Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 9

 

                                                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

         О.Даринчулуунд холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Батболд,

Хохирогч Х.Одонтунгалаг,

Ялтан О.Даринчулууны өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.Одонтунгалаг, ялтан О.Даринчулуун, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Даринчулуунд холбогдох эрүүгийн 201626011964 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Даруу овогт Отгонжамцын Даринчулуун, 1985 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, хамтран амьдрагч, түүний хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын 3-1 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЧБ85012575/,   

 

          О.Даринчулуун нь 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын 3-1 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Х.Одонтунгалагийг “архи уугаад, үхрээ саасангүй” гэх шалтгааны улмаар маргалдан модон сандлын хөл шидэж, толгойн тус газар нь цохиж бие махбодид нь “зүүн чамархай, зулай ясны хугарал, тархины хатуу бүрхүүл доорхи цусан хураа” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: О.Даринчулуунд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: О.Даринчулууныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар О.Даринчулууныг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Даринчулууны эдлэх 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, О.Даринчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн сандлын тавцан мод болон углуурга 2 ширхэг мод зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Даринчулуунд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан О.Даринчулуун гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие О.Даринчулуун Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 215 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Миний бие хамтран амьдрагч Х.Одонтунгалагийг үл ялих зүйлээр шалтаглан эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, маш их харамсаж байна. Хэдийгээр бид албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй боловч 6 жилийн хугацаанд эвтэй сайхан амьдарч байсан. Би цаашид дахин ийм муухай үйлдэл гаргахгүй, хичээж амьдрах болно. Хурдан эрх чөлөөтэй болж эхнэрээ халамжлан хайрлаж, үр хүүхдээ сайн хүмүүжүүлж, сайхан амьдралын төлөө зүтгэх болно. Миний үйлдлээс болж эхнэрт минь учирсан хохирлыг ар гэрийнхэн маань арилгасан. Мөн цаашид намайг гарч иртэл ар гэрийнхэн маань эхнэр хүүхдэд минь туслаж дэмжих болно. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Ялтан О.Даринчулууны өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие О.Даринчулууны өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүхийн шатнаас эхлэн түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа ба Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 215 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

О.Даринчулуун нь 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хамтран амьдрагч X.Одонтунгалагийг толгойн тус газар нь цохисны улмаас хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хамтран амьдрагч Х.Одонтунгалагийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх өр төлбөргүй болно.

О.Даринчулууны хувийн байдлаас харахад зан төлөвийн хувьд гэрч О.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...зан байдлын хувьд гайгүй зантай. Бусадтай маргалдаж зодолдоод байдаггүй. Элдэв муу зангүй. Хүнтэй эелдэг харьцаатай...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Даринчулуун нь тогтуун зантай, элдэв муу зан, уур уцаар байдаггүй. Төлөв зантай хүн. Гэр бүлийнхэнтэйгээ сайн харьцаатай, Х.Одонтунгалаг гэх нэг хүүхэдтэй хүнтэй 6 жил хамтран амьдрах болсон...” гэсэн мэдүүлгүүдээс харахад О.Даринчулуун нь засрал хүмүүжил авах боломжтой, зан байдлын хувьд төлөв даруу, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хамтран амьдрагч X.Одонтунгалаг нь одоо бага насны хүүгийнхээ хамт үлдсэн, бие даан амьдрах чадварын хувьд тааруу бөгөөд хохирогчийн зүгээс ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан О.Даринчулууны хийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой байх тул түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хохирогч Х.Одонтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хүүхэдтэйгээ хоёулаа амьдарч байгаа. Амьдрал хэцүү байна. О.Даринчулуунд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Прокурор Б.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “О.Даринчулууны үйлдэл нь шууд санаатай үйлдэл бөгөөд нэг удаагийн үйлдэл биш юм. Учир нь эхлээд сандал шидэхэд оноогүй бөгөөд хохирогчийг цааш зугатаахад нь хугарсан сандалын хөлийг дахин авч шидсэн. Энэ үйлдлээс нь гэм хор учирсан байдаг. О.Даринчулуун нь гэм хор учруулах үйлдлийг санаатайгаар, зорилготой хийсэн. Архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болно. Тухайн үед хоёулаа цуг архи уусан байсныг улсын яллагчийн зүгээс ял шийтгэл оногдуулахад харгалзаж үзэх нөхцөл байдал гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс О.Даринчулуунд 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч гэж заасан. Үүнийг заавал хэрэглэнэ гэсэн үг биш. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж, хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

О.Даринчулуун нь 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын 3-1 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Х.Одонтунгалагийг “архи уугаад, үхрээ саасангүй” гэх шалтгааны улмаар маргалдан модон сандлын хөл шидэж, толгойн тус газар нь цохиж бие махбодид нь “зүүн чамархай, зулай ясны хугарал, тархины хатуу бүрхүүл доорхи цусан хураа” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч X.Одонтунгалагийн “...2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би баруун талын айл руугаа орж Баяраа, Думаа гэх хоёр хүнтэй ганц юм уухаар болоод нөхөр О.Даринчулууныг аваад бид дөрөв 0.75 литрийн 1 шил архи, 0.5 литрийн нэг шил архи, 2 том пиво авч уулын энгэрт гарч уусан …О.Даринчулуун намайг “чи яах гэж архи уусан юм бэ” гээд уурлаад байхаар нь “чамд миний архи уух ямар хамаатай юм бэ” гээд би очоод О.Даринчулууны цээж, гарыг нь маажаад фудболкийг нь ураад, О.Даринчулуун руу зуухны хажууд байсан цэнхэр өнгийн модон сандлыг аваад шидсэн чинь онолгүй авдрын булан оноод эвдрээд салаад унасан. Тэгээд би хаалгаар гарах гэсэн чинь О.Даринчулуун уг эвдэрсэн сандалны 1 хөлийг аваад араас шидсэн чинь тэр сандлын хөл нь гал тогооны шүүгээ оноод буцаж ойгоод миний толгой дээр оносон. Тэгээд би гэртээ ороод унтаад өгсөн ба түүнээс хойш маргалдаж зодолдсон зүйл байгаагүй. Ингээд маргааш өглөө нь толгой өвдөөд босож чадахгүй байхаар нь түргэн дуудсан чинь эмч ирээд бухимдлаас болсон байна гэж хэлээд явсан. Маргааш нь бас л өвдөөд байхаар нь “Цамбагарав” дээр байдаг эмнэлэг орж толгойны зураг авахуулсан чинь “тархиндаа гэмтэлтэй байна,  гэмтэлд очиж үзүүл” гэхээр нь би гэмтэл рүү очоод тэнд тархины хагалгаанд орсон. Надад гомдол санал байхгүй...” /хх-16/,

“...Би О.Даринчулуун руу би сандал шидээд, өөдөөс нь хэрэлдээд байсан учир О.Даринчулуун уурандаа эвдэрсэн сандлын хөлийг над руу шидсэн чинь тэр хөл нь миний толгойг оноод гэмтэл учруулсан. Тэрнээс өмнө нь зүгээр байсан. Үхрээ саасангүй, архи уулаа гэдгээс болоод л маргаж байгаад толгойдоо цохиулсан. Өмнө нь унаж байсан болон толгойд юмаар цохигдож байсан удаа байхгүй. Толгой өвдөөд эхэлсэн учир тэр орой би гарч ороогүй шууд унтаад өгсөн. Тэр өдрийн маргааш нь толгой өвдөөд бага зэрэг огих гээд байсан. Тэрнээс өөр гэмтэл мэдрэгдээгүй боловч сандлын хөлөөр цохиулснаас хойш 2 хоног би босож чадахгүй байсан. Босохоор л толгой эргээд явж чадахгүй байсан учир эмнэлэгт хандах болсон...” /хх-17/,

Гэрч О.Чулуунхүүгийн “...2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би гадуур ажлын хүмүүсийн хамт явж байгаад төрсөн дүү О.Даринчулууны гэрт орой 22 цаг өнгөрч байхад очсон. Намайг орох гэж байхад гэрийн гаднаас тэр хоёр маргалдаж байгаа нь сонсогдож байсан ба гэрт ороход О.Даринчулуун, Х.Одонтунгалаг нар нь халамцуу байдалтай үхэр, мал саасангүй гээд маргалдаад гэрийн хоёр талд сууж байсан. Тэгснээ О.Даринчулуун, Х.Одонтунгалаг нар нь хоёулаа босож ирээд зууралдаад байсан. Тэгэхээр нь би “маргалдахаа болиоч” гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд би тэднийхээс гараад айлд хоночихоод маргааш нь 10 цаг болох гэж байхад О.Даринчулууны гэрт ороход О.Даринчулуун Х.Одонтунгалаг хоёр орноосоо босоогүй хэвтэж байсан. Тэгэхэд Х.Одонтунгалаг нь орноосоо босохгүй огиод бөөлжих гээд байхаар нь “яасан юм бэ шартаад байгаа юм уу” гэхэд Х.Одонтунгалаг “мэдэхгүй” гээд дуу муутай байсан. Тэгээд би удаагүй ажилдаа явчихаад орой 17 цагийн орчимд ирсэн чинь Х.Одонтунгалаг орноосоо босоогүй, өдөржингөө хэвтлээ гээд царай нь тааруу цонхийсон байдалтай хэвтэж байсан ...О.Даринчулуун нь тогтуун даруу зантай, элдэв муу зан, уур уцаар байдаггүй. Төлөв зантай хүн. Муу зуршил гээд байх зүйл байхгүй. Архи хааяа уудаг. Уухаараа элдэв зан гаргаад, агсам тавиад байдаггүй. Гэр бүлийнхэнтэйгээ сайн харьцаатай. Х.Одонтунгалаг гэх нэг хүүхэдтэй хүнтэй 6 жилийн өмнөөс xaмт амьдрах болсон...” /хх-19-20/,

Гэрч О.Отгонбаатарын “...О.Даринчулуун нь манай аавын эгчийн хүүхэд байгаа. Зан байдлын хувьд гайгүй зантай. Бусадтай маргалдаж зодолдоод байдаггүй. Элдэв муухай ааш гаргаад байдаггүй. Хүнтэй эелдэг харьцаатай. Би уурлаж байхыг нь харж байгаагүй...” /хх-22/,

Насанд хүрээгүй гэрч О.Ганбаярын “…Тэр өдөр би гадаа тоглож байсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байна. Аав ээжийг зоддоггүй…” /хх-21/,

О.Даринчулууны сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...би эхнэрээ дагуулаад гэртээ ирээд эхнэр Х.Одонтунгалагт “үхрээ саа” гэж хэлчихээд хэвтээд өгсөн юм. Тэгтэл эхнэр Х.Одонтунгалаг “адилхан уучихаад” гээд уурлаад намайг татаж чангаагаад, нүүр ам, гар маажаад байхаар нь түлхчихээд би буруу хараад хэвтсэн чинь Х.Одонтунгалаг намайг “босооч” гэж хэлээд цэнхэр өнгийн модон сандлыг аваад над руу шидсэн чинь тэр нь намайг онолгүй авдар оноод салаад унасан. Тэгэхээр нь би уурлаад “яадаг муу хар амьсгаа вэ” гээд сандлын хөлийг нь аваад Х.Одонтунгалаг руу шидсэн чинь шүүгээнд ойгоод Х.Одонтунгалагийн толгой руу оносон. Тэгээд эхнэр унтаад өгсөн. Маргааш өглөө нь эхнэр босохгүй “толгой өвдөөд байна” гэхээр нь би гарч үхрээ саачихаад ороод ирсэн чинь эхнэр хэвтсэн чигтээ байхаар нь “яасан бэ босооч” гэсэн чинь босохгүй “шартаад байна” гэхээр нь би бантан хийж өгчихөөд байж байтал Х.Одонтунгалаг “бие засъя” гэхээр нь би түшээд босгосон чинь Х.Одонтунгалаг өөрийнхөө биеийг дийлэхгүй байсан…” /хх-33-34, 35-36/,

Шинжээч эмч С.Одончимэгийн “...Х.Одонтунгалагийн биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэж болно. Хатуу мохоо гэдэгт хурц ирмэггүй зүйлс орно. Модоор цохигдох үед үүсэх боломжтой. Нэлээн их хүч үйлчилж байж цусан хураа үүснэ. Хохирогчийн хувьд зулайн оройн хэсэгт шууд хүч үйлчилсэн буюу цохих, цохигдох үед үүсэх боломжтой. Харин ханын толгой руу шидсэн модны хүч нь эргэж ойхдоо суларсан байдаг тул ийм хэмжээний гэмтэл учруулах боломжгүй. Түүнээс гадна хугарал нь хаана байна тэнд хүч үйлчилсэн байна. Түүнээс баруун талаараа унахад зүүн талд гэмтэл үүсэх боломжгүй. Хохирогчид учирсан гэмтэл халтирч унах, шургаж унах зэргээс үүсэх боломжгүй байна…” /хх-25/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10507 дугаар дүгнэлтэд “…1. Х.Одонтунгалагийн биед зүүн чамархай зулай ясны хугарал, тархины хатуу бүрхүүл доорхи цусан хураа, цусан хурааг авах мэс ажилбарын дараах байдал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар хүнд зэргийн гэмтэл болно. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц, эдгэрэл төгсгөлөөс шалтгаална…” /хх-24/ гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-7/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-14/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.    

Ялтан О.Даринчулуун, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнчимэг, хохирогч Х.Одонтунгалаг нар нь “…Шүүгдэгч О.Даринчулуунд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү…” гэх давж заалдах гомдлуудыг тус тус гаргаж байх ба гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Учир нь хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл, харилцаа нөлөөлсөн, түүнчлэн ялтан О.Даринчулуун нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсэн зэрэг түүний хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж шүүх үзэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар О.Даринчулууныг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар О.Даринчулууныг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

3 дахь заалтын “…5 жил 1 сар…” гэснийг “…3 жил 6 сар…” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.ДАВААСҮРЭН

 ШҮҮГЧИД                                                   Н.БАТСАЙХАН

         Д.МЯГМАРЖАВ