Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 000007

 

С.Батсүрэнд захиргааны шийтгэл

ногдуулсан хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

        Зөрчил гаргагч                                С.Батсүрэн

        Нарийн бичгийн дарга                   Д.Оюунбилэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар шийтгэвэртэй, С.Батсүрэнд холбогдох захиргааны шийтгэл ногдуулсан хэргийг, зөрчил гаргагч С.Батсүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 5-7-А тоотод оршин суух, ВЮ74032918 регистрийн дугаартай, Паламдорж овогт Сосорбарамын Батсүрэн.

 

Орхон аймгийн Цагдаагийн газраас:

 

С.Батсүрэн нь архидан согтуурч цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хэл амаар доромжилж танхайрсан зөрчил гаргасан байх тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт ирүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар шийтгэврээр:

 

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 302.1.д зааснаар С.Батсүрэнд 7 /долоо/ хоногийн хугацаагаар  баривчлах шийтгэл ногдуулж, энэ материалд хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүйг дурьдаж, зөрчил гаргагч нарт шийтгэврийн нэг хувийг гардуулж, шийтгэвэрт зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч 10 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Зөрчил гаргагч С.Батсүрэн давж заалдах гомдолдоо:

 

Миний бие С.Батсүрэн нь анхан шатны шүүхийн шийтгэвэрт гомдолтой байна. 2016 оны 12 дугаар сарын 20-аас 21-нд шилжих шөнө би урт цагаанд явж байсан. Гэтэл эргүүлийн цагдаа Цогтсайхан нь манай өрөөнд яваад оч гэсэн. Миний биед архи дарс байгаагүй. Би архи зарж борлуулдаггүй. Урт цагаанд шинээр гарсан шагчин архи зардаггүй. Чаддаг ч үгүй. Цагдаа нар шинэ шагчдын юмыг өдөр бүр хураадаг, заруулдаггүй. Миний бие

 

1.Хөгжлийн  бэрхшээлтэй

 

2.Ходоодны хорт хавдартай

 

3. Эхнэр унадаг тусдаг групптэй. Надаас өөр асрах хүнгүй.

 

4. Би банкны хувь хүний асар их өртэй. Энэ байдлыг харгалзан үзээч ээ. Би гомдолтой байна. Надад нотлох баримт байгаагүй. Торгууль болгож өгөөч гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

С.Батсүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 20-аас 21-нд шилжих шөнө цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, архидан согтуурч, хэл амаар доромжилж танхайрсан болох нь захиргааны зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.д заасан зөрчлийн бүрэлдэхүүнийг хангаж байна гэж үзэж 7 хоногийн хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан захиргааны журмыг санаатай буюу болгомжгүй зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь нотлох баримтаар тогтоогдож байвал зөрчил гаргагчид захиргааны хариуцлага ногдуулах бөгөөд   С.Батсүрэнд холбогдох дээрх хэрэгт “...С.Батсүрэн хэзээ, хаана, архидан согтуурч, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны ямар шаардлагыг яаж эсэргүүцсэн нь шаардлагыг эсэргүүцэн, хэл амаар доромжилж танхайрсан...” эсэх нь тодорхойгүй мөн энэ талаар ямар нэг нотлох баримт авагдаагүй байна.

 

Иймд С.Батсүрэнд захиргааны шийтгэл ногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, түүнийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, Сосорбарамын Батсүрэнг захиргааны хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

2. С.Батсүрэнгийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Магадлалын хувийг Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд хүргүүлсүгэй.

 

4. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

 

ШҮҮГЧИД                                                                 Ц.ТУЯА

 

                                                                                            З.ХОСБАЯР