Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 00152

 

                          Б.Ганзориг, С.Гүррагчаа нарт холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           С.Ёндонсамбуу

            Яллагдагч                                         Б.Ганзориг, С.Гүррагчаа  

            Хохирогч                                          В.Дашвандан, Н.Мөнхжаргал

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 384 дугаар шүүгчийн захирамжтай Б.Ганзориг, С.Гүррагчаа нарт холбогдох, 201414000109 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 8-3 тоотод оршин суух, урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жил 2 сар хорих ял, Орхон аймгийн сум дундын шүүхийн 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 239 дугаар зүйлийн 239.3-т зааснаар 4 жил хорих ял, Орхон аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2-т зааснаар 3 жил 3 сар хорих ял, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 119 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар 7 жил 10 хоног хорих ялаар шийтгэгдэж байсан, ФА82090319 регистрийн дугаартай, Боржигон овогт Болормаагийн Ганзориг,

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 65-11 тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ял, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сар хорих ялаар, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 2 жил хорих ял, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 124 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 1841.2.1, 181.2.4, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 5 жил хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 06 дугаар сарын 30-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 1 жил 8 сар 25 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ФБ86121016 регистрийн дугаартай, Алаг адуу овогт Содончимэгийн Гүррагчаа.

 

Яллагдагч Б.Ганзориг, С.Гүррагчаа нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 20-оос 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах Баруун дэнжийн 4г-18 тоотод Д.Даваадоржийн байшингийн вакум цонхны салхивчийг түлхэн орж шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг, улаан хүрэн шүрэн толгойтой халтар манан хөөрөг, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, 40 инчийн “Тошиба” маркийн ЛСД зурагт, эрэгтэй торгон дээл, эрэгтэй хромон гутал, монетон 2 ширхэг бөгж, нэг хос ээмэг, тоос сорогч, мөнгөн бугуйвч, хос мөнгөн ээмэг зүүлт, морьны дүрс бүхий эрэгтэй мөнгөн бөгж, дээлний 6 ширхэг цул мөнгөн товч, эмэгтэй бор урт нэхий дээл, үнэгний арьсан малгай зэрэг эд зүйл хулгайлан 20.890.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

С.Гүррагчаа нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо 19-590 тоотод иргэн Д.Батнэгэний гэрт нэвтрэн орж 32 инчийн “Тошиба” маркийн ЛСД зурагт, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлан 1.166.600 төгрөгийн хохирол учруулсан,

 

С.Гүррагчаа нь Ч.Энхсүхтэй бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 21-836б тоотод хохирогч Г.Ариунхишигийн гэрт нэвтрэн орж 40 инчийн “Самсунг” маркийн зурагт, морин хуур, монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлан 1.000.000 төгрөгийн хохирол буюу нийт 23.066.600 төгрөгийн хохирол учруулсан,

 

Б.Ганзориг нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 3б-1 тоотод Ц.Сумъяагийн байшинд нэвтрэн орж шаргал өнгийн сейф, дунд гарын мөнгөн аяга, булган малгай, хэрээсний машин, мөнгөн хослол, орчин үеийн хөөрөг, хутга, хивс зэрэг эд зүйл хулгайлан 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Манханы 5-9 тоотод нэвтрэн орж 32 инчийн хар өнгийн хавтгай дэлгэцтэй ТСЛ маркийн зурагт, индүкцин плитка, 5 ширхэг эмэгтэй богино савхин куртик, тавган суурьтай 6 ширхэг болор шилэн аяга зэрэг эд зүйл хулгайлан 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2015 оны 11 дүгээр сарын 27-оос 30-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 14-22 тоот иргэн В.Дашвандангийн гэрийн бүргэд хаалганы түгжээг эвдэн нэвтрэн орж 32 инчийн ТСЛ маркийн ЛСД зурагт, улаан хүрэн шүрэн толгойтой дунд гарын гартааман хөөрөг зэрэг эд зүйл хулгайлан 2.352.500 төгрөгийн хохирол учруулсан,

 

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян булаг багийн Зээлийн 3-140 тоот иргэн Л.Мягмарсүрэнгийн гэрээс 39 инчийн “Самсунг” маркийн зурагт орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлан 585.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баян замын 10-09 тоот иргэн Я.Отгонбаярын байшингийн вакум цонх бүргэд хаалгыг эвдэн орж 42 инчийн “Тошибо” маркийн зурагт үхрийн мах зэрэг эд зүйл хулгайлан 550.00 төгрөгийн хохирол учруулсан,

 

2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 14-22 тоот иргэн Н.Мөнхжаргалын гэрээс “Тошиба” маркийн ЛСД зурагт хулгайлан 350.00 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 384 дугаар шүүгчийн захирамжаар:

 

Б.Ганзориг, С.Гүррагчаа нарт холбогдох 201414000109 тоот эрүүгийн хэргийг Орхон аймгийн Прокуророор дамжуулан нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-д зааснаар хэргийг прокурорт очтол Б.Ганзориг, С.Гүррагчаа нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдаж,

 

Энэхүү захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй гэж шийдвэрлэжээ.  

 

Улсын яллагч эсэргүүцэлдээ:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийг үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна.

 

Иргэн Д.Даваадоржийн гэрээс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд “шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг 1 ширхэг, улаан хүрэн шүрэн толгойтой халтар манан хөөрөг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 40 инчийн “Тошиба” маркийн ЛСД зурагт, эрэгтэй торгон дээл, хромон гутал, эмэгтэй монетон бөгж 2 ширхэг, монетон ээмэг 1 хос, тоос сорогч, мөнгөн бугуйвч, хос мөнгөн ээмэг зүүлт, морьны дүрс бүхий эрэгтэй мөнгөн бөгж, дээлний 6 ширхэг цул мөнгөн товч, эмэгтэй урт нэхий дээл, үнэгний арьсан малгай зэрэг нийт 20.890.000 төгрөгийн эд зүйл алдагдсан энэ гэмт хэргийг Б.Ганзориг, С.Гүррагчаа нар бүлэглэн үйлдсэн болохыг мөрдөн байцаалтын шатанд тогтоон хохирогч Д.Даваадоржид зарим эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн.

 

Мөрдөн байцаалтын шатанд Д.Даваадоржийн гэрээс алдагдсан “шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг”-ийг 15.000.000 төгрөгийн үнэтэй болохыг “Далай ван аудит” ХХК-ийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02/260 дугаартай дүгнэлтээр тогтоосон болно. Мөрдөн байцаалтанд шинжээч Д.Мягмарсүрэнг дүгнэлттэй нь холбогдуулан байцаасан ба шинжээч нь хулгайд алдагдсан хөөргийг тухайн үеийн зах зээлийн үнэ ханшаар үнэлгээ тогтоосон ба хөөрөгний толгойг тусад нь үнэлэх боломжгүй талаар мэдүүлсэн байгаа болно.

 

Прокуророос Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 163 дугаар зүйлд заасан үндэслэлээр шинжээчийн дүгнэлтийн үндэслэл, үнэлгээ гаргасан материалыг тайлбарлуулах, шаардлагатай зүйлийг тодруулах зорилгоор шинжээч Д.Мягмарсүрэнг шүүх хуралдаанд оролцуулах саналаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.4.4-т заасныг баримтлан 2016 оны 5/120 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтанд дурьдан, шүүхэд гаргасан болно. Прокурорын саналыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй.

 

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-т зааснаар мөрдөн байцаалтанд хийгдэн, хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 2015 оны 02/260 дугаартай дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа талаарх үндэслэлээ заагаагүй, ямар үндэслэлээр дахин шинжилгээ хийлгэх тухайгаа захирамжиндаа дурьдаагүй нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх, бусад нотлох баримттай харьцуулан судлах, хохирогч, шинжээчийг дахин байцаах, улсын яллагч, хохирогч, өмгөөлөгч нарын санал дүгнэлтийг сонсох зэрэг ажиллагаа явуулаагүй, шүүх хуралдаанд талуудын хүсэлт нотлох баримт гаргах, түүнийг шинжлэхэд оролцох үг хэлэх талаарх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 238 дугаар зүйлд заасан эрхийг хангахгүйгээр хэргийг дан ганц өөрийн санаачилгаар шүүхэд шилжүүлэхээс өмнөх шатанд нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй, илт нэг талыг баримталсан шийдвэр гэж үзэж байна.

 

Иймд Б.Ганзориг, С.Гүррагчаа нарт холбогдох эрүүгийн 201414000109 дугаартай эрүүгийн хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 384 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Ёндонсамбуу дүгнэлтдээ:

 

Улсын яллагчийн эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгийг үндэслэн, шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийн талаар ямар мэдүүлэг өгөхийг сонсож судлалгүйгээр хэргийг санаачилгаараа буцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т заасан урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна...

 

...Иймд С.Гүррагчаад холбогдох, 201414000109 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, эрүүгийн 201614000448 дугаартай хэргийг нэгтгэх, ял өөрчлөн сонсгох зэрэг ажиллагаа явуулах саналыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.2-т зааснаар баримттай нь гаргаж өгч байна... гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүх Б.Ганзориг, С.Гүррагчаа нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зохих зүйл заалтыг зөрчөөгүй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хохирогч Д.Даваадоржийн хулгайд алдагдсан хуучин цагийн хийцийн улаан шүрэн толгойтой цагаан хаш хөөргийг 15.000.000 төгрөгөөр 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02/260 тоот дүгнэлтээр үнэлсэн атал дахин 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 1-р хавтасны 231-р хуудас/-ын дагуу “Далайван Аудит” ХХК Орхон аймаг дахь салбарын 2016 оны 03 дугаар сарын 15-ны 02/62 тоот дүгнэлтээр /хх-ийн 1-р хавтасны 232-р хуудас/ уг хөөргийг 12.500.000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

 

Дээрх алдагдсан хөөрөгний их бие тал олдсон ба шүрэн толгойн хэсэг нь олдоогүй, уг толгойн хэсгийн үнэ ханш тодорхойгүй, шинжээч хөөрөгний толгойг дангаар нь үнэлэх боломжгүй, хохирогч хөөрөгний толгойг 5.000.000 төгрөгнөөс дээш үнэтэй гэж тус тус мэдүүлсэн зэргээс үзэхэд анхан шатны шүүх хохирогчийн хулгайд алдагдсан хөөрөгний толгойг шинжилгээний байгууллагаар үнэлүүлэхээр мөрдөн байцаалтанд буцаасан нь буруу биш байна.

 

Мөн шүүх хуралдаанд оролцсон прокуророос Б.Ганзориг, С.Гүррагчаа нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Б.Ганзориг, С.Гүррагчаа нар урьд нь удаа дараа ял шийтгэгдэж байсан бөгөөд дахин гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хэргийг прокурорт очтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай байна.  

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 384 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.2-т зааснаар Б.Ганзориг, С.Гүррагчаа нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх тухай прокурорын хүсэлтийг хүлээн авч, хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

            2.Хэргийг прокурорт очтол Б.Ганзориг, С.Гүррагчаа нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

 

            3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

 

            ШҮҮГЧИД                                                                 Ц.ТУЯА                                                                                            

 

                                                                                                З.ХОСБАЯР