Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 015

 

Т.Жанибект  холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Жанибект холбогдох эрүүгийн 201604000191 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Айдынгүл, шүүгдэгч Т.Жанибек, прокурор Б.Ботакөз, орчуулагч Н.Болатбек нар оролцов.

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1981 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 36 настай, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, БЮ81060715 регистрийн дугаартай, Бахат ахтай овогт Толыхбайн Жанибек нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед хэрүүл маргаан гаргаж, улмаар Н.Сарсенбекийн эрх чөлөөнд халдан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар  шийтгэх тогтоолоор “1. Шүүгдэгч Ахтай овогт Толыхбайн Жанибекийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Т.Жанибект холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ. 

Прокурорын эсэргүүцэлд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Т.Жанибекийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар  түүнд холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.  Учир нь: 
Т.Жанибек нь урд нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн орой 19 цагийн үед Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу “Их булан” гэх газарт иргэн Х.Аманжолыг мөнгөний маргааны улмаас зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулан “Бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. Энэ хэргийг шалгах явцад Т.Жанибек нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч сайн дураараа эвлэрсэн байх тул прокурорын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/122 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй  болгон шийдвэрлэжээ. 
Т.Жанибек дээрхи хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэний дараа Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан  6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, хэрэг нь хэрэгсэхгүй болсноос 20 хоногийн дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед хэрүүл маргаан гаргаж иргэн Н.Сарсенбекийн биед хөнгөн гэмтэл учруулан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 
Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “.....хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, ялгүй болсон, ялгүйд тооцогдсон этгээд гэмт хэрэг шинээр үйлдсэн нь давтан гэмт хэрэг болохгүй ....” гэж заасан учир Т.Жанибекийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Н.Сарсенбекийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  нь “давтан” гэмт хэрэг болохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэж байна. 
Энэ нь дараагийн шинээр үйлдсэн гэмт хэргийг давтан гэмт хэрэг гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл Т.Жанибекийн энэ удаагийн гэмт хэргийг давтан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхгүй гэсэн ойлголт юм. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “...Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн...” гэж заасан учир хэргийг прокурорын шатанд ч эвлэрснээр хэрэгсэхгүй болгож болно. 
Т.Жанибекийн 2016 оны 6 дугаар сарын 15-нд үйлдсэн  хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн тохиолдол бөгөөд дараа нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн хэргийг анх удаа гэж үзэх боломжгүй,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор зохицуулжээ. 
Иймд Т.Жанибек нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэн Н.Сарсенбекийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрч байгаа боловч Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг 2 удаа үйлдсэн тул энэ удаагийн үйлдэлдээ шүүхээс тохирсон ял оногдуулах ёстой. Шүүхээс энэ хэргийг эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Шийтгэх тогтоолд Монгол Улсын Үндсэн хуулийн 16  дугаар зүйлийн 16.14-т “гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан үндэслэл журмаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан “хуульд заасан үндэслэл журмаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн” гэдэгт хамаарч байгаа тул дараагийн шинээр үйлдсэн хэргийг шууд анх удаа үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй юм. 
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн  анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичлээ.”  гэжээ.

Прокурорын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: Т.Жанибек нь 2016.08.12-ны өдөр Өлгий сумын 9 дүгээр багийн оршин суугч Н.Сарсенбекийг ямаа өгсөнгүй гэсэн шалтгаанаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэргийг Баян-Өлгий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.10-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Шүүхийн энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцлийн хамгийн гол санаа нь цаашид энэ гэмт хэрэгтэн Т.Жанибек нь нэг сарын дараа, хоёр сарын дараа дахин дахин хүн зодоод эвлэрээд байж болох юм байна гэсэн хууль зүйн гаргалгаа гаргаж ирж байгаа юм. Энэ нь Эрүүгийн хуулийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмуудыг зөрчиж байгаа. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байгаа. Иймт Т.Жанибек нь энэ удаагийн үйлдэлдээ заавал ял шийтгүүлэх ёстой гэсэн үндэслэлээр эсэргүүцлээ дэмжиж байна. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:

    Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна. 

Прокурорын эсэргүүцэлд: Шүүгдэгч Т.Жанибек нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэн Х.Аманжолыг зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогч нь ялагдагчийг уучилж, хоорондоо сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр 2016  оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5/122 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад анхан шатны шүүх түүний 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэн Н.Сарсенбекийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Гэтэл шүүгдэгч Т.Жанибекийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэн Х.Аманжолыг зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь 2016  оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/122 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсноор дуусгавар болсон байна.
 Өөрөө хэлбэл 2016  оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5/122 дугаартай прокурорын тогтоолыг хохирогч болон бусад этгээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5-д зааснаар 7 хоногийн дотор прокурорт гомдол гаргаагүй тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох юм.

Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсноор Т.Жанибекийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэн Х.Аманжолыг зодож түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Учир нь хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол нь Т.Жанибек нь Х.Аманжолыг зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн эрх зүйн харилцааг буюу хууль зүйн фактыг дуусгавар болгосон байна.
Иймд түүний өмнөх хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол нь Т.Жанибекийн  2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэн Н.Сарсенбекийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг нь “давтан” гэж үзэх, эсхүл “анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байх” хууль зүйн үр дагавар үүсгэхгүй юм.  

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Жанибект холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүгдэгч Т.Жанибекийг Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөөгүй байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүулийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь: 

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,  Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208 дугаар зүйлийн 208.1.3.-т зааснаар шүүгдэгч Т.Жанибект холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг  “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3.-т зааснаар шүүгдэгч Т.Жанибект холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.-т зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
                                   

 

 


                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК


                        ШҮҮГЧИД                                  М.НЯМБАЯР 
                                                                                              
                                                                                              
                                                                                               Д.КӨБЕШ