Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 000006

 

Д.Одгэрэлд захиргааны шийтгэл

                                       ногдуулсан хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч З.Хосбаяр, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

                    Зөрчил гаргагч:                               Д.Одгэрэл

                    Нарийн бичгийн дарга:                  Д.Оюунбилэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийтгэвэртэй, Д.Одгэрэлд холбогдох захиргааны шийтгэл ногдуулсан хэргийг, зөрчил гаргагч Д.Одгэрэлийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ам бүл 9, 8 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 22-19 тоотод оршин суух, ФБ71012800 регистрийн дугаартай, Боржигин овогт Дайрийгийн Одгэрэл.

 

Орхон аймгийн Цагдаагийн газраас:

 

Д.Одгэрэл нь архидан согтуурч цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хэл амаар доромжилж танхайрсан зөрчил гаргасан байх тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт ирүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийтгэврээр:

 

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 302.1.д зааснаар Р.Одгэрэлд 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, энэ материалд хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүйг дурьдаж, зөрчил гаргагч нарт шийтгэврийн нэг хувийг гардуулж, шийтгэвэрт зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч 10 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Зөрчил гаргагч Д.Одгэрэл  давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Д.Одгэрэл нь анхан шатны шүүхийн шийтгэвэрт гомдолтой байна. Миний хувьд 2016 оны 12 дугаар сарын 21-ний орой 11цагийн үед ид хүн явдаг үеэр би айлд засвар хийгээд харих гээд явж байтал урт цагааны доод үзүүрт намайг хоёр цагдаа барьж аваад явсан. Үнэн учраа хэлээд байхад ойлгоогүй. 3-р микрийн хэсгийн өрөөнд үүрийн 05:00 хүртэл байгаад надад хүний зарж байгаад хураалгасан 1 пивийг чи барь гээд хүчээр тулгаж байгаад хэрэг хүлээлгэж зураг авсан.

 

Миний зүгээс өрх толгойлсон ганцаараа амьдралаа авч явдаг амьдрал хүнд цалин хаана ч хүрдэггүй. Хоёр банкны зээлтэй. Иймд баривчлагааг минь торгууль болгож өгнө үү. Би цагдаагийн урдаас огт хэрэлдээгүй юуч яриагүй гэжээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Д.Одгэрэл нь 2016 оны 12 дугаар сарын 20-ний шөнө цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, архидан согтуурч, хэл амаар доромжилж танхайрсан болох нь захиргааны зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.д заасан зөрчлийн бүрэлдэхүүнийг хангаж байна гэж үзэж 7 хоногийн хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

 

Тухайлбал зөрчил гаргагч Д.Одгэрэлд цагдаагийн албан хаагч хууль ёсны ямар шаардлага тавьсан, түүнийг хэрхэн эсэргүүцсэн, согтуу байсан, танхайрсан болох нь захиргааны зөрчлийн материалаар хангалттай тогтоогдоогүй, зөрчлийн талаар Цагдаагийн газрын олон нийтийн цагдаа ажилтай Р.Энх-Амгаланг асуусан тэмдэглэл, зөрчил гаргагч Д.Одгэрэл нарын тайлбар зөрүүтэй байхад зөрчил гаргасан гэдгийг бусад нотлох баримтаар нотлоогүй, архи согтууруулах ундааны зүйлийг нь хураан аваагүй байж согтууруулах ундааны зүйл бариулан зургийг нь авч хуульд заасан зөрчил хянан шалгах журмыг зөрчжээ.

 

Иймд Д.Одгэрэлд захиргааны шийтгэл ногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, түүнийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн  31.3.2 .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, Дайрийн Одгэрэлийг захиргааны хариуцлагаас чөлөөлсүгэй.

2. Магадлалын хувийг Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд хүргүүлсүгэй.

3. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.