарын мэдүүлэг өөрчлөгдөж байгааг нарийвчлан шалгаж, тогтоолгох хүсэлтэй байгаа тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Ялтан Л.Батхуягийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303, 304 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. 2009 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Л.Батхуяг өөрийн эхнэр гэх Ц.Цожинайгийн хамт хохирогч С.Бямбадоржийнд очиж архи ууж байгаад 16 цаг өнгөрөөгөөд явцгаасан байдаг. Түүнээс хойш хохирогч С.Бямбадорж 19.30 цагийн үед телевизэд “цагийн хүрд” нэвтрүүлэгт зураглаач хийхээр ажил руугаа орох гэтэл телевизийн харуул Д.Мөнхбаяр нь “Та согтуу байна” гэдэг шалтгаанаар оруулаагүй байдаг. Гэрч Д.Мөнхбаяр нь мэдүүлэхдээ “зөвхөн архи үнэртэж байсан хэрнээ нүүр нүд нь ямар ч шарх сорвигүй зүгээр байсан” гэж тодорхой мэдүүлдэг /2-р хх-50/

2. Телевизийн туслах ажилтан Т.Болдбаярыг хохирогч С.Бямбадоржийн гэр лүү очуулж дуудахад эхлээд хаалгаа тайлж өгөөгүй, дахин очиж нилээд хүчтэй хаалгыг балбахад С.Бямбадоржийн хүү Б.Алтангэрэл шанаандаа цус болчихсон хаалгаа тайлаад “аавын бие нь муу байна” гэж хэлээд хаалгаа түгжсэн байдаг. Энэ талаар гэрч Т.Болдбаяр тодорхой мэдүүлдэг. /1-р хх-52, 2-р хх-54/

3. Байр хөлслүүлэгч: С.Алимаа гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “2009 оны 2 дугаар сарын 3-ны орой С.Бямбадоржийнд цахилгааны мөнгө нэхэх санаатай ороход гэр нь ундуй, сундуй болсон, түүний хүү хувинтай ус тавчихсан шалаа цэвэрлээд нилээд согтуу байсан, С.Бямбадорж гуай орон дээрээ баруун шанаан дээрээ нойтон алчуураар жин тавиад бие нь нийлээд муу байгаа бололтой хэвтэж байсан. Хүү Б.Алтангэрэл нь нилээд ууртай шинжтэй, аав хүнд зодуулчихсан байна гэж байсан” гэж мэдүүлдэг. /2-р хх-202-203/

4. Тухайн үед буюу хэрэг гардаг 2009 оны 2 дугаар сард миний үйлчлүүлэгч Л.Батхуяг нь 2008 оны 10 дугаар сард автомашины аваарт орж удаан хугацаагаар гэмтлийн эмнэлэгт хэвтэж 3 удаа мах, арьс, булчин нөхөх хагалгаанд орж сайн эдгэрээгүй боолттой байсан байдаг. Ийм боолттой байсан болохоор хохирогч С.Бямбадоржийг үхэлд хүртэл нь зодсон гэдэгт эргэлзээ төрж байна.

Эдгээр мэдүүлгүүдээс болон хэргийн бодит байдлуудаас харахад уг гэмт хэргийг чухам Л.Батхуяг үйлдсэн гэж хөдөлбөргүйгээр тогтоосон гэдэгт эргэлзээ төрж байгаа юм. Энэхүү эргэлзээ төрсөн тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэв.

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Л.Батхуяг нь талийгаач С.Бямбадоржийг санаатай алсан болох нь гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

           Анхан шатны шүүх нь “…Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Батхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт тус тус зааснаар өс хонзонгийн улмаас онц харгис хэрцгий аргаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг далимдуулан алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, “...Шүүгдэгч Л.Батхуяг нь өс хонзонгийн улмаас онц харгис хэрцгий аргаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг далимдуулан алсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Хохирогч С.Бямбадорж нь Л.Батхуягийн эхнэр Ц.Цожинайтай хамт нэг оронд хэвтэж байхыг шүүгдэгч цонхоор харсны улмаас эхнэр Ц.Цожинайг талийгаач С.Бямбадоржтой хардаж зодсон байна. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй…” гэх тодорхойгүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна.

          Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт болон шүүхийн шийдвэрийн үндэслэлийг бичих ба нотлох баримтыг шинжлэн судалсан байдал, нотлогдсон гэж үзсэн гэмт үйлдлийг бүрэн тусган бичих хуулийн заалттай.

          Шийтгэх тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй бөгөөд зөвхөн хөдөлбөргүй нотлох баримтад тулгуурласан байх ёстой.

          Шүүх нь тухайн шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход үндэслэл болгосон нотлох баримтуудыг заах үүрэгтэй.

          Анхан шатны шүүхээс ямар, ямар нотлох баримтуудыг үндэслэн тухайн хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь ойлгомжгүй байна.

          Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх ба прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан яллах талын нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг үгүйсгэж, няцаасан дүгнэлт өгөлгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Батхуягт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Батхуягт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

          2. Хэрэг шүүхэд очтол Л.Батхуягт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

      3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР                      

                                   ШҮҮГЧИД                                                        Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ