Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 6

 

Ц.Батжаргал, Д.Нарангуа нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Цэрэндорж,

Хохирогч Л.Тунгалаг, М.Лхагвадулам,

Ялтан Ц.Батжаргал, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан,

Ялтан /хохирогч/ Д.Нарангуа, түүний өмгөөлөгч О.Болдсайхан,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан /хохирогч/ Д.Нарангуагийн өмгөөлөгч О.Болдсайханы гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Батжаргал, Д.Нарангуа нарт холбогдох эрүүгийн 201625012470 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Хиад боржигон овогт Цоодолын Батжаргал, 1995 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик жолооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 016 дугаар ангид механик жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 13 дугаар гудамжны 184 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Гандангийн ойролцоо байх нийтийн байрны 13 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УХ95021833/,

            Боржигин овогт Дашдэлгэрийн Нарангуа, 1988 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлалын хөтөч, менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, охин нарын хамт Банягол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 15 дугаар гудамжны 285 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УМ88072741/,

            Ц.Батжаргал нь давтан үйлдлээр 2016 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундрах” зочид буудлыг түрээслэн ажилуулдаг Д.Нарангуаг найз охин М.Лхагвадуламын үснээс зулгааж, хэл амаар доромжилсон гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож, биед нь “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, дотор булан хэсгийн цус хуралт, зүүн гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн шилбэний цус хуралтууд” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн өдөр Д.Нарангуагийн эх Л.Тунгалаг, Ц.Батжаргалыг салгах үед түүнийг зодож, биед нь “тархи доргилт, баруун бугалганы зулгаралт, баруун тохойны цус хуралт, баруун шууны шарх, зулгаралт, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

            Д.Нарангуа нь 2016 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундрах” зочид буудалд үйлчлүүлсэн Ц.Батжаргал, А.Лувсандагва нар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах үед М.Лхагвадуламтай маргалдаж, үснээс зулгаан чирч, зодон түүний биед “тархи доргилт, зүүн мөр, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Батжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар, Д.Нарангуад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Батжаргалыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.Нарангуаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Ц.Батжаргалыг 350 цаг алдбадан ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Д.Нарангуаг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Ц.Батжаргалыг албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлэн тооцож баривчлах ялаар, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Д.Нарангуаг торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольдог журамтайг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ц.Батжаргалын цагдан хоригдсон 12 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Д.Нарангуа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Батжаргалын хувьд ногдох хөрөнгөнөөс 777.200 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Тунгалагт 355.200 төгрөгийг, хохирогч Л.Нарангуад 422.000 төгрөгийг тус тус олгохоор, хохирогч Д.Нарангуа, хохирогч М.Лхагвадулам нар цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Батжаргал, Д.Нарангуа нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Ялтан Д.Нарангуагийн өмгөөлөгч О.Болдсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш 6 сар өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж заасан. Улсын Дээд Шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 20 дугаар тогтоолоор 72 дугаар зүйлийг тайлбарласан тайлбарын 3-т “Эрүүгийн хариуцлагад татах хугацаанд гэмт хэрэг гарсан өдрөөс эхлэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаа хамаарах тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол уг нөхцөл шалтгаан илэрч тогтоогдсон шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэнэ.” гэж заажээ. Шүүхээр хэлэлцэгдсэн эрүүгийн хэрэг нь 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах болон прокурорын хяналт, шүүхийн шатанд хэрэг хэлэлцэгдэх хүртэл хугацаанд ялтан Д.Нарангуа нь өөр гэмт хэрэг санаатай үйлдээгүй байх тул хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй болно. Иймд ялтан Д.Нарангуад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүссэн байна. Гэсэн ч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх “Д.Нарангуаг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлчлүүлэгч нартай зүй бусаар харьцаж, хохирогч М.Лхагвадуламыг “гарч зугтаах гэлээ” гэх шалтгаанаар түүний үснээс зулгаан чирч зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болжээ. Хохирогч Л.Тунгалаг, Д.Нарангуа нарын өгсөн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэт бодит байдлыг үнэлэлгүйгээр хохирогч М.Лхагвадулам, түүний хамтран амьдрагч Ц.Батжаргал, тэдний найз нарын үгсэн тохиролцож өгсөн мэдүүлгүүдийг үнэлж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Шүүх хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бүрэн хянаж үзээгүй. Учир нь хяналтын камерын бичлэгээр Д.Нарангуа нь хохирогч М.Лхагвадуламыг зодож, цохьсон үйлдэл тогтоогдоогүй төдийгүй Ц.Батжаргал нь Д.Нарангуа, М.Лхагвадулам нарыг хамтад нь шат руу түлхэж унагаан чирч явж байгаа нь тодорхой харагдаж байхад нягталж, үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл хохирогч М.Лхагвадуламын биед учирсан “тархи доргилт, зүүн мөр, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохойд зулгаралт” бүхий гэмтлийг Ц.Батжаргал учруулсан болох нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлтээр дээрх гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэж тогтоосон тул Ц.Батжаргал нь Д.Нарангуа, М.Лхагвадулам нарыг хамтад нь шатны уруу түлхэж унагаан гэмтээсний дараа хохирогч М.Лхагвадуламын үснээс Д.Нарангуагийн 2-3 секунд орчим зулгааж чирсэн үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна. Хохирогчийн үснээс зулгааж баруун талаар нь чирэхэд зүүн талын мөр, тохойд зулгаралт, няцралт, тархи доргилт бүхий гэмтэл үүсэх боломжгүй юм. Иймд дан ганц Д.Нарангуагийн үйлдлээр М.Лхагвадуламын биед дээрх бүх гэмтлийг учруулсан гэж дүгнэхэд эргэлзээ төрж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүй учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “эргүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус баримтлан ялтан Ц.Нарангуад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатган шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Ялтан /хохирогч/ Д.Нарангуа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч О.Болдсайханы гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний хувьд хүн зодож, танхайрах ухамсар байхгүй. Тухайн өдөр миний амралтын өдөр байсан ч манай буудалд үйлчлүүсэн үйлчлүүлэгч нар зодолдон, өрөөний цонх хагалсан учир уг өрөөнд орсон. М.Лхагвадулам хэлэхдээ намайг зодсон гэсэн. М.Лхагвадуламтай хамт явсан хүмүүсээс мэдүүлэг өгсөн байсан. Хөндлөнгийн гэрч гэдэг утгаараа хамт архи ууж байсан хүмүүсээс мэдүүлэг авч болдог эсэхийг би мэдэхгүй байна. Хийгээгүй хэргийн төлөө ял шийтгэл оэогдуулсанд гомдолтой байна...” гэв.

Ялтан Ц.Батжаргалын өмгөөлөгч А.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Ц.Батжаргалд 350 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулсныг хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй. Өмгөөлөгч О.Болдсайханы гаргасан давж заалдах гомдолд тайлбар байхгүй. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.

Ялтан Ц.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолд тайлбар байхгүй. Өмгөөлөгч А.Мөнхсайханы тайлбарыг дэмжиж байна...” гэв.

Хохирогч М.Лхагвадулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан...” гэв.

Хохирогч Л.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Батжаргалд гомдолтой байна...” гэв.

Прокурор С.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Өмгөөлөгч О.Болдсайхан хоёр өөр агуулгатай гомдол гаргасан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэг болон холбогдох нотлох баримтыг шинжлэн судалж,  анхан шатны шүүх хуралдаан тасралтгүйгээр 5 цаг гаруй хуралдсан. Ялтан /хохирогч/ Д.Нарангуа тухайн үед хийсэн үйлдлээ ойлгохгүй байх шиг байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа ойлгон өөртөө дүгнэлт хийгээд гарсан. Гэтэл зөвхөн өөрийн зодсон үйлдлийг ялгаж аваад, бусад хүмүүсийн зодсон үйлдэл дээр гомдолтой гээд байгааг ойлгохгүй байна. Тухайн үйлдэлд нь холбогдуулж эд хөрөнгө нь эвдэрсэн гэх хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн гэх үйлдэлд нь холбогдуулж зүйлчилсэн. Үүнийг анхан шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзэж ял шийтгэл оногдуулсан. Өмгөөлөгч О.Болдсайхан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан үндэслэлгүй тул давж заалдах гомдлын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзэн шийдвэрлэлээ.

Ялтан Ц.Батжаргал нь давтан үйлдлээр 2016 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундрах” зочид буудлыг түрээслэн ажилуулдаг Д.Нарангуаг “найз охин М.Лхагвадуламын үснээс зулгааж, хэл амаар доромжилсон” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, биед нь “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, дотор булан хэсгийн цус хуралт, зүүн гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн шилбэний цус хуралтууд” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн өдөр Д.Нарангуагийн эх Л.Тунгалаг, Ц.Батжаргалыг салгах үед түүнийг зодож, биед нь “тархи доргилт, баруун бугалганы зулгаралт, баруун тохойны цус хуралт, баруун шууны шарх, зулгаралт, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Д.Нарангуагийн “...2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01 цагийн орчим хоёр эрэгтэй, хоёр эмэгтэйн хамт нэлээн согтсон байдалтай орж ирсэн. Тухайн үед эх маань аяга, таваг, будаа агшаагч авахаар гараад удалгүй орж ирсэн. Тэд 301 тоот өрөөнд орсон бөгөөд 30 минут орчим болж байтал гэнэт тэдний өрөөнд юм хагарч байгаа чимээ гарсан. Өрөөнийх нь хаалгыг татахад дотроосоо түгжээтэй байсан ба орилолдоод, зодолдоод байхаар нь илүү түлхүүрээрээ онгойлгоод ороход Ц.Батжаргал Чука гэх эрэгтэйг унагаагаад нүүр лүү нь өшиглөж байсан. Мөн өрөөний том цонх хагарсан байхаар нь “та нар яаж байгаа юм бэ” гээд цагдаа дуудсан. Миний биед Ц.Батжаргал гэмтэл учруулсан...” /хх-29-31/,

Хохирогч Л.Тунгалагийн “...Ц.Батжаргалын орсон өрөөнд “тас” гэх чимээ гарахаар нь Д.Нарангуа хаалгыг нь татахад дотроосоо цоожилсон байсан. Тэгэхээр нь илүү түлхүүрээр гаднаас нь онгойлгоод ороход А.Лувсандагвын хамраас нь цус гарсан нүрээ гараараа дарсан байдалтай газар хэвтэж байхад Ц.Батжаргал түүний цээж рүү нь өшиглөж байсан. Өрөө эмх замбараагүй, цонх хагарсан байхаар нь “Та нар юу болж байгаа юм бэ” гээд Ц.Батжаргалыг “боль” гээд А.Лувсандагвыг босгоод “цагдаад дуудлага өглөө” гэхэд Ц.Батжаргал намайг хойшоо хана руу хүчтэй түлхэхэд хана мөргөж унасан. Д.Нарангуа цагдаа дуудах үед Ц.Батжаргал найз охиноо дагуулаад зугтаах гэхээр нь Д.Нарангуа араас нь гарч тэднийг дагуулж орж ирсэн. Тэд явах гээд байхаар нь “битгий гар” гээд татахад намайг 3 давхарын шатнаас 1 давхар хүртэл чирсэн. Тэрээр миний баруун, зүүн шанаа руу 2-3 удаа цохьсон. Мөн нүүр лүү 1-2 удаа өшиглөсөн. Миний биед учруулсан гэмтлийг Ц.Батжаргал учруулсан...” /хх-32-35/,

Гэрч М.Лхагвадоржийн “...дуудлагаар очиход тухайн буудлын ресепшн гэх эмэгтэй Д.Нарангуа “буудалд үйлчлүүлсэн гэх цэргийн хувцастай хүн ээж бид хоёрыг зодчихлоо” гэсэн. Тэгээд Ц.Батжаргалыг авч яваад эрүүлжүүлсэн...” /хх-42-43/,

Гэрч Д.Төрболдын “...Би буудлын 302 тоот өрөөнд 2 хоног байрласан. Хэрэг болсон өдөр 01 цаг өнгөрч байхад буудал руу ортол буудлын ресепшн Л.Тунгалаг зодуулсан байдалтай, 301 тоот өрөөний хаалгыг дараад зогсож байснаа намайг “эгчдээ туслаач” гэсэн. Би хаалгыг нь дараад зогстол эгч маань өрөөнөөс гарч ирээд “зодоон, цохионд битгий оролц, өрөөндөө ор” гэхээр ороод унтсан. Л.Тунгалагийн үс нь сэгсийсэн, гуталгүй, уйлсан байдалтай, охин Д.Нарангуагийн баруун талын нүд хавдсан байсан...” /хх-49-50/,

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...Д.Нарангуагийн биед учирсан гэмтлүүд тухайн хэрэг болох үед үүссэн шинэ гэмтлүүд болно. Дээрх гэмтэл унах, цохих, хатуу, мохоо зүйлийн хүчин зүйлээс үүсэх боломжтой...” /хх-59/,

Ц.Батжаргалын сэжигтнээр өгсөн: “...А.Лувсандагва “гоймон аваад өг” гэхээр нь “мөнгө байхгүй” гэтэл миний нүүр лүү 2-3 удаа алгадсан. Тэгтэл миний хамарнаас цус гарсан. Түүнийг согтуу олон юм яриад байхаар нь орон дээр дараад хэвтэхэд миний хамрын цус түүний нүүрэн дээр гоожсон. Тэгтэл найз охин А.Алтанзул “та хоёр болиоч” гээд орилоход буудлын үйлчлэгч эмэгтэй орж ирээд намайг үсдэж босгоод “хүн аллаа” гээд учиргүй сэгсчиж байснаа арагшаа түлхсэн. Би арагшаа унахдаа толгойгоороо цонх мөргөж, цонх цуурсан...” /хх-81-82/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8321 дүгээр шинжээчийн “Тунгалагийн биед тархи доргилт, баруун бугалагны зулгаралт, зүүн өвдөг шилбэний зулгаралт, цус хуралт, баруун шууны шарх зулгаралт, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх  эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий  хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-55/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 8204 дүгээр шинжээчийн “Нарангуагийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, дотор булан хэсгийн цус хуралт, зүүн гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх  эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” /хх-60/ гэх дүгнэлтүүд, албадан саатуулсан хүний бүртгэл /хх-92-96/, эд зүйлийн үнэлгээ /хх-28/ зэрэг нотлох баримтуудаар,

Ялтан Д.Нарангуа нь 2016 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундрах” зочид буудалд үйлчлүүлсэн Ц.Батжаргал, А.Лувсандагва нар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах үед М.Лхагвадуламтай маргалдаж, түүний үснээс зулгаан чирч, зодон түүний биед “тархи доргилт, зүүн мөр, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч М.Лхагвадуламын “...2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 цагийн үед ...“Ундрах” зочид буудалд найз залуу Ц.Батжаргал, түүний найз Чука, Зулаа нарын хамт нэг ортой өрөөнд орсон. Тэгтэл Чука “гоймон идмээр байна” гэхэд Ц.Батжаргал “найзад нь мөнгө байхгүй” гэсэн. Чука Ц.Батжаргалыг 2 удаа алгадахад тэрээр “найз нь чамтай золодмооргүй байна” гэхэд дахиад алгадсан. Тэгтэл Ц.Батжаргалын хамраас цус гарсан. Ц.Батжаргал түүнийг орон дээр дараад хэвтэхэд түүний хамрын цус Чукагийн нүүрэн дээр гоожсон. Тэгтэл буудлын үйлчлэгч эмэгтэй орж ирээд “та нар гар зайл” гэсэн. Мөн намайг хэвтэж байхад хувцаснаас татаад “гар, зайл гичий минь” гэсэн. Ц.Батжаргал бид хоёрыг гарах гэтэл үйлчлэгч эмэгтэй “найзыгаа аваад гар” гэсэн. Бид хоёр явахаар шатаар буутал үйлчлэгч эмэгтэй ээжтэйгээ нийлээд бидний хувцаснаас татаад явуулахгүй, “байж бай, цагдаад өгнө” гэсэн. Ц.Батжаргалыг сэгсчиж байхдаа хананд байсан гал хамгаалагчийн шилийг хагалахад үйлчлэгч эмэгтэй ээж нь гараа зүссэн. Намайг үүдээр гарахад үйлчлэгч эмэгтэй араас ирээд миний үснээс зулгаагаад чирч оруулсан. Мөн шат руу намайг түлхэж унагаасан. Тэгээд цагдаа руу залгаад “намайг алах гээд байна” гээд орилоод байсан...” /хх-38-39/,

Гэрч М.Лхагвадоржийн “...Ресепшн гэх эмэгтэй согтуу орилж, хашгираад Ц.Батжаргалын эхнэрийг зодсон гээд хоорондоо маргалдаад байхаар нь эрүүлжүүлсэн. Намайг ороход тэд хоорондоо маргалдсан, орилолдож, хэрэлдсэн байдалтай байсан...” /хх-42-43/,

Гэрч А.Алтанзулын “...А.Лувсандагва, Ц.Батжаргалын нүүр лүү алгадах шиг болсон. Тэгтэл түүний хамраас цус гарсан. Үйлчлэгч эмэгтэй орж ирээд “хүн аллаа шүү дээ” гээд Ц.Батжаргалыг А.Лувсандагвын дээрээс татаж буулгасан. Намайг “чи хэн юм бэ” гэхээр нь “А.Лувсандагвын найз охин” гэхэд үйлчлэгч эмэгтэй Ц.Батжаргалыг “найз охиноо аваад зайл” гээд хоёуланг нь чирээд гаргасан. Тэгээд удалгүй нөгөө хоёрыг чирч оруулж ирээд “биднийг байж бай” гээд гаднаас түгжээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд Ц.Батжаргал, буудлын үйлчлэгч эмэгтэй хоёрыг аваад явсан. ...М.Лхагвадуламыг үйлчлэгч эмэгтэй үсдэж чирсэн...” /хх-44-45/,

Гэрч А.Лувсандагвын “...Ц.Батжаргалыг “гоймон аваад өг” гэхэд тэрээр “мөнгө байхгүй” гэсэн. Тэгэхээр нь “чамд мөнгө байгаа шүү дээ” гэхэд Ц.Батжаргал намайг “чи хэзээ ийм болчихсон юм” гэхээр нь түүний нүүр лүү нэгээс хоёр удаа алгадсан. Тэгтэл Ц.Батжаргалын хамраас цус гарсан. Ц.Батжаргал миний дээрээс дараад хэвтэхэд түүний хамрын цус миний нүүрэн дээр гоожсон. Тэгэхэд манай найз охин “болиочээ, тавь” гэж орилоход буудлын үйлчлэгч орж ирээд “хүн аллаа” гээд Ц.Батжаргалыг татаж унагаагаад “цагдаа дуудна” гэсэн. Үйлчлэгч эмэгтэй эхтэйгээ орж ирээд хоёулаа Ц.Батжаргал руу дайраад “гар” гэж хөөсөн. Ц.Батжаргалыг найз охинтой нь хамт гар гээд коридороор чирсэн. Тэгээд буцаад нөгөө хоёрыг чирч оруулж ирээд “та нар байж бай” гээд гаднаас түгжээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд Ц.Батжаргал, буудлын үйлчлэгч хоёрыг аваад явсан...” /хх-46-47/,  

Ц.Батжаргалын сэжигтнээр өгсөн: “...Найз охиноо дагуулаад шатаар уруудаж байтал үйлчлэгч эмэгтэй араас ирээд М.Лхагвадуламын үснээс зулгаагаад “явуулахгүй, гичий минь байж бай, одоо цагдаа дуудлаа” гэсэн. Бид хоёр өрөөнд ортол гаднаас цоожлоод цагдаа руу залгаад “хурдан ирээрэй, хүн аллаа” гээд орилоод байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...” /хх-81-82/,

Д.Нарангуагийн сэжигтнээр өгсөн: “...Өрөөнд “түс, тас” гэх чимээ гарахаар нь орох гэтэл хаалга нь түгжээтэй байсан. Илүү түлхүүрээр гаднаас нь онгойлгоод ортол Ц.Батжаргал, А.Лувсандагвын дээр гараад суучихсан нүүр лүү нь цохьсон байсан. Тэгтэл хажууд нь байсан хоёр охин “энэ хоёрыг салгаад өгөөч” гэхээр нь тэднийг салгах гээд дийлээгүй. Тэгтэл ээж араас орж ирэхээр нь түүнийг зодуулчих байх гэж бодоод “өрөөндөө ороод цагдаа дууд” гэсэн. Гэтэл Ц.Батжаргал найз охинтойгоо гарах гэхээр нь “та нар цагдаа иртэл байж бай” гээд араас нь найз охиных нь цамцнаас татаад дээшээ гарч байтал 2 давхарын шатнаас Ц.Батжаргал найз охиныхоо хамт намайг чирч унагаасан. Тэднийг өрөөнд нь оруулж, гаднаас нь түгжээд цагдаа дахин дуудсан...” /73-74/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 8362 дугаар шинжээчийн “Лхагвадуламын биед тархи доргилт, зүүн мөр, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” /хх-52/ гэх дүгнэлт болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгажээ.

Хэргийн талаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв байна.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг үйлдсэн гэмт хэргийнх нь ангилалаас хамаарч хуульд заасан тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэдэг бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдэж дууссан үеэс эхлэн тоолдог учиртай.

Д.Нарангуа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдана.

Д.Нарангуагийн гэмт үйлдэл нь 2016 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө үйлдэгдсэн, гэмт хэрэг гарсан цаг, хугацаанаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед 6 сар өнгөрсөн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байх тул түүний өмгөөлөгч О.Болдсайханы гаргасан давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авах нь зүйтэй.

Мөн ялтан Д.Нарангуагийн өмгөөлөгч О.Болдсайханы гаргасан давж заалдах гомдлын “...Д.Нарангуа нь хохирогч М.Лхагвадуламыг зодож, цохьсон үйлдэл тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авах үндэслэлгүй юм.

Учир нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын бие махбодид тодорхой хэмжээний гэмтэл учруулснаар төгсдөг онцлогтой.

Д.Нарангуа нь “Ундрах” зочид буудлыг түрээслэн ажилуулдаг гэх боловч хэрэг болох үед согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа үйлчлүүлэгчдтэй зүй бус харьцаж, М.Лхагвадуламын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч М.Лхагвадуламын “...Намайг үүдээр гарахад үйлчлэгч эмэгтэй араас ирээд миний үснээс зулгаагаад чирч оруулсан. Мөн шат руу намайг түлхэж унагаасан...”, гэрч А.Алтанзулын “...үйлчлэгч эмэгтэй Ц.Батжаргалыг найз охиноо аваад зайл” гээд хоёуланг нь чирээд гаргасан. Удалгүй тэднийг чирээд оруулж ирсэн...”, гэрч А.Лувсандагвын “...Үйлчлэгч эмэгтэй, эхтэйгээ орж ирээд хоёулаа Ц.Батжаргал руу дайраад “гар” гэж хөөсөн. Ц.Батжаргалыг найз охинтой нь хамт гар гээд коридороор чирсэн. Тэгээд нөгөө хоёрыг өрөөнд чирч оруулж ирээд, “та нар байж бай” гээд гаднаас түгжээд цагдаа дуудсан...”, Ц.Батжаргалын сэжигтнээр өгсөн: “...үйлчлэгч эмэгтэй орж ирээд намайг үсдэж босгоод “хүн аллаа” гээд учиргүй сэгсчиж байснаа арагшаа түлхсэн. Би арагшаа унахдаа толгойгоороо цонх мөргөж, цонх цуурсан...” гэх хууль сануулан авсан мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул давж заалдах гомдлын энэ хэсгийг хэрэгсэхгүй болговол зохино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт “Цагдан хоригдсон нэг хоногийг албадан ажил хийлгэх ялын найман цагтай, ...тэнцүүлж ялын хугацаанд оруулж тооцно” гэж заажээ.

 

Түүнчлэн Ц.Батжаргал нь 2016 оны 10 дугаар сарын 26-наас 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл 13 хоног цагдан хоригдсон байхад 12 хоног цагдан хоригдсон гэж буруу тооцож, түүний цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцолгүй орхигдуулсныг зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн иргэний үнэмлэхний лавлагаанд Боржигин овогт Дашдэлгэрийн Нарангуа гэсэн байхад “...Боржигон...” гэж буруу бичсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд “торгох, баривчлах” ял оногдуулахаар заасан байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч нарын хэн алинд хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй...” гэж буруу дүгнэлт хийсэн,

ялтан Ц.Батжаргалын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тухай тогтоох хэсэгтээ бичээгүй зэрэг хайнга, хариуцлаггүй алдаа гаргасныг зориуд буруутган тэмдэглэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Д.Нарангуаг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар “Прокуророос Д.Нарангуад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Нарангуаг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ц.Батжаргалын цагдан хоригдсон 12 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар Ц.Батжаргалын цагдан хоригдсон 13 хоногийг 104 цаг албадан ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, түүний 350 цаг албадан ажил хийлгэх ялаас хасч, үлдэх 246 цаг албадан ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Д.Нарангуагийн өмгөөлөгч О.Болдсайханы гаргасан гомдлын “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

                                                                                                Н.БАТСАЙХАН