Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 10

 

                                                                                                                                                                                                                                                                                                                            

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Д.Наранчимэгт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Нямжав,

Хохирогч Г.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч Л.Баярсайхан,

Ялтан Д.Наранчимэгийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Бямбасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Наранчимэгт холбогдох эрүүгийн 201626022447 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Боржигин овогт Дамдинсүрэнгийн Наранчимэг, 1973 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, “Хавдар судлалын үндэсний төв”-ийн мэс заслын бус клиник туяа эмчилгээний тасагт ээлжийн сувилагч ажилтай, ам бүл 3, эцэг, зээ дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамжны 341 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЗА73072500/,   

 

          Д.Наранчимэг нь 2016 оны 9 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байрны 98 тоотод иргэн Г.Бямбасүрэнг хамтран амьдрагч Ц.Ганхуягийн гэрт байхад нь гаднаас орж ирэн Ц.Ганхуягаас авсан эд зүйлүүдийг нь өгөх үедээ маргалдаж, хоолны сав шидлэн улмаар Г.Бямбасүрэнтэй маргалдах үедээ түүний хөл рүү өшиглөж үүдний гутлын тавиур руу түлхэж унагаан бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.Наранчимэгт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоол үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Д.Наранчимэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Д.Наранчимэгийг гэмт хэрэг үйлдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу /192.000*5/ 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Д.Наранчимэг нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Бямбасүрэнгийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 3.860.950 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.Бямбасүрэнд 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 366 дугаар шүүгчийн захирамжаар авсан биечилсэн хамгаалалтыг тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Наранчимэгт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.  

Хохирогч Г.Бямбасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний гомдлыг бүрэн барагдуулаагүй. Би дахин хагалгаанд орох шаардлагатай байхад миний жич нэхэмжлэх эрхийг хаалттайгаар шийдвэрлэсэн. Д.Наранчимэг нь өнөөдрийг хүртэл намайг дарамталсаар байгаа. Намайг “яах гэж бүтэн биеийн барианд орсон юм бэ, яагаад өмгөөлөгч авсан юм бэ” гэх зэргээр над руу дайрч байна. Би хэрэгтэйгээ танилцсан. Миний зүүн гуяны зулгаралт, цус хуралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал үүссэн. Улмаар миний зөөлөн эдийн жийргэвч нимгэрсний улмаас дурангийн хагалгаанд орох гэж байсан боловч эмч эхлээд тариа хийж үзье гээд тариа хийлгэж байсан. Тариа хийлгэж байх үед өвчин намддаг боловч 7 хоногийн дараа дахин сэдэрдэг. Өнөөдөр би эмчдээ үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай гэсэн баримт бичиж өгсөн. Иймд цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй гэж  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжилж байна” гэв. 

Хохирогч Г.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Л.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Бямбасүрэн нь хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиогүйд гомдолтой байгаа. Сүүлийн хохирлын тооцоогоор 2.905.950 төгрөгийн тооцоо гарсан. Хэрэг учрал болсон өдрөөс өмнөх баримтуудыг хасан ийм тооцоо гарсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4 дэх хэсэгт өмгөөлөгчийн хөлсийг байцаан шийтгэх ажиллагааны зардалд орно гэж заасан байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт шүүгдэгч гэм буруутай болохыг тогтоовол шүүх түүнээс байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах эрхтэй гэж заасан. 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Улсын Дээд шүүхийн зөвлөмжийн 5 дахь заалтад “Шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдсон л бол тэрээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөгдөж байгаа эсэхийг үл харгалзан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг түүгээр нөхөн төлүүлнэ” гэж заасан заалтуудыг анхан шатны шүүх хэрэглээгүй. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэсэн заалтыг мөн хэрэглэсэнгүй. Г.Бямбасүрэн нь тухайн үед учирсан гэмтэлдээ эмчийн заавраар бариа хийлгэсэн. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэсэн заалтыг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэсэн заалтуудыг анхан шатны шүүх хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй байлгах хүсэлтэй байна. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж байна” гэв.

Ялтны өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Хохирогчийн зүгээс нийт дөрвөн сая гаран төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 856.000 төгрөг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн анхан шатны шүүх хуралдаанд төлсөн. Одоо нэхэмжилж байгаа зүйл нь Г.Бямбасүрэнгийн биед учирсан гэмтэлтэй холбоогүй. Өвдөгний үе солиулна гэж байгаа нь Г.Бямбасүрэнгийн биед учирсан гэмтэл шалтгаант холбоогүй. Г.Бямбасүрэнгийн зүүн шилбэнд зулгаралт, зүүн шилбэ гуянд цус хуралт гэх гэмтэл учирсан. Иймд Г.Бямбасүрэнгийн нэхэмжилж байгаа зардал нь энэ хэрэгт хамааралгүй учир хохирол төлүүлэх нь шаардлагагүй гэж үзэж байна. Хөнгөн гэмтэл нь дөрвөн долоо хоногийн дотор эдгэрдэг. Гэмт хэрэг 9 дүгээр сарын 11-ний өдөр гарсан. Өнөөдрийн байдлаар 4 сарын хугацаа өнгөрсөн байна. Иймд хохирогчид учирсан гэмтэл эдгэрсэн байх боломжтой гэж үзэж байна. Иймд жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор М.Нямжав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгчид түүний гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан үзээд оногдуулсан ял нь тохирсон гэж үзэж байна. Г.Бямбасүрэнгийн гаргаж өгсөн баримтуудыг анхан шатны шүүх хуралдааны явцад нэг бүрчлэн хянан хэлэлцээд хугацааны хувьд энэ гэмт хэргийн улмаас учирсан, шинжээчийн дүгнэлтэд тогтоогдсон гэмтэлд хамааралгүй эмчилгээний зардал байсан тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ зардалд шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй зүрхний эм, харшлын эм, бүтэн биеийн массаж гэж баримтууд байсан. Эдгээр зардал болон өмгөөлөгчийн хөлс зэргийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Д.Наранчимэг нь 2016 оны 9 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байрны 98 тоотод иргэн Г.Бямбасүрэнг хамтран амьдрагч Ц.Ганхуягийн гэрт байхад нь гаднаас орж ирэн Ц.Ганхуягаас авсан эд зүйлүүдийг нь өгөх үедээ Г.Бямбасүрэнтэй маргалдаж, хоолны сав шидэн улмаар хөл рүү нь өшиглөж үүдний гутлын тавиур руу түлхэж унагаан бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Бямбасүрэнгийн “...2016 оны 9 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн орчимд гэртээ нөхөр Ганхуягийн хамт байхад хэн нэгэн хаалга тогшихоор нь би очиж хаалгаа нээхэд танихгүй 2 эмэгтэй өөр айл андуурчихлаа гээд явсан. Удаагүй дахин хаалга тогшихоор нь Ганхуяг хаалга нээхэд би хажууд нь зогсож байхад Д.Наранчимэг хогны уутан дотор хайруулын таваг, түмпэн сав хийчихсэн бариад зогсож байхаар нь түүнийг оруулахгүй гээд хаалгаа хаах гэтэл тортой юмаа хаалганд хавчуулаад дайрч орж ирсэн. Тэгснээ “май, энэ миний хулгайлсан юмнууд байна, чи намайг шүүхийн өмнө юу гэж хэллээ” гээд торонд байсан савнуудаа над руу нэг нэгээр нь шидээд хамгийн сүүлд тортой нь хайруулын таваг чулуудсанаа, намайг үсдээд 2 хөл рүү учир зүггүй муухай орилоод өшиглөсөн. Миний баруун талын өвдөгний үений шингэн ихэдсэн гэсэн оноштой сайн гишгэж чадахгүй хагалгаанд орох гэж байсан тул Д.Наранчимэг намайг үсдээд өшиглөхөд би тэнцвэр алдан хувцасны шкаф руу налж унасан. Ц.Ганхуяг намайг түшиж аваад “чи ийшээ ор” гээд том өрөө рүү оруулсан. Д.Наранчимэг ч муухай орилоод Ц.Ганхуягтай коридорт үлдсэн. Д.Наранчимэг нь “Ц.Ганхуягаас жирэмсэн болсон, эцэггүй хүүхэд тээхгүй гээд абортанд орсон, миний тэр мөнгийг өг” гэж орилон модон сандал над руу шидсэн. Ц.Ганхуяг намайг “тагт pyy гap” гэхээр нь би “тэгвэл утсаа аваадахъя, цагдаа дуудъя, наадахаа байлгаж бай” гээд би том өрөөний тагт руу гарсан…” /хх-12/,

Гэрч Ц.Ганхуягийн “...2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн орчим охины гэр болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 67 дугаар байрны 98 тоот гэртээ хамтран амьдрагч Г.Бямбасүрэнгийн хамтаар байхад хаалга цохихоор нь Г.Бямбасүрэн хаалга онгойлгож өгчихөөд буцаад өрөөндөө орж ирээд надад хэлэхдээ “үл таних хоёр эмэгтэй хаалга андуурчихлаа гээд явчихлаа” гэж хэлээд орж ирсэн. Гэтэл удаагүй буцаад хаалга цохихоор нь Г.Бямбасүрэн “битгий хаалга онгойлгож өг, Д.Наранчимэг байж магадгүй” гэж хэлэхээр нь би түүнд “хэн ч байсан яадаг юм бэ” гэж хэлээд хаалга онгойлгосон чинь Д.Наранчимэг шууд гэр рүү дайраад ороод ирсэн. Би түүнийг “чи яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд оруулахгүй хаалга руу түлхсэн чинь дайрсаар байгаад гэрт ороод ирсэн. Тэгээд би урьд өмнө Д.Наранчимэгт “хэрэг болвол хэрэглээрэй” гээд өгсөн төмөр хоолны паалантай сав болон хайруулын таваг зэргийг хогны ногоон уутанд хийчихсэн орж ирээд үүдэнд торноос гаргаж ирээд “энийгээ ав” гээд асгачихсан. Тэгэхээр нь би Д.Наранчимэгийг “чи одоо яваач, наад юмнууд чинь манайд хэрэггүй, чамд хэрэггүй бол би гаргаад хаячихна, битгий гэрт хэрүүл хийх гээд бай, хэрүүлийн бузар болно, гар” гээд түлхсэн чинь гарахгүй зогсоод байхаар нь Г.Бямбасүрэн “чи гараач” гэж хэлсэн чинь Д.Наранчимэг “хөгшин авгай минь чамд хамаагүй” гээд хоорондоо хэрэлдээд байхаар нь тэр хоёрын дундуур ороод “та хоёр битгий гэрт хэрүүл хийгээд бай” гэж хэлсэн. Г.Бямбасүрэн босч ирээд миний ард зогсож байхад Д.Наранчимэг намайг түлхээд Г.Бямбасүрэнг цохиж авах гээд дайраад байхаар нь Д.Наранчимэгийг түлхээд Г.Бямбасүрэнг “чи цаад өрөөндөө орж бай” гэж хэлсэн. Тэр хоёр зууралдаж авах гээд би дунд нь ороод зодолдуулахгүй байх санаатай салгах гээд зогсож байхад Д.Наранчимэг Г.Бямбасүрэнг түлхээд гутлын тавиур руу унагаачихсан. Г.Бямбасүрэн буцаж босч ирээд Д.Наранчимэг рүү дайрахад Г.Бямбасүрэнгийн хөл рүү өшиглөхөөр нь Г.Бямбасүрэнг “чи цаашаа бай” гэж хэлээд гал тогооны өрөө рүү оруулсан. Г.Бямбасүрэн гал тогооны өрөөнд зогсож байхад Д.Наранчимэг гал тогооны өрөө рүү миний хажуугаар дайрч орж ирээд Г.Бямбасүрэн рүү сандал авч шидэх гэхээр нь би болиулах гээд булааж авсан. ...Миний урд Д.Наранчимэг зогсоод Г.Бямбасүрэнтэй маргалдаж байхдаа баруун хөлөөрөө Г.Бямбасүрэнгийн өвдөг болон шилбэ орчим 2-3 удаа өшиглөсөн…” /хх-17-18/,

Гэрч Ц.Баярсайханы “...Би тухайн өдөр уг байранд жижүүрээр ажиллаж байсан. Дээшээ давхруудаа шалгах гээд 2 давхарт гарахад үл таних хоёр эмэгтэй 98 тоотын хаалгыг цохиж байхаар нь дээшээ шатаар гараад давхруудаа шалгачихаад доошоо буцаж буугаад хоёр давхарт ирэхэд 98 тоотын айлд маргаан болоод 2 эмэгтэй хүн хоорондоо маргалдаад байгаа их чимээ гарч байхаар нь би доошоо жижүүрийн өрөө рүүгээ орсон. Жижүүрийн өрөөнд сууж байхад нэг 50 гаран насны эмэгтэй жижүүрийн өрөөнд орж ирээд надаас “та хоёр авгай орцоор гараад явахыг харсан уу” гэхээр нь би “юм хийгээд харж чадсангүй, юу болсон бэ” гэж асуусан чинь “намайг нэг авгай гэрт орж ирээд зодчихоод гараад явлаа, хаашаа явсныг харсан уу” гэхээр нь “анзаарсангүй” гэж хэлсэн. Тэр эмэгтэй “манай нөхрийн хуучин авгай нь намайг дандаа зоддог юм, би цагдаа дуудчихсан байгаа” гэж хэлээд дээшээ гэр рүүгээ орчихсон. Удаагүй эргүүлийн цагдаа орж ирээд тэр эмэгтэй цагдаа нартай хамт гараад явж байгаа харагдсан. ...ил харагдах гэмтэл шарх харагдаагүй ба догонцоод “хөл эвгүй болчихлоо” гээд байсан, ямар байдлаар яаж зодсон талаараа надад хэлээгүй…” /хх-18-19/,

Д.Наранчимэгийн сэжигтнээр өгсөн “...Миний хувьд тэр орой Г.Бямбасүрэн рүү хийсэн үйлдэл гэвэл миний хоолойг маажихаар нь түүнийг зүгээр байгаач гээд нүүр рүү нь түлхсэн. Тэгэхэд Ц.Ганхуяг Г.Бямбасүрэн бид хоёрын голд орсон ба Г.Бямбасүрэнгээ “чи болиоч” гэж байсан. Ц.Ганхуяг тэр орой жаахан халамцуу байсныг далимдуулаад Г.Бямбасүрэн тэрэнд үг хэлж өгсөн юм байлгүй... Би уг зүйл ангийг уншиж танилцлаа, миний үйлдсэн гэмт хэрэг уг зүйл ангид заасантай тохирч байна…” /хх-22, 26/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12636 тоот дүгнэлтэд “...Г.Бямбасүрэнгийн биед зүүн шилбэнд зулгаралт, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт, баруун шилбэ өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн үед үүссэн байж болох гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлээс болж хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” /хх-8/ гэх дүгнэлт, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-40/, эмчилгээний баримтууд /хх-36, 41/, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-44-50/, доод мөчдийн венийн судасны шинжилгээ /хх-51/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.    

Анхан шатны шүүхээс Д.Наранчимэгт торгох ял оногдуулсан нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал болон гэм бурууд нь тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Хохирогч Г.Бямбасүрэн нь “…Ялтан Д.Наранчимэгийн гэмт үйлдлийн улмаас надад эмчилгээний зардал 2.905.950 төгрөгийн хохирол учирсан байхад шүүх түүнээс гаргуулаагүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардал болох өмгөөлөгчийн хөлсийг мөн гаргуулаагүйд гомдолтой байна …шүүх хохирлын тооцоо маргаантай, эргэлзээтэй байхад иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заагаагүйд мөн гомдолтой байна…” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж 856.000 төгрөгийн бодит хохирлыг шүүгдэгчээс гаргуулсан ба шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанаас өмнө дээрх мөнгийг төлсөн /хх-103/ байх тул шийтгэх тогтоолоор түүнийг төлбөргүй гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.    

Өөрөөр хэлбэл, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед нэхэмжилсэн нийт төлбөрөөс 856.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, бусад баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн энэ гэмт хэрэг, гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн хохирогч Г.Бямбасүрэнд учирсан “хөнгөн” зэргийн гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12636 тоот шинжээчийн дүгнэлтэд дурдагдсанаар хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй, дөрвөн долоо хоногоос доош хугацаанд бүрэн эдгэрэх боломжтой гэмтэл болох нь тогтоогдсон байгаа тул шийтгэх тогтоолд цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй гэж зааж өгөөгүй нь болсон үйл баримт болон хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзэхээр байна.      

 

Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заасан байх ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогч Г.Бямбасүрэнгийн эрхийн асуудал бөгөөд энэхүү хэргийн хувьд хохирогч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй тул шүүхийн зардалд тооцох боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хуульд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Бямбасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Бямбасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

               

 

ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.ДАВААСҮРЭН

 ШҮҮГЧИД                                                   Н.БАТСАЙХАН

         Д.МЯГМАРЖАВ