Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 00154

 

                                О.Уламбаярт  захиргааны

                                       шийтгэл ногдуулсан хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 381 дугаар шийтгэвэртэй, О.Уламбаярт холбогдох захиргааны зөрчилтэй хэргийг, зөрчил гаргагч О.Уламбаярын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хотхоны 13-5 тоотод оршин суух, ИР82041611 регистрийн дугаартай, Сартуул овогт Оросоогийн Уламбаяр.

 

Орхон аймгийн Цагдаагийн газраас:

 

О.Уламбаяр нь архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдсэн зөрчил гаргасан байх тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт ирүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 381 дугаар шийтгэврээр:

 

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар О.Уламбаярт 30 /гуч/ хоног баривчлах шийтгэл ногдуулж, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг дурьдаж, Захиргааны Хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4.д зааснаар шийтгэврийн нэг хувийг зөрчил гаргагч О.Уламбаярт гардуулж,

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1.д зааснаар зөрчил гаргагч шийтгэврийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Зөрчил гаргагч О.Уламбаяр давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Оросоо овогтой Уламбаяр би 2016 оны 12 дугаар сарын 11-нд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар  30 хоног баривчлагдсан. 2016 оны 12 дугаар сарын 11-нд согтуу гэртээ орсон. Ээж архи уусан гээд бухимдаад цагдаа дуудсан.., Ээж маань өндөр настай Ардчилсан намын граж болон гадна талбайг хариуцан ажилладаг бөгөөд  би ээждээ тусалж дэмждэг.

Ээж маань бие муутай даралт өндөртэй сахар нь ихсээд Улаанбаатарт эмчилгээнд явж оношилж эмчлэх шаардлагатай болсон  бөгөөд  би ээжийн ажлыг хийх шаардлагатай боллоо.

 

Иймд энэ байдлыг маань харгалзан үзэж  баривчлагдсан хоногоос хасаж өгнө үү гэжээ.                         

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

О.Уламбаяр нь архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдсэн бөгөөд  2016 онд нийт 6 удаа эрүүлжигдсэн болох нь Цагдаагийн газраас ирүүлсэн тодорхойлолт, өөрийн нь   тайлбар зэргээр нотлогдож  тогтоогджээ.

 

Иймд анхан шатны шүүх түүнд  хуульд заасны дагуу 30 хоног баривчлах шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй  байх тул шийтгэврийг хэвээр үлдээж, О.Уламбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1., 31 дүгээр зүйлийн 31.3.2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 381 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч   О.Уламбаярын  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалын хувийг Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд хүргүүлсүгэй.

3. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.