Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00153

 

П.Баярболдод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                        Хэргийн индекс 142/2016/0191/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Ч.Сэлэнгэ

            Ялтан                                     П.Баярболд

            Ялтны өмгөөлөгч                            С.Батмөнх-Очир

            Хохирогчийн төлөөлөгч                Д.Пүрэв-Отгон

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолтой П.Баярболдод холбогдох, 201614000162 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн төлөөлөгч, ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988-03-01-ний өдөр Булган аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-10-26 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ГЭ-88030111 регистрийн дугаартай, Эмт овогт Пүрэвсүрэнгийн Баярболд.

 

Ялтан П.Баярболд нь 2015 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн ил уурхайгаас 15.2 килограмм Оюу чулуу хулгайлан 4.560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Эмт овгийн Пүрэвсүрэнгийн Баярболдыг машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар шүүгдэгч П.Баярболдыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч П.Баярболдын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Баярболд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.д зааснаар шүүгдэгч П.Баярболдод оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзах,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4.д зааснаар П.Баярболдод хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгаж,

 

Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Хохирогчийн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон давж заалдах гомдолдоо:

 

           Анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 173 дугаар тогтоолтой танилцаад тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

П.Баярболд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гаргасан мэдүүлэгтээ: “...миний бие 2015 оны 07 дугаар сарын 17, 18-ны үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ил уурхай дотроо аюулгүй байдлыг хангах постонд гарсан юм. Тэгсэн чинь 8А овоолго дээр Белаз машинаас асгарсан Оюу гэмээр ногоон чулуу нилээн их хэмжээгээр асгарсан байсан юм. Маргааш нь хагас сайн өдөр шөнийн 1 дүгээр ээлжинд гарч байхдаа Оюу чулууг түүж авсан. Тэр үед миний барьж байсан эксковатор түр зогсолт хийж байсан юм. Тэр хооронд шуудай авч очоод нөгөө Оюу чулуунаас 4 тал шуудайг түүж авсан...” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 07 дугаар сард 8А энгэр дээр постод зогсож байхдаа ногоон өнгийн чулуу байхыг олж харсан. Сүүлд нь сул зогсохдоо шөнө очиж нөгөө ногоон чулуугаа 3 шуудайнд хийж хашаан доогуур хийсэн... өмнө нь би хашааныхаа үүдэнд шавар ихтэй байдаг учир шэвен буулгасан байсан. Шэвенгээ буулгаж байхад дотор нь өнгийн чулуунууд байсан. Түүнийг нь ялгаж авсан, тэрийг нийлүүлээд 90-100 килограмм зүйл байсан. Түүнээс би 160 орчим килограмм зүйл авч гараагүй” гэж мэдүүлсэн.

 

Шүүгдэгчийн дээрх мэдүүлгүүд нь ноцтой зөрүүтэй байхад анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байна.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн нь зарим яллагдагчид ял завших байдлыг бий болгосон. Яллагдагч Г.Батсайхан, Б.Алтан-Очир нар нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр П.Баярболдыг хулгайлсан Оюу чулуугаа ашиг олох зорилгоор бусдад үзүүлж худалдан борлуулах зорилгоор Б.Алтан-Очирын гэрт ирэхэд нь гражийн хаалга онгойлгон өгч гражид Оюу чулууг асган худалдан авагчид үзүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-т “Зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амалсан этгээдийг хамжигч гэнэ” гэсэн шинжийг агуулж байгаа юм.

 

Дээд шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34, 35, 36, 37 дугаар зүйлийн заалтыг тайлбарлах тухай 10 дугаар тогтоолын 6 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасан “... хамжигч...” гэдэгт бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах, мэдээлэл өгөх зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдсэний дараа гэмт этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амласан байхыг ойлгоно. Энэ нь гэмт хэрэг үйлдэх нөхцөл, байдлыг урьдаас мэдэж амласан байдгаараа гэмт хэрэгт хамаарагсад гэсэн ойлголтоос ялгагдана” гэж тайлбарлажээ.

 

Яллагдагч Г.Батсайхан, Б.Алтан-Очир нар нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.Баярболдтой хамтран Оюу чулууг ашиг олох зорилгоор бусдад худалдан борлуулах үед нь Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын ажилтнууд мэдээллийн дагуу гүйцэтгэх ажиллагааг явуулж үйлдэл дээр нь илрүүлсэн байдаг. Гэтэл яллагдагч Г.Батсайхан, Б.Алтан-Очир нарыг уг хэрэгт хамтран оролцогч гэдэг нь тодорхой байхад хэрэгт хамааралгүй гэж хэт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж Г.Батсайхан, Б.Алтан-Очир нарт хамаарах үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл Г.Батсайхан, Б.Алтан-Очир нарт ял завших байдлыг бий болгож байна.

 

Шүүгдэгч П.Баярболд 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хүдрийн ил уурхайгаас 4 шуудай Оюу чулууг хулгайлахдаа ганцаараа эсвэл бусадтай хамтарсан эсэх талаар хэргийн газарт туршилт хийх, Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газарт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “...хулгайлсан Оюу чулууг Н.Батлхагва гэдэг хүнд зарсан боловч наймаа буцсан...” гэсэн Б.Алтан-Очир, Г.Батсайхан, П.Баярболд нарын тайлбарын мөрөөр Н.Батлхагва гэдэг хүнийг олж гэрчээр тайлбар авах зэрэг зайлшгүй хийх ажиллагааг нэмэлт мөрдөн байцаалтаар явуулаагүй нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд гэмт хэрэг гарсан байдал, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй” гэснийг хэрэгжүүлээгүй бөгөөд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь эд мөрийн баримт болон бусад нотлох баримтыг цуглуулах, үнэн зөв үнэлэх ажиллагааг бүрэн гүйцэд биш хийсэн.

 

П.Баярболд нь Г.Батсайхан, Б.Алтан-Очир нартай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрийн бүсээс хулгайлсан Оюу чулууг ашиг олох зорилгоор бусдад худалдан борлуулах үед нь Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын ажилтнууд мэдээллийн дагуу гүйцэтгэх ажиллагааг явуулж үйлдэл дээр нь илрүүлсэн байдаг.

 

В.Өлзийбуян мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...47-47 дугаартай бор шаргал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу өөрийгөө П.Баярболд гэж танилцаж байсан. Багаажиндаа авч явсан Оюу чулууг нь үзсэн ойролцоогоор 20 орчим килограмм чулуу байсан. Тухтай газар үзүүлье гээд дагуулаад Дэнж, Эрдэнэ гэдэг газарт очоод хашаанд дотроо гражтай айлын гадаа очоод нөгөө залуу хашаа руу ороод хаалгыг дотроос нь онгойлгож машиныхаа багаажинд байсан чулууг үзүүлсэн. 11 килограмм орчим чулууг ялгаж аваад 1.100.000 төгрөгөөр зарахаар болсон. Бэлэн мөнгө байхгүй байсан тул “ХААН” банк орж мөнгө авч өгөхөөр П.Баярболдын машинтай явсан. “ХААН” банк ороод 20-30 минут болоод банкнаас мөнгө авч гарч ирээд Баярболдод мөнгөө өгөөд зогсож байтал тагнуулын хүмүүс ирээд бид нарыг барьж авсан” гэсэн мэдүүлсэн.

 

Үүнээс дүгнэж үзэхэд П.Баярболдын 47-47 дугаартай приус-20 маркийн автомашинд нь 20 килограмм Оюу чулуу байсныг В.Өлзийбуян худалдан авахаар үзэж үүнээс 11 килограммыг нь авахаар тохирч “Хаан” банкнаас мөнгөө аваад Баярболдод өгөх гэж байхад нь Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын ажилтнууд үйлдэл дээр нь илрүүлсэн байдаг. Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын ажилтнууд мэдээллийн дагуу гүйцэтгэх ажиллагааг явуулж П.Баярболд, Г.Батсайхан, Б.Алтан-Очир нараас 163 кг Оюу чулууг хураан авч тайлбар авсан байна.

 

Гэтэл мөрдөн байцаагч нь мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газарт хураагдсан 163 килограмм Оюу чулууг Б.Алтан-Очир, Г.Батсайхан, П.Баярболд нарын хэнийх нь орон байрнаас хураасан эсэхийг тогтоох ажиллагааг огт хийгээгүй. П.Баярболд нарт холбогдох эрүүгийн 20161400010162 дугаартай хэрэгт холбогдол бүхий эд мөрийн баримтыг Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газраас гаргуулах, гэрчээр мэдүүлэг авах ажиллагааг дутуу хийсэн. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь талуудын хүсэлт болон өөрийн санаачилгаар энэ хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авах, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилох, үзлэг, нэгжлэг хийх болон энэ хуульд заасан бусад гүйцэтгэх ажил эрхэлж байгаа байгууллагаас хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримт, баримт сэлтийг гаргуулан авах, байцаан шийтгэх ажиллагаа явуулах, байгууллага, албан тушаалтан, иргэнээс болон эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар шалгалт, үзлэг хийлгүүлэхийг шаардах эрхтэй” гэсэн заалтыг огт хэрэгжүүлээгүй.

 

Өөрөөр хэлбэл П.Баярболдод холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын зайлшгүй хийх ажиллагаанууд бүрэн гүйцэт биш байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 173 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч С.Батмөнх-Очир давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

 

П.Баярболд нь 2015 оны 07 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн ил уурхайн хэсэгт эксковаторчоор ээлжинд ажиллаж байгаад 15.2 кг Оюу чулуу хулгайлан авсан ба тухайн гэмт хэргийг үйлдэхдээ үйлдвэрийн бүсийн бэхэлгээ бүхий хамгаалалтын төмөр хашаанд хууль бусаар эвдэлж хэмхлэн ороогүй, хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ элдэв багаж төхөөрөмж, машин механизм ашиглаагүй атал шүүх П.Баярболдыг машин механизм ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хүндрүүлэн зүйлчилж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн хулгайн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг бөгөөд П.Баярболд нь хулгайлсан Оюу чулуугаа үйлдвэрийн хашаанаас гарган, өөрийн болгосны дараа зөвхөн өөрийнх нь мэдүүлгээс өөр байдлаар нотлоглоогүй “такси”-ийг ашигласан гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн “машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй хөрөнгөнд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно гэж Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолд заасан ба П.Баярболд нь хулгайн хэрэг үйлдэхдээ ямар нэгэн тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэж ашигласан үйлдэл хийгээгүй, ямар машин ашигласныг нотлох баримт хэргийн материалд нэгээхэн ч үгүй байна.

 

Иймд П.Баярболдын үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.т заасан гэмт хэрэг байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж, хөөн хэлэлцэх хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Сэлэнгэ  дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай  байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            П.Баярболд нь 2015 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн ил уурхайгаас машин механизм ашиглан 15.2 килограмм “Оюу” чулуу хулгайлан 4.560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.  

 

            Энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт  болох :

 

            - Ялтан П.Баярболдын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :

 

            ...2015 оны 07 дугаар сард 8а энгэр дээр постод гарч байхдаа ногоон өнгийн чулуу байхыг олж харсан..., Сүүлд нь сул зогсохдоо шөнө очиж нөгөө ногоон чулуугаа 3 шуудайнд хийж хашаан доогуур шидсэн…, дараа нь тосгон явдаг зам тосч машин зогсоогоод ярьж тохиролцоод нөгөө чулуугаа очиж аваад хашаанд аваачиж буулгасан…, сүүлд 2016 оны 01 сард очиж авсан. Өмнө нь би бас хашааныхаа үүдэнд шавар ихтэй байдаг учир шэвен буулгасан байхад нь  түүнийг нь ялгаж авсан…, нийлээд 90 орчим кг болох байх..., Б.Алтан-Очир, Г.Батсайхан хоёр нэг эсмен жолоочоор ажилладаг би өөр ээлжинд ажилладаг…, нэг өдөр  Өлзий гэх залуутай таараад би дэнж өгсөөд ирье гэж намайг хэлэхэд дагаж  хашаанд очсон. Тэгээд Өлзий, Алтан-Очир хоёрт чулуугаа үзүүлсэн... тэд намайг хаанаас авсныг мэдээгүй... гэсэн мэдүүлэг,  

 

            -  Хохирогчийн төлөөлөгч  О.Пүрэв-Отгоны  өгсөн:

 

            ...Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Хүдрийн ил уурхайн хөрс хуулалтын хэсэгт ажилтай П.Баярболд, Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар нь Хүдрийн ил уурхайгаас 164 килограмм "Оюу" гэх чулууг хулгайлж бусдад зарах гэж байгаад Орхон аймгийн Тагнуулын газрын ажилтнуудад баригдсан…, Тагнуулын ажилчдын хураан авсан  3 шуудай шороо, 3 шуудай хог чулуу хүлээлгэн өгснийг жинлэлгүй авсан..., “Найдвар од” Аудитын байгууллага 4.560.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд   “Оюу” гэх чулуугаа шинжилгээ хийлгээд бүрэн бүтэн хүлээж авсан..., харин “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-аар шинжилгээ хийлгэсэн ажлын хөлс 259.400 төгрөг, “Оюу” чулууг Улаанбаатар, Орхон аймагт тээвэрлэсэн зардал 200.000 төгрөг, “Найдвар од” Аудитын үнэлгээ хийлгэсэн хөлс 31.000 төгрөг нийт 490.400 төгрөгийн зардал гарсаныг авсан... гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч В.Өлзийбуянгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            ...47-47 дугаартай бор шаргал өнгийн Приус-20 маркийн машинтай  залуу өөрийгөө П.Баярболд гэж танилцсан…, Багаажиндаа авч явсан “Оюу” чулууг нь үзсэн ойролцоогоор 20 орчим килограмм чулуу байсан байх..., тухтай газар очиж үзүүлье гээд дагуулаад дэнж рүү явж хашаанд дотроо гражтай айлын гадаа очоод нөгөө залуу хашаа руу ороод хаалгыг дотроос нь онгойлгож машиныхаа багаажинд байсан чулууг  үзүүлсэн..., 11 килограмм орчим чулууг ялгаж аваад 1.100.000 төгрөгөөр зарахаар болсон..., Бэлэн мөнгөгүй учир би Дэнж багийн ХААН банк ороод 20-30 минут болоод банкнаас мөнгө авч гарч ирээд Баярболдод мөнгөө өгөөд зогсож байтал тагнуулын хүмүүс ирсэн… би өөр зүйл мэдэхгүй... гэсэн мэдүүлэг,/ х.хийн 236-238-р хуудас/

 

            Б.Алтан-Очирын  сэжигтнээр өгсөн:  

 

            ...Тэр өдөр  хамт ажилладаг  Батсайхан надаас гөлөг авахаар манайд ирсэн..., энэ үед бидэнтэй хамт ажилладаг Баярболд машинтайгаа ирсэн бөгөөд  бас гөлөг авахаар ярьж байсан..., тэгээд гэртээ орчихоод гараад иртэл Баярболд граж дотор нэг танихгүй хүнд чулуу үзүүлж байсан..., би  юу вэ, ямар учиртай юм бэ... гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг, /х.хийн 152-153-р хуудас/

 

            Г.Батсайханы сэжигтнээр өгсөн: 

 

            ....Би Алтан-Очирынд гөлөг үзэж байхад Баярболд ирээд бас гөлөг авах тухай ярьж байсан..., би  гөлөг үзэж байгаад нэг хартал тэр нэг хүнд  ууттай шороо чулуу  асгаад үзүүлж байсан..., Энэ үед Алтан-Очир  ирээд “юу вэ, гай болно шүү яваарай” гэж хэлсэн..., Тэгээд явах болж би Баярболдын машинд суугаад явсан...  гэсэн мэдүүлэг / х.хийн 150-151-р хуудас/ болон  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “Найдвар-Од” аудит ХХК-ний шинжээчийн 2016-03-29-ний өдрийн 70., 2016-03-25-ны өдрийн 328 дугаартай дүгнэлтэд зэргээр нотлогдож тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх ялтанд хуульд заасан ял оногдуулжээ.

       

            П.Баярболдод холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь   Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлж, үнэлсэн,  гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг   шалган тогтоож,  хэрэгт хамааралтай байж болзошгүй сэжигтнийг тухайлбал Б.Алтан-Очир, Г.Батсайхан, В.Өлзийбуян нарыг сэжигтнээр татаж  хуулийн дагуу шалган тэднийг дээрх гэмт хэрэгт оролцоогүй болохыг тогтоосон байна.

 

            Мөн ялтны өмгөөлөгч С.Батмөнх-Очир  “...П.Баярболдыг  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хашаанаас 3 шуудай чулууг авч хашааны доогуур гаргаж тавьсаны дараа зам дээрээс машин хөлслөн ачиж хашаандаа буулгасан нь хулгайлах үйлдэл төгссөний дараа чулууг зөөж тээвэрлэснийг “машин механизм ашигласан” гэж үзэхгүй учир  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 болгон өөрчлөн зүйлчилж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч  ялтан нь “...чулууг хашаан доогуур гаргаж орхиод  гэр лүүгээ зөөх боломжгүй /даахгүй/ байсан”-ыг хулгайлсан эд зүйлээ эзэмшилдээ авч, захиран зарцуулах бодит бололцоо бий болсон өөрөөр хэлбэл хулгайн үйлдэл төгссөн гэж үзэх боломжгүй бөгөөд харин хашааны гаднаас  машинаар тээвэрлэж, захиран зарцуулах эрхтэй болсон үеэс гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүний үйлдлийг  ...машин механизм ашигласан... гэж үзэж зүйлчилсэн нь зөв байна.

 

          Иймд  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “...хэргийг мөрдөн байцаалтанд буцаах...” тухай хохирогчийн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны, “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх...” тухай  ялтны өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, ялтны өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын давж заалдах гомдлыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын  шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.