Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 34

 

Д.Лувсандоржид холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч Д.Лувсандорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр

Хохирогч Ж.Ганбат, Д.Батболд

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 73 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Д.Эрдэнэсоёлын бичсэн 2016 оны 21 тоот эсэргүүцлээр Д.Лувсандоржид холбогдох 201605000151 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Жалайр овогт Дуламсүрэнгийн Лувсандорж, 1965 оны 11 дүгээр сарын 30-нд Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Туулийн 12-1 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 1 дүгээр сарын 27-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар /ДЮ65113017/

Д.Лувсандорж нь 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Онгоц буудлын хойд талаас иргэн С.Сэндэнбадамын 2 тооны адууг шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1.200.000 төгрөгийн,

2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр баг “Хужирын гол” гэх газраас иргэн Ж.Ганбатын 24 тооны адууг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлж бусдад үлэмж хэмжээний буюу 13.600.000 төгрөгийн,

2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр баг “Доровтын булан” гэх газраас иргэн Д.Батболдын 18 тооны адууг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлж бусдад үлэмж хэмжээний буюу 10.500.000 төгрөгийн,

2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн орчимд Баянхонгор аймаг, Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг “Ар Жаргалант” гэх газраас иргэн Э.Алтандаваагийн 1 тооны адууг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 600.000 төгрөгийн буюу нийт 25.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Д.Лувсандоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч Д.Батболд нь “алдагдсан 18 тооны адууны 14 нь миний хүүгийн адуу байсан, би хүүгээ гэр бүл болж байхад нь тасдаж өгч байсан юм, 4 адуу бол минийх, мөрдөн байцаагч таныг л хохирогчоор тогтооно, та хоёрт ялгаа юу байгаа юм гээд байхаар нь хурдан шийдэгдэж хохирол мөнгө төлөгдөхдөө хурдан байдаг байх гэж бодсон” гэж мэдүүлсэн тул 14 тооны адуу нь Б.Цэрэнпилийн өмчлөлийнх мөн эсэхийг 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор хэдэн тооны ямар зүсмийн адуу тоолуулсан болохыг тогтоож хохирогчийг зөв тогтоох,

Д.Лувсандорж нь Баянхонгор аймагт орон нутгийн зорчигч тээврийн автобусаар ирсэн гэж байх тул цаг хугацааг тогтоох, хэзээ ирсэнээс нь хамаарч хэн хэний хамт ирсэн болох, ирээд хаана, хэнтэй уулзсан юу хийсэн талаар болон бусад хэрэгт холбогдолтой байдлыг сайтар шалгах,

Хохирогч нарын алдсан адуугаа хайж явахдаа хэрэглэсэн бензиний зардал болон бусад зардлын талаар нотлох баримт байхгүй гэж байх тул хамт явж хайлцсан хүмүүсийг гэрчээр байцааж хэзээ, хаанаас ямар төрлийн, хир хэмжээтэй шатахуун авч ямар тээврийн хэрэгсэлд хэрэглэсэн, өөр бусдаар ямар зардал гарсаныг тогтоох,

Д.Лувсандоржийн гэх хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн 7 тооны адуу нь Д.Лувсандоржийн өмчлөлийн адуу гэдгийг ямар нотлох баримтаар нотолсон нь хэрэгт авагдаагүй, мөн гэмт хэрэг үйлдэж олсон байж болох тул шалгах шаардлагатай байна. Д.Лувсандоржийн өмчлөлийн адуу мөн болох нь тогтоогдсон тохиолдолд уг адууны зах зээлийн үнэлгээг тогтоолгох,

5 адуу нядалж Улаанбаатар хот руу оруулан зарж борлуулсан байх тул гарал үүслийн бичиг авсан эсэх, Улаанбаатар хот руу хэзээ яаж, хаагуур оруулсан болохыг холбогдох байгууллагаас мэдээлэл авч шалгаж тогтоох,

Адууг тууж явахад гүү унагалаж, унага төрж замдаа үхсэн болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул унаганы зах зээлийн үнэлгээг тогтоолгох,

45 адууны хэд нь хээлтэй гүү байсан болохыг 2015 оны жилийн эцсийн мал тооллогын материалаас тогтоох боломжтой байх тул хээлтэй гүүний тоог тогтоож 2016 онд унагалах байсан гүүнүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох,

А.Эрдэнэбат, З.Мөнхбат, О.Даваажаргал нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байх тул сэргээн шалгах, тухайн зүйл ангиар хэргийг эцэслэн шийдвэрлэвэл шүүгдэгчид ял завшуулах нөхцөл байдал үүсэж эрүүгийн хуулийн ерөнхий зарчим алдагдах болно. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг нэг мөр бүрэн тогтоогоогүй байна. Шүүх болон шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, тухайн зөрчлийг зөвтгөх буюу нөхөн гүйцэтгэж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл 2016 оны 21 тоот эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалт нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй тул хүлээн авах боломжгүй байна.

1. Мөрдөн байцаалтын шатанд Д.Лувсандоржоос хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн 7 тооны адууны өмчлөлийг шалгах нь тухайн хэрэгт буюу Д.Лувсандоржийн үйлдсэн гэмт хэрэгт хамааралгүй бөгөөд Д.Лувсандорж нь адуутай болох уг адуунаасаа хохирлоо төлөхөө илэрхийлж байсан нь хэрэгт авагдсан Д.Лувсандоржийн гэр бүлийн гишүүд, төрөл садангийн хүмүүс хэрэгт гэрчээр мэдүүлэхдээ Д.Лувсандоржийн адуунууд хөдөө байдаг талаар мэдүүлсэн мэдүүлгүүд болон Д.Лувсандорж нь мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдож байхдаа батлан даалтад гарч өөрийн адуунуудыг хохирогч нарт хүлээлгэн өгөх талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан зэргээр тогтоогдоно. Тухайн хүлээлгэн өгсөн гэх 7 тооны адууг хохирогч нар хохиролдоо тооцож хүлээн авсан, уг хохирогч шүүх хуралдаанд оролцсон байхад уг адуунуудыг хэрхэн үнэлж хохиролдоо тооцож авсаныг шүүгдэгчээс хэрхэн үнэлж хохиролд өгсөнийг асууж тодруулах хохирол төлөлтийн хэр хэмжээг тооцох бүрэн боломжтой буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байсан байна.

Мөн хэрэгт хохиролд хүлээлгэн өгсөн гэх 7 тооны адуу нь хулгайн адуу болох талаар ямар нэг баримт авагдаагүй байхад хулгайн адуу байх “гэмт хэрэг үйлдэж олсон байж болох тул” гэж таамаглалд үндэслэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т заасан “шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

2. Хэрэгт авагдсан, шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд Д.Лувсандорж нь хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд З.Мөнхбат, А.Эрдэнэбат, О.Даваажаргал нарыг яллагдагч Д.Лувсандоржтой бүлэглэн бусдын олон тооны бод малыг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан боловч Д.Лувсандорж нь 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цагаас 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн хооронд үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны бод малыг хулгайлж захиран зарцуулах эрхийг өөртөө бүрэн шилжүүлэн авсанаас хойш 4 хоногийн дараа буюу 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагч Д.Лувсандоржийн тууж явсан адуунаас эцэж цуцсан адуунуудыг авч явах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 6 дугаар багийн нутаг “Хүйтний хөндий” гэх газарт очиж 5 тооны адууг нядлан Улаанбаатар хотын Хүчит шонхор зах дээр худалдан борлуулж худалдан борлуулсан мах, арьс шир, гэдэс дотрын мөнгөнөөс яллагдагч А.Эрдэнэбат нь яллагдагч Д.Лувсандоржоос урьд өмнө авах ёстой байсан 200.000 төгрөгийг тухайн газарт хүрэлцэн очих болон буцах замын зардал болох шатахууны үнэ 153.000 төгрөгийг өөртөө авч Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 6 дугаар багийн нутаг “Хүйтний хөндий” гэх газар хүртэл цаг зав гарган явж яллагдагч Д.Лувсандоржийн нядалж авч явахаар заасан 5 тооны адууг нядалсан, ачиж тээвэрлэсэн ажлынх нь хөлсөнд яллагдагч З.Мөнхбатад 50.000 төгрөг, сэжигтэн О.Даваажаргалд 60.000 төгрөг өгсөн байдаг.

Түүнчлэн яллагдагч Д.Лувсандорж нь яллагдагч А.Эрдэнэбатад тээврийн хэрэгсэл олж ирэх талаар анх холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглан ярихдаа “Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумаас ахаасаа адуу туугаад явж байна, туусан адуу явахгүй эцээд байна, хүн том машин тэрэг олоод ир адуугаа ачих гэсэн юм” гэж хэлсэн, мөн тэдэнд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох талаар тухайн үед хэлж ойлгуулаагүй, яллагдагч З.Мөнхбат, А.Эрдэнэбат, сэжигтэн О.Даваажаргал нар нь яллагдагч Д.Лувсандоржийг гэмт үйлдлийн замаар олж авсан адуу тууж явсан болохыг сүүлд мэдсэн болох нь яллагдагч Д.Лувсандорж, З.Мөнхбат, А.Эрдэнэбат, сэжигтэн О.Даваажаргал нарын удаа дараагийн мэдүүлгээр тогтоогдсон байдаг тул яллагдагч Д.Лувсандоржтой бүлэглэн бусдын олон тооны бод малыг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт дахин холбогдуулан шалгах үндэслэлгүй юм.

Яллагдагч З.Мөнхбат, А.Эрдэнэбат, сэжигтэн О.Даваажаргал нар нь яллагдагч Д.Лувсандоржийн гэмт хэрэг үйлдэж олсон адууг нядлалцсан, хулгайн адууны мах, арьс шир буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг тээвэрлэсэн, худалдан борлуулсан үйлдэл нь яллагдагч Д.Лувсандоржийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үл мэдээлэх, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах борлуулах гэмт хэргийн шинжтэй байгаа хэдий ч яллагдагч Д.Лувсандорж нь яллагдагч А.Эрдэнэбаттай холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглан ярихдаа “Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумаас ахаасаа адуу туугаад явж байна, туусан адуу явахгүй эцээд байна хүн, том машин олоод ир адуугаа ачих гэсэн юм” гэж хэлсэн, 5 тооны адууг нядлан ачуулах, 5 тооны адуу 1 тооны унагыг ачуулах үедээ яллагдагч З.Мөнхбат, А.Эрдэнэбат, сэжигтэн О.Даваажаргал болон гэрч Л.Цогсүрэн нарт дээрх адууг гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан талаар огт хэлээгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болох гэрч Л.Цогсүрэн, сэжигтэн О.Даваажаргал нарын мэдүүлэг болон яллагдагч Д.Лувсандорж, З.Мөнхбат, А.Эрдэнэбат нарын сэжигтэн яллагдагчаар удаа дараа өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч З.Мөнхбат, А.Эрдэнэбат, сэжигтэн О.Даваажаргал нар нь яллагдагч Д.Лувсандоржийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг лавтай сайн мэдээгүй байсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг тул тэднийг яллагдагч Д.Лувсандоржийн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан, борлуулсан гэж үзэх үндэслэлийг үгүйсгэж байна.

Иймд А.Эрдэнэбат, З.Мөнхбат, О.Даваажаргал нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны, хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байх тул сэргээн шалгах нь зүйтэй гэсний дагуу А.Эрдэнэбат, З.Мөнхбат, О.Даваажаргал нарыг дээрх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж яллах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх зарчим болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь аливаа гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлж гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэмт буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад оршино гэснийг зөрчихөөр байна.

3. Таван тооны адуу Улаанбаатар хот руу оруулсан үйлдэл нь Д.Лувсандоржийн үйлдэл биш бөгөөд хулгайн гэмт хэрэг бүрэн төгссөний дараа хийгдсэн үйлдэл юм. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг адуунуудыг хээр гаргасан, ямар нэгэн гарал үүслийн бичиг аваагүй, Улаанбаатар хот руу шөнө оруулсан талаар яллагдагч А.Эрдэнэбат, З.Мөнхбат, О.Даваажаргал нар болон гэрч Б.Төмөрхуяг, Э.Энхтайван нарын мэдүүлэг зэргээр тогтоогддог болно. Тиймээс таван тооны адууг Улаанбаатар хот руу хэрхэн оруулсан нь хэргийн зүйлчлэл болон Д.Лувсандоржийн гэм буруугийн асуудалтай холбоогүй юм.

Дээрх байдлуудаар анхан шатны шүүхийн тогтоолын зарим заалт үндэслэл муутай байх тул шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж эсэргүүцэлд дурдагдсан 3 заалтыг тогтоолоос хасуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

Оролцсон прокуророос: Эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд эсэргүүцэлд дурдагдсан асуудлуудыг анхан шатны шүүхийн тогтоолоос хасуулах саналтай байна, бусад асуудлын хувьд давж заалдах шатны шүүх шийдвэрлэх байх гэв.

Шүүгдэгч Д.Лувсандоржийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд мөн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэвэл адууны үнэлгээг дахин тогтоолгох талаар нэмэлт заалт оруулж өгнө үү гэв.

Хохирогч Ж.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлоо одоог хүртэл барагдуулан авч чадаагүй байгаа тул Д.Лувсандоржийг батлан даалтад гаргуулан авч хохирлоо төлүүлмээр байна гэв.

Хохирогч Д.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлоо төлүүлмээр байна гэв.       

ХЯНАВАЛ:

Д.Лувсандоржид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгаагүй байна.

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч Д.Батболдын “...алдагдсан 18 тооны адууны 14 нь миний хүүгийн адуу байсан, би хүүгээ гэр бүл болж байхад нь тасдаж өгч байсан юм, 4 адуу бол минийх...” гэсэн мэдүүлгээс үзвэл мөрдөн байцаалтын шатанд уг хулгайд алдагдсан 14 адууны эзнийг олж тогтоогоогүй,

Д.Лувсандоржийн хулгайлсан 45 тооны адуунаас хэд нь хээлтэй гүү байсан, түүнчлэн Д.Лувсандорж нь адуунуудыг тууж явах замд хоёр гүү унагласан талаар мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн, хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 215-218-р талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн “Бод мал үнэлсэн тухай тайлан”-гаас үзвэл дээр дурдагдсан хээлтэй гүүг бусад хээлгүй нас гүйцсэн гүүтэй адил үнэлсэн, унагыг үнэлээгүй орхигдуулсан, хохирогч нарын алдсан адуугаа хайхдаа зарцуулсан бензин болон бусад зардлын талаар нотлох баримт байхгүй гэсэн байхад хамт явж хайлцсан хүмүүсийг гэрчээр байцааж хэзээ, хаанаас ямар төрлийн, хэдий хэмжээний шатахуун авч ямар тээврийн хэрэгсэлд хэрэглэсэн, өөр бусад зардал гарсан зэргийг шалган тогтоогоогүй нь буруу бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй байна.

Энэ талаар дурдсан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүхийн тогтоолд тусгагдсан “...Д.Лувсандоржийн гэх хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн 7 тооны адуу нь Д.Лувсандоржийн өмчлөлийн адуу гэдгийг ямар нотлох баримтаар нотолсон нь хэрэгт авагдаагүй, уг адуунуудыг гэмт хэрэг үйлдэж олсон байж болох тул шалгах, Д.Лувсандоржийн өмчлөлийн адуу мөн болох нь тогтоогдсон тохиолдолд уг адууны зах зээлийн үнэлгээг тогтоолгох, 5 адуу нядалж Улаанбаатар хот руу оруулан зарж борлуулсан байх тул гарал үүслийн бичиг авсан эсэх, Улаанбаатар хот руу хэзээ яаж, хаагуур оруулсан болохыг холбогдох байгууллагаас мэдээлэл авч шалган тогтоох, А.Эрдэнэбат, З.Мөнхбат, О.Даваажаргал нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосныг сэргээн шалгах...” талаар дурдсан нь үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй байна.

Мөн “...Д.Лувсандорж нь Баянхонгор аймагт орон нутгийн зорчигч тээврийн автобусаар ирсэн гэж байх тул цаг хугацааг тогтоох, хэзээ ирсэнээс нь хамаарч хэн хэний хамт ирсэн болох, ирээд хаана, хэнтэй уулзсан юу хийсэн талаар болон бусад хэрэгт холбогдолтой байдлыг шалгах...” талаар заасан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан гэрчүүд болон Д.Лувсандоржийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогдсон байх тул энэ талаар нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах бөгөөд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл хэсгийг зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.

2 дугаар хавтаст хэргийн 143-156, 159-160 дугаар талуудад авагдсан Баянхонгор аймгийн прокурорын газрын мэдэгдэх хуудсуудад хохирогч болон холбогдох бусад этгээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5-д зааснаар 7 хоногийн дотор гомдол гаргах эрхийг нь эдлүүлэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн,

Мөн Б.Оюун-Эрдэнэ гэгч этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 157-158 дугаар талд авагдсан байх бөгөөд энэ нь уг хэрэгтэй хэрхэн холбогдож байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр заасан заалтын 2, 4, 5, 8 дахь хэсгийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж 1, 3, 6, 7 дахь хэсэг болон энэ магадлалд заасан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.   

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

315 дугаар зүйлийн 315.1.4, 322 дугаар зүйлийн

322.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 73 дугаар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн  2, 4, 5, 8 дахь хэсгийг хүчингүй болгон 1, 3, 6, 7 дахь хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д зааснаар хэргийг прокурорт очтол Д.Лувсандоржид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д зааснаар магадлал нэн даруй заавал биелэгдэх шинжтэй бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                 ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                              Т.ДАВААСҮРЭН