Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 814

 

 

                                                                                        

 

 

 

 

 

Э.Сүхбаатарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

ялтан Э.Сүхбаатар /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батсуурь даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Сүхбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Сүхбаатарт холбогдох 201625012279 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Энхтайваны Сүхбаатар, 1994 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1778 тоотод оршин суудаг,

2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 4 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлснийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлэх ялаас 2 жилийг хорих ялыг өршөөн хасч, үлдэх ялаа биечлэн эдэлж 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: СУ94081017/,

Э.Сүхбаатар нь урьд дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байх хугацаандаа 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 30 дугаар байрны ил зогсоолд байрлуулсан мөнгөлөг саарал өнгийн 54-01 УНЛ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын автомашины жижиг гурвалжин шилийг хагалан багаажинд байсан хэвлэх тоног төхөөрөмжийн сэлбэг, автомашины багаж, хэрэгсэл зэргийг хулгайлж бусдад 2.222.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Э.Сүхбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Э.Сүхбаатарыг урьд дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Э.Сүхбаатарт 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Э.Сүхбаатарт оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Э.Сүхбаатарыг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сүхбаатараас 2.222.050 төгрөг гаргуулж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын Ус сувгийн 30-4 тоотод оршин суух Дашням овогтой Даштөмөр /РД:УК65082630/-т олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Сүхбаатарын цагдан хоригдсон 145 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, тогтоол биелүүлэх хүртэл Э.Сүхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Э.Сүхбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 238 тоот тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Э.Сүхбаатар миний бие нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 гэдэг зүйл ангиар шалгагдаж хэргээ үнэн зөвөөр хүлээсэн. Гэтэл Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурор Сайнбаяр миний хэргийг уулгалан гэх зүйл анги өгч 2016 оны 11 дүгээр сарын 14-нд 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял өгсөн. Үүнийг би ойлгохгүй байна. Учир нь миний бие өмнө нь дээрмийн гэмт хэрэгт холбогдож 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс 3 жил 5 сарын хорих ял авсан. Энэ ялыг Ардчилсан парламенттай болсны 25 жилийн ойн өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийг өршөөж үлдсэн хугацааг биеэр эдлэж дуусгаж гарсан. Миний бие энэ хэргийн хохирол болох хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тухай миний өмгөөлөгч болох У.Сайнбилэг анхан шатны шүүхэд мэдүүлсэн. Гэтэл Сайнбаяр прокурор ахин шалгах боломжгүй гэсэн. Энэ хохирол болох зүйлийг би өөрийн ашиг сонирхолд хэрэглээгүй болно. Гэрч Билгүүний мэдүүлгээр энэ бүх хохирлыг гэрч Билгүүн өөртөө завшсан болно. Иймд надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү…” гэв.

Ялтны өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Э.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгээр зүйлчилсэн. Хохирлын үнэлгээ бодитой хийсэн эсэх нь эргэлзээтэй байсан. Гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс хулгайн эд зүйлийг зарах гэсэн боловч ашиглаад дууссан принтерийн хор байна гэхээр нь хог дээр хаясан гэдэг. Анхан шатны шүүхийн шатанд хохирлын үнэлгээний талаар санал гаргасан боловч хүлээж аваагүй. Э.Сүхбаатар онц хүнд гэмт хэрэг үйлдээгүй. Ялтай байхдаа гэмт хэрэг үйлдээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгээр зүйлчлэгдсэн учраас дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна…” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд хохирлын үнэлгээтэй холбоотой асуудлаар анх 3.000.000 гаруй төгрөг гэж гаргаад дахин давтан үнэлгээ хийлгэж, хохирогчоос нэг бүрчлэн байцаалт аваад үнэлгээг гаргахад 2.222.050 төгрөг болсон. Мөрдөн байцаалтын шатанд шаардлагатай ажлыг хийгээд бодит хохирлыг тогтоосон. Э.Сүхбаатар дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байх хугацаандаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгээр зүйлчлэгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж, ялтан Э.Сүхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Э.Сүхбаатар нь урьд дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 30 дугаар байрны ил зогсоолд байрлуулсан мөнгөлөг саарал өнгийн 54-01 УНЛ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын автомашины жижиг гурвалжин шилийг хагалан багаажинд байсан хэвлэх тоног төхөөрөмжийн сэлбэг, автомашины багаж, хэрэгсэл зэргийг хулгайлж бусдад 2.222.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Даштөмөрийн “...2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 30 дугаар байрны гадна цонхны доор 54-01 УНЛ улсын дугаартай “Тоёота королла” загварын автомашинаа тавьсан. Маргааш нь 09 цагийн үед манай хөрш утсаар яриад “танай машинд хулгай орсон байна, багааж нь онгорхой байна” гэсэн юм. Ингээд би цагдаад дуудлага өгсөн. Миний автомашины багаажинд байсан 7-8 ширхэг 220 мл принтерийн хор, 2 ширхэг хор нь дүүрэн байсан. Бусад нь хоосон байсан. Яагаад хоосон сав авч явж байсан гэхээр худалдан авсан газартаа буцааж савыг нь өгөөд эргүүлэн шинэ хор авдаг юм. Принтерийн дүрсний хуучин хэрэглэж байсан булнууд байсан. Принтер засахдаа хуучин булыг тавьж эвдрэл гэмтлийг тодорхойлдог. Хуучин 8 ширхэг бул байсан. Нэг том бул гадна талын тусгай савтай байсан. Булнууд харилцан адилгүй хэмжээтэй байдаг. Бусад эд зүйл нь платнууд байгаа юм. Захиалгаар Америк, Хятад улсуудаас авч ашигладаг юм. Хохирлын тооцоо үнэн зөв гаргаж өгсөн …” /хх-17/,

“…Автомашинд байсан HP design jet плоттерийн сэлбэг, хард дисктэй форматор, 290.000 төгрөг, толгойны палат, 78.000 төгрөг, толгойны ремень, 2 ширхэг 140.000 төгрөг, сүлжээний палат, 85.000 төгрөг, цаасны хутга нэг ширхэг, хуучин 178.000 төгрөг, улаан өнгийн инк 72.000 төгрөг, 72 толгой 6 ширхэг 100.000 төгрөг, карийн 270.000 төгрөг, толгой цэвэрлэх хэрэгсэл 44.000 төгрөг, инкүүд ашиглаж байсан, 80.000 төгрөг, канон ай эр 23 20 засварын хувилагч машины эд ангиуд, удирдлагын палат ком 100.000 төгрөг, тэжээлийн палат 40.000 төгрөг, процессийн палат 150.000 төгрөг, хорны соронзон бултай катереж 100.000 төгрөг, дүрсний бул ашиглаж байсан 40.000 төгрөг, хэвлэлийн дуплют ди пи 435 сэлбэгүүд, том бор араанууд 140.000 төгрөг, жижиг цагаан араанууд 80.000 төгрөг, ремень 68.000 төгрөг, стикер хэвлэгч лекой эй си 750 эйч машины сэлбэгүүд, үндсэн палат 260.000 төгрөг, толгойны палат 154.000 төгрөг, автомашины бүх төрлийн багаж чирэгч, галын хор, эмийн хор 80.000 төгрөг, 22 трамблёр, карбюратор м 21 автомашины сэлбэг, 110.000 төгрөг, 05а, 12а, 53а принтер, принтерийн сэлбэг, хорны катереж, хайрцагтай 80.000 төгрөг, канон эл пи би үндсэн палат 70.000 төгрөг, эйч пи 2015 үндсэн палат лазер 70.000 эйч пи 1018 үндсэн палат, лазер 45.000 төгрөг, эйч пи 1010 үндсэн палат, лазер 45.000 төгрөг, булнууд ашиглаж байсан 20.000 төгрөг, зөөврийн гэрэл, хайрцагтайгаа 40.000 төгрөг, дэвсгэрүүд, ажлын хувцас, гутал пүүз 140.000 төгрөгний эд зүйлс алдагдсан…” /хх-18/,

Гэрч М.Сарнайн “…Хорь гаран хоногийн өмнө намайг нөхөр Билгүүний хамтаар таксинд явж байтал хөдөө аж ахуйн автобусны буудлын орчмоор явж байгаад Сүхээтэй таарч манай нөхөртэй уулзаж тэр хоёр ярихдаа Сүхээ манай байранд манай найзын принтерийн хор байгаа юм. Түр автомашины хойноо хийчих гэсэн. Ганц хоёр машины түлхүүр багаж байгаа худалдаж авах уу гээд гурвуулаа хөдөө аж ахуйн ард талын байрны гадаа ирсэн. Ингээд Сүхээ цагаан тортой принтерийн хайрцагтай хор, бас өнгөт принтерийн хор харагдаж байсан. Машины түлхүүрүүд байсан. Нөхөр Билгүүн маань машины багажинд хийсэн. Ингээд машины багажийг авъя гээд Сүхээ 10.000 төгрөг өгөөд Хөдөө аж ахуйн буудал дээр буулгасан. Ингээд явж байгаад 05 цагийн үед буудал дээр ирсэн. Сүхээ ирээгүй тул гэртээ харьж амарсан. Маргааш нь Сүхээ залгасан. Би нөгөө юмаа аваач гэсэн чинь өнөөдөр найз нь авч амжихгүй байна, харин чи авахгүй юм уу гээд байсан. Би авахгүй ашиглаж мэдэхгүй гэж хэлсэн. Би нөхрийн араас нь гар утас руу нь залгаад Сүхээ ярьж байна, намайг “принтерийн хор авах уу зарна гэнэ, чи Зуун айлын тэндээс хүнээс асуугаад үз” гэсэн. Билгүүн 1 цагийн дараа яриад “Зуун айлаар явлаа энд мэдэх хүн алга, Компьютер ландаас очиж асуу гээд байна, би явлаа” гэж хэлээд 20-30 минутын дараа нөхөр яриад “энэ хорууд чинь дотроо хоосон хэрэглээд дууссан хор байна” гэж хэлсэн. “Чи хоосон хог аваад яваад байгаа юм уу” гэж уурласан. Ингээд маргааш нь би Сүхээтэй яриад “тэр хогоо аваарай, хэрэглэсэн принтерийн хор байна” гэж хэлэхэд “тэгж байгаад авна” гэж хэлсэн. Хогийн савны дэргэд байсан, ачигдаад явсан байсан …” /хх-19/,

Гэрч Э.Билгүүний “… 2016 оны 5 дугаар сарын 20-ны үед өдрийг сайн санахгүй байна. Эхнэр Сарнайгийн хамт 01 цагийн үед Хөдөө аж ахуйн буудал дээр машинтай таксинд явж байгаад Сүхээтэй таарсан. Тэгээд “хойно сааданд манай найзын принтерийн хор байгаа очоод авъя” гээд гуйсан. Би зөвшөөрч Хөдөө аж ахуйн “Шөлөндөө” хоолны газрын хойно модтой цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд буланд газарт 2 хайрцагтай, 3 гялгар ууттай зүйлийг авчирч миний багаажинд хийсэн. Ингээд урагшаа Хөдөө аж ахуйн буудал дээр очоод Сүхээг буулгаад багаажнаас барааг авч өгнө гэсэн чинь байж байгаад авъя гэж хэлээд үлдсэн. Маргааш өдөр нь намайг халтууранд явж байхад манай эхнэр Сарнай гар утас руу залгаад Сүхээ ярьж байна, авчихъя гэж хэлсэн. Би найз Дашкатай уулзаад бид хоёр Зуун айл орж принтерийн хорыг зарах гээд болоогүй. “Компьютер ланд” ороод лангууны худалдагч гараад машиндаа харуулахад “хэрэглэсэн хор, гол байна” гэж хэлсэн болохоор нь буцаагаад хайрцагт нь хийсэн юм. Ингээд орой нь Сүхээтэй таараад “хорнууд чинь хэрэглэсэн байна, чи аваарай” гэсэн. Сүхээ “хаячих” гэсэн юм. Өглөө нь хашааны хогийн савны дэргэд тавьсан. Мөн автомашины 5-6 ширхэг түлхүүр, аккумляторын холбогч зэргийг 10.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Сүхээтэй найз болохоор 10.000 төгрөг нэхэхгүй, хохирогчид авсан эд зүйлээ буцааж өгнө …” /хх-20/,

Э.Сүхбаатарын яллагдагчаар өгсөн “…2016 оны 5 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 30 дугаар байрны гадна байсан мөнгөлөг өнгийн автомашины зүүн хойд талын гурвалжин салхины шилийг хагалж, хаалгыг онгойлгож харахад юм байгаагүй. Ингээд багаажийг онгойлгоход 3-4 гялгар тортой эд зүйлс, жижиг гонзгой хайрцагтай ойролцоогоор 7-8 ширхэг эд зүйлс, мөн машины багажнууд байхаар нь бүгдийг аваад Билгүүнээ, Сарнай хоёрт өгсөн. Тэд нар хулгайн эд зүйл гэж мэдээгүй. 24-ний орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтсийн хүлээлгийн өрөөнөөс үл таних согтуу ахын халааснаас цагаан өнгийн Самсунг гар утас, 50.000 төгрөг, 4 ширхэг тамхи авсан. Гар утсыг замдаа хаясан. Мөнгийг нь өөрөө хэрэглэж тамхи татаж дуусгасан. Тухайн орой эхнэр Болортуяатай хувийн асуудлаар маргаж архи ууж үргэлжлүүлэн 2 удаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж ухаарсан…” /хх-52-53/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 4313 тоот “…1. Шинжилгээнд ирүүлсэн Энхтайван овогтой Сүхбаатарын /СУ94081017/ гарын дардас шинжилгээнд тэнцсэн. 2. Шинжилгээнд тэнцсэн Энхтайван овогтой Сүхбаатарын /СУ94081017/ гарын дардас гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй. Урьд гарын хээний нэгдсэн санд MN005210008107, MN000710015161 дугаараар бүртгэгдсэн байна…” /хх-26/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 925 тоот “…1. Э.Сүхбаатар нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Э.Сүхбаатар нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх баримт үгүй байна. 3. Э.Сүхбаатар нь болсон үйл явдлыг тусган авч мэдүүлэх чадвартай байна. 4. Э.Сүхбаатар нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна…” /хх-135-136/ гэх дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-12/, эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /хх-66-67/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-81-128/, Улсын Дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 173 тоот тогтоолын хуулбар /хх-137-144/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Э.Сүхбаатарт түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон хуульд заасан ял оноосон байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Э.Сүхбаатар нь “…би Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 гэх зүйл ангийг ойлгохгүй байна. …мөн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна, хохирлын эд зүйлсийг гэрч Билгүүн авч хэрэглэсэн…” гэж давж заалдах гомдол гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э.Сүхбаатар нь урьд “дээрэмдэх” гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа хохирогч Д.Даштөмөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн 54-01 УНЛ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын автомашины жижиг гурвалжин шилийг хагалан багаажинд байсан хэвлэх тоног төхөөрөмжийн сэлбэг, автомашины багаж, хэрэгсэл зэргийг хулгайлж бусдад 2.222.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Ялтан Э.Сүхбаатар нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4 тоот шийтгэх тогтоолоор “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлсэн ба хорих ял эдэлж байх хугацаандаа буюу 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасуулж, үлдэх 1 сар 5 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж, 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр суллагдсан байна. Өөрөөр хэлбэл, Э.Сүхбаатар нь дээрх хуулийн 5 дугаар зүйлд хамрагдан 2 жилийн хорих ялаас өршөөн хасуулсан нь “ялгүйд тооцогдсон буюу ялгүй болсон” гэж үзэх үндэслэлгүй юм.  

Иймд Прокуророос Э.Сүхбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.   

Мөрдөн байцаалтын шатанд эд зүйлийн үнэлгээг 2 ч удаа гаргасан байх ба 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн үнэлгээ /хх-66/ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдсэн, дээрх үнэлгээнд эрх бүхий этгээдээс гомдол гаргаагүй байх тул уг эд зүйлийн үнэлгээг буруутгах үндэслэлгүй байна.     

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Э.Сүхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Э.Сүхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

               

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

               ШҮҮГЧИД                                                         Д.ОЧМАНДАХ

 

                                                                                        Д.МЯГМАРЖАВ