Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 000005

 

                              С.Долгормаад захиргааны шийтгэл

                                     ногдуулсан хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

                    Зарчил гаргагч                                С.Долгормаа

                    Нарийн бичгийн дарга                   Д.Оюунбилэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар шийтгэвэртэй, С.Долгормаад холбогдох захиргааны шийтгэл ногдуулсан хэргийг, зөрчил гаргагч С.Долгормаагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, охины хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-20-107 тоотод оршин суух, ФБ63030840 регистрийн дугаартай, Боржигон цагаан бөө овогт Санжаагийн Долгормаа.

 

Орхон аймгийн Цагдаагийн газраас:

 

С.Долгормаа нь архидан согтуурч цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хэл амаар доромжилж танхайрсан зөрчил гаргасан байх тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт ирүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар шийтгэврээр:

 

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 302.1.д зааснаар С.Долгормаад 10 /арав/ хоногийн хугацаагаар  баривчлах шийтгэл ногдуулж, энэ материалд хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүйг дурьдаж, зөрчил гаргагч нарт шийтгэврийн нэг хувийг гардуулж, шийтгэвэрт зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч 10 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Зөрчил гаргагч С.Долгормаа давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Санжаа овогтой Долгормаа би 2016 оны 12 дугаар сарын 20-ны 22 цагийн үед өөрийн биед архи, тамхи юуч байхгүй явж байсан. Эргүүлийн цагдаа Эрдэнэбат нь эргүүлийн төв рүү дагуулан орсон. Миний анкетанд Өлзийхишиг гэдэг эмэгтэйн зургийг хавсаргаж хийсэн байгаа.  Би ямар ч цагдаатай хэрэлдээгүй  ямар ч зөрчил гаргаагүй байхад надад арга хэмжээ а всанд гомдолтой байна. Ар гэрийн хувьд оюутан охины хамт амьдардаг. Охин маань Улаанбаатар хотод суралцдаг. Нөхөр Г.Наранцацралт маань зуурдаар 2015 онд нас барсан. Өр толгойлсон эмэгтэйн үүргийг гүйцэтгэн амьдралын эрхээр энэ хууль бус зүйл хийж яваа миний буруу. Надад улсаас халамж, тэтгэвэр тэтгэмж өгч байгаа зүйл байхгүй.

 

Иймд миний гомдлыг хүлээж авч, торгуулийн арга хэмжээ болгож өгнө үү..., би зөрчил гаргаагүй  гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Цагдаагийн газраас:

 

Иргэн С.Долгормааг “...архидан согтуурч цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хэл амаар доромжилж танхайрсан, шаардлага биелүүлэхгүй байхыг уриалсан, албан үүргээ биелүүлэхэд санаатайгаар саад учруулсан...” зөрчил гаргасан тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар шийтгэврээр:

 

С.Долгормааг зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзээд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 302.1.д зааснаар түүнд 10 хоног баривчлах шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь: Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан захиргааны журмыг санаатай буюу болгоомжгүй зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь нотлох баримтаар тогтоогдож байвал зөрчил гаргагчид захиргааны хариуцлага ногдуулах нь хууль нийцэх бөгөөд С.Долгормаад холбогдох дээрх хэрэгт “...С.Долгормаа хэзээ, хаана, архидан согтуурч, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны ямар шаардлагыг яаж эсэргүүцсэн, хэл амаар доромжилж танхайрсан, яаж уриалсан...” эсэх нь тогтоогдоогүй мөн энэ талаар ямар нэг нотлох баримт авагдаагүй байна.

 

Түүнчлэн зөрчлийг хянан шалгах явцад нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэн, зөв бүрдүүлээгүй тухайлбал архи согтууруулах ундаа зарж байсан гэдгийг нотлож байгаа зураг нь С.Долгомаагийн зураг биш,  зөрчлийн тухай тэмдэглэлд С.Долгормаагийн оршин суух хаягийг  “Их залуу баг 5-5-А худлаа бичсэн, /иргэний үнэмлэх дээр  4-20-р байр 107 тоот гэж байгаа/  байна.

 

Өөрөөр хэлбэл С.Долгормаа ...архидан согтуурч цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хэл амаар доромжилж танхайрсан үйлдэл тогтоогдохгүй байх тул түүнд захиргааны шийтгэл ногдуулсан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, түүнийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1.1.,   31 дүгээр зүйлийн 31. 3.2.д   заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, С.Долгормааг захиргааны  хариуцлагаас чөлөөлсүгэй.

               2.С.Долгормаагийн  давж заалдах гомдлыг хүлээн авсугай

3. Магадлалын хувийг Орхон аймгийн Цагдаагийн газрын баривчлах байранд хүргүүлсүгэй.

4. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                            Ц.ТУЯА