Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 816

 

                                                                                                                                                                              

 

 

 

 

 

 

 

      Г.Гантулга, Д.Болдбаяр нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цолмон,

хохирогчийн төлөөлөгч М.Эрдэнэсүрэн, түүний өмгөөлөгч Ц.Нарангэрэл,  

ялтан Г.Гантулгын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Одончимэг,

ялтан Д.Болдбаяр, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг,  

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Оюунгэрэл, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Гантулга, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Одончимэг, ялтан Д.Болдбаяр, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Гантулга, Д.Болдбаяр нарт холбогдох эрүүгийн 201625010175 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Хиад боржигон овогт Гомбосүрэнгийн Гантулга, 1982 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Ай энд Эр Монголиа” ХХК-д менежер ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 41 дүгээр байрны 952 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 83 дугаар байрны 952 тоотод оршин суудаг, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 603 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

          Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2/133 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, /РД: ЙЮ82022374/,   

 

          Дугар овогт Дүгэрсүрэнгийн Болдбаяр, 1981 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Хард бокс” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 52 дугаар байрны 31 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ЙЮ81032074/,   

         

          Г.Гантулга нь “Ай энд Эр Монголиа” ХХК-д Нарантуул Олон Улсын Худалдааны төв хариуцсан борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа байгууллагын мөнгөнөөс 2015 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл хугацаанд 66.388.336 төгрөгийг, Д.Болдбаяртай бүлэглэн 2015 оны 4 дүгээр сард 81.000.000 төгрөгийг, нийт 147.388.336 төгрөгийг хувьдаа завшсан,

          Д.Болдбаяр нь Г.Гантулгыг “Ай энд Эр Монголиа” ХХК-ийн Нарантуул Олон Улсын Худалдааны төв хариуцсан борлуулалтын менежерээр ажиллаж байхад нь буюу 2015 оны 4 дүгээр сард байгууллагын мөнгөнөөс 81.000.000 төгрөгийг өдөөн хатган гаргуулж бүлэглэн завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Г.Гантулгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,

          Д.Болдбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Г.Гантулгыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, Д.Болдбаярыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар Г.Гантулгад 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар Д.Болдбаярт 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Гантулгад оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, Д.Болдбаярт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Г.Гантулга, Д.Болдбаяр нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Гантулгаас 66.388.336 төгрөгийг, Д.Болдбаяраас 81.000.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч “Ай энд Эр Монголиа” ХХК-д олгож, Г.Гантулга, Д.Болдбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Ялтан Г.Гантулга гаргасан давж заалдах гомдолдоо: “…Г.Гантулга миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолыг эсэргүүцэж байна. Үүнд:

1. Миний бие нь өөрийн найз Д.Болдбаярын гуйлтаар тендерийн баталгаа болох 81 сая төгрөгийг олж өгч тус болох зорилгоор бусдаас 10 хувь болон 20 хувийн хүүтэй мөнгө зээлж авч өгсөн энэ мөнгийг Д.Болдбаяр надад 7 хоногийн дараа эргүүлж өгнө гэж авсан. Д.Болдбаяр нь ажил бүтэхгүй байна мөнгө орж ирэхгүй байна гэх шалтгаанаар өдийг болтол эргүүлж өгөөгүй.

2. Би өөрийн ажиллаж байсан компаниас өөрийн албан тушаалаа урвуулан ашигласан асуудал байхгүй. Намайг өвчтэй хугацаанд 2015 оны 11 дүгээр сарын 4-нөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-нд манай компанийн ерөнхий нягтлан над руу мессеж бичихдээ чиний мөнгө зээлсэн хүмүүст компаниас бараа олгоё, чи мөнгөө компанидаа өгчих гэж бичээд компаниас бараа гаргаж өгсөн байсан. Энэ мессеж өнөөг хүртэл миний утсан дээр хадгалаатай байдаг. Ийм байсаар байтал намайг өөрийн албан тушаалыг урвуулах ашиглаж өөрийн ажиллаж байсан “Ай энд Эр Монголиа” ХХК-д хохирол учруулсан гэж үзэж эрүүгийн хуулиар хариуцлага тооцож яллаж байгаад нь эсэргүүцэж байна. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.

Ялтан Д.Болдбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие Д.Болдбаяр нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 212 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Д.Болдбаяр би мөрдөн байцаалтын эхэн үеэс эхлэн найз Гантулгаас 81 сая төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан ба анхан шатны шүүх хуралдаан дээр ч энэ тухайгаа хэлж цаашид хохирлыг барагдуулна гэдгээ илэрхийлсэн болно.

Гэтэл анхан шатны шүүхээс Анхны ардчилсан парламент байгуулагдсантай холбоотойгоор гарсан Өршөөлийн хуульд иргэн намайг хамруулаагүйд гомдолтой байна. Миний хийсэн үйлдэл 2015 оны 7 дугаар сарын 2-ноос өмнөх үйлдэл буюу би Гантулгаас 2015 оны 4 дүгээр сард 81 сая төгрөгийг авсан юм. Иймд намайг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү…” гэв.

Ялтан Г.Гантулгын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Г.Гантулгыг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хэргийн үйл баримтуудыг тогтоож нотлох баримтуудыг нэгтгэн үзэх юм бол Г.Гантулгаас Д.Болдбаяр мөнгийг дараа эргүүлж өгөх болзолтойгоор авсан. Тухайн авсан мөнгөн дүн дээрээ нэмж 260.000 гаруй төгрөгийг нэмж өгсөн. Гэтэл Д.Болдбаяр мөнгийг өгөөгүй, итгэл эвдэх аргаар авсан байгаа нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцсон, мөн гэмт хэрэгт хамтран оролцсон гэх ойлголтууд үгүйсгэгдэж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих зүйлүүдээс хохирлын шинж чанар түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд тодорхой тогтоогүй гэж үзэж байна. Тухайн иргэдээс авсан мөнгийг компани буцааж өгсөн гэх байр суурийг илэрхийлээд байгаа боловч Г.Гантулга анх мөнгийг авахдаа тодорхой хүүтэй буцааж өгөх болзолтойгоор мөнгийг авсан. Гэтэл үндсэн мөнгийг буцааж өгсөн үү эсхүл тухайн иргэдийн мөнгийг өгөхдөө хүүтэй нь хамт өгсөн үү гэдэг нөхцөл байдал энэ хэрэгт туйлын тодорхой биш байгаа. Энэ нь хохирлын тал дээр хүүтэй нь буцаагаад өгсөн бол, мөн хүүг нь буцаагаад өгсөн бол энэ гэмт хэрэгт тогтоох хохирлын бодит хэмжээ эргэлзээтэй байгаа. Энэ хэрэгт хэн хохирч байгаа нь эргэлзээтэй. Яагаад гэвэл Г.Гантулгын иргэдээс авсан мөнгийг компани өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт аж ахуй нэгж байгууллагын өмч буюу тухайн гэмт хэрэгт байгаа халдлагын зүйлд энэ гэмт хэрэгт хохироод байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, иргэд компаниас мөнгөө авсан, Г.Гантулга иргэдийн хооронд болсон үйл явдлаас компанид буцааж өгсөн үйл явдал харагдаж байгаа. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Г.Гантулгад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дараах үндэслэлүүдийг тогтоож өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хохирлын хэмжээг бодитойгоор тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцсон гэх ойлголтыг тогтоох гэсэн саналтай байна…” гэв.

Ялтан Г.Гантулгын өмгөөлөгч Ц.Одончимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүх Г.Гантулгыг “Ай энд Эр Монголиа” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа тус компанийн мөнгөнөөс 2015 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл хугацаанд 66.388.336 төгрөг, Д.Болдбаяртай бүлэглэн 2015 оны 4 дүгээр сард 81.000.000 төгрөг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсгийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэрэг болсон гэж үзэж байна. Шүүх шийдвэр гаргахдаа Г.Гантулга нь өөрийн ажиллаж байсан компанийн харилцагч нараас борлуулалтын менежерийн эрх мэдлээ ашиглан компанийн бараа бүтээгдэхүүний үнээс онц их хэмжээний үнэлгээ бүхий барааны үнийг авч, итгэмжлэгдэн хариуцсан этгээдийн хувьд компанидаа хүлээлгэн өгч шилжүүлэлгүй завшиж үрэгдүүлсэн болох нь хангалттай тогтоогдсон гэх дүгнэлтийг хийж ял оногдуулсан. Дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн төсөөтэй хэрэглэсэн гэж үзсэн. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд аж ахуй нэгж байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсан, үрэгдүүлсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар Г.Гантулга “Ай энд Эр Монголиа” ХХК-ийн менежерээр ажиллаж байх үедээ “Нарантуул” Олон Улсын Худалдааны Төв дэх лангуу эзэмшигчид, худалдаа эрхлэгчдээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлж, тус зээл болон хүүгийн төлбөрийг бараагаар төлөхөөр тохиролцон мөнгө зээлсэн нь хангалттай нотлогддог. Хохирогч гэх “Ай энд Эр Монголиа” ХХК нь Г.Гантулгын бусдад төлөх зээлийг үүргийг Г.Гантулгын өмнөөс гүйцэтгэсэн. “Ай энд Эр Монголиа” ХХК нь Г.Гантулгын бусдын өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэж, улмаар компани, Г.Гантулга нарын хооронд өглөг, авлага үүссэн үйл баримт эргэлзээгүй нотлогдсон. Гэтэл анхан шатны шүүх “Ай энд Эр Монголиа” ХХК-ийн Г.Гантулгад итгэмжлэн хариуцуулж огт өгөөгүй, бусдаас зээлсэн зээлийн төлбөрийг төлсөнтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа /“Ай энд Эр Монголиа” компани Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд зааснаар Г.Гантулгын бусдад төлөх зээлийн төлбөрийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн/-нд үндэслэн үүссэн 147.388.336 төгрөгийг компани Г.Гантулгад итгэмжлэн хариуцуулж өгсөн мэтээр бодит байдалд нийцэхгүй дүгнэлтийг хийж, Г.Гантулгыг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болсон. 2015 оны 4 дүгээр сард тус компанийн мөнгөнөөс 81.000.000 төгрөгийг авч Д.Болдбаярт өгсөн. Д.Болдбаярт 81.000.000 төгрөг өгсөн гэдгийг хэрэгт авагдсан баримтаар тодорхой нотлогддог. Гэтэл аудитын дүгнэлт гэх баримтыг үндэслээд 2015 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 11 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл 81.000.000, 66.000.000 төгрөгийг авсан мэтээр дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг өөр хоорондоо зөрүүтэй. 2015 оны 4 дүгээр сард харилцагч нараасаа мөнгө зээлээд Д.Болдбаярт өгсөн. Гэтэл үүнийг 2015 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 11 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл гээд цаг хугацааны хувьд зөрүүтэй дүгнэлтийг хийгээд ял оногдуулсан. Бодит үйл баримтыг зөрүүтэй тогтоож Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглээд ял оногдуулсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзсэн. 2015 оны 4 дүгээр сард 81.000.000 төгрөгийг завшсан үйлдэл хийсэн бол Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдах ёстой байсан ч энэ хуулийг хэрэглээгүй. Шүүх өөрөө эргэлзээтэй дүгнэлт хийгээд цаг хугацааны хувьд зөрүүтэй тогтоогоод Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй нь үндэслэлгүй болсон. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих дор дурдсан асуудлыг нотлоогүй атлаа Г.Гантулгыг бусдын эд хөрөнгө завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн хэрэг болсон. Г.Гантулга би харилцагч нараас мөнгө зээлээд Д.Болдбаярыг мөнгөө өгөх үед нь компанийн бараагаар төлөх сонирхолтой байсан. Ингэж төлөхдөө 10 хувьд нь бараа өгнө гэж хэлсэн. Гэтэл өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт эргэлзээтэй байгаа гэсэн. Миний хувьд хэрэгт авагдсан баримтаар огт эргэлзээгүй. Г.Гантулга хүнд 81.000.000 төгрөгийг хүүтэй зээлээд нөгөө мөнгө нь хүүтэй өсөөд 147.000.000 төгрөг болсон. Гэтэл компани 147.000.000 төгрөгийг Г.Гантулгын нэрийн өмнөөс харилцагч нарт төлсөн. Мөрдөн байцаалтын шатанд яг алийг нь бодитой авсан мөнгө, аль нь хүү вэ гэдгийг ялгаж тогтоогоогүй. Хохирол гэж тооцож байгаа мөнгө баримтуудыг шууд дүгнээд шийдвэрлэхэд учир дутагдалтай баримтууд байсан. Г.Гантулгын учруулсан хохирол гэж дүгнээд байгаа 147.000.000 төгрөгийг хавтаст хэргийн 32 дугаар талд гэрч Д.Ишханд “Би “Ай энд Эр Монголиа” ХХК-нд 1.000.000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй, төлнө” хэмээн мэдүүлсээр атал тус 1.000.000 төгрөгийг Г.Гантулгыг завшсан гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй болсон. Хавтаст хэргийн 33-34, 35, 36 дугаар талд гэрч Л.Мөнхбат /өргөтгөлийн 376 дугаар лангуу/, Б.Ариунаа /өргөтгөлийн 340 дүгээр лангуу/, Л.Дашдорж /Жавхлант төв/ нар “өр авлага байхгүй, үүсээгүй” хэмээн мэдүүлсээр атал Г.Гантулга тэдэнд өр үүсгэсэн, компани төлсөн мэтээр анхан шатны шүүх “Сүлд аудит” ХХК-ийн гаргасан аудитын дүгнэлтийг үндэслэсэн. Гэтэл аудитын дүгнэлт нь өөрөө хуульд нийцсэн зөв эсэх нь эргэлзээтэй. Мөрдөн байцаагчийн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолын дагуу хийгдсэн. Мөрдөн байцаагч шинжээчээс 9 асуултад хариулт авахаар тогтоол гаргасан. Гэтэл 5, 6 , 7 дугаар асуултад огт хариулаагүй. Өөрөөр хэлбэл, хэргийн нөхцөл байдлыг тодруулахуйц маш чухал асуултууд асуугдсан. Байгууллагын хөрөнгө мөнгөний бүртгэл тооцоо зохих журмын дагуу хийгдсэн үү. Хэрэв зөрүүтэй байсан бол энэ дутагдал нь юунаас болсон бэ гэх мэт асуултыг асуухаар огт хариулдаггүй. Аудитын дүгнэлт нь өөрөө санхүүгийн анхан шатны бүртгэл, баримтад үндэслэх ёстой атал компани, харилцагч нарын тооцоо нийлсэн акт гэх баримтад үндэслээд аудитын дүгнэлт гарсан. Гэтэл тооцоо нийлсэн акт санхүүгийн анхан шатны баримт, аудитын дүгнэлтийн үндэслэл болж чадахгүй баримтууд байдаг. Энэ тооцоо нийлсэн актаар хүүтэй мөнгө зээлсэн харилцагч нар хүүтэй мөнгөөрөө тооцоод тооцоо нийлнэ. Үүнийг үндэслээд аудит Г.Гантулгын учруулсан хохирол гэж дүгнэсэн. Энэ нь хүнийг шууд гэм буруутайд тооцож ял шийтгэх халдаахад зохимжгүй. Хэт бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Г.Гантулга ямар нэгэн байдлаар компанийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшаагүй. Компани, Г.Гантулга хоёрын хооронд бусдын үүргийн даалгавраар гүйцэтгэсэн иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Гэтэл анхан шатны шүүх эрүүгийн хэрэг байна гээд шийдвэрлэсэн. Г.Гантулгын энэ үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн. Шүүх тодруулбал зохих асуудлуудыг тодруулаагүй байж ял халдаасан нь үндэслэлгүй. Хохирлыг ялгаж тооцоогүй. 81.000.000 төгрөг нь зээлсэн мөнгө байсан. 66.000.000 төгрөг нь хүүгийн өсөлт байсан гэх асуудлыг нотлоогүй. Г.Гантулга “энэ дотор хугацаа хэтэрсэн буцсан бараануудын тооцоо орсон” гэж хэлдэг. Энэ асуудлуудыг тодорхой нотлоогүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн шийдвэрлээгүй байж  энэ хэргийг шийдвэрлэсэн нь байцаан шийтгэх ажиллагааны зөрчил. Г.Гантулгын шалгаад байгаа үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаа буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй үйлдэл учраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү…” гэв.

Ялтан Д.Болдбаярын өмгөөлөгч Д.Энхтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа уг хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн утга бүхий гомдол гаргаж байсан боловч Д.Болдбаяртай ярилцсаны үндсэн дээр өмнө нь бичгээр гаргасан гомдлоосоо татгалзаж байна. Уг 81.000.000 төгрөгийг авсан талаар анхан шатны шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Төлөхөө илэрхийлж байгаа учир өөрийн үйлчлүүлэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Иймд Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь багтаж байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж өгнө үү гэсэн гомдол гаргаж байна” гэв.

Хохирогчийн төлөөлөгч М.Эрдэнэсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Энэ хэрэгт нийт 147.000.000 төгрөгийн асуудал яригдаж байгаа. Энэ нь манай компанид учирсан бодит хохирол. Ямар нэгэн хүү, торгууль тооцсон зүйл байхгүй. 147.000.000 төгрөгийн бараа компаниас гарсан. Энэ мөнгөний зарим хэсэг нь авлага, зарим нь харилцагч нарын хэл амыг нь дарахын тулд өгсөн барааны үнийн дүн. 147.000.000 төгрөгийг гаргуулж авах хүсэлттэй байна…” гэв.

Хохирогчийн төлөөлөгч М.Эрдэнэсүрэнгийн өмгөөлөгч Ц.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хөдөлмөрийн гэрээний 1.2 дахь хэсэгт Г.Гантулга нь зах хариуцсан менежерийн ажил үүргийн хуваарьт заасан ажил үүргийг гүйцэтгэнэ гэж заасан. Ажил үүргийн хуваарь хэрэгт авагдсан. Үүгээр Нарантуул захын нийлүүлэлт, борлуулалтыг Г.Гантулга нь хариуцаж, төлбөр тооцоог хийж нягтлан бодогчид тушаах гэсэн үндсэн үүрэгтэйгээр ажиллана гэсэн баримт хэрэгт авагдсан. Үүнээс Г.Гантулга итгэмжлэгдэн хариуцсан этгээд болох нь харагддаг. Ямар нэгэн огт хамааралгүй, хөдөлмөрийн гэрээгүй гэсэн байдал харагддаггүй. Г.Гантулга, Д.Болдбаяр нарыг бусдын эд хөрөнгийг завшсан, үрэгдүүлсэн үйлдэл гаргаагүй гэж байна. Г.Гантулга байгууллагын бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулж, түүнээс олсон орлогыг байгууллагад тушаагаагүй. Бараа нийлүүлнэ, урамшуулал олгоно гэж мөнгийг нь аваад байгууллагад өгөөгүй. Харилцагч нарын өмнөөс бараа захиалаад хэнд өгсөн нь тодорхойгүй. Ингээд нийт 147.000.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг бодит хохирол гэж компани үзсэн. Г.Гантулга нь Д.Болдбаяртай нийлж мөнгө өсгөх шунахайн сэдэлтэй байсан, тендерт оролцож ашиг хувааж авах зорилготой байсан нь мэдүүлгээр нь нотлогддог. Г.Гантулгыг “урамшуулал зарлаад мөнгө аваад өг гэж Д.Болдбаяр ятгасан” гэж хэлсэн. “Харилцагч нараас хүүтэй мөнгө зээлээд өг, ашгийг нь хувааж авъя гэж Д.Болдбаяр хэлсэн” гэдгээс харагдаж байгаа. Бусдаас хүүтэй зээлсэн мөнгөний 10 хувьд нь урамшуулал олгохоор тохиролцсон гэж өмгөөлөгч хэлсэн. Гэтэл Г.Гантулга барааны урамшууллыг мэдэж өгөх ажилтан биш. Харилцагч нарын Г.Гантулгад бараа захиж өгсөн мөнгө бэлнээр өгч байгаа нь компанид итгэж өгсөн болохоос ямар нэгэн байдлаар Г.Гантулгад өгсөн зүйл байхгүй. Харилцагч нарын мэдүүлэгт “200 ширхэг Пороро ундаа авна гээд ийм хэмжээний мөнгө төлсөн” гэж мэдүүлдэг. Тэрнээс биш ямар нэгэн хүү тооцсон бол тэр үнэд нь багтахгүй. Одонбилэг гэх Сэлэнгэ аймгийн иргэнээс 65.000.000 төгрөг зээлсэн гэх мэдүүлэг байдаг. Компаниас огт хамаагүй хүнд мөнгө зээлсэн зүйл байхгүй. Хохирогч нарын хохирлын мөнгө болох 61.000.000 төгрөгийг барагдуулсан. Мөнгийг нь аваад бараа захиалсан үйлдэл байгаа нь хэргийн материалаас харагддаг. Хэрэгт авагдсан баримтаар Б.Баттулга, Д.Түмэнжаргал, Д.Сарнайцэцэг нар “12.000 ширхэг Пороро ундаа өгнө гэж хэлээд 11.4 сая төгрөг аваад, үлдэгдлийг нь өгөөгүй гэдэг. Энэ үйлдэл 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд болсон. Санхүүгийн анхан шатны баримт байхгүй, хохирол нотлогдохгүй гэж ярьж байна. Шинжээчийн үндэслэсэн баримт нь тооцооны хэдэн төрлийн баримт байгаа. Энэ харилцагч нарын зарлагын баримт байгаа. Г.Гантулга компаниас 150 дугаар харилцагч 1000 ширхэг Пороро ундаа авна гэж хэлээд захиалга өгөөд тэр барааг нь авсан нь компанид бодитойгоор гарсан зарлагын баримт байгаа. Компанийн дансны хуулгаар ямар харилцагчаас хэзээ, хэдэн төгрөг орж ирсэн нь харагддаг. Мөн дансаар хэдэн төгрөг төлсөн гэдэг нь харагдана, бас бэлэн мөнгөний орлогын баримтаар харилцагч нар бэлнээр төлснийг нь Г.Гантулга кассанд тушаасан нь харагддаг. Үүнээс өөрөөр ямар баримтыг үндэслэж шинжээч дүгнэлт гаргах ёстой байсан талаар өмгөөлөгч нар тодорхой ярихгүй байна. Г.Гантулгатай тооцоо нийлэх ёстой байсан юм уу. 2015 онд хийгдсэн нийт санхүүгийн тайлангийн дүнгээр хохирлыг тооцсон. Шинжээчийн дүгнэлтэд хангалттай задаргаа хийгээд баримтууд нь авагдсан. Үүнийг тухайн үед нь Г.Гантулга болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрөөд ямар нэгэн маргаангүй гэсэн мөртлөө давж заалдах шатны шүүхэд ирээд маргаантай байсан гэх утгатай үндэслэл муутай гомдол гаргаад хэргийг буцаах сонирхолтой байх шиг байна. Компаниас бараа гаргахдаа ямар нэгэн байдлаар хүү тооцсон зүйл байхгүй. 147.000.000 төгрөгийн бараа гарсан, зарим барааг нь харилцагч нарын өмнөөс авсан, зарим бараагаа харилцагч нарт өгсөн өгөөгүй гэсэн асуудал байна. 4 дүгээр сард 81.000.000 төгрөг авсан гэдэг нь Г.Гантулга, Д.Болдбаяр нарын мэдүүлгээс харагдаж байгаа болохоос манай байгууллагаас 4 дүгээр сард 81.000.000 төгрөг авсан гэдэг нь баримтаар харагдахгүй. Яагаад гэвэл Г.Гантулга “нэг харилцагчаас аваад нөгөө харилцагчид барааг нь өгч байсан” гэж мэдүүлдэг. Гэрч нарын мэдүүлгээр их хэмжээний мөнгийг 9 дүгээр сараас эхлээд харилцагч нараас мөнгө зээлж авсаар байгаад 147.000.000 төгрөг болсон. Энэ нь гэрч нарын мэдүүлгээр яг тодорхой ийм төгрөгийн барааны үнийн дүнг надаас авсны дараа Г.Гантулгыг алга болсны дараа хохирлыг төлсөн юм бэ гэхээр 61.000.000 төгрөгийн барааны талыг аваад хэнд өгсөн нь тодорхойгүй.  Зарим харилцагч нараас тодорхой баримттайгаар Г.Гантулгад хэдэн төгрөг өгсөн, хэдэн төгрөгийн бараа авсан, үлдсэнийг нь аваагүй гэдгийг захиалгын хуудастай тулгаад үзэхээр тухайн үнэ нь таардаг учраас манай байгууллага барааг нь өгсөн. Захиалга хийгдсэн мөртлөө барааг нь өгөөгүй гэж гомдол гаргадаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гаргасан. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хохирлыг барагдуулаагүй” гэв.

Прокурор Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г.Гантулга нь “Ай энд Эр Монголиа” ХХК-ийн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн борлуулалтын менежерээр ажиллах байхдаа байгууллагын мөнгөнөөс 2015 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 11 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд 66.388.336 төгрөгийг, Д.Болдбаяртай бүлэглэн 2015 оны 4 дүгээр сард 81.000.000 төгрөгийг, нийт 147.388.336 төгрөгийг хувьдаа завшсан. Д.Болдбаяр нь Г.Гантулгыг тухайн байгууллагад борлуулалтын менежерээр ажиллаж байхад нь 2015 оны 4 дүгээр сард байгууллагын мөнгөнөөс 81.000.000 төгрөгийг өдөөн хатгаж гаргуулан бүлэглэж завшсан үйлдэлд буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эдгээр шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулсан нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Энэ хэрэгт Д.Болдбаяр хамааралтай талаар ярьж байна. Д.Болдбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцсон гэдгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан оруулж ирсэн. Энэ гэмт хэргийг хамтран үйлдсэн учраас тухайн мөнгийг байгууллагад төлөх нь зүйтэй гэж үзсэн. Г.Гантулга байгууллагад борлуулалтын менежерээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Д.Болдбаяр энэ байгууллагад огт хамааралгүй боловч хамтран оролцож байгаа үйлдлээрээ энэ гэмт хэргийг үйлдэж тус байгууллагыг хохироосон гэж үзсэн. Г.Гантулгын хувьд нийт 147.388.336 төгрөгийг хувьдаа завшсан асуудал гарсан. Яагаад гэвэл Г.Гантулга тухайн байгууллагын барааг хүргэж өгч мөнгийг байгууллагад тушаах үүрэг бүхий хүн байсан. Гэтэл харилцагч нараас мөнгийг хувийн дансандаа шилжүүлж авсан нь баримтаар тогтоогдсон. Аудитын дүгнэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл ажиллаж байсан ч дараа нь ямар нэгэн асуудал гарангуут ажлаа тасалсан. Өмгөөлөгч нарын гомдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчиж Г.Гантулгын ажлаас хойших хугацаанд дүгнэлт гараад байхад үүнийг хамааруулаад байгаа нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүхэд яригдсан. Энэ дүгнэлтүүд нь 20 харилцагч нарын баримтад үндэслэж гарсан. 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэлх дүгнэлтүүд нь нэг барааг нөгөө хүнд өгөөд, харин мөнгийг компанид өгөөгүй. Энэ тооцооны актууд мөнгөө өгөөгүй бараагаа нийлүүлсэн баримт. 2015 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актад бараа болон мөнгөө аль алийг нь өгөөгүй байсан. Асуудал үүсээд ирэхээр байгууллага барааг нь нийлүүлсэн. Аудитын дүгнэлт 3 дугаар сард гарсан. Харин эрүүгийн хэрэг 2016 оны 1 дүгээр сард үүссэн. Тооцоо байхгүй гэдэг нь байгууллагад барааг нь нийлүүлсэн учраас харилцагч нар хохиролгүй болсон. Харин харилцагч нараас авсан мөнгөө байгууллагад тушаагаагүй учраас өнөөдөр 147.000.000 төгрөгөөр хохирсон. Энэ мөнгийг 2 ялгасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэжигтэн, яллагдагч өөрийнхөө үйлдсэн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй ч бусад нотлох баримтаар хангалттай нотлогдвол яллах үндэслэл болно гэж заасан. 2015 оны 4 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд 40 сая, 41 сая төгрөгийг харилцагч нараас аваад Д.Болдбаярт өгсөн гэдэг. Болдбаяр ашиг орлого хувааж авах зорилгоор тохиролцож санхүүжилтээ оруулсан. Д.Болдбаярын хувьд бэлэн мөнгөтэй харьцдаг, ямар албан тушаал эрхэлдэг байсныг мэддэг байсан. Хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэгт “Харилцагч нараасаа урамшуулал зарласан гээд мөнгө авчих ашгаа хоёулаа хувааж авъя” гэж мэдүүлдэг. Энэ бүх баримтаар бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж үзсэн. Эхэлж 81.000.000 төгрөгийг харилцагч нараас авсан мөнгийг нийлүүлж 4 дүгээр сард 2 хувааж өгсөн. 66.000.000 төгрөгт ямар ч хүүтэй зээлсэн асуудал байхгүй. Харин харилцагч нараас гадна 65.000.000 төгрөгийг хүнээс зээлсэн гэх иргэний эрх зүйн гэрээ байдаг. Энэ харилцагч нарт огт хамааралгүй. 147.000.000 төгрөгт ямар ч хүү ороогүй байгууллагад учирсан бодит хохирол. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв. 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд Г.Гантулга, Д.Болдбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Шүүгдэгч Г.Гантулга нь “Ай энд Эр Монголиа” ХХК-д Нарантуул Олон Улсын Худалдааны төв хариуцсан борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа байгууллагын мөнгөнөөс нийт 147.388.336 төгрөгийг хувьдаа завшсан гэх гэмт хэргийг,

шүүгдэгч Д.Болдбаяр нь өөрийн найз Г.Гантулгыг “Ай энд Эр Монголиа” ХХК-ийн мөнгөнөөс 81.000.000 төгрөгийг гаргуулахаар өдөөн хатгаж бүлэглэн завшсан гэх гэмт хэргийг тус тус хэзээнээс үйлдэгдэж эхэлсэн болон хэзээ дууссан цаг хугацааг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай байна. Энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдалд шууд нөлөөлөхөөр байна.   

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Г.Гантулга нь 2015 оны 11 дүгээр сард “Эмнэлэгт хэвтсэн” гэх шалтгаанаар ажлаа орхисон байхад түүнээс хойшхи хугацаанд түүнийг өр төлбөр үүсгэсэн байдлаар буюу 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд уг байгууллагын болон харилцагч нарын хоорондын тооцоогоор мөнгө завшсан гэж “Сүлд-Аудит” ХХК болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдэд тусгасан нь эргэлзээ бүхий байна.

Санхүүгийн шинжилгээний дүгнэлтэд прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан Г.Гантулга, Д.Болдбаяр нарын гэмт хэрэг үйлдсэн гэх “2015 оны 4 дүгээр сар”, “2015 оны 9 дүгээр сарын 6-наас 2016 оны 11 дүгээр сарын 6-ны хооронд” гэх хугацааг тусгайлан тусгагдаагүй байхад чухам ямар шалтгаанаар шүүгдэгч нарыг энэ хугацаанд гэмт хэрэг үйлдэж 147.388.336 төгрөг завшсан гэж яллаж байгаа нь ойлгомжгүй байна. 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 80.1.5 дахь хэсэгт заасан нотлогдвол зохих асуудал буюу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, …гэмт хэргийн сэдэлт, …гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэд тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар дараах зүйлүүдийг шалгаж тогтоох шаардлагатай. Үүнд:

1. Гэмт хэргийг яаж үйлдсэн, уг гэмт хэрэг хэзээнээс үйлдэгдэж эхэлсэн, хэдийд дууссан болохыг хөдөлбөргүй тогтоох,

2. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг эргэлзээгүй байдлаар нарийвчлан тогтоох,

3. Шүүгдэгч Г.Гантулга нь өөрийн ажиллаж байсан компанийн нэрийг барьж албан тушаалын байдлаа ашиглаж харилцагч нарыг хууран мэхлэж, бусдыг төөрөгдүүлж, мөнгө залилан авсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэх талаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг зөв зүйлчлэхэд анхаарах шаардлагатай.

          Дээр дурдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаав.

Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд “Ай энд Эр Монголиа” ХХК-д учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна.  

          Ялтан Г.Гантулга, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Одончимэг, ялтан Д.Болдбаяр, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын гаргасан “…Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү…” гэх давж заалдах гомдлын үндэслэлийг энэ удаад хэлэлцэлгүй орхисон болохыг дурдах нь зүйтэй.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Гантулга, Д.Болдбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очих хүртэл Г.Гантулга, Д.Болдбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЧ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Д.ОЧМАНДАХ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ