Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

    Б.Гүрбазарт холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч Б.Гүрбазарын өмгөөлөгч Б.Ганпүрэв,  

хохирогч Ю.Чинтөмөр, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр прокурорт буцаах тухай”  515 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 5/41 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Гүрбазарт холбогдох 201625013286 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Өндөрийнхөн овгийн Болдын Гүрбазар, 1988 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1; Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Зүүн сэлбэ” 4 дүгээр гудамжны 43 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ФБ88080872/

 

Б.Гүрбазар нь 2016 оны 9 дүгээр сарын 2-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Смайл” караоке бааранд Ю.Чинтөмөрийг эхнэртэйгээ маргалдан цохих үед нь “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гэж хэлэн хохирогч Ю.Чинтөмөрийн нүүрэн тус газарт нэг удаа архины шилээр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Гүрбазарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Гүрбазарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дутуу хийгдсэнээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй, шүүхээс энэ хэргийн талаар үндэслэл бүхий захирамж гаргахад ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлууд эргэлзээтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд дутуу тогтоогдсныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан.

Үүнд: Хохирогч Ю.Чинтөмөр, гэрч А.Мөнхжаргал, Т.Учрал, Б.Уламбаяр, Ч.Дагвадорж нарын зөрүүтэй мэдүүлгүүдийн аль нь бодитой эсэх, тэдний мэдүүлгийг харьцуулан шалгахын оронд зөвхөн гэрч нарыг байцаах төдийгөөр хязгаарлажээ. Иймд шүүх харилцан зөрүүтэй мэдүүлгүүдийг үнэлэх нотлох баримтын хэмжээнд тооцох эсвэл үгүйсгэх боломжгүй байна.

Мөн Ю.Чинтөмөрт үзлэг хийсэн №12302 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ю.Чинтөмөрийн биед дух ясны баруун хэсгийн гадна ялтасны хугарал, хамар ясны баруун зүүн хажуу хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл учирсан байх тул цавууны үйлдвэрийн захирал ах гэгч этгээдийг олж тогтоон, Б.Гүрбазартай бүлэглэн дээрх гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон эсэхийг нарийвчлан шалгаж тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлүүдээр хэргийг хэрэг бүртгэлтэд буцаан, шүүгдэгч Б.Гүрбазарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Ганчимэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Гүрбазарт холбогдох хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтуудаар нотлогдсон. Хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудаст авагдсан хохирогч Ю.Чинтөмөрийн мэдүүлэг, яллагдагч Б.Гүрбазарын мэдүүлэг болон яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг болох үед байсан гэрч /хохирогчийн эхнэр/ А.Мөнхжаргал, гэрч Т.Учрал, Б.Уламбаяр, Ч.Дагвадорж нарын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн шүүхэд өгсөн мэдүүлэг, тайлбар зэрэг нотлох баримтаар давхар нотлогдсон.

Гэрчүүдийн мэдүүлгээр хохирогч Ю.Чинтөмөрийг эхнэрээ зодоод байхад нь 2 хүн 2 удаа салгаж гаргасныг, яллагдагч Б.Гүрбазар хохирогчийг 1 удаа нүүрэн тус газарт нь шилээр цохисныг, хохирогчийг Б.Гүрбазараас өөр хэн ч цохиж зодоогүй болохыг маш тодорхой мэдүүлсээр байтал хохирогч, түүний өмгөөлөгчийн ямар ч баримтгүйгээр олон сая төгрөг нэхэж, олон хүнд зодуулсан мэт баримт, нотолгоогүй мэдүүлэгт үндэслэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогч Ю.Чинтөмөрийн анхны мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байхгүй, Ю.Чинтөмөрийг эхнэрээ зодоод байхад нь салгаж гаргасан 2 хүн нь гэрч Ч.Дагвадорж, цавууны үйлдвэрийн захирал гэх залуу бөгөөд энэ талаар гэрч Ч.Дагвадоржийн хэрэг бүртгэлт болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгт тодорхой дурдсан байна. Шүүгчийн захирамжид дурдсанаар Б.Гүрбазарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт биш хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдсан бөгөөд захирамжид яллагдагч Б.Гүрбазарын регистрийн дугаар буруу бичсэн байгааг зөвтгөх шаардлагатай байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.

 

Хохирогч Ю.Чинтөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа хоёр хүнд зодуулсан талаар бичиж өгсөн. Надад учруулсан гэмтлийг Б.Гүрбазар бүлэглэж учруулсан. Маш их гомдолтой байна. Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.

 

Хохирогч Ю.Чинтөмөрийн өмгөөлөгч Д.Барсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамж шударга гарсан гэж үзэж байна. Хэрэг бүртгэлт болон прокурорын дутуу явуулсан ажиллагааг шалгах ёстой. Миний үйлчлүүлэгч Ю.Чинтөмөрийг шүүгдэгчээс гадна цавууны үйлдвэрийн захирал болон Ч.Дагвадорж нар бүлэглэн зодож гэмтэл учруулсан. Тэдний үйлдлийг зайлшгүй шалгах нь зүйтэй. Б.Гүрбазарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчийн эхнэр А.Мөнхжаргал хүртэл мэдүүлэг өгөхөөс татгалзаад энэ гэмт хэргийн талаар нуун дарагдуулаад өнгөрсөн зүйл байдаг.” гэв.

 

Хохирогч Ю.Чинтөмөрийн өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгчийн захирамж яагаад үндэслэлтэй вэ гэхээр хохирогч Ю.Чинтөмөрийн цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл, тайлбарт “намайг нэг залуу барьж аваад хоолой боосон, нөгөө залуу нь мөрөн дээрээс барьсан, тэр үед Б.Гүрбазар миний нүүр рүү шилээр цохьсон” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч анхнаасаа Б.Гүрбазар намайг ганцаараа зодоогүй гэсэн. Үүнийгээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Гүрбазар мэдүүлэхдээ “нэг удаа санамсаргүй байдлаар шилтэй гараараа цохьсон, хохирогчийн хоолойг боогоогүй” гэсэн бол шинжээч эмч хохирогчийн биед учирсан гэмтлүүд нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэхгүй, хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгднэ. Шилээр цохих үед хүзүүнд гэмтэл үүсэх боломжгүй, хүзүүнд үүссэн гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба дүгнэлтэд дурдсан эдгээр гэмтлүүд бүгд хөнгөн гэмтэл гэсэн. Үүнээс үзэхэд Б.Гүрбазар шилээр толгой тус газар нь цохьсон, хүзүүнд боолт хийгээгүй гэсэн учраас хохирогчийн хэлсэн хоолойг нь боосон цавууны үйлдвэрийн захирал гэх хүнийг шалгах ёстой. Иймд шүүгчийн захирамжид дурдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан шалгавал зохих ажиллагааг хэрэг бүртгэлтийн ажиллагаанд дутуу хийсэн учир анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байгаа тул улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Гүрбазарын өмгөөлөгч Б.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрч нарын мэдүүлэгт ноцтой зөрүүтэй зүйл байхгүй. Цавууны үйлдвэрийн захирал гэх хүний үйлдэл оролцоо энэ хэрэгт байдаггүй. Хохирогч, шүүгдэгч хоёрыг салгасан гэдэг. Иймд прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Б.Гүрбазарт холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд гэрчүүдийн мэдүүлэг ноцтой зөрүүтэй байдал тогтоогдоогүй, энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэдэг нь хохирогчийн мэдүүлгээс өөр баримтгүй байна.

 

Хэрэг бүртгэлтийн шатанд шалгаж тодруулах шаардлагатай ажиллагаанууд бүрэн хийгдсэн байх тул гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулан, тэдний өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад тулгуурлан, яллах болон өмгөөлөх талын мэтгэлцээнд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тогтоож, Б.Гүрбазарын гэм буруугийн асуудлыг эцэслэн хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон Б.Гүрбазарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр прокурорт буцаах тухай”  515 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Гүрбазарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2. Хэрэг шүүхэд очтол Б.Гүрбазарт авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                     ШҮҮГЧИД                                                      Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                         М.ПҮРЭВСҮРЭН