Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 35

 

Ц.Болдод холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Ялтан Ц.Болд

Ялтны өмгөөлөгч Г.Дуламсүрэн

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Болдын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Болдод холбогдох эрүүгийн 201605000197 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Зэндмэн овогт Цэвэлийн Болд, 1979 оны 7 дугаар сарын 10-нд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, аавын хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Усны аж ахуйн байрны 1-2-18 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,

2009 оны 1 дүгээр сарын 19-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлж, 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

2010 оны 7 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2012 оны 7 дугаар сарын 30-нд эдлээгүй үлдсэн 1 жил 27 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

2012 оны 12 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сар 5 хоног хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /ВЙ79071015/

Ц.Болд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сум 9 дүгээр баг 20-10 тоотод оршин суух Б.Сангибатын гэрт 2016 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 22 цагийн үед орж ямарч шалтгаангүйгээр Б.Сангибатын эрх чөлөөнд халдан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хутгыг зэвсгийн чанартай ашиглаж Б.Сангибатын шанаа, төвөнх, гарын хуруу зэргийг хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Мөн 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 2-28 тоот хашаанаас иргэн Ц.Мөнхбатын эзэмшлийн 22-76 БНЗ улсын дугаартай хар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 250.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймаг, Баянхонгор сум 6 дугаар баг, 3-3 тоотод хамтран амьдрагч Ц.Бортой хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар Ц.Борын хэвлийн тус газар хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Ц.Болдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Зэндмэн овогт Цэвэлийн Болдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг хулгайлах, догшин авирлаж, урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар баривчлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сар баривчлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 7 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 2 сар баривчлах хөнгөн ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар оногдуулсан 2 сар баривчлах хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар оногдуулсан 7 жил хорих хүнд ялд багтаан түүний биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож, Зэндмэн овогт Цэвэлийн Болдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар Ц.Болдод оногдуулсан 7 жил хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 99 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутга, 1 ширхэг заазуурыг устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Ц.Болдын эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий мөлхөө тавилгыг битүүмжилсэн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Ц.Болд нь бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, хохирогч нар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Ц.Болдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Болд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өндөр настай 80 гарсан аавынхаа хамт амьдардаг, ар гэрийн байдал хүнд өндөр настай аавыгаа асран хамгаалж амьдардаг байсан. Одоо аав минь ганцаараа асарч хандах хүнгүй хэцүү байна. Үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, өөртөө маш их харамсаж байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний бие дахин гэмт хэрэгт холбогдохгүй байна гэдгээ та бүхний өмнө амлаж байна гэв.  

Ялтан Ц.Болдын өмгөөлөгч Г.Дуламсүрэн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт үйлдэлд нь хийсэн дүгнэлт, оногдуулсан ял шийтгэлтэй маргахгүй зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан үйлдэлд хийсэн дүгнэлт, оногдуулж буй ял шийтгэлтэй санал нийлэхгүй байна.

Учир нь хэрэгт яригдаад байгаа зүйлд бид хууль зүйн дүгнэлтийг тал бүрээс нь хийх ёстой, тэгээд шүүгдэгчид ашигтай байдлыг олж харж шийдвэрлэх ёстой. Үүнийг хуулиар зааж өгсөн.

Хэрэгт цугларсан тухайн өдрийн үйл явдалтай холбоотой баримтуудад дүн шинжилгээ хийгээд үзвэл бид хохирогч Сангибатын гэрт болсон үйл явдалд биш, гэмт этгээдийн хүсэл зориг хүрэх гэсэн үр дүн нь юу байв? хэдийд үүсээд ямар үйл явдлаар өрнөв, ямар үр дүнг хүсэв гэдгийг харах ёстой. Энэ нь эрүүгийн хуульд заасан ямар төрлийн гэмт хэрэг вэ? гэдгийг ялгаж зүйлчлэхэд бидэнд тус болно. Гэтэл гэм буруутай этгээд маань тэр өдөр Садын Болд гэгчтэй тааралдсан, тааралдангуут үг хаясан. Энэ юуг илэрхийлж байна… энэ 2 хүн ямар холбоотой вэ?

Шүүгдэгч “Садын Болдтой нэг нутаг усны, багын найз, үе тэнгийн улс, дээр нь 2 дүү нь гэр бүл болж явсан базууд. Гэтэл шорон оронгоор яваад иртэл найз нь тоохгүй зайгаа бариад зугатаад байсан, мөн дүү нар нь салсан, тэр салалтанд Садын Болд бага бус үүрэг гүйцэтгээд Ц.Болдын дүүг зодоод, өөрийн охин дүүгээ аваад явсан байна. Эдгээр байдлаас болж Садын Болдод дургүй нь хүрч гомдож явсан. Гэтэл тэр нэг өдөр зах дээр уулзалдсан. Садын Болдыг харангуут сэтгэлийнх нь буланд хургасан тэр зүйл нь босож энэ үйлдлийг хийхэд хүрсэн байна. Архи уусан согтуу этгээд Садын Болдынд орлоо гэж бодоод орсон тухайн айл гэрлээ унтраасан, зурагтын бүдэг гэрэлтэй байсан оронгуут Садын Болд мөн бишийг мэдээгүй авираа гаргасан, тэгээд хаана байна, олж өг гэсэн, энэ үйлдлээс хойш хохирогчид авир гаргаж, биед нь халдсан зүйл байхгүй байдаг. /үүнийг хохирогч ярьдаг/. Бага зэрэг хожуу ч гэсэн Садын Болд биш гэдгийг мэдсэн, тухайн хүнээс уучлалт гуйгаад, андуурсан байна тантай маргааш уулзана, уучлаарай гээд, үнсүүлээд салсан, тэр даруй андуурсанаа ойлгож гэмшсэн, гэмт үйлдлээ зогсоосон байна.

Энд юу харагдаж байна вэ? гэхээр миний үйлчлүүлэгч Садын Болд гэгчид дотроо юм санасан түүнийгээ гаргахыг хүссэн, тэр хүний араас хөөсөн, Садын Болдынх гэж бодож тэр айлд орсон, гомдсон авираа гаргасан. Энэ нь гэмт үйлдэл байсан гэхдээ тухайн үед гэмт этгээд маань Садын Болдынх гэсэн төөрөгдөлд орсоны улмаас бухимдлаа гаргах гэсэн хүнээ андуурч огт өөр хүнд халдсан объектоо андуурсан. Гэмт хэрэг гэж эрүүгийн хуульд заан томьёолсон гэмт үйлдлийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан үйлдэл хийгдсэн байхыг шаарддаг. Гэтэл энд субъектийн санаа зорилго нь Садын Болд руу чиглэсэн байсан боловч үйлдэл нь өөр хүн рүү чиглэжээ. Энд объектийн андуурал болсон байна. Энэ нь авираа зогсоогоод уучлалт гуйгаад андуурсан байна гэдгээ хэлээд явж байгаагаар тодорхойлогдоно.

Өмгөөлөгч миний зүгээс Ц.Болдын 2016 оны 4 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг байх тул түүнд холбогдох гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2, 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар зүйлчлэн тохирох ялыг оноох нь зүйтэй байна гэж үзэж байх тул хэргийг бүхэлд нь, тал бүрээс нь дүгнэж үзэж өмгөөлөгч миний гомдлыг харгалзан үйлчлүүлэгч Ц.Болдод ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Ц.Болдын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүхээс хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлаж үзвэл Ц.Болд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сум 9 дүгээр баг, 20-10 тоотод оршин суух Б.Сангибатын гэрт дайран орж ямар ч шалтаг шалтгаангүйгээр Б.Сангибатын эрх чөлөөнд халдан шанаа, төвөнх, гарын хуруу зэргийг хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан хутгыг зэвсгийн чанартай ашиглан танхайрсан, мөн 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 2-28 тоот хашаанаас иргэн Ц.Мөнхбатын эзэмшлийн 22-76 БНЗ улсын дугаартай хар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 250.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймаг, Баянхонгор сум 6 дугаар баг, 3-3 тоотод хамтран амьдрагч Ц.Бортой хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар Ц.Борын хэвлийн тус газар хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргүүд тус тус үйлдсэн болох нь

хохирогч Б.Сангибат “...гэртээ ганцаараа унтах гээд телевизор хараад гэрийн гэрлээ унтраачихаад хэвтэж байсан чинь сар хийгээд хаалганы түгжээ мулт татаад нэг ногоон өнгийн дээлтэй согтуу хүн орж ирээд ална шүү пиздаануудаа гээд өврөөсөө хоёр хутга гаргаж ирээд хоёр гартаа нэг нэгээр нь барьчихаад Хүрээмарал сумын Барсын Ганболд гэх хүн байна уу ална гээд дайраад миний хэвтэж байсан орны хажууд ирээд шанаа руу хутгаараа тулгаж бариад өнгөц хатгаад байснаа пиздаа минь хоолойг чинь хэрчинэ шүү гээд ухасхийгээд миний эрүү рүү хатгаад авахаар нь би өмнөөс нь босоод хааж хориод чи чинь яаж байна, хүн андуураад ирсэн юм биш үү гээд хориод байсан чинь хоёр хутгаа ээлжилж чичээд миний гар хуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа өнгөц зүсээд авсан...” /хх-ийн 1-р хавтас, 90-95-р тал/,

Ц.Мөнхбат “...гэртээ унтаж байтал 19 цагийн орчим манай эхнэр захаас ирсэн бөгөөд надаас мотоцикль чинь хаачсан юм бэ? гэж асуусан, би эхэндээ мотоцикль алга байна гэж эхнэрийгээ тоглож байна гэж бодоод нэг их анзаараагүй, эхнэр маань үнэхээр тоглоогүй мотоциклийг чинь хүн унаад хашаанаас гарсан байна гэхээр нь үнэмшээд гадагшаа гарч хайхад үнэхээр миний мотоцикль алга болсон байсан..., ...миний мотоциклийг манай хашаанаас хулгайлан унаж явсан хүн нь манай урд талын хашаанд шинээр нүүж ирсэн Цэвэлийн Болд гэдэг хүн байсан...” /хх-ийн 1-р хавтас, 18-19, 31-34-р тал/,

Ц.Бор “...Ц.Болд согтчихоод намайг хардаад намайг байхгүй хойгуур яасан янхан минь гээд намайг зодсон. Тэгээд намайг орон дээр дарж унагаж байгаад гэрт байсан заазуураар миний гарыг зүсчихсэн, мөн гарын мөр хэсэг рүү цохиод хөхрүүлчихсэн...” /хх-ийн 1-р хавтас, 156-164-р тал/,

Гэрч С.Уранчимэг “...усан сангийн түгээгч Д.Загд гэдэг эмэгтэй надад саяхан энэ хавиас нэг хүн хар өнгийн мотоцикль унаад явчихлаа тэр танай мотоцикль мөн байх шиг байсан гэж хэлэхээр нь би итгээгүй..., ...нөхрөөсөө мотоцикль чинь хаачсан юм бэ түрүүн намайг гэрээс гарахад гэрийн баруун талд тулгуурдаж тавьсан байсан гэхэд манай нөхөр намайг тоглож байгаа юм байлгүй гэж бодсон бололтой худлаа яриад бай чи нуучихаа биз гээд байсан..., ...манай урд талын хашаанд өнгөрсөн намар шинээр нүүж ирсэн айлын хүн болох Болд бил үү Ганболд бил үү хүн хулгайлсан болохыг мэдсэн...” /хх-ийн 1-р хавтас 20-21-р тал/,

Д.Загд “...нэг улаан цамцтай хүн тэр хашаанд орж гараад явж байснаа тэр хашаанд байсан мотоциклийг урд талын хаалгаар нь түрж гаргаад асаагаад унаад засмал зам дагаад өгсөөд явчихсан...” /хх-ийн 1-р хавтас 39-40-р тал/,

Б.Ганбат “...шөнө аажуу болсон хойно манай ах Б.Сангибат нь ирээд намайг гэртээ унтаж байсан чинь нэг согтуу хүн орж ирээд хутгалчихлаа гээд байхаар нь өндийгөөд харсан чинь гарнаас нь болон хүзүүнээс нь цус гарчихсан байсан..., ...Ц.Болд нь нэг шил Ерөөл архи авчирч өгөөд та уучлаарай би айл андуурч ороод таныг хутгалчихсан байна гээд яриад байсан...” /хх-ийн 1-р хавтас, 96-98-р тал/,  

Д.Алимаа “...тэр өдөр хөдөө явчихаад маргааш нь гэртээ ирсэн чинь манай нөхөр Б.Сангибат шөнө гэрт хүн орж ирээд хутгалчихлаа гэсэн тэгээд өдөр зах дээр очсон чинь манай нөхөр нэг шар царайтай Болд гэдэг хүнтэй зогсож байхаар нь нөхөр Б.Сангибатаас энэ юм уу гэсэн чинь дугарахгүй байхаар нь чи яагаад зүгээр байгаа хүнийг ингэж байгаа юм бэ гээд загначихаад явсан...” /хх-ийн 1-р хавтас 99-100-р тал/,

Г.Оюунчимэг “...шөнө аажуу болсон хойно бид нарыг унтаж байсан чинь орж ирээд би хүнд алуулах дөхлөө, энэ гарнаас цус гараад байна гэхээр нь гэрэл асаагаад харсан чинь гарнаас нь болон хүзүүнээс нь цус гараад байхаар нь би цагдаад утсаар хэлсэн...” /хх-ийн 1-р хавтас, 101-103-р тал/,

Б.Хишигт “...2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр намайг ажил дээрээ байж байсан чинь манай ээж Ц.Бор нь Ц.Болд ингээд зодож нүдээд байна гээд цусаа гоожуулчихсан гэдсээ зүсүүлчихсэн хүрээд ирсэн...” /хх-ийн 1-р хавтас, 165-167-р тал/ нарын мэдүүлэг,  

Ц.Мөнхбатын мотоциклийг 250.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн  тайлан /хх-ийн 1-р хавтас 43-45-р тал/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №195 тоот “...Б.Сангибатын биед баруун шанаа, зүүн 1, 2-р хуруу, төвөнхөнд шарх гэмтлүүд үүссэн байна. Үүссэн гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 110-р тал/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №340 тоот “...Ц.Борын биед хэвлийд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд үүссэн байна. Үүссэн гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 193-р тал/ болон Ц.Болдын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хэрэг учралын газруудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас, 3-5, 64-67, 128-134-р тал/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол зэрэг хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн Ц.Болдын өмнө нь ял шийтгүүлж байсан талаар зөв дүгнэлт хийж онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон нь үндэслэлтэй болсон, оногдуулсан ял, ял эдлэх дэглэм нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Иймд ял хөнгөрүүлэх талаар гаргасан ялтан Ц.Болд, мөн түүний Б.Сангибатыг хутгалан гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлээр зүйлчлүүлэх талаар гаргасан өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Харин анхан шатны шүүх Ц.Болдыг гэм буруутайд тооцохдоо хуульд байхгүй үг хэллэг хэрэглэсэн болон зарим нэг үгийн алдаа гаргасан байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөсөн болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд...” гэснийг хасч 9 дэх заалтад “...эртэй...” гэснийг “...эрхтэй...” гэж өөрчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээн, ялтан Ц.Болд, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                  ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                              Т.ДАВААСҮРЭН