Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 555

 

С.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 574 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр магадлалтай, С.Г-д холбогдох 1908040970470 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ц овогт С-ийн Г.

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхээс өмнөх тогтоолоос эдлээгүй ялын 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хорих ялаар биечлэн эдлэх ялыг тогтоосон, 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хугацаа дуусч суллагдсан.

С.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гантулгын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 24 (хорин дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ас 1.229.900 (нэг сая хоёр зуун хорин есөн мянга есөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч нь “Юнайтед евро трак” ХХК буюу төлөөлөгч Э.Болдбаатарт олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Т гаргасан гомдолдоо “... Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч С.Гантулгын гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцсон билээ. Шүүгдэгч С.Г- нь 100 литр түлшийг хулгайлан авсан гэдгээ мэдүүлсэн бөгөөд нь хэрэг болсон гэх тухайн хашаанд нийт 5 ширхэг ачааны автомашин байсан ба уг тээврийн хэрэгслүүдэд хохирогчийн мэдүүлээд байгаачлан 1.300 литр дизель түлш байсан нь гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар тогтоогдоод байгаа нь тодорхойгүй байхад шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан.

Гэвч хавтаст хэрэг авагдсан баримтуудаар 1.300 литр түлш байсан эсэх ньтодорхойгүй, хашаанд байсан тээврийн хэрэгслүүдэд нийт 1.300 литр дизель түлш байхболомжтой эсхүл байсан гэдгийг тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж, тогтоогоогүй байхад шүүгдэгч С.Гантулгын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж, хорих ял оногдуулж байгаад гомдолтой байна.

Мөн шүүх хуралдаанд оролцох эрх бүхий субъектүүдийн гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан судлалгүй, шүүх хуралдаанаар тогтоогдсон зарим үйл баримтад дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч С.Гантулгыг бусдын эдхөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай огт нийцэхгүй байна.

Хохирогч Э.Болдбаатар нь 1.300 л дизель түлш алдагдсан талаар мэдүүлдэг. Гэвч шүүгдэгч С.Г- нь “хашаанд байсан тээврийн хэрэгслүүдээс” 100 литр дизель түлш авсан гэж мэдүүлдэг. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх уг үйл баримтад дүгнэлт хийгээгүй, хэрэг болсон гэх тухайн хашаанд нийт 5 ширхэг ачааны автомашин байгаа болох нь хавтаст хэрэг авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр харагддаг, уг 5 ширхэг автомашины дизель түлшээ хадгалдаг сав /банк/-д нийт 1.300 литр түлш байсан эсэхийг тогтоогоогүй.

Өөрөөр хэлбэл тус5 автомашины 1 автомашины банк нь хэдэн литр дизель түлш нөөцлөх боломжтой 5 автомашин бүгд банкиндаа дүүрэн дизель түлштэй байвал хохирогчийн мэдүүлдэг 1 тонн 300 литр түлш байх боломжтой эсэх нь тодорхойгүй үүн дээр мөрдөн шалгах ажиллагаа хийж шалгаж, тогтоогоогүй.

Нөгөөтэйгүүр 1.300 литр дизель түлш тухайн 5 автомашинд байх боломжтой эсэхийг тогтоогоогүй атлаа зөвхөн хохирогчийн мэдүүлгээр 1.300 литр түлш алдагдсан гэж шинжээч томилж, дүгнэлт гаргуулж хохиролд тооцож байгаа нь илтэд үндэслэлгүй. Мөн 1.300 литр буюу 1 тонн 300 литр дизель түлшийг шүүгдэгч С.Г- нь яагаад ч зөөх боломжгүй, энэ хэмжээний түлшийг багтаах сав ч түүнд байхгүй байсан, ийм илтэд боломжгүй, бодит байдалд нийцээгүй, эргэлзээтэй уг үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт огт хийлгүй орхигдуулсан.

Яагаад энэ үйл баримтыг тогтоолгох хүсэлттэй байна вэ? гэвэл хх-ийн 48-51 талд “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019.12.31-ний өдрийн 1533 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан” нотлох баримтаар авагдсан байх ба уг үнэлгээний тайлангаар 1.300 литр түлш алдагдсан гэж үзээд 1 литр тутмыг 2.413 төгрөгөөр үнэлж нийт 3.136.900 /гурвансая нэг зуун гучин зургаан мянга есөн зуу/ төгрөгөөр үнэлсэн байдаг.

Шүүгдэгч С.Г- нь гэм буруугийн талаар маргаагүй, мөн гэмт хэргийн улмаас учирсан шууд үр дагавар болох хохирлыг өөрийн нөөц боломжоо ашиглан нийт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол болох 5.729.900 төгрөгөөс хохирогчид 4.500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байдаг.

Хэрэв хэрэг үйлдэгдсэн гэх газрын хашаанд байсан тухайн 5 тээврийн хэрэгслүүдэд 1.300 литр дизель түлш байх боломжгүй болох нь тогтоогдвол үүнийгээ дагаад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 5.729.900 хохирлын хэмжээ багасах асуудал яригдах юм.

Гэтэл 1.300 литр дизель түлш байсан эсэх нь тодорхойгүй байхад түүнийг байсан мэтээр хохиролд тооцож, хохирлын хэмжээг илтэд нэмэгдүүлэн дүгнэлт гаргуулж, улмаар шүүхээс С.Гантулгыг бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй гэж үзэж хорих ял оногдуулсан нь миний үйлчлүүлэгч С.Гантулгын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Шүүхээс “Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Г- 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд түлш болон бусад эд зүйлсийг хэрхэн нууцаар зөөж, хаана байрлуулж, ямар замаар худалдан борлуулж ашиг олсон талаараа мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул хэргийн үйл баримтыг хангалттай нотлон тогтоосон гэж үзнэ” гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл ЭХХШТХ-д заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй хэрнээ шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Гэтэл дээрх шүүхийн үндэслэл болгож буй дүгнэлтэд заасан баримтууд нь шүүгдэгч С.Г- нь хулгайлсан эд зүйлээ хэрхэн зөөсөн, худалдан борлуулсан талаарх асуудлыг нотолж байгаа болохоос 1.300 литр дизель түлш байсан гэдгийг нотолсон гэж үзэх үндэслэлгүй, үүнийг тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй гэдгийг шүүх онцгой анхаарч үзээсэй гэж хүсч байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Г- нь тус компанид ажил олгогчтой аман хэлцэл хийсний дагуу манаачаар орж тухайн компанийн эд хөрөнгийг хариуцаж байх хугацаандаа “эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй. Хэргийн үйл баримтын тухайд хавтаст хэрэгт авагдсан баримтаар 1.300 литр түлшийг зөөсөн болох нь шүүгдэгчийн тогтвортой өгсөн мэдүүлгээр тогтоогдсон буюу хэргийн үйл баримтын хувьд эргэлзээ байхгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Т-ын гаргасан гомдлыг үндэслэн С.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос яллагдагч С.Г-ыг 2019 оны 8 дугаар сарын 02-ны орой  22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ автомашины худалдааны цогцолборын зүүн талд байрлах “Юнайтед евро трак” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байхдаа хохирогч Э.Болдбаатарын эзэмшлийн аккумулятор, шахдаг хөөс, усны сав, түлш зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, 5.729.900 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч С.Г-аас 1.229.900 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Болдбаатарт олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.

Ийнхүү үүрэг хүлээсэн байдгаараа хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн субъектээс ялгагддаг бөгөөд энэ хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасдаж бусдад өгч үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхитэй үйлдлээр илэрнэ.

Хэрэгт авагдсан баримтаар үзвэл шүүгдэгч С.Г- нь “Их эрэлийн эзэд” ХХК-ийн захирал Э.Б-тай манаачаар ажилд орохоор тохиролцсон бөгөөд энэ нь эрх бүхий этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн бөгөөд С.Г- нь бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн зохих этгээд мөн тул түүний дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж бүрэлдэхүүн үзлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлтийг хийхдээ шүүхийн шийдвэрт нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх шалтгаан болсныг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрүүгийн хариуцлагын талаар дахин авч үзсэн ба  хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Т нь “... 1.300 литр түлш байсан эсэхийг бүрэн тогтоогоогүй...” гэх гомдлыг гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Г- нь тухайн түлшийг яаж авч, хэрхэн зөөсөн, хаана борлуулж ашиг олсноо мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон байх ба хохирлын талаар ямар нэгэн маргаан гаргаагүй, хохирлын мөнгө болох 5.729.900 төгрөгийг хүлээн зөвшөөрч үүнээс 4.500.000 төгрөгийг нөхөн төлсөн байдлаас дүгнэхэд өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тохиолдолд хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхгүй болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Т-ын шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалгахаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 574 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр магадлалд “Ц овогт С-гийн Г-ыг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ыг 1 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                  С.БАТДЭЛГЭР

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН