Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 36

 

Т.Пүрэв-Очирт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Билэгсайхан

Ялтан Т.Пүрэв-Очир

Ялтны өмгөөлөгч П.Өлзийбаяр

Хохирогч Б.Сангидулам

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Пүрэв-Очир, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Пүрэв-Очирт холбогдох эрүүгийн 201605000043 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ястынхан овогт Төмөрчөдөрийн Пүрэв-Очир, 1990 оны 8 дугаар сарын 3-нд Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянхонгор аймаг, Жинст сум, 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВН90080310/

Т.Пүрэв-Очир нь согтуурсан үедээ 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багийн нутаг “Үхэр чулууны хонд” гэх газарт байх Б.Доржийн гэрт танхайн сэдэлтээр Б.Доржийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Т.Пүрэв-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Ястынхан овогт Төмөрчөдөрийн Пүрэв-Очирыг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д зааснаар Т.Пүрэв-Очирыг 19 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 234 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Т.Пүрэв-Очироос 5.966.251 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сангидуламд олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 680.000 төгрөгийн болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг хангахгүй орхиж, нэхэмжлэлээс нотлох баримтгүй 36.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алтан навчис тамхины иш, улаан шонхор тамхины иш, дүнсэн тамхины иш тус бүр 1 ширхэг, тэргүүн нэртэй 0.25 литрийн, галт ус нэртэй 0.35 литрийн, ерөөл нэртэй 0.35 литрийн архины шил тус бүр 1 ширхэг, хар өнгийн гадуур хүрэм, саарал футболк, саарал ноосон цамц, бор дотортой дээл, шар бүс, хар өнгийн өмд, цэнхэр дээл, саарал өнгөтэй өмд, түрүүтэй бакалан гутал 1 хос, морины толгойн дүрс бүхий бөгж 1 ширхэг зэргийг тус тус устгаж, нас барагчийн рентген зураг 5 ширхэгийг хохирогчид буцаан олгож, Х.Баярсайханы гэрэл зургийн аппаратнаас угаалгаж авсан зураг 5 ширхэгийг хэрэгт уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар Т.Пүрэв-Очирын эзэмшлийн 30 тооны ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Т.Пүрэв-Очирт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Т.Пүрэв-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэгчээр архи ууж ийм муухай жигшүүртэй үйлдэл гаргаж хөгшин настай эцэг эхээ анхааралгүй хүний аминд хүрнэ гэж бодсонгүй. Олон хоног хоригдохдоо архи гэдэг идээг жигшин өөрийн үйлдэлд харамсан тэр өдөр хүн дагаж гэрээсээ яах гэж гарав даа хэмээн бодон сууна. Бага насны охиноо өрөвдөж, эргээд ирэхэд амьд мэнд хүлээж чадахгүй эцэг эхээ харахад нүд хальтирч ухаангүй тэнэг хүүгээсээ болж зовж байгааг бодоход үнэхээр хэцүү байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна, хохирол төлөх гэсэн боловч хэдэн төгрөгийн хохирол учирсаныг мэдэхгүйгээс болж төлж чадаагүй. Би өөрөө 4 ханатай гэр, мотоцикль, 103 толгой мал тоолуулсан, надад байгаа хөрөнгөнөөс хохирол төлж барагдуулах байх. Танхайрч талийгаачийг хөнөөчихнө гэсэн сэтгэл огт байгаагүйгээ сайн мэдэж байна, энэ бүхэн миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч гэмшиж байна.

Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү, би охиноо оюутан болоход харж хандаж охиндоо сайн аав байхыг, хийж чадаагүй зүйлээ хийж өгөхийг хүсэж байна гэв.  

Ялтан Т.Пүрэв-Очирын өмгөөлөгч П.Өлзийбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Өмгөөлөгч миний бие Т.Пүрэв-Очирт холбогдох хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолд танхайн сэдэлт гэдгийг тайлбарлахдаа гэмт этгээд нь олон нийтийг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон өөрийн ичгүүр сонжуургүй догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй эсвэл ялимгүй зүйлээр шалтагласан байхыг ойлгох гэжээ.

Гэтэл тус хэрэгт авагдсан баримтаар Т.Пүрэв-Очир нь Алтаншагайн хамтаар айл хэсч архи уухдаа ямар нэгэн бүдүүлэг догшин зан авир гаргаж, агсам согтуу тавьж бусдыг илтэд үл хүндэтгэсэн үйлдлийг гаргаагүй, мөн ичгүүр сонжуургүй өөрийгөө хэт дөвийлгөх зан чанар гаргаагүй талаар тус хэрэгт авагдсан, гэрч Алтаншагай, Төмөрбат, Өлзий-Орших нарын мэдүүлгүүдээр тогтоогддог.

Гэмт хэрэг гарах болсон нөхцлийн хувьд хэдийгээр их хэмжээний архи уусантай холбож тайлбарлах боловч талийгаач, Т.Пүрэв-Очир хоёрын хооронд ямар маргаан үүссэн талаар Т.Пүрэв-Очирын талийгаач намайг нэг удаа алгадсан гэж мэдүүлсэн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй байхад ямар ч нотлох баримтгүйгээр танхайрах сэдэлттэйгээр, ичгүүр сонжуургүй авирлаж нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон ялимгүй зүйлийг шалтаг болгон хохирогчийг илтэд үл хүндэтгэн түүнийг зодсон, улмаар амь насыг нь хохироосон нь танхайн сэдэлттэй байна гэж дүгнэсэн нь өрөөсгөл болсон гэх үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт яригдсанаар Т.Пүрэв-Очир нь нийгэмд тогтсон ямар ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн нь тогтоогдоогүй байтал таамгын шинж чанартай зүйлд дүгнэлт хийж хүндрүүлэн ялласан нь үндэслэлгүй байна.

Миний үйлчлүүлэгчийн мэдүүлснээр талийгаач намайг нэг алгадсан, намайг юу хийж яваа юм гээд загнасан гэдэг, гэтэл хохирогчийн зүгээс Т.Пүрэв-Очирын  биед халдсан зан харилцааны тал дээр хувийн таарамжгүй харилцааг бий болгосон байхад өөрийнх нь биед халдсаныг эс тооцоолон үл ялих зүйл гэсэн нь эргэлзээтэй байна.

Т.Пүрэв-Очир нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өндөр настай аав, ээжтэй, 3 насны охинтой, тухайн гэмт хэргийг үйлдэх санаа зорилгыг бүрэн агуулаагүй, харин архи гэх идээг хэтрүүлэн хэрэглэснээс ийм эмгэнэлт байдалд бусдыг ч өөрийгөө ч хүргэсэн байдаг. Мөн өөрийнхөө үйлдлийг ухамсарлан ойлгох чадваргүйгээр согтуурсан байдаг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан түүний хэргийг зүйлчлэн ял оногдуулсан танхайн сэдэлт бий эсэхийг хянаж түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хохирогч Б.Сангидулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маш их гомдолтой байна. Т.Пүрэв-Очирыг ял хөнгөрүүлэх талаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолд дурдагдсан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокуророос хэргийг зөв зүйлчилж анхан шатны шүүхээс хэргийг үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Т.Пүрэв-Очирын үйлдсэн хэрэг нь тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган хэргийг зөв зүйлчилсэн, түүний хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж танхайн сэдэлтээр олон тооны шархыг биед нь учруулан онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон гэдэг нь тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “...яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдааны товыг зарлана...”, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “...шүүх хуралдааны тов зарлагдмагц энэ хуулийн 9.2-т заасан дэд жагсаалтад нэр нь орсон шүүх бүрэлдэхүүнд орох нэг, нөөцөд хоёр иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаан тус бүрд сугалаагаар хувиарлана...” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянхонгор аймгийн шүүхийн Тамгын газрын дарга 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 76 тоот тушаалаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох 15 иргэдийн нэрсийг хавсралтаар баталж уг өдөр нь Т.Пүрэв-Очирт холбогдох хэрэгт оролцох иргэдийн төлөөлөгчийг дээрх жагсаалтад нэр нь багтсан 4 дугаартай Г.Тулбаяр, нөөцөд 7 дугаартай Д.Гэндэнсүрэн, 9 дугаартай Ж.Эрдэнэбат нар оролцохоор сонгогджээ. /хх-ийн 2-р хавтас 86-88-р тал/

Гэтэл хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 77-78-р талд авагдсан Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 268 тоот захирамжийн захирамжлах нь хэсгийн 2 дахь заалтад “...иргэдийн төлөөлөгч Г.Тулбаяр...”-ыг оролцуулахаар заасан байгаа нь ойлгомжгүй бөгөөд мөн Г.Тулбаяраар солигдон шүүх хуралдаанд оролцохоор болсон нөөцөд сонгогдсон Д.Гэндэнсүрэнг ч хууль ёсны дагуу хувиарлагдсан гэж үзэх боломжгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Соёлмаа оролцсон байхад  /хх-ийн 2-р хавтас 204-242-р тал/ шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт нарийн бичгийн дарга А.Батдорж гэж бичсэн байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.3-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар ялтан Т.Пүрэв-Очир, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болохыг дурдав.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

315 дугаар зүйлийн 315.1.2, 322 дугаар зүйлийн

322.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Пүрэв-Очирт холбогдох эрүүгийн 201605000043 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Т.Пүрэв-Очирт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                      ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                  Т.ДАВААСҮРЭН