Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 833

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                        

                             

 

 

 

 

  Ч.Эрдэнэтөгс, Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа, Ч.Эрдэнэчимэг нарт

   холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Уранчимэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Өнөрбат,

Ялтан Ч.Эрдэнэтөгс /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн,  

Ялтан Ч.Пүрвээ, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 12А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ч.Эрдэнэтөгс, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Эрдэнэтөгс, Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа, Ч.Эрдэнэчимэг нарт холбогдох эрүүгийн 201525031760 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Таван хонгор овогт Чулуунбатын Эрдэнэтөгс, 1985 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамжны 124 тоотод орших суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ХЖ85120217/,  

Бушга овогт Чанцалын Пүрвээ, 1963 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, кителчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамжны 124 тоотод орших суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ХЖ63101700/, 

Бушга овогт Чулуунбатын Эрдэнэчимэг, 1980 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 10 дугаар гудамжны 143б тоотод орших суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ХЖ80091109/, 

Боржигон овогт Чулуунбатын Чулуумаа, 1978 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 29 дүгээр гудамжны 455 тоотод орших суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ХЖ78091701/,  

            Ч.Эрдэнэтөгс нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамжны 124 тоотод хамтран амьдрагч А.Ариунзаяагийн хүзүү болон хэвлийн тус газар хутгалж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан,

            Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг, Ч.Чулуумаа нар нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамжны 124 тоотод Ч.Эрдэнэтөгс нь хамтран амьдрагч А.Ариунзаяаг санаатай алсан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Ч.Эрдэнэтөгсөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг, Ч.Чулуумаа нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Чулуумаад холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан, шүүгдэгч Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нарыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан, шүүгдэгч Ч.Чулуумааг хүнийг санаатай алсан гэмт хэргийг үл мэдээлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ч.Чулуумааг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсийг 21 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нарыг тус бүр 300 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар уг ялыг баривчлах ялаар сольж болохыг тэдгээрт сануулж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсөд оногдуулсан 21 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсийн цагдан хоригдсон 321 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг тус бүрийн цагдан хоригдсон 13 хоногийг 104 цагийн албадан ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, тэдгээрийн биечлэн эдлэх албадан ажил хийлгэх ялын хугацаанд тус бүр 196 цагаар тогтоож, шүүгдэгч Ч.Чулуумаа цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн пүүзэн гутал 1 хос, ногоон улбар шар алаг өнгийн хөнжлийн хэсэг 1 ширхэг, хуванцар сав 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, улаан өнгийн бариултай хутга 1 ширхэг, ягаан өнгийн ханын цаасны хэсэг 1 ширхэг, хар өнгийн гутал 1 хос, ногоон өнгийн хөнжил 1 ширхэг, улаан эрээн цэцгэн хээтэй цагаан саарал даавуу 1 ширхэг, зөөлөвч 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлйин 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсөөс 3.452.800 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Ариунчимэгийн Өнөрбат /РД: УХ87042917/-д олгож, бусад гэм хорын хохирлоо Иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсөд урьд авсан цагдан хорих, Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа, Ч.Эрдэнэчимэг нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Ялтан Ч.Эрдэнэтөгс давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн 12А дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 80.1.4, 80.1.6, 96.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тодруулаагүй. Давж заалдах шатны шүүхээс гаргасан дүгнэлт, даалгаврыг нэмэлт мөрдөн байцаалтад мөн бүрэн гүйцэд хийж хангаж чадаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль ёсны биш буруу шийдвэр болсон гэж үзэж байна.

Үүнд: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 9 дүгээр гудамжны 124 тоот оршин суугч Ч.Эрдэнэтөгс …би сүүлийн 2 жил “Их алт” ХХК-д ажиллаж байгаад 2015 оны 6 дугаар сарын 24-нд би “өвдөж” ажлаасаа гарсан. 2002 онд А.Ариунзаяатай анх танилцаж …бид үерхэж эхлээд тэр жирэмсэн болсон. …хоёр талын ар гэрийнхэн биднийг хүлээн зөвшөөрдөггүй байсан ба А.Ариунзаяаг өөр хүнтэй суулгаад …бид хоёр салсан.

…Гэтэл Б.Ганхуяг 2015 оны 8 дугаар сарын дундуур миний хамтран амьдрагч болох А.Ариунзаяаг Шар хад дахь Төгсөөгийн гэрт эзгүйд нь архи ууж байгаад А.Ариунзаяаг тасраан хүчиндсэнийг би нууцаар гар утсаараа бичлэн хийн баталгаажуулан авсан. Баатка, Энхбат, Номин, Аагий, Жанжин нар А.Ариунзаяаг Б.Ганхуяг хүчиндсэнийг гэрчилнэ.

2015 оны 12 дугаар сарын 12-нд манай гэрийнхэн Орос Улс явсан хойгуур А.Ариунзаяа бид 2 Саппорогийн айлын заслыг орхин хоёулаа архи ууж байтал А.Ариунзаяа “чи нөгөө утсан дахь бичлэгээ устгасан уу” гэж асуусан би “үгүй” гэж хэлэхэд А.Ариунзаяа “тэр бичлэгээ устга” гэж надад хэлсэн. Би “үгүй” гэж хэлэхэд А.Ариунзаяа ширээн дээрх хутгыг шүүрэн авч миний цээжинд хутга тулган “утсаа өгөөдөх” гэсэн би энэ үед их айсан. Урьд нь болох 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр А.Ариунзаяа, Ука эгч бид 3 эгчийнх нь гэрт архи ууж байгаад А.Ариунзаяа надад хандан “хоноод яв” гэхэд би “маргааш ажилтай” гээд гараад явахад араас дагаад байсан. Би “чи харь дараа нь хамт хоноё” гэхэд уурандаа газраас чулуу аван миний зүүн шанаа руу цохисон. Шанааны яс цөмөрч хугарсан ба хагалгааны зардал 2.3 сая төгрөг болсон.

Талийгаачийн хууль бус үйлдэл болох садар бичлэгээ устгах гэж миний цээжинд хутга тулгасан. Улмаар би гарынх нь шуунаас барин өөрөөсөө холдуулахад хоёр гараа мултлах гэж зүтгэн тийчлэж байгаад хэвлий, зүүн талын цээжинд хөндлөн өнцөг 2 см урт зүсэгдсэн. Тэгээд огцом өндийн хутга барьсан баруун гар нь миний гараас мултран харваж баруун талын хүзүүрүүгээ хатгачихсан. Өөрөө өөрлүүгээ санамсаргүй хутгалсан. Би огт хутга бариагүй А.Ариунзаяа өөрөө агсран огцом гараа татан харваж артерийн судас, төвөнхийн бамбайн мөгөөрсөө хатгачихсан юм. Улмаар толгойгоороо зуух мөргөн унасан. Би сандран тэвэрч авсан боловч минут хүрэхгүй хугацаанд цус алдан үхсэн, би хэнд хандахаа мэдэхгүй байсан.

Маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б.Ганхуягт хэлсэн боловч “машинаа янзлаад завгүй байна, маргааш очъё, намайг очтол хүнд хэлээд хэрэггүй” гэж хэлсэн. Би гашуудан талийгаачийн хажуунаас холдолгүй ширээнийхээ тавцанг түлэгдтэл зул барин суусан, мөн алтан хайрцагийг нь нээж газар сонгоход чухал хэрэг болно гэж өнгөрсөн цаг, минутыг нь 18 цаг 40 минут гэж тэмдэглэсэн. Мөн нүүр царай зэргийг нь гар утсаараа нотлох баримт болгон бичиж авсан. Халуун газар байсан болохоор нүүрэнд нь цус мөнгөн ус шиг бөөгнөрсөн байсан.

…Би Ганаад хандан “А.Ариунзаяа өөрийгөө алчихлаа” гэхэд Ганаа “үнэн юм уу, хаана байна” гэхэд би “байшингийн дээвэр дээр байгаа, одоо яана аа” гэхэд Ганаа хэсэг бодол болсноо “манайх руу явъя, ганц юм ууя, замдаа нуучихъя, өө миний машин бензин дуусч байгаа, чамд мөнгө байгаа юу” гэсэн. Би “манайх руу оръё, бензиний мөнгө олдох байх” гэсэн. Ч.Пүрвээгийн дэлгүүрээр дамжин ар талын өрөөнд орсон. Тэгэхэд Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг хоёр байсан. Ингээд би Ганаад хоол аягалж өгсөн. Дэлгүүрт худалдан авагч орж ирсэн ба худалдаа хийх гэж хоёр эгч дэлгүүр лүү ороход би араас нь дагаж орж Ч.Пүрвээд хандан би “Ганаад өртэй байгаа юм аа, 30.000 төгрөг өгөөч” гэхэд “худлаа архи уух гэж байна уу” гэж зэмлэсэн ба “тийм бол үнэхээр бензин авбал өгье” гэсэн. …Ч.Пүрвээ эгч Эрдэнэчимэгт 30.000 төгрөг өгөөд Ч.Эрдэнэчимэг, Ганаа хоёр бензин авахаар явсан. Удалгүй Ч.Эрдэнэчимэг эгч орж ирсэн ба би “Ганаа яасан бэ, явчихсан уу” гэхэд “тийм” гэсэн. Ганаа Сүхээд “би чамд цол нэмэх чухал хэрэг хэлье. Чи надад хэдийг өгөх вэ” гэх зэргээр ярьсан байгаа юм. …Гэрт байгаа хүмүүст хөшигний цаанаас гэрэл гялбах зэргээр дохио өгөөгүй ба улмаар гэрийнхэн мэдээгүй. Би яаран дээврээс талийгаачийг буулгаж байгаад санамсаргүй алдаж 3 метрийн өндрөөс толгойгоор нь унагаасан. Ганаатай дамжлан машинд нь хийгээд авч гарсан. Би хашааны хаалгаа хаагаад эсрэг талын гудамж руу харахад хэн ч байгаагүй. Ямар нэгэн энгийн машин байгаагүй. …Тэгээд гудамж уруудан явж байтал хөдөлгөөнт эргүүлийн машин зам шахаж зогссон байсан ба урд хаалгаар нь ахлах дэслэгч Ө.Батсайхан, ахлах ахлагч Доржгочоо, арын хаалгаар нь ахлагч Д.Сүхбаатар бууж ирсэн.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2231 тоот актын дүгнэлтэд зүсэлт тус бүр баруун гарын тойргийн радиуст зүсэгдсэн нь санаатай хэн нэгэн алаагүйн гэрч нотолгоо юм. Хуйхан дахь хатуу мохоо зүйлийн цохилт нь задлангийн эмч хэзээ, хаана цохигдож үүссэнийг мэдэх боломжгүй. Магадгүй 48 цагийн дараа цохигдсон шинжтэй байна гэх. Хоёр хөмсөгний дээд, доод, хоёр нүдний гадна, дотно, эрүүний ооч, хамрын уг дахь цус хуралт нь задлангийн эмч согтолтын хэмжээг тогтоох гэсэн боловч ялзарч муудсан байсан болохоор тогтооход хүндрэл гарсан гэх. Энэ нь халуун газар 48 цаг байсныг гэрчилж байна. Үхэлд хүргэсэн зүсэлт нь баруун талын артерийн судас тал зүсэгдсэн, бамбайн мөгөөрс баруун талаасаа 5 мм өнгөц зүсэгдсэн гэж байгаа нь санаатай аллагын шинж тэмдэг биш гэдгийг нотолж байна. Хэвлий, зүүн талын цээжин дэх зүсэлт нь арьсны цаад давхарга болох өөхөн давхарга хүрээгүй, өнгөц, урт нь 2 см, хөндлөн хэлбэртэй, энэ нь хутгалалт биш юм. Би төмс арилгаж байгаад санамсаргүй гараа зүсчихвэл гараа хутгалчихлаа гэж хэлдэггүй биз дээ.

…Би эмнэлэг дуудах гэсэн боловч минут хүрэхгүй үхсэн. Би их сэтгэлээр унан өөрийгөө буруутган талийгаачийнхаа араас үхье гэж шийдэн амиа хорлох гэж зүүн гарынхаа судас руу давстай ус шахахад нүд бүрэлзэн хөлс чахран, ухаан алдаж унасан. Тэгээд би дүүжлэж үхье гэхэд шорон шиг биетэй төмөр байгаагүй. Тэгээд би цагдаа дуудаж би алсан гэж худал хэлвэл хэрэг хүндэрч цаазаар авч өгөх байх гэж бодсон. Би эгч нартаа би алсан гэж худал хэлж итгүүлсэн. Мөн Б.Ганхуягийн нуух санааг дэмжин эгч нартаа худал хэлж бензиний мөнгө авсан.

Прокурор Б.Уранчимэг, байцаагч Д.Батсайхан нар ажлын туршлагагүй хүмүүс юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг умартан хэргийн газар протокол хөтлөөгүй, аминд хүрсэн хутгыг шинжилж хурууны хээг тогтоогоогүй. Зүсэлтийг ямар байрлалаас авсан болохыг туршилт хийгээгүй. Намайг гараа сав гэж хэлээд гараа савсаныг л камераар бичиж авсан. Байцаагчид хураалгасан хоёр утсанд байгаа Б.Ганхуягийн А.Ариунзаяаг хүчиндсэн бичлэгийг мөн А.Ариунзаяа өөрийгөө яаж зүссэн бичлэгийг нуун дарагдуулж байна, миний зан байдлыг хувь хүн талаас нь тогтоогоогүй. Байцаагч манай гэрт зөвшөөрөлгүй нэгжлэг хийж алтан нуухтай шүрэн толгойтой цагаан хаш хөөргийг хурааж аваад буцааж өгөөгүй. Талийгаачийн ар гэрийнхэн надад 800.000 төгрөг өгсөн гэх юм. Гэрч нотлох баримт байна уу. Мөн талийгаачийг зоддог байсан гэдэг ч зодож байхыг харсан гэрч нотолгоо байна уу. Мөн задлангийн эмч В.Ариунзулын акт, дүгнэлтийг худал гуйвуулж бичээд байна …Хэрвээ би амиа хорлоход хүрвэл прокурор Б.Уранчимэг, байцаагч Д.Батсайхан нар миний цочролд орсон байх үедээ алдаж хэлсэн “би алсан” гэх үгэн дээр тулгаж гүйцэд шалгалгүй таслаж байгаад гомдолтой байна. …Иймд худал шинжилгээ дүгнэлт, нотлох баримт байхгүй. Иймээс гомдолтой байна. Надад холбогдох дээрх хэргийг тал бүрээс нь нягтлан шалгаж дээр дурдсан үйлдлүүдийг шалган хэлэлцэж 12А дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэв.                  

Ялтан Ч.Эрдэнэтөгсийн өмгөөлөгч Б.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Нэг: Шүүх хурал болон шийтгэх тогтоолын талаар: 1. Шүүх хурлын шүүгч нар зөвлөлдөн тасалгааны журмыг зөрчсөн.

2. Шүүх хурлын шийтгэх тогтоолыг танилцуулсны дараа өмгөөлөгч Б.Даваасүрэн, Б.Дашдорж нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэсэн шүүмжлэлийг хүлээн авсан боловч зөрчсөн асуудлуудыг дахин мөрдөн байцаалтад буцаагаад нөхөж гүйцэтгэх боломжгүй юм гэж тайлбарласан. Иймд үүнийг давж заалдах шатны шүүх залруулан Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн олон зүйл заалтуудыг зөрчсөн зөрчлийг арилгуулах цаашид сургамж болохоор шийдвэр гаргана гэж итгэж байна.

3. Ч.Эрдэнэтөгс давж заалдах гомдол гаргасныг дэмжиж байна.

4. Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нар нь өмгөөлөгч болон шүүгч нарт гомдож санаа сэтгэлээр улам унаж Ч.Эрдэнэчимэгийн амьдрал ээдрээтэй болж, Ч.Пүрвээгийнхний шүүхэд итгэх итгэл улам мухардаж эмнэлгээр явсаар ар гэрийн 50 гаруй 1-56 насны хүмүүс өвлийн хүйтэнд хөсөр хаягдаж давж заалдах гомдол бичих чадваргүй байна. Иймд өөрсдөөр нь яриулж бичгийн хэлбэрт оруулан гарын үсэг зуруулж хавсаргав. Жич: Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа, Ч.Эрдэнэчимэг нарын хүсэлт гомдлыг 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн бичиж тус хэргийн 2 дугаар хавтсыг дүүргэсэн болохоор Ч.Пүрвээг хавсарган бичиж байгааг хүлээн авна гэж итгэж байна.

5. Шийтгэх тогтоол болон хурлын тэмдэглэлд шүүгдэгч Ч.Эрдэнэчимэгийн өмгөөлөгчөөр оролцож тусгаарласан хэргийг нэгтгэж улмаар хавтаст хэрэгт өмгөөлөгчийн гэрээ мэт байсаар байтал намайг Ч.Эрдэнэчимэгийн өмгөөлөгчөөс байгаагаараа шийтгэх тогтоол хүчингүй болох үндэслэлтэй.

6. Уг хэрэг гэгч нь Д.Сүхбаатар цагдаагийн мэдээллээр үүссэн байдаг. Мэдээлэлд: 00 цагт миний танил н.Түмэннаст гэх залуу над руу залгаад …гээд байна гээд Д.Сүхбаатар гарын үсэг зуржээ. Үүнийг а/х н.Мөнхбат хүлээн аваад ахлагч Ө.Батсайханд шийд гэж цохжээ. Шүүх хурал дээр Д.Сүхбаатар цагдаагаас Түмэннаст гэж хэн бэ гэж тодруулан асуухад Тоогийгийн нэрийг мэдэхгүй н.Түмэннасан гэж бичсэн гэж хариулав.

Гэтэл Д.Сүхбаатар өөрөө тохиролцсон гэх Б.Ганхуяг утасдлаа гэж хэлэх нь яав, мөн Түмэннасан гэж Б.Ганхуягийг андуурч бичсэн байна лээ гэж хэлэх нь яав даа.

Эрүүгийн хэрэг үнэн зөв мэдээллээр үүсч, мэдээлэл өгсөн хүн хуулийн дагуу хариуцлага хүлээх үүрэгтэй тул анхнаасаа зохион байгуулалттай зохиомол хэрэг гэдгийг шалгуулах бололцоогоор хангана уу.

7. Ч.Эрдэнэчимэг, Ч.Чулуумаа, Ч.Пүрвээ нарыг прокурор Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар удаа дараа яллаж эсэргүүцэлдээ хүртэл бичиж байснаа Ч.Чулуумааг Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйл болгоход эсэргүүцэл бичихгүй байгаа нь хөдлөшгүй нотлох баримт бүрдүүлж бэхжүүлээгүйгээ нотлож байдаг. Иймд хуулийн дагуу нотлох баримтаа бэхжүүлэх бололцоогоор хангана уу.

8. Тогтоолын 11х доороосоо 1 дэхэд “…ар гэрээс 1.500.000 төлсөн тул …гэсэн нь …Эрдэнэтөгсөөс нөхөн гаргуулахаар шийдвэрлэв” гэжээ.

Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа, Ч.Эрдэнэчимэг, Ч.Эрдэнэтөгс эгч дүү дөрвүүлээ энэ хэрэгт холбогдоод байтал “ар гэр” гэж хэнийг яриад байна вэ. Энэ айлын 20 гаруй ам бүл 12 сар 360 хоног хэлмэгдэж өр зээлэнд баригдсаар байна. Бүгд ажилгүй, дэлгүүргүй боллоо. Ч.Эрдэнэчимэгийн /Ч.Пүрвээтэй нийлэн барьж буй болгосон хашаа байшинг Ч.Эрдэнэчимэгийн нөхөр Ч.Чулуумаа нар үгсэн хямд зарж уг мөнгийг өгсөн гэдэг/ хэн нь хэний өмнөөс уг хохирлыг өгсөн албан ёсны баримтыг шалган баталгаажуулах шаардлагыг хангаж өгнө үү. Зөвхөн Ч.Эрдэнэтөгсөөс гаргуулах эсэхийг тов тодорхой зааж уг мөнгийг эргүүлэн олгох заалт гаргаж өгнө үү.

Хоёр: Прокурор Б.Уранчимэгийн хууль бус ажиллагааны талаар:

1. 2016 оны 5 дугаар сарын 6-ны гомдол 4 хуудас, хавсралт 1 хуудас хавсаргав.

2. Хууль бусаар тусгаарласныг нэгтгэсэн дугаар бүхий хавтаст хэрэг 1 ширхэг бий.

3. Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нарын бичиж өгөх гэсэн 5 хуудас гомдол хавсаргав.

4. Прокурор шүүхэд бичсэн хэргийн 2 дугаар хавтаст хэрэгт байгаа гомдол хүсэлтүүдийн удаа дараагийн шаардлагуудыг хангах бололцоогоор хангана уу.

5. Дээрх үндэслэлүүдээр прокуророос татгалзах асуудлаар анхаарч үнэн зөв шийдвэр гаргаж өгнө гэж итгэж анхан шатны шүүх хуралд орсон чинь …дээр бичсэнээр хууль зөрчсөн байна гэтэл нөхөх бололцоогүй юм гэж шийтгэх тогтоол гаргасанд харамсаж байгаагийн хамт одоо энэ болох давж заалдах шатны шүүх хуралд прокурор Б.Уранчимэгээс татгалзаж байгааг хүлээн авна гэж итгэж байна.

Гурав: Ч.Эрдэнэтөгсийн үйлдсэн хэрэг гэгчийн талаар:

1. Шүүх хурал дээр шүүгч Халиун: прокуророос 2 хутгыг гэрээс нь авсан уу, шинжилгээнд өгсөн үү гэхэд шинжилгээнд өгсөн. Бичиг баримт ямар учиртай юм бэ, 2 утас хурааж авсан уу гэхэд бичиг баримтыг бэхжүүлж авсан, 2 хутгыг хурааж аваагүй мэтээр хариулсан нь тэмдэглэлд бий.

а/ 2 ширхэг хутганы алийг нь хэрэглэсэн, хэн барьж байсныг тогтоогоогүй. Талийгаачийн өмнөөс /байцаагч “эгч нарыг чинь хорино гэж ойлгуулж/ чи хутга бариад эргүүлэн далайж байсан гэж үзүүл гэх мэт үйлдэл хийлгэж байснаар бол нэвт хатгах байжээ. Иймд хутганы үзүүр хүрсэн өнгөцхөн шархнууд нь ямар тохиолдолд үүссэн талаар шүүх эмнэлэг, криминалистикийн туршилт шинжилгээгээр үнэн нь нотлогдох тул бололцоогоор хангана уу.

б/ бичлэг хийсэн 2 ширхэг гар утас, цагаан хөөрөг гэх мэт нь байцаагч Батсайхан дээр байсныг Ч.Пүрвээ нар мэддэг, Ч.Эрдэнэтөгс гэрчилдэг тул эдгээрийн шалтгааныг олж тодруулах бололцоогоор хангана уу.

2. Ч.Эрдэнэтөгс өөрөө хутга бариагүй эхлээд А.Ариунзаяа хутга барьж тулгаад утсаа нэхээд мэс хэрэглэсээр байтал “санаатай алсан” гэж зүйлчлээд байгаа нь хуульд нийцэхгүй байна. Сэдэлт зорилго нь эхлээд хутга барьж тулгасанд байдаг. Эрдэнэтөгс өөрийгөө болон өөрийг нь хамгаалсаар байсан нь өнгөц сорвиудаар нотлогддог.

2015 оны 2 дугаар сарын 15-нд мөн л А.Ариунзаяа өөрийгөө ална гээд чулуугаар цохиж хүнд гэмтэл учруулж байсан. Үерхэж байхдаа хүмүүсээр зодуулж цусыг нь уулгаж байсан мэт үйлдлүүд нь давтагдах үндэслэлтэй тул өөрийгөө болон өөрийг нь хамгаалж байсныг тодорхойлдог.

3. Байцаагч, прокурор нар санаатай алсан, Б.Ганхуяг, Д.Сүхбаатар нар алчихсан …шүүгч нар “зодож алсан”, Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа, Ч.Эрдэнэчимэг нарыг алчихлаа гэж хэлүүлэхээр бичсээр байна. Гэтэл сайн шалгавал алчихсан гэдэг үгнүүд зохиомол болох нь нотлогдоно. Нэвт хатгах байсан гүнзгий шарх үүснэ гэх мэт үгс байнга давтагдаж байгаа нь үнэний ортой байдаг бодит байдал дээр ийм л байдаг шүү дээ. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцаана уу…” гэв.   

Ялтан Ч.Пүрвээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй” гэв.

Ялтан Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нарын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Өмнө нь анхан шатны шүүхээс Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа, Ч.Эрдэнэчимэг нарыг цагаатгасан байдаг. Үүнийг прокурорын эсэргүүцэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, тодорхой процессийн алдаа зөрчлүүдийг засуулах саналтай орсон. Хэрэв мөрдөн байцаалтад буцаах боломжгүй бол тухайн хүмүүсийг цагаатгаж өгнө үү гэсэн санал гаргасан. Нэгэнт давж заалдах шатны шүүх магадлалаараа өмнөх тогтоолыг хүчингүй болгосон тул давж заалдах гомдол гаргаагүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Өнөрбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй байна. Талийгаач минь байсан бол их л юм ярих байсан байх. Үхсэн хүн үг хэлэх биш гээд их муухайгаар хэлж байна. Шүүх энэ асуудлыг шударгаар хурдан шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Бүтэн нэг жилийн хугацаа өнгөрлөө, ажил хийхэд их хүндрэлтэй, хэрэгтэн мэт хэцүү байна” гэв.

Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамжны 124 тоотод хамтран амьдрагч А.Ариунзаяагийн хүзүү болон хэвлийн тус газар хутгалж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан Ч.Эрдэнэтөгсийн үйлдэлд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг, Ч.Чулуумаа нарт 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт А.Ариунзаяаг санаатай алсан гэмт хэргийг Ч.Эрдэнэтөгс үйлдсэн байхад гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2016 оны 3 дугаар сард хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Өмгөөлөгчийн ярьж байгаагаар 7 дугаар сард мөрдөн байцаалтын ажиллагааг явуулаагүй. Хэргийн газрын үзлэг хийхэд хөөрөг, гар утас байсан талаар дурдсан боловч хэргийн газраас уг зүйлсийг хурааж аваагүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан. 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр Б.Ганхуяг, Д.Сүхбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааныг хийсэн. Тухайн үед Д.Сүхбаатар нь цагдаад мэдээлэл өгсөн, Д.Сүхбаатарт Б.Ганхуяг мэдээлэл өгсөн талаар мэдүүлсэн байдаг. Ч.Эрдэнэтөгсийн хэлж байгаа талийгаачтай ямар нэгэн холбоотой талаар Б.Ганхуягаас тодруулж асуусан байдаг ба шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолд энэ талаар тусгагдсан. Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад дээрх хүмүүсийн үйлдэл хангалттай тогтоогдсон учир Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 12А дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Ч.Эрдэнэтөгс нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамжны 124 тоотод хамтран амьдрагч А.Ариунзаяагийн хүзүү болон хэвлийн тус газар хутгалж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг,

Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нар нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамжны 124 тоотод Ч.Эрдэнэтөгс нь хамтран амьдрагч А.Ариунзаяаг санаатай алсан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Өнөрбатын “…Талийгаач А.Ариунзаяа бол миний төрсөн эгч байгаа юм. Эрхэлсэн ажилгүй, хувиараа барилгын ажил хийдэг байсан. Талийгаач уг нь Яармагт Лхагваа гэдэг хүнтэй хамтран амьдарч байсан. Тэгтэл 2015 оны 5 дугаар сарын үед салаад Чингэлтэй дүүргийн 15 хороонд эмээ, өвөө хоёр дээр ирчихээд байгаад байсан. Талийгаачийг Ч.Эрдэнэтөгс дуудаад уулзсан байсан. Би бодохдоо Ч.Эрдэнэтөгс манай эгчийг их зодож дарамталж эрхшээлдээ байлгаж байсан юм шиг байна лээ. Манай эгч хэрэг гарахын өмнөх өдөр над руу залгаад “эгч нь чамаас авсан мөнгөө удахгүй өгнө, эгч нь хөдөө ажил хийж байна” гэж хэлж байсан. Ер нь 3 хүүхдийг нь манай эмээ, өвөө хоёр л хардаг байсан. Талийгаачийг хүүхдүүдтэйгээ хамт байх гэхээр нь энэ Ч.Эрдэнэтөгс нь байлгадаггүй байсан. Би маш их гомдолтой байна. Миний эгчийн амь насыг хохироогоод бидэнд хэлээгүй гэмт үйлдлээ нуусан хүмүүст маш их гомдолтой байна. Хуулийн дагуу хамгийн дээд хэмжээний ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна…” /хх-34-35-1хх/,

Гэрч Б.Ганхуягийн “…Би одоогоос 3-4 хоногийн өмнө Зуун айлд гэртээ байж байтал Ч.Эрдэнэтөгс /Тоогий/ залгаад “завтай байна уу, хаана явж байна, хүрээд ирээч, “Гучин хоёр”-оос Дүүргийн эмнэлэг оруулаад өгөөч, дүү эмнэлэгт хэвтсэн, эргэх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд би “Гучин хоёр” дээр яваад очтол Ч.Эрдэнэтөгс одоо талийгаач болсон А.Ариунзаяа хоёр савтай хоол цай барьчихсан хүлээж байсан. Би тэр хоёрыг дүүргийн эмнэлэг дээр буулгаад явсан. Тэр үед “та хоёр юу хийж байна” гэхэд “1 дүгээр хороололд айлын заслын ажил хийж байгаа” гэхээр нь “ажил олдвол хэлээрэй, би хамт хийнэ” гэх зэрэг зүйл яриад салсан. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байсан байх 13-14 цагийн орчимд Ч.Эрдэнэтөгс над руу залгаад “ажил байна, хийх үү” гэсэн. Би машинаа засаад завгүй байсан учир “одоо амжихгүй, дараа болъё” гэж хэлсэн. Түүнээс хойш би завгүй байж байгаад 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зав гараад Ч.Эрдэнэтөгс рүү өдөр 16 цагийн орчимд залгаад “нөгөө ажил чинь яасан, өнөөдөр хийж болох болов уу” гэтэл тэр “больсон, чи хүрээд ирээч, хоёулаа ганц шил архи ууя” гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө эзэмшлийн 97-52 УНН улсын дугаартай машинтай явж байсан болохоор “одоо болохгүй, орой хоёулаа уулзаад манайд очиж 1 юм ууя” гэж хэлсэн. Би гадуур ажилтай явж байгаад 19 цагийн орчимд Эрдэнэтөгс рүү залгаад “манайх руу явж уух уу” гэтэл Ч.Эрдэнэтөгс өөдөөс “би энд ганц юм уучихлаа, чи хүрээд ир” гэсэн. Тэгээд би яваад 84 дүгээр сургуулийн автобусны буудал дээр очоод Ч.Эрдэнэтөгс рүү залгатал Ч.Эрдэнэтөгс 1 залуутай хамт жаахан архи уучихсан байдалтай ирж суусан. Тэгэхээр нь би “Ариунзаяа хаана байгаа юм бэ” гэтэл “2-3 хоногийн өмнө надтай муудалцаад ахынх руугаа явлаа” гээд явсан гэж хэлсэн. Тэгээд дээшээ манайх руу явъя гэхээр нь Ч.Эрдэнэтөгсийн гэр рүү яваад хашааны ар талын зам дээр нь очоод зогстол тэр хоёр 1 жижиг 330 граммтай “Хараа” нэртэй архи хувааж уусан. Тэгээд байж байтал хорооны цагдаа Д.Сүхбаатар бид нарын хажуугаар явж байгаад хүрээд ирсэн. Бид нар бүгд бие биенээ таньдаг учир жаахан ярьж хөөрч байгаад нөгөө Ч.Эрдэнэтөгстэй архи хувааж уусан залуу гэр рүүгээ явлаа гээд явсан. Тэгээд Д.Сүхбаатар, Ч.Эрдэнэтөгс бид 3 жаахан юм ярьж байгаад Д.Сүхбаатар гэр рүүгээ яваад өгсөн. Тэр үед Ч.Эрдэнэтөгс нилээд согтож байгаа бололтой ард сууж байснаа уйлаад байх шиг “найз нь нэг том хэрэг хийчихсэн, А.Ариунзаяаг алчихсан, одоо яах вэ” гэсэн. Би итгээгүй. Тэгээд гэр рүү оръё гэхээр нь хамт яваад ортол том эгч нь болох /Оогий/ Пүрэв бас нэг эгч хоёр нь байж байсан. Тэр хүмүүс урьд нь намайг орохоор бараг загнах шахуу байдаг хүмүүс их баргар царайтай, дуу муутай байсан. Бид хоёр дэлгүүрийн хаалгаар ороод дамжаад гэр рүү нь ороод суутал Ч.Эрдэнэтөгс надад хандан “чи найздаа тусал, эндээс холдуулж хаях хэрэгтэй байна” гэсэн. Тэгтэл том эгч Пүрэв нь “Баянхошууны тийшээ хая, наадах чинь тэнд ажил хийдэг гээ биз дээ” гэсэн. Бага эгч нь “тийм ойрхон яах юм” гэтэл Ч.Эрдэнэтөгс “Биогийн тийшээ аваачиж хаяна” гээд байсан. Тэгээд бид нар нилээд удсан. Би тухайн үед айгаад “ёстой мэдэхгүй” гэж хэлсэн. Би машин бензин байхгүй, би ер бараг чадахгүй гэх ухааны зүйл ярьтал Ч.Эрдэнэтөгс “чи найздаа тусал” гээд байсан. Тэгтэл эгч нь бензин хийчих гээд 30.000 төгрөг өгөөд 22 цагийн орчимд бага эгч нь надтай хамт яваад “17” ороод шатахуун түгээх станцаас бензин хийсэн. Тэр үед би яаж цагдаад мэдэгдэх вэ гэж бодоод Д.Сүхбаатарт хэлэх арга хайсан. Тэгээд “17”-оос өгсөөд Ч.Эрдэнэтөгсийн гадаа очоод эгчийг нь “та орж бай, би нэг хүнтэй уулзаад ирье” гэж хэлээд түүнийг буулгаад доошоо эргээд явсан. Жаахан холдоод Д.Сүхбаатартай утсаар болсон зүйлийн талаар яриад уулзахаар болсон. Д.Сүхбаатар цагдаа надаас “чи яг алсан байгааг нь баттай харсан уу” гэсэн. Би “А.Ариунзаяаг нас барсан байгааг нь хараагүй, Ч.Эрдэнэтөгс надад байшингийн дээвэрт хийсэн” гэснийг хэлсэн. Тэгээд би цагдаатай ярилцаад буцаж Ч.Эрдэнэтөгсийнд очихоор болоод явсан. Д.Сүхбаатар намайг “утсаа асааж халаасандаа хийгээд явж бай” гэсэн. Би буцаад 01 цагийн орчимд очоод тэдний хашаанд машинаа ухраагаад оруулсан. Тэгтэл хүн унтсан хойно гарна гээд нилээд удаад, бараг 1 цаг орчим болоод 02 цагийн үед гараад Ч.Эрдэнэтөгс намайг машинаа дэлгүүрийн залгаа байшингийн дээвэр рүү тулгаж тавь гээд өөрөө тийшээ яваад орсон. Тэгээд харж байтал Ч.Эрдэнэтөгс байшингийн дээвэр дотор нэг юм чирээд байгаа чимээ гарч байснаа нөгөө нүхээр нь гарыг нь унжуулаад гаргаад ирсэн. Би тэр үед маш их айгаад бараг харж чадахгүй байж байтал пид гэсэн чимээ гараад нэг юм газарт унасан. Би тэр үед ойртоод очтол газарт А.Ариунзаяагийн цогцос хэвтэж байсан. Түүнийг Ч.Эрдэнэтөгс дээрээс унагасан байсан. Өөрөө араас нь гарч ирээд цасан дээр чирээд, миний машины арын багааж руу хийгээд, нэг цагаан ууттай юм, 2 бадуушиг аваад буцаж гарч ирээд машины арын багааж онгойлгоод цогцосны дээрээс дарж тавиад, явъя гэсэн. Тэр үед би машинаа асаагаад хөдөлсөн, өөр хүн гарч ирээгүй. Ч.Эрдэнэтөгс хашааны хаалга хаахаар явахаар нь би утсаараа Д.Сүхбаатар руу залгаж холбоод, халаасандаа хийгээд доошоо явж уулзвар ороод болзсон газраа хартал цагдаа байхгүй байх шиг байхаар нь яана аа гэж бодоод явж байтал Д.Сүхбаатар алаг машинтай цагдаа нарын хамт хажуугаас гэнэт гарч ирээд урдуур орж зогсоогоод шалгаад аваад явсан. Тэр үед Эрдэнэтөгс “пизда, пизда” гээд машин дотор ямар ч хөдөлгөөнгүй суугаад байсан…” /хх-37-39-1хх/,

Гэрч Д.Сүхбаатарын “…Би 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн орой 21 цаг 30 минутанд Согоотын 10 дугаар гудамжны үзүүрт Б.Ганхуяг, Ч.Эрдэнэтөгс буюу Тоогий нар Б.Ганхуягийн 97-52 УНН улсын дугаартай “Раум” загварын машинтай архи уугаад сууж байхад нь гэр рүүгээ харих замдаа таарсан. Би Ч.Эрдэнэтөгсөд “архи дарсаа болио, гэр орондоо харьж амар” гэж хэлсэн. Тухайн үед Ч.Эрдэнэтөгс надад хандан “архины эмчилгээнд явуулаад өгөөч, архинаас болж амьдарлаа алдах гээд байна” гэх зүйл ярьж байсан. Би тэр үед нь “чи маргааш эрүүл болоод надтай уулзаарай, архины эмчилгээнд явуулж болно, болохгүй зүйл гэж байхгүй” гэдгийг би хэлсэн. Тэгээд би гэртээ хариад байж байтал шөнийн 00 цаг өнгөрч байхад Б.Ганхуяг над руу утсаар залгаад “нэг хэргийн талаар мэдээлэл өгье, ямар шагнал өгөх вэ” гэхэд би Б.Ганхуягт “ямар мэдээлэл өгөх юм, тэрнээс шалтгаална” гэж хэлсэн. Ганхуяг “хүн амины хэргийн талаар мэдээлэл өгье, Ч.Эрдэнэтөгс А.Ариунзаяаг алсан, миний машинаар зөөж хаямаар байна гэж надад хэлсэн” гэж ярьсан. Тэгээд би тухайн 15, 16 хороонд машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах ахлагч Доржгочоо, дэслэгч Ө.Батсайхан нартай “84”-ийн автобусны буудал дээр очиж уулзаад энэ талаар хэлсэн. Бид нар ярилцаад Хайлаастын Хаан банктай эцэс дээр очоод Б.Ганхуягийг дуудаж уулзаад асуутал, Ч.Эрдэнэтөгс сая архи ууж байгаад “би А.Ариунзаяаг алсан миний машинаар зөөмөөр байна гэж хэлсэн, цогцос хаана байгааг мэдэхгүй байна” гэж ярьсан. Тэгээд бид нар Б.Ганхуягт “чи буцаад Ч.Эрдэнэтөгс дээр очоод цогцсыг хаана байгааг мэдээдэх, хэрвээ цогцсыг ачих юм бол над руу залгаарай” гэж хэлээд, би өөрөө Ч.Эрдэнэтөгсийн гэрийн харалдаа Жаргалантын 26 дугаар гудамжинд энгийн машинтай зогсож байсан. Шөнийн 01 цагийн үед Б.Ганхуяг над руу утсаа залгаатай орхиж, удалгүй Б.Ганхуяг Эрдэнэтөгстэй хамт машиндаа сууж хашаанаас доошоо яваад, би араас нь дагаж явж байгаад Ө.Батсайхан, Доржгочоо хоёрт Б.Ганхуягийн машин усан сангаас 84-ийн уулзвар руу уруудлаа гэж утсаар хэлсэн. Тэр хоёр өөдөөс нь тосож зогсоогоод шалгаж, цогцос ачсан байгааг тогтоосон юм. Бид цогцсыг ил гаргаж ирэх зорилгоор Б.Ганхуягийг буцаж очоод цогцос хаана байгааг мэдээд хэрэв ачихаар бол ачаад гараад ир, бид нар чамайг бид нартай хамтарсан гэж мэдэгдэхгүй байхаар барьж авна гэж тохироод Б.Ганхуягийг явуулж цогцсыг ачуулсан. Би Б.Ганхуяг, Ч.Эрдэнэтөгс нарыг 2002 оноос хойш таньдаг, хүүхэд байхдаа гудамжинд байдаг сагсны шийдэн дээр тоглодог, нэг хорооны хүүхдүүд юм…” /хх-42-1хх/,

Гэрч Ө.Батсайханы “…Би 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд хороо хариуцсан цагдаа, ахлагч Д.Сүхбаатарын таньдаг залуугийнх нь таньдаг хүн нь “хүн алсан тэр залуугийн машинд ачиж хаяна гэж байна” гэх мэдээлэл авч “Согоот-10”-т мэдэгдэж, мэдээллийг үнэн эсэхийг шалгах болсон. Ингээд цогцос нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул ахлагч Д.Сүхбаатараар 97-52 УНН дугаартай жолооч Б.Ганхуягийг дуудуулж орой 01 цагийн орчимд Хайлаастын Хаан банктай эцсийн буудлын тэнд уулзаад асуутал Б.Ганхуяг ярихдаа, “би Ч.Эрдэнэтөгс гэдэг найзтайгаа уулзсан чинь “тэр эхнэрээ алсан, 2 хонож байна, чиний машинаар зөөнө” гэсэн. Цогцос нь хаана байгааг би мэдэхгүй байна” гэж ярьсан. Тэгэхээр нь ахлагч Д.Сүхбаатар, ахлах ахлагч Доржгочоо бид нар ярилцаад Б.Ганхуяг гэдэг жолоочийг цогцос байгаа газрыг олж, хэргийг илрүүлэх зорилгоор буцааж Ч.Эрдэнэтөгсийн гэр рүү явуулсан. Явуулахдаа хэрэв цогцос ачвал хөдлөхдөө утсаа залгаад орхи, ачихгүй бол цогцос хаана байгааг нь мэдээд гараад ир гээд оруулсан. Ингээд бид нар хүлээж байтал 02 цагийн орчимд Д.Сүхбаатар Жаргалантын 26 гудамжинд энгийн машинтай харж байгаад Б.Ганхуягийн машин Усан сангаас 84-ийн уулзвар руу уруудлаа гэж утсаар ярихад нь би ахлах ахлагч Доржгочоогийн хамт алаг тэрэгтэй 84-ийн уулзвар дээр өөдөөс нь хаалт хийж зогсоож шалгахад, эмэгтэй хүний цогцос байсан. Тэгээд хэргийн газрыг хамгаалалтанд авч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн...” /хх-43-1хх/,

Шинжээч эмч В.Ариунзулын “…Талийгаачийн хүзүү, хэвлий хэсэгт нь 3 ширхэг шарх үүссэн байсан. Шарх бүрт нь дугаар өгч, үүссэн механизм, үхэлд нөлөөлсөн байдал зэргийг тодорхойлж өгсөн. Цогцос ялзарсан байсан тул судаснаас цус авагдаж өгөхгүй хүндрэл гарсан тул согтолтын зэргийг тогтоож чадаагүй. Учир нь согтолтын зэргийг цусан дахь этилийн спиртийн хэмжээгээр тогтооно. Харин архи хэрэглэсэн эсэхийг булчингийн эдэд спирт тодорхойлж тогтооно. Шархыг дугаарласан дугаарлалт нь зүгээр л хооронд нь ялгах ялгасан дугаарлалт бөгөөд үүссэн дараалал биш болно. Талийгаачийн хүзүү болон хэвлийд учирсан 3 шархнаас бусад дээрх гэмтлүүд нь хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломжгүй боловч гэмт хэрэг үйлдэгдсэн үед хэвлий болон хүзүүний шархтай хамт үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач №2 гэж дугаарласан шархнаас болж нас барсан байна…” /хх-71-72-1хх/,

Ч.Эрдэнэтөгсийн сэжигтнээр өгсөн “…Би уурлаад 19 цагийн орчим гэрт хөргөгч дээр байсан хар иштэй хутгыг аваад баруун гартаа бариад савсан чинь А.Ариунзаяагийн хоолойг хэрчсэн. Тэгээд хүзүүнээс нь их хэмжээний цус гоожсон. Талийгаач тэр дороо унаад нас барсан. Бид хоёр өөр хүнтэй архи уугаагүй, манай гэрт гаднаас өөр хүн байгаагүй. Би талийгаачийг хутгалсан хар өнгийн иштэй нугардаггүй, ойролцоогоор 20 гаруй см урттай хутгыг угааж цэвэрлээд хөргөгчид хийсэн…” /хх-123-1хх/,

Ч.Пүрвээгийн сэжигтнээр өгсөн “…Тэгээд Ч.Эрдэнэтөгс манай гэрт орж ирсэн. Тухайн үед нэлээд согтуу байсан. Ч.Эрдэнэтөгс уйлж байснаа би ханийгаа алчихлаа шүү дээ гэсэн. Тэгээд чи хүн алсан юм бол цагдаа дуудахгүй яасан юм гэхэд Эрдэнэтөгс би айгаад чадахгүй байна гэсэн…” /хх-133-134-1хх/,

Ч.Эрдэнэчимэгийн сэжигтнээр өгсөн “…Талийгаач А.Ариунзаяаг нас барсан гэдгийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчим мэдсэн. Эгчээс Б.Ганхуягийн машинд бензин хийнэ, 30.000 төгрөг зээлээдэх гэтэл эгч 30.000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би Б.Ганхуягийн машинд сууж хамт явж бензин авсан…” /хх-139-1хх/,

Ч.Чулуумаагийн сэжигтнээр өгсөн “…Тэгээд би байж байгаад Ч.Эрдэнэтөгсөд цай хийж өгөөд хаашдаа цагдаад мэдэгдээд хоригдохоос хойш гэж бодоод “Далай хүү” захаас 1 зузаан өмд, 2 футболк, 2 оймс аваад ирсэн…” /хх-143-1хх/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2231 тоот акт, дүгнэлтийн “…1.Талийгаачид хуйх, 2 нүдний доод зовхи, хамрын уг нуруу, эрүүний ооч хэсэгт цус хуралт, 2 хөмсөгний гадна болон 2 хөмсөгний гол хэсэг, хамрын үзүүрийн өнгөц зулгаралт, хүзүү болон хэвлийн зүсэгдсэн шархнууд /шарх №1-3/ үүсчээ. 2. 2 нүдний дээд, доод зовхи, хамрын уг нуруу, эрүүний ооч хэсэгт цус хуралт, 2 хөмсөгний гадна хэсэг болон 2 хөмсөгний гол хэсэг, хамрын үзүүрийн өнгөц зулгарал нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, үхэлд нөлөөлөөгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. Хүзүү болон хэвлийн зүсэгдсэн шархнууд нь зүсэгч багажийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх бөгөөд шарх №2-ын гэмтэл үхэлд шууд хүргэжээ. Шарх №1, 3 үхэлд нөлөөлөөгүй хөнгөн зэргийн гэмтлүүд болно. Шархнууд нь зүсэгдсэн шарх тул зүсэгч багажийн ажлын хэсгийн урт өргөний хэмжээг тогтоох боломжгүй. Мөн үүсгэгдсэн дарааллыг тогтоох боломжгүй ч нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба нас барахаас өмнө 12-18 цагийн өмнө үүсгэгдсэн байна. 3. Рефлексийн бүсийн гэмтэл болох /шарх №2/ төвөнхийн бамбайн мөгөөрс, баруун гүрээний артерийн зүсэгдсэн шархны улмаас рефлексээр зүрх гэнэт зогсож нас баржээ. 4. Булчинд 3.2 промилли этилийн спирт илэрсэн нь нас барахаас өмнө этилийн спирт хэрэглэж цусанд шимэгдэх хугацаанд өнгөрсөнийг илэрхийлнэ. 5. Цусны 3 дугаар бүлэгтэй байна. 6. Үтрээ шулуун гэдэсний арчдас наалдцад эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна…” /хх-54-57-1хх/ гэх дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6-1хх/, 97-52 УНН улсын дугаартай, “Тоёота Раум” загварын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14-16-1хх/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-13, 17-20, 22-24-1хх/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Ч.Эрдэнэтөгс, Ч.Эрдэнэчимэг, Ч.Пүрвээ нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирсон хуульд заасан ял оногдуулсан байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан Ч.Чулуумаагийн үйлдлийг Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нарынхаас ялган үзэж, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, гэмт хэргийг үл мэдээлсэн гэж үзсэн нь үндэслэлтэй хэдий ч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх,.. эрхтэй…” гэж заасныг анхааралгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “…гэмт хэргийг үл мэдээлэх...” гэмт хэрэг нь эс үйлдэхүйгээр илэрдэг онцлогтой ба хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Ч.Чулуумаа нь ялтан Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нарын адил гэмт хэргийг нуун далдлах зорилгоор идэвхитэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдохгүй байна. Харин өөрийн төрсөн дүү Ч.Эрдэнэтөгсийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болохыг лавтай сайн мэдсэн ч зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх арга хэмжээ аваагүй нь Ч.Чулуумаа нь өөрийн төрсөн дүү Ч.Эрдэнэтөгсийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуульд заасан эрхээ эдэлсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд Ч.Чулуумаа нь субъект болохгүй юм.

Иймд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Ч.Чулуумаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ч.Чулуумааг цагаатгах нь зүйтэй байна.

Харин Ч.Эрдэнэтөгс нь өөрийн хамтран амьдрагч А.Ариунзаяаг хувийн таарамжгүй харилцааны улмаас онц харгис хэрцгий аргаар буюу биед нь олон тооны шарх гэмтэл учруулан хүзүү болон хэвлий тус газарт нь хутгалж санаатай алсан, энэ гэмт хэргийг түүний төрсөн эгч Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нар нь урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь гэрч Б.Ганхуяг, гэрч Д.Сүхбаатар, ялтан Ч.Эрдэнэтөгс, Ч.Пүрвээ, шүүгдэгч Ч.Чулуумаа нарын сэжигтнээр өгсөн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2231 тоот дүгнэлт /хх-54-57-1хх/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.  

Ялтан Ч.Эрдэнэтөгс “…талийгаач садар бичлэгээ устгах гэж эхэлж над руу дайрсан ба түүнийг Б.Ганхуяг алсан …мөрдөн байцаалтын шатанд өвөг дээдсээс уламжилж ирсэн алтан нуухтай шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг, 2 ширхэг гар утсыг хурааж аваад өгөөгүй …шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан …тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэж, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн “…Ч.Эрдэнэтөгсийн гомдлыг дэмжиж байна …хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэж тус тус давж заалдах гомдол гаргасан хэдий ч тэдний давж заалдах гомдолд дурдсан үндэслэл, нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтуудаар батлагдаж нотлогдохгүй байна.

Иймд ялтан Ч.Эрдэнэтөгс, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон бусад үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагагүй тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.    

Харин Ч.Чулуумаад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 12А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Ч.Чулуумаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Ч.Чулуумааг цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгож, тогтоолын 2 дахь заалтын Ч.Чулуумаад холбогдох хэсгийг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Ялтан Ч.Эрдэнэтөгс, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Ч.Чулуумаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

          4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.             

  

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ПҮРЭВСҮРЭН                                                                                            

                              ШҮҮГЧИД                                                    Д.ОЧМАНДАХ

                                                                                      Д.МЯГМАРЖАВ