Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
Хэргийн индекс | 131/2016/0000/Э |
Дугаар | 2000/ДШМ/000 |
Огноо | 2000-01-01 |
Зүйл хэсэг | |
Улсын яллагч |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2000 оны 01 сарын 01 өдөр
Дугаар 2000/ДШМ/000
С.Баярсайханд холбогдох захиргааны зөрчлийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Гомдол гаргагч Н.Бат-Эрдэнэ
Зөрчилд холбогдогч С.Баярсайхан
Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 57 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргагч Н.Бат-Эрдэнийн давж заалдах гомдлоор С.Баярсайханд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Сартуул овогт Сосорбарамын Баярсайхан, 1973 оны 12 дугаар сарын 29-нд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймаг, Галуут сум, Баянхошуу 6 дугаар баг, 1-16 тоотод оршин суух, /регистрийн дугаар ВК73122911/
С.Баярсайхан нь Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрханы 1 дүгээр багт Ардчилсан намаас нэр дэвшиж, сурталчилгаа хийхдээ Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг зөрчсөн зөрчилд холбогджээ.
Анхан шатны шүүх: Баянхонгор аймгийн Галуут сумын иргэн Н.Бат-Эрдэнээс Галуут сумын Хайрханы 1-р багт АН-аас нэр дэвшигч С.Баярсайхан нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч Н.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11, 12, 14, 15 дугаар зүйлүүдэд захиргааны зөрчил хянан шалгах ажиллагааны төрөл буюу нотлох баримтын эх сурвалж, тэдгээрийг цуглуулах, бэхжүүлэх, шалгах арга хэлбэр, захиргааны зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны талууд, оролцогч нарыг тодорхой заасан тул энэ дагуух ажиллагаа шүүхийн өмнөх шатанд бүрэн гүйцэт хийгдэх ёстой. Цагдаагийн байгууллага нь гомдол мэдээллийн дагуу холбогдох гэрч нарыг бүгдийг асууж шалгасан гэж үзэж байгаа.
2016 онд Галуут сумын Хайрханы 1-р багт Ардчилсан намаас дэвшигч С.Баярсайхан нь сурталчилгаа хийж явж байхдаа Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-т заасан /сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ мэдээллийг төрөл бүрийн арга хэлбэрээр тараах/ зөрчлийг гаргаж, хууль бусаар иргэдийн саналыг авах үйл ажиллагаа хийсэн талаар болсон бодит байдлыг үнэн зөвөөр гэрчүүд мэдүүлээд байхад шүүгч нь зөрчлийн талаар тайлбар өгсөн хүмүүс нь үнэн зөв тайлбар өгсөн гэхэд эргэлзээтэй байна гэж үндэслэн гомдол мэдээллийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүгч нь тайлбар өгсөн хүмүүс нь үнэн зөв тайлбар өгсөн гэхэд эргэлзээтэй байна гэсэн хууль зүйн үндэслэл нь тодорхой биш, бодит үнэнг гэрчлээд байхад юунд эргэлзээд байгаагийн үндэслэлийг гаргалгүй шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Зөрчилд холбогдогч С.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч нар нэгнийгээ гүтгэж доромжлох асуудал маш их байдаг. Монгол ардын намаас нэр дэвшигч нар над руу маш ихээр дайрч доромжилж байгаа. Миний хэлээгүй зүйлийг хүртэл хэлсэн болгож ярьж байгаа тул миний нэр төрийг сэргээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
2016 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрханы 1 дүгээр багт нэр дэвшигч Сосорбарамын Баярсайхан нь сонгуулийн сурталчилгаа хийж явахдаа тус багийн Хуримт, Өхөгийн голын айлуудад Л.Алтанхуяг, С.Даваахүү нарт тус багийн иргэн Б.Даваадорж, С.Батболд нар хулгайгаар мод хийсэн үйлдлийг нэр дэвшигч Н.Бат-Эрдэнэ Засаг даргын тамгын газарт мэдээлж урамшуулалд 900.000 төгрөг авсан гэх худал мэдээллийг иргэд сонгогчдод тараасан буюу сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.6, 70.5.13-т заасан зөрчилд холбогджээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь зөрчлийн материалд авагдсан Л.Алтанхуяг С.Батболд, О.Жавхлан, Г.Дүүрэнбилэг, Д.Ганзориг, Г.Сүхцэрэн нарын зөрчлийн талаар асуусан тэмдэглэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шүүгчийн захирамжийг хууль ёсны гаргасан гэж үзэх боломжгүй байна.
Иймд гомдол гаргагч Н.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч С.Баярсайханд холбогдох захиргааны зөрчлийн материалыг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Анхан шатны шүүх зөрчлийн материалыг шийдвэрлэж захирамж гаргахдаа оролцогч нарын гомдол гаргах эрхийг дурдалгүй орхигдуулсан байгааг дурдав.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 57 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Баярсайханд холбогдох захиргааны зөрчлийн материалыг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР
Д.ЭРДЭНЭБИЛЭГ