Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 11

 

 

 

Б.Энхбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

ялтан Б.Энхбаатар /цахимаар/,

ялтан Б.Энхбаатарын өмгөөлөгч Д.Даваа,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Энхбаатарын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2016 2502 2245 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Цац овгийн Бямбажавын Энхбаатар, 1995 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1 дүгээр баг, Ажирхай Баяндалай 3 дугаар гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 7 дугаар орцны 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЗВ95060812/;

Б.Энхбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Чингисийн талбай дээр иргэн Х.Мөнхжаргалын “миний ээжээс уйчлалт гуй” гэсэн зүй ёсны шаардлагыг үл зөвшөөрч түүний баруун хөлөн тус газар нь өшиглөж “баруун өвдөгний тойг ясны далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. 

 Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Энхбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бямбажавын Энхбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар түүний эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Б.Энхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Энхбаатараас 312.215 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Мөнхжаргалд олгож, нэхэмжлэлээс 39.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Б.Энхбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Энхбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэн Х.Мөнхжаргалын эрх чөлөөнд халдаж түүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Х.Мөнхжаргалын эмчилгээнд зарцуулагдсан 750.000 төгрөг буюу материаллаг хохирлыг бүрэн төлж дууссан гэсэн ойлголттой байтал хохирогчийн зүгээс урд нь гаргаж ирээгүй эмчилгээний зардлыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хохирогчийн гаргаж өгсөн баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч намайг хохирогчид эмчилгээний зардлыг дутуу төлсөн, өөрөөр хэлбэл бусдад хохирол учруулсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлөөгүй гэж үзэж дээрх хорих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхээр болсон. Иймд миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэм буруугаа ойлгон гэмшиж харамсаж байна. Хохирогчид учруулсан материаллаг хохирлоо барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэв.

Ялтан Б.Энхбаатарын өмгөөлөгч Д.Даваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Энхбаатар нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож, гэмшиж, бусдад учруулсан материаллаг хохирлыг гүйцэд төлөөгүй гэж шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан учир шийтгэх тогтоолоор 312.215 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Мөнхжаргалд олгуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулсан. Иймд анх удаа үйлдсэн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэсэн үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б.Энхбаатар хэргийн материалд авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлтүүдийг ямар нэгэн байдлаар эсэргүүцэж, маргаагүй. Иймд түүний цаашдын ирээдүйг бодож, хохирлыг бүрэн төлж барагдуулсаныг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Б.Энхбаатарын ар гэрийн зүгээс хохирогчид 1.000.000 төгрөгийг хөлний эмчилгээнд цаашид гарах зардалд хэрэглээрэй гэсэн үүднээс өгсөн гэв.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Яллагдагчийн хувийн байдал, хохирол төлөгдсөн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзах нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Анхан шатны шүүх хуралдаанд 750.000 төгрөгийг хохиролд төлөхөөр авчирсан байсан. Гэтэл шүүхэд хохирогч эмчилгээний зардал нэмэгдэж гарсан гэсэн баримт авчирсан тул хохирлын тооцоонд зөрүү гарсан учраас тухайн үед барагдуулж чадаагүй нөхцөл байдал үүссэн. Иймд Б.Энхбаатарт оногдуулсан ял шийтгэлийг тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Б.Энхбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Чингисийн талбай дээр игэн Х.Мөнхжаргалын “миний ээжээс уйчлалт гуй” гэсэн зүй ёсны шаардлагыг үл зөвшөөрч түүний баруун хөлөн тус газар нь өшиглөж “баруун өвдөгний тойг ясны далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ялтан Б.Энхбаатар, хохирогч Х.Мөнхжаргал, гэрч О.Хөгжихзалуу, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Жавхлантөгс, Х.Нарандулам нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 11723 тоот шинжээчийн дүгнэлт, ГССҮТ-ийн өвчний түүх зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Б.Энхбаатарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн  аюулын шинж чанар, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Ялтан Б.Энхбаатарын: “...миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэм буруугаа ойлгон гэмшиж харамсаж байна. Хохирогчид учруулсан материаллаг хохирлоо барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэсэн гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:

мөрдөн байцаалтад ялтан Б.Энхбаатар: “...Над руу дайраад ирэхээр нь би бултсан. Тэр үед тэр залуу газар унасан. Өөрөөр надад зодож цохисон зүйл байхгүй...” /хх-24/,

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Б.Энхбаатар: “...Би тэр өдөр эрүүл байсан. Хохирогч Х.Мөнхжаргалыг өшиглөөгүй. Гэтэл 20 хоногийн дараа М.Дорждэрэм над руу залгасан. Намайг хаана байна гэж асуухаар нь би ажил дээрээ байна гэхэд Хосбаяр ахмад намайг дуудсан. Тэгээд очтол “ Чи Х.Мөнхжаргалыг өшиглөсөн биз дээ“ гэхээр нь би түлхсэн гээд хэлчихсэн. Би хохирогчийн ээжийг хэл амаар доромжлоогүй. Авсан зайдасныхаа мөнгийг төлсөн. Б.Жавхлантөгс намайг Х.Мөнхжаргалыг өшиглөсөн гэж худлаа мэдүүлэг өгсөн байсан. Би Х.Мөнхжаргалыг түлхэж унагаснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Х.Мөнхжаргалд 750.000 төгрөг өгсөн...” /хх-92/,

мөрдөн байцаалтад хохирогч Х.Мөнхжаргал: “...2016 оны 8 дугаар сарын 21-ний орой ... 3 согтуу залуу байсан ба манай ээжийн зарж байсан шарсан зайдаснаас булааж өмдөндөө хийж байхыг харсан. Би очоод “Та нар настай хүний юмыг яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд манай ээжийг “Хөгшин ал минь. Дуугүй бай” гэж хэлээд салаавч гаргасан. Тэгэхээр нь би “Та нар настай хүнийг ингэж болдог юм уу. Манай ээжээс уучлалт гуй” гэж хэлэхэд тэр залуучууд үл тоож цаашаа яваад өгсөн. Тэгэхээр нь манай эмэгтэй дүү Х.Нарандулам бид 2 хойноос нь очоод “Манай ээжээс уучлалт гуйчих” гэж хэлэхэд намайг нэг залуу нь гэнэт тийрч түлхэж унагаачихаад цаашаа зугтаад явчихсан. Миний баруун хөлний өвдөгний тойг 2 хуваагдсан ба би хагалгаанд орж эмчлүүлсэн. Одоо хөл дээрээ явж чадахгүй хэвтрийн дэглэмд байгаа...” /хх-10/,

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Х.Мөнхжаргал: “...2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Чингисийн талбай дээр ээжийгээ тосож авахаар очтол 3 залуу юм авч байгаа харагдсан. Ойртоод очтол 1 залуу зайдас аваад өмд рүүгээ хийхийг харсан. Би ээжээс “Энэ залуучууд хэдэн зайдас авсан бэ“ гэж асуухад нэг зайдас мөнгөөрөө авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө залуучууд дээр очоод нэг залуугийн өмднөөс зайдас гаргаж ирээд ээждээ үзүүлээд нөгөө залуучуудыг “Залуу хүмүүс байж  настай хүнийг ингэж дээрэлхэж болохгүй“ гэж хэлэхэд ээжийг маань элдвээр хэлж, үл тоосон шинжтэй цаашаагаа зугтаасан. Би араас нь очиж “Манай ээжээс уучлалт гуй“ гэж дүүгийнхээ хамт шаардлага тавьсан. Гэтэл Б.Энхбаатар гэх залуу миний баруун хөл рүү тийрч түлхээд яваад өгсөн. Миний хөл гэмтчихлээ гэхэд тоосон шинжгүй зугтаасан. Явж чадахгүй байсан учраас талбайн цагдаа дуудаж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргүүлсэн. 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Гэмтэл согогийн үндэсний төвд хагалгаанд орсон бөгөөд одоог хүртэл шүүс гараад хагалгаа хийсэн эмчийнхээ сувилагчаар очиж боолгож байгаа. Би бусдын тусламжтай явдаг болсон. Байнгын ээжээрээ асруулж, өтгөн шингэнээ хүртэл ээжээрээ зөөлгөж, цэвэрлүүлж байгаа...”/хх-92/,

мөрдөн байцаалтад гэрч О.Хөгжихзалуу: “...2016 оны 8 дугаар сарын 21-нд өдөр ... манай хүү Х.Мөнхжаргал нэг залуугийн өмдний арыг ухаад “Чи өмднийхөө ард нэг зайдас хийсэн байна. Наадахаа өг. Ингэж болдог юм уу” гэхэд тэр залуу “Энэ зайдас надад байсан“ гэж хэлсэн. Манай хүү “Чи тэгвэл мөнгөөрөө авсан зайдсаа өмдөндөө хийдэг юм уу“ гэж хэлэхээр нь би “Та нар залуу хүүхдүүд байж ичдэггүй юмуу. Мөнгөгүй байсан бол гуйгаад авахгүй“ гэж хэлэхэд тэнд байсан нэг залуу “Май хөгшин ал минь“ гэж хэлээд салаавч гаргасан. Тэр 3 залуу зугтаад яваад өгсөн. Намайг араас нь очиход хүү газар уначихсан “ Хөл өвдөөд байна. Цагдаа дуудаарай “ гээд орилоод хэвтэж байсан...” /хх-12/,

шүүхийн хэлэлцлүүлэгт гэрч О.Хөгжихзалуу: “...Би тэдгээр залуучуудад “Та нар залуу хүмүүс байж, мөнгөгүй байсан бол гуйгаад идэхгүй яасан юм бэ” гэхэд над руу салаавч гаргаад “Май. Хөгшин мал минь” гэсэн юм. Тэгээд манай хүүхдүүд “Та нар манай

ээжээс уйчлалт гуй“ гээд маргалдсан. Намайг хүү дээрээ очиход “Хөл өвдөөд байна. Цагдаа дуудаарай” гэж хэлсэн...” /хх-95/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Жавхлантөгс: “...2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ... миний гарч байсан хэсэг дээр 3 хүн 1 залууг барьчихсан байхаар нь би “Хөөе юу болоод байна” гээд очтол ... тэнд байсан эмэгтэй “Энэ залуу идэх юм авчаад мөнгөө өгөөгүй” гэж хэлсэн. Тэгж байтал дахин нэг залуу гүйж ирээд буцаад цаашаа явахад нь нөгөө эмэгтэйтэй хамт байсан залуу нь араас нь гүйсэн ба тэр 2 залуу барьцалдаад авах шиг болсон. Нэг залуу газар унаад миний хөл гээд орилоод байсан. Миний харахад тэр залуугийн хөл рүү зугтаж байсан залуу нь дотор талаас нь жийчих шиг болсон. Тэгээд тэр залуу газар унасан...” /хх-13/,

мөрдөн байцаалтад гэрч Х.Нарандулам: “...2016 оны 8 сард орой 21 цаг 30 минутын орчим ... ээжийн тэрэгний урд үл таних 20-22 насны 3 халамцуу залуу зогсож байсан. Тэр 3 залуугийн нэг нь “Наад зарж байгаа юмнаас чинь авъя” гэснээ “Наадах чинь шал хогийн юм байна“ гээд хэл амаар доромжлоход би “согтуу юмуу хаашаа юм бэ” гээд хөөгөөд явуулсан. Тэгээд ээж тэрэгтэй юмаа түрээд талбайн зүүн талд очиход нөгөө 3 залуугийн нэг нь хотдог авъя гэж онгойлгонгуутаа нэг хотдог авч өмд рүүгээ хулгайлаад хийсэн. Тэрийг нь ах бид хоёр харсан. Ах Х.Мөнхжаргал “Чи хөгшин хүн элэг барилаа” гэхэд ээж маань “Та нар хөгшин хүн элэглэхээ боль“ гэтэл ээж рүү салаавч гаргаад хэл амаар доромжилсон. Тэгээд манай ах очоод хөгшин хүн доромжиллоо гээд нэг залуутай нь зууралдахаар нь ээж салгасан. Тэр үед манай ах “та нар хэл амаар доромжилсон. Хүний юм хулгайлсан“ гэхэд нэг залуу нь манай ахын баруун хөл рүү өшиглөөд зугатаасан...” /хх-15/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 11723 тоот дүгнэлт /хх-18/, ГССҮТ-ийн өвчний түүх /хх-38-44/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Б.Энхбаатар нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах явцдаа хохирогч Х.Мөнхжаргалын биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдсон, хохирогч Х.Мөнхжаргалд гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй байх тул түүний “...тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэсэн гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Гэвч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсний дараа ялтан Б.Энхбаатарын ар гэрийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хохирогч Х.Мөнхжаргалд төлж барагдуулсан нь хохирол төлбөр барагдуулсан тухай баримтаар нотлогдож байна.

Ялтан Б.Энхбаатар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Х.Мөнхжаргалын шүүхэд ирүүлсэн “…Б.Энхбаатарт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү…” гэсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрхи үндэслэлээр өөрчлөлт оруулж, ялтан Б.Энхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.