Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 12

 

 

Э.Үүлэнцэцэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бямбадагва,

ялтан Э.Үүлэнцэцэгийн өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Үүлэнцэцэг, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Үүлэнцэцэгт холбогдох 2016 2602 2318 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Эрдэнэцэцэгийн Үүлэнцэцэг, 1994 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хими биологийн багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 26 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:МЗ94100404/;

Э.Үүлэнцэцэг нь 2016 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Граматик” ресторан пабад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи согтууруулах ундаагаар үйлчилсэнгүй хэмээн зохион байгуулагч Б.Номинзаяагийн үснээс зулгаах, гараараа нүүрийг маажих, цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож, биед нь “дух, баруун нүдний зовхинд зулгаралт, дух, баруун зүүн нүдний зовхи, баруун хацар, хамар, эрүү, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Үүлэнцэцэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Эрдэнэцэцэгийн Үүлэнцэцэгийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Э.Үүлэнцэцэгийг 3 жил 1 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.Үүлэнцэцэгээс 1.790.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Номинзаяад олгохоор, хохирогч Б.Номинзаяа нь гэм хорын хохирлын талаарх холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Э.Үүлэнцэцэг тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Би санаатайгаар хүнийг гэмтээе гэж бодоогүй, уг үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчоос уучлал хүсмээр байна.

2. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн болсон процесын тухай үнэн зөв мэдүүлж өөрийн гэм бурууг ухамсарлаж байна.

3. Хохирогчийн нэхэмжилсэн 1.790.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.

4. Миний бие ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт амьдардаг. Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багт нэн ядуу зорилтот бүлэгт харъяалагддаг. Аав Бибиш 53 настай, эпилисия өвчний оноштойгоор биеийн байдал хүнд, саажилттай, гэрийн асаргаанд байх шаардлагатай, группэд байдаг. Ээж Эрдэнэцэцэг 49 настай, биеийн байдал муу, элэгний гепатит В,С вирус өвчтэй, ажилгүй, эмчийн хяналтад байдаг. Гурван дүү бага насны 10 жилийн сурагчид. Гэр бүлд минь надаас өөр ажил хийдэг хүн байхгүй. Ганцаараа ажил хийж эцэг, эхийн эм тарианы мөнгийг, дүү нарынхаа хичээл сургуулийн хэрэгсэлийг бэлдэж өгдөг. Ар гэрийн байдал хүнд.

5. Миний бие 5 сартай жирэмсэн, анхны жирэмслэлт юм. Сэтгэл санааны хүнд байдлаас болж байнгын тонус өгч хэвлий орчмоор базлаж өвддөг, доороосоо их даарснаас болж бөөр их өвдөж, бие засахад ч хүндрэлтэй байна.

6. Би бага байхын бие муутай ба зүрх, элэг, бөөр өвддөг, байнгын эмчийн хяналтад байдаг.

7. Би анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа бөгөөд жирэмсэн, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, мөн энэ хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж, гэмшиж байгааг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, ял хойшлуулж өгнө үү.

8. Маш олон зүйлийг ойлгож ухамсарласан бөгөөд залуу насандаа дахин алдахгүйгээр, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж ар гэр, эцэг, эх, дүү нараа тэжээн, сайн сайхан амьдарч, хэвлий дэх үрээ эсэн мэнд төрүүлж, цаашдын амьдралаа гэрэл гэгээтэйгээр төсөөлж, зорилготой амьдрахад тусална гэдэгт итгэлтэй байна.

Иймд миний ар гэрийн болон биеийн байдлыг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж, ял хойшлуулж өгнө үү гэжээ.

Ялтан Э.Үүлэнцэцэгийн өмгөөлөгч Л.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ялтан Э.Үүлэнцэцэгийн Цагдан хорих ангиас авсан эрүүл мэндийн тодорхойлолтыг хавтаст хэрэгт нэмж өгье. Ялтан Э.Үүлэнцэцэг нь гэм буруугийн талаар маргаагүй. Тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг анхан шатны шүүх хуралдааны дараа бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Э.Үүлэнцэцэг нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа удаа дараа хэлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.2, 55.1.8 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Э.Үүлэнцэцэгийн хувийн байдлын хувьд ар гэрээ асран хамгаалж, тэжээн тэтгэдэг ганц хүн нь бөгөөд жирэмсэн, эмчийн байнгын хяналтад байдаг. Цагдан хорих ангид хоригдсоноос хойш байнга эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа. Жирэмсний хяналтад орж амжаагүй учир нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, яаралтай хяналтад орох шаардлагатай нөхцөл байдал үүссэн. Э.Үүлэнцэцэгийн ар гэрийн байдал, эрүүл мэндийн байдал, дээр дурдсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа зэргийг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэв.

Прокурор Д.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд авчраагүй Э.Үүлэнцэцэгийн 18 19 долоон хоногтой жирэмсэн гэх баримтыг авчирч өгсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Э.Үүлэнцэцэг нь 2016 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Граматик” ресторан пабад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи согтууруулах ундаагаар дахин үйлчилсэнгүй хэмээн зохион байгуулагч Б.Номинзаяагийн үснээс зулгаах, гараараа нүүрийг маажих, цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож, биед нь “дух, баруун нүдний зовхинд зулгаралт, дух, баруун зүүн нүдний зовхи, баруун хацар, хамар, эрүү, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтад хохирогч Б.Номинзаяа: “...2016 оны 8 дугаар сарын 28-ны орой 21 цагийн орчимд ... 20 орчим насны шар үстэй махлаг эмэгтэй гаднаас дайрч орж ирэхээр нь “манайх хаасан байна” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй ... согтууруулах ундаа дахин зарахыг шаардсан. Тэгэхээр нь би “манайх хаасан байна, архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй” гэхэд намайг “та нар юу юм, би танайд тооцоогоо хийсэн, чи ер нь хэн юм би заавал архи авна” гээд над руу ширүүн тушаасан байдалтай хэлсэн. ... нөгөө эмэгтэй миний гарнаас нөгөө цаасыг булааж аваад миний баруун мөр лүү 1 удаа гараараа түлхсэн. ... нөгөө махлаг эмэгтэй “чи яагаад надтай чанга дуугаар харьцаад байгаа юм, чамтай тооцоо бодно, янхан минь” гээд над руу ирээд миний толгой үс рүү дайрч үсдэж авсан. ... миний нүүр, хамар, хацарнаас их хэмжээний цус гарсан байсан...” /хх-17/,

мөрдөн байцаалтад сэжигтэн Э.Үүлэнцэцэг: “...үйлчлүүлж дууссан бол зайл тэхүү гэж хэлсэн чинь юу гэсэн үг юм бэ гэж асуухад намайг дахиж зайл гэхээр нь би зөрүүлээд нөгөө эмэгтэйн эрүүний доод талаас нь дээшээ зөөлхөн түлхэсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй намайг цохиод миний үснээс үсдээд дарсан, тэгэхээр нь би ч гэсэн зөрүүлээд адилхан үсдэсэн. ... тэр намайг үсэндээ ерөөсөө гар хүргэхгүй байсан учраас би нүүрнээс нь майжсан...” /хх-41/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Үүлэнцэцэг: “...2016 оны 8 дугаар сарын 28-ны орой 20-21 цагийн орчимд ... Номинзаяа “та нар үйлчлүүлж дууссан бол зайл” гэж доромжилж муухай үгээр хэлсэн. Тэгээд би Номинзаяа дээр очоод “чи яасан сонин юм бэ” гээд нүүр лүү нь түлхэхэд буцаагаад намайг үсдэсэн...” /хх-122/,

мөрдөн байцаалтад сэжигтэн Д.Баянтогоо: “...2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ... Үүлэнцэцэг нь нэг эмэгтэйтэй зодолдож байхаар нь би голоор нь очиж салгах гэтэл тэр 2 зууралдаад салахгүй, газар унасан. Тухайн үед би ч гэсэн газар унасан. Тэгээд би Үүлэнцэцэгийг аваад “боль, боль” гэж хэлээд тэр газраас аваад гарч машиныхаа хойд суудал дээр суулгасан. ... “ууж идсэн бол зайлцгаа” гэж хэлснийг Үүлэнцэцэгээс сонссон. Тэрнээс цаашаа юу болсоныг мэдээгүй, тэрнээс болж зодоон үүсэн...” /хх-43/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 12032 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-31/, хяналтын камерын СД бичлэг /хх-11/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх71-81/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Ялтан Э.Үүлэнцэцэг хар өнгийн богино цамцтай, гэрч Д.Баянтогоо хар өнгийн урт нимгэн цамцтай байсан нь камерын бичлэг, фото зургийн үзүүлэлтээр тогтоогдож байхад камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл дэх фото зургийн үзүүлэлтийн тайлбарыг мөрдөн байцаагч а/д Д.Баасанбаатар хийхдээ хэрэгт авагдсан 9-20 хүртлэх дугаар бүхий зургийн үзүүлэлтэд ялтан Э.Үүлэнцэцэгийг хар өнгийн урт нимгэн цамцтай, гэрч Д.Баянтогтоог хар өнгийн богино цамцтайгаар тухайн үйл баримтад оролцсон мэтээр зөрүүтэй бичиж бичиг техникийн алдаа гаргасныг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт асууж тодруулаагүй, энэ талаар шүүхийн тогтоолд дурдалгүй орхисныг анхааруулан тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Э.Үүлэнцэцэгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу болон хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Гэвч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “ Шүүх анх удаа хүндэвтэр, ... гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, ... хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг ... хойшлуулж болно ...” гэж хуульчилжээ. Цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 320 дугаар эрүүл мэндийн тодорхойлолтоор Э.Үүлэнцэцэг нь 18-19 долоо хоногтой жирэмсэн болох нь нотлогдож байна. Түүнчлэн Э.Үүлэнцэцэг нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн,  давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад ялтны ар гэрээс хохирогч Б.Номинзаяад эмчилгээний зардалд гарсан хохирол төлбөрийг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч Б.Номинзаяа нь “Э.Үүлэнцэцэгт гомдол саналгүй, түүнд хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж бичгээр хүсэлт гаргасан, ялтан гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нөхцөл байдал, түүний ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс ялтан Э.Үүлэнцэцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд ялтан Э.Үүлэнцэцэг, болон түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарын “…Э.Үүлэнцэцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгөхийг хүсэж…” гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзлээ.