Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 000002

 

                                    Л.Түмэндэмбэрэлд холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай

 

                                                                       Хэргийн индекс 142/2016/0164/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

           Прокурор                                           Т.Ганзориг

            Ялтан                                     Л.Түмэндэмбэрэл

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолтой Л.Түмэндэмбэрэлд холбогдох, 201614000338 дугаартай, эрүүгийн хэргийг ялтны давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 04-нд Булган аймгийн Бугат суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, материалын техник технологич мэргэжилтэй, “Жавхлан харгуй” ХХК-д нярав ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 15-22 тоотод оршин суух, ТЕ69120464 регистрийн дугаартай, Булган овогт Лувсандоржийн Түмэндэмбэрэл.

 

Шүүгдэгч Л.Түмэндэмбэрэл нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн орой Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 08-01 тоотод Ж.Амараатай маргалдан зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Булган овгийн Лувсандоржийн Түмэндэмбэрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Л.Түмэндэмбэрэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Түмэндэмбэрэлд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Ялтан Л.Түмэндэмбэрэл давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Ж.Амарааг би зодоогүй. Хохирогчийн биед олон тооны гэмтэл би учруулаагүй. Ж.Амараа нь машины аваар осолд орж байсан ба нөхөртэйгээ гэр бүлийн маргаантай байдаг тул дээрх гэмтлийг өөр байдлаар авсан гэж үзэж байна. Би маш их гомдолтой байна.

 

Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Булган” овогт Лувсандоржийн Түмэндэмбэрэл нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 30 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутагт Ж.Амараатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож түүний биед “хөнгөн” зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв. Л.Түмэндэмбэрэлд оногдуулсан торгох ял түүний хэмжээ ялтны гэм бурууд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Иймд Л.Түмэндэмбэрэлийн “...Ж.Амарааг би зодоогүй. Хохирогчийн биед олон тооны гэмтэл би учруулаагүй. Ж.Амараа нь машины аваар осолд орж байсан ба нөхөртэйгээ гэр бүлийн маргаантай байдаг тул дээрх гэмтлийг өөр байдлаар авсан гэж үзэж байна. Би маш их гомдолтой байна...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.т зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн...” тохиолдолд эрүүгийн хариуцлага татах хугацаа өнгөрсөнд тооцон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тул Л.Түмэндэмбэрэлд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.1 зааснаар гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгож Л.Түмэндэмбэрэлийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3., 323 дугаар зүйлийн 323.1.1., 325 дугаар зүйл, 208 дугаар зүйлийн 208.1.1.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ялтан Л.Түмэндэмбэрэлийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2.т заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.т зааснаар Л.Түмэндэмбэрэлийг гэм буруутайд тооцсон, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.т зааснаар Л.Түмэндэмбэрэлийг хэргийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

2. Д.Түмэндэмбэрэлд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

           3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                       

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА                                                                                            

 

                        ШҮҮГЧИД                                                                 Ц.ТУЯА                                                                                                                                                                                                                                                                                          З.ХОСБАЯР