Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 014

 

Х.Аманбект  холбогдох 
эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10  дугаар сарын 21-ний өдрийн 9 дугаартай  шүүхийн тогтоолтой, Х.Аманбект холбогдох эрүүгийн 201604000126 дугаартай хэргийг  прокурорын эсэргүүцлийг  үндэслэн, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Айдынгүл, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд,  прокурор М.Отгонжаргал нар оролцов.

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1977 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 39 настай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, БА77120170 регистрийн дугаартай, Ители овогт Хавилхахын Аманбек нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авна, 21.7-д хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд/ суулгаж явахыг зөвшөөрнө гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 40-98 БӨА улсын дугаартай Зил-130 маркийн ачааны автомашин жолоодон явж байгаад Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1-р багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийн тэвшин дэх ачаан дээр сууж явсан Т.Нурсауле, Х.Хыргауыл, А.Лашын нарын амь нас хохирсон, Б.Рысбекийн биеп хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Хавилхахын Аманбект холбогдох эрүүгийн 201604000126 дугаартай хавтаст хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцаасугай.” гэж шийдвэрлэжээ. 
    Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд: Шүүх шүүгдэгч Х.Аманбект холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:    Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдсон байхад үндэслэлгүйгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан үндэслэлээ шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэхдээ:
    “Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотлогдвол зохих асуудлуудыг бүрэн хангаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал, яаж үйлдсэн болон бусад байдал”, мөн хуулийн 80.1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг бүрэн тогтоогоогүй байна.” гэж үзээд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ахлах дэслэгч А.Мырзабекийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд:
    1. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Мэндбаярын 2016 оны 06 сарын 06-ны өдрийн гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна.
    2. Жолооч Х.Аманбек нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Үүнд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.7-д заасан “Хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд/ суулгаж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчиж ачаан дээр хүн суулгаж явсан. “3ил-130” маркийн 40-98 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл осолд орох үед ямар хурдтай явж байсныг тогтоох боломжгүй. “Зил-130” маркын 40-98 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч тухайн нөхцөлд тулгарсан үед машиныг бүрэн зогсоож ослоос зайлж болох байсан. Осолд хүргэсэн шууд шалтгаан нь тээврийн хэрэгслийн руль гацсанаас болсон байна /хх-ийн 91-р хуудас/
    Тэгвэл 2016 оны 06 сарын 06-ны өдрийн зам тээврийн ослын актад уг осол гарсан шалтгаан нөхцөлийг огт дурдаагүй бөгөөд зам тээврийн осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг нь ойлгомжгүй хангалтгүй хийгдсэн байна.
    Харин 2016 оны 06 сарын 08-ны өдрийн дүгнэлт гэсэн хэсэгт хэрэгт авагдсан баримтаар 1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авна. 2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8.а-д зааснаар тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно. 3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8.6-д зааснаар тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна.”/хх-ийн 12-р хуудас/
    Анх хэргийн газар очиж ослын акт гаргасан замын цагдаагийн зохицуулагч, дэслэгч Б.Мэндбаярын дүгнэлтээр шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9-р зүйлийн 9.2, 21-р зүйлийн 21.8.а, 21.8.6-д заасан заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байхад шинжээч МУ-ын ЗХД-ийн 9.2, 21.7-г зөрчсөн гэж дүгнэжээ. Эндээс замын хөдөлгөөний дүрмийн аль заалт зөрчсөн нь эргэлзээ төрүүлэхээр байна.
    Шинжээч осолд хүргэсэн шууд шалтгаан нь тээврийн хэрэгслийн руль гацсанаас болсон байна гэж бичжээ. Энэ замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл заалт зөрчсөн эсэх нь тодорхойгүй, уг гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь ЗХД-ын 9.2, 21.7-    г зөрчсөнөөс болсон уу, эсвэл руль гацсанаас болсон уу гэдгийг нарийвчлан тогтоох, мөн зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зургийг тодорхой болгох шаардлагатай байна.
    Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 273 дугаар зүйлд заасны дагуу зам тээврийн ослын шалтгаан, нөхцөлийг тогтоох шинжилгээг дахин хийлгэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ” гэжээ.
    1. Зам тээврийн ослын актад осол гарсан шалтгаан нөхцөлийг заавал бичих хуулийн заалт байхгүй бөгөөд уг ослын актыг замын цагдаагийн зохицуулагч, дэслэгч Б.Мэндбаяр үйлдсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 22 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоох, түүнийг арилгуулах арга хэмжээ авах үүргийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид үүрэг болгосон байдаг.
    Осол гарсан тэр даруйд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг шууд тогтоох боломжгүй бөгөөд энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үед гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг осол болох үед тээврийн хэрэгслээр зорчиж явсан хүмүүсийг байцааж, техникийн болон зам тээврийн ослын шалтгаан тогтоох шинжилгээнүүд хийлгэж, бүх талаас бүрэн бодитой шалгаж тогтоосон байгаа.
    2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т зааснаар Шүүхийн тогтоол нь тодорхой ойлгомжтой бичигдсэн байх ёстой. Гэтэл шүүх тогтоолдоо “Зам тээврийн осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг нь ойлгомжгүй, хангалтгүй хийгдсэн байна. ... зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зургийг тодорхой болгох шаардлагатай байна” гэсэн мөртлөө хэмжилтийн бүдүүвч зургийн яг юу нь, аль хэсэг нь яагаад ойлгогдохгүй байгаа, хангалтгүй хийгдсэн гэдэг нь ямар учиртай, яагаад хангалтгүй хийгдсэн гэж үзсэн, тухайн хэмжилтийн зургийг ойлгомжтой, хангалттай, тодорхой болгоно гэхээр ямар ажиллагаа хийх тухай үндэслэлээ шүүх өөрөө тодорхой үндэслэлтэй бичээгүй байна.
    Нөгөө талаас зам тээврийн ослын газарт хийгдсэн хэмжилтийн бүдүүвч зургийг хэргийн газарт үзлэг хийх үед үйлдсэн ба хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд зам тээврийн осол гарсан тухайн үеийн байдлыг нэг бүрчлэн тодорхой бичсэн байдаг. Хэрэв шүүх бүдүүвч зургийг ойлгож чадахгүй байсан бол хэргийн үзлэгийн тэмдэглэл үзлэгийн явцад бэхжүүлж авсан фото зураг, гэрч хохирогч нарын мэдүүлэг зэргээс осол болсон газрын замын байдал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэл зэргийг ойлгож мэдэх бүрэн боломжтой юм.
    3. Энэ хэрэгт Замын хөдөлгөөний зохицуулагч Б.Мэндбаяр нь ослын акт үйлдсэн ба шинжээчээр томилогдож дүгнэлт гаргаагүй байдаг. Тэрээр ослын актынхаа дүгнэлт хэсэгт жолооч Х.Аманбекийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9-р зүйлийн 9.2, 21-р зүйлийн 21.8.а, 21.8.6-д заасан заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байдаг. Харин мөрдөн байцаалтын шатанд шинжээчээр томилогдсон шинжээч А.Мырзабек нь жолооч Х.Аманбекийг МУ-ын ЗХД-ийн 9.2, 21.7-г зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд түүний энэхүү дүгнэлт нь өөр бусад шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдээгүй байхад шүүх хоёр шинжээчийн дүгнэлт хоорондоо зөрсөн мэтээр өрөөсгөл дүгнэлт хийж шинжээчийн дүгнэлтийг үндэслэл муутай, эргэлзээтэй гэсэн нь буруу юм.
    Мөн шинжээч А.Мырзабекийг шүүх хуралд оролцуулж гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг тайлбарлан өгч, шинжээчээр байцаагдсан ба тэрээр ослын акт үйлдсэн Б.Мэндбаярын дүгнэлтийн 9.2-ийг зөрчсөн гэсэн заалт нь зөв учраас хүлээн зөвшөөрнө. Харин 21.8.а, 21.8.6-г зөрчсөн гэсэн заалт нь буруу юм. Энэ нь огт хүн тээвэрлэхэд зориулагдаагүй хэсэг буюу тээврийн хэрэгслийн кабин, хоншоор, капуд гэх мэт хэсэгт хүн суулгаж явахыг ойлгоно, ачааны тээврийн хэрэгсэл учраас 4 хүүхэд тэвшин дээрх ачаан дээр суулгасныг тогтоосон тооноос олон хүн гэж үзэхгүй гэж тайлбарлан өгч, ямар нэгэн эргэлзээгүй болгосон байхад шүүх нотлох баримтыг үнэлэхдээ алдаа гаргасан байна. Өөрөөр хэлбэл дээрх нотлох баримтуудыг үнэлэхдээ нотлох баримтын цогц байдлын тогтвортой байдал, нотолгооны чадварт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэлт өгч чадаагүй байна.
    4. Уг гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь мөрдөн байцаалтын болон шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд бүрэн бодитой тогтоогдсон байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний явцад баруун урд талын сапфны шайбнууд хадагдсан эвдрэлийн улмаас руль гацаж хөдөлгөөнд аюул саад бий болоход жолооч тоормос гишгэх, кардон татаж зогсоох арга хэмжээ авч чадаагүй, мөн ЗХД-ийн 21.7-д заасныг зөрчиж ачаан дээр хүн суулгаж явсны улмаас тээврийн хэрэгсэл онхолдоход хохирогч нар шидэгдэж, ачаанд дарагдаж амь нас эрүүл мэндээрээ хохирсон хор уршигт шууд хүргэсэн шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байхад шүүх үндэслэлгүйгээр шалтгаан нөхцөл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн байна.
    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 273 дугаар зүйлд заасны дагуу зам тээврийн ослын шалтгаан, нөхцөлийг тогтоох шинжилгээг дахин хийлгэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ гэжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 273 дугаар зүйл нь мөн хуулийн 34 дүгээр бүлэгт заасан шүүхийн хэлэлцүүлэг гэсэн бүлэгт хамаарах бөгөөд энэ тохиолдолд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүх өөрөө тогтоол, захирамж гаргаж шинжилгээг нэмж буюу дахин хийлгэх учиртай. Гэтэл шүүх тогтоолдоо ЭБШХ-ийн 273 дугаар зүйлд зааснаар шинжилгээ хийлгэх гэж дүгнэсэн мөртлөө нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шинжилгээ хийлгэх гэсэн нь үндэслэлгүй байна.Нөгөө талаас шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр дахин шинжилгээ хийлгэх бүрэн боломжтой байна
    Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.   
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.
Шүүгдэгч Х.Аманбект Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9 дугаартай “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах” тухай шүүхийн тогтоолоор хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, гэмт хэргийн улмаас хэнд, хэр хэмжээний хохирол, хор уршиг учраад байгаа нь тодорхойгүй, хохирогчоор хэн нэгнийг тогтоогоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал, яаж үйлдсэн болон бусад байдал”, мөн хуулийн 80.1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг бүрэн тогтоогоогүй”, хэргийн талаар нотлогдвол зохих асуудлуудыг бүрэн хангаагүй, хэргийн газар дээр хийсэн  хэмжилтийн бүдүүвч зураг нь ойлгомжгүй, хангалтгүй хийгдсэн, замын хөдөлгөөний дүрмийн аль заалт зөрчсөн нь эргэлзээ төрүүлэхээр байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 273 дугаар зүйлд зааснаар зам тээврийн ослын шалтгаан, нөхцөлийг тогтоох шинжилгээг дахин  хийлгэх зэрэг үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.
Шүүхийн тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.6-д заасан хэргийн талаар нотлогдвол зохих асуудлуудыг бүрэн тогтоогоогүй гэсэн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.6-д заасан үндэслэл хангагдаагүй эсэх талаар мөрдөн байцаалтад буцаасан үндэслэлүүдээ тодорхой дурдаагүй, хэргийн газар дээр хийсэн  хэмжилтийн бүдүүвч зураг нь ойлгомжгүй, хангалтгүй хийгдсэн гэж дүгнэсэн боловч бүдүүвч зургийн юу нь ойлгомжгүй байгаа талаар шүүхийн тогтоолд бичээгүй, хэргийн үзлэгийн тэмдэглэл үзлэгийн явцад бэхжүүлж авсан фото зураг, гэрч хохирогч нарын мэдүүлэг зэргээс осол болсон газрын замын байдал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэл зэрэгт дүгнэлт хийх бүрэн боломжтой байна гэж үзлээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан “шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон”, 20 дугаар зүйлийн 20.1-д  заасан “шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй” гэх нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх үндэслэл байхгүй байна.   
Иймд хэргийг буцаасан үндэслэл нь тодорхойгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзэж шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Х.Аманбект холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь: 

1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Х.Аманбект холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Х.Аманбект урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсүгэй. 

    3. Энэхүү магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 


                       
      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ӨМИРБЕК


        ШҮҮГЧИД                    М.НЯМБАЯР


                                Д.КӨБЕШ