Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 22

 

                                                                  И.Мөнхбаярт холбогдох эрүүгийн

                                                                                  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Эрдэнэбаяр,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

            Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 149 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор С.Эрдэнэбаярын бичсэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5/05 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр И.Мөнхбаярт холбогдох эрүүгийн 201601080378 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Ихбаярын Мөнхбаяр, 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 5 тоотод оршин суух,

- 2005 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр /16 нас 5 сар 28 хоногтой байхдаа/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

- 2006 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр /17 нас 2 сар 24 хоногтой байхдаа/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 18 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

- 2007 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлснийг, 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 сарын хорих ял болгон өөрчилж, 2008 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 11 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 2 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан /РД:УЮ88101735/,

И.Мөнхбаяр нь урьд хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлж, ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа 2016 оны 8 дугаар сарын 10-наас 11-ний өдөрт шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Янгир” зочид буудлын гадаа иргэн Ц.Бадамын “Samsung Galaxy-A3” загварын гар утсыг халааснаас нь хулгайлан авч, 250.000 төгрөгийн хохирол,

Мөн давтан үйлдлээр 2016 оны 8 дугаар сарын 16-наас 17-ны өдөрт шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизон” баарны гадна авто зогсоол дээр өөрийн тээврийн хэрэгсэл дотор унтаж байсан иргэн Г.Даваасүрэнгийн халааснаас түрийвчтэй 2.000.000 төгрөгийг хулгайлан авч, 2.005.000 төгрөгийн хохирол, бусдад нийтдээ 2.255.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: И.Мөнхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Мөрдөн байцаалтад И.Мөнхбаярт өмгөөлөгч сонгон авах боломж олголгүй, өмгөөлөгч С.Соёлмандахтай байцаалт өгөхийг тулган Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.4 дэх хэсэгт заасан заалтыг тус тус зөрчсөн,

2. И.Мөнхбаяр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь хэсэгт заасны дагуу “...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад гаргаж өгнө үү, мөрдөн байцаагч Б.Мөнх-Очирыг сольж өгнө үү, Саагий, Сарнай нар тухайн болсон үйл явдлыг гэрчилнэ...” гэсэн хүсэлтээ шийдвэрлүүлэхээр 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт хандсан байхад хяналтын прокурор С.Эрдэнэбаяр нь мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг зөрчиж гэрч байцаалгах тухай хүсэлтийг хангасан эсэх нь тодорхойгүй 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 5/49 тоот прокурорын тогтоолыг гаргасан,

3. И.Мөнхбаяр нь өөрийгөө Багануур дүүргийн харъяат гэсэн байхад түүний хаана, хэнтэйгээ оршин суудаг талаарх хэрэгт ач холбогдол бүхий баримт бичиг болох албан ёсны бүртгэлтэй баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг шаардан гаргуулж аваагүй,

4. Хавтаст хэргийн 51-52 дугаар талд авагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон комиссын дарга нь оролцоогүй байхад өөр хүн гарын үсгийг нь орлон зурсан, гишүүдийн гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй зэргээс үзэхэд уг комиссын дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй, нэг талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шүүгдэгч И.Мөнхбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт И.Мөнхбаяр нь тухайн хэрэгт өмгөөлөгч авч оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. И.Мөнхбаярыг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр тооцож, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар татаж байцаахдаа түүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 35, 36 дугаар зүйлд зааснаар сэжигтэн яллагдагчийн эрх үүргийг болон өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн бусад туслалцаа авч болохыг дэлгэрэнгүй тайлбарлан өгсөн. Мөн Налайх дүүрэг дэх Хууль эрх зүйн туслалцааны төвд хандаж яллагдагчаар байцаагдахад нь өмгөөлөгч С.Соёлмандахыг байлцуулсан. Эдгээрээс үзэхэд түүнд өмгөөлөгчөөр хангуулах эрхийг нь эдлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнээс гадна И.Мөнхбаярт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар өмгөөлөгч заавал оролцуулах үндэслэл байхгүй байна.

2. Яллагдагч И.Мөнхбаяраас гаргасан хүсэлтийг хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 5/49 тоот “Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоос гаргасан хүсэлтийг хангахаас татгалзах тухай” тогтоолыг гаргаж хүсэлт гаргагч И.Мөнхбаярт хариу мэдэгдсэн, прокурорын гаргасан уг тогтоолд И.Мөнхбаяраас гомдол гаргаагүй, Саагий, Сарнай гэх гэрчүүд хавтаст хэргийн материалд огт дурдагдаагүй, дээрх хүмүүсийг гэрчээр байцаах нь хэргийн зүйлчлэл, нотлох баримтад ач холбогдолгүй, мөрдөн байцаалтын явцад бусад нотлох баримтуудаар хэрэг хангалттай нотлогдсон байхад И.Мөнхбаяраас гаргасан хүсэлтийг хангасан эсэх нь тодорхойгүй гэх заалт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Хавтаст хэрэгт И.Мөнхбаяр нь Багануур дүүрэгт төрсөн гэсэн болохоос биш Багануур дүүргийн харъяат гэсэн талаар авагдсан баримт байхгүй, мөн И.Мөнхбаяр нь биеийн байцаалтдаа Налайх дүүргийн 2 дугаар хороо 23 дугаар байрны 5 тоотод оршин суух хаягтай талаараа мэдүүлсэн, мөн түүний эх Д.Энхтуяа нь тухайн хаягт хүү И.Мөнхбаярын хамтаар оршин суудаг талаар мэдүүлж, биеийн байцаалтдаа тусгуулсан, хавтаст хэрэгт авагдсан И.Мөнхбаярын иргэний үнэмлэхний зураг бүхий лавлагаа зэргээр хангалттай нотлогдож байхад И.Мөнхбаярыг хаана хэнтэйгээ оршин суудаг талаар хэрэгт ач холбогдол бүхий баримт бичиг болох албан ёсны бүртгэлтэй баг хорооны Засаг даргын тодорхойлолтыг гаргуулан аваагүй гэсэн нь ойлгомжгүй, хэрэгт ач холбогдол бүхий заалт болоогүй байна.

4. Хавтаст хэргийн 51-52 дугаар талд авагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон комиссын дарга нь оролцоогүй байхад өөр хүн гарын үсгийг нь орлон зурсан, гишүүдийн гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй гэсэн атлаа шүүгчийн захирамжид тодорхойлохдоо “Эд зүйлийн үнэлгээ /хх-51-52/ зэрэг хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна” гэсэн байгаа нь ойлгомжгүй, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 160 дугаар зүйлд “...шүүх харьцуулан шинжлэхэд шаардлагатай гарын үсгийн буюу бусад хэв, хэлбэрийг авах эрхтэй ба энэ тухай тогтоол гаргана...” гэж заасан байхад нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан захирамжийн заалтууд нь бодит байдалд нийцээгүй байх тул уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Хавтаст хэргийн материалд;

1. Шүүгдэгч И.Мөнхбаярын оршин суугаа хаяг болон бусад хувийн мэдээлэлийн талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын иргэний үнэмлэхний лавлагаанд тодорхой бичигдсэн /хх-54/ байна.

2. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ буюу эд зүйлийн үнэлгээг тогтоосон эрх бүхий байгууллагын тамга тэмдэгтэй, албаны хүмүүсийн гарын үсэг бүхий бичгийн баримт /хх-51-52/ байна. Энэ баримтад бичигдсэн зарим нэг албан тушаалтны гарын үсэг эргэлзээтэй тодруулах шаардлагатай гэж үзвэл шүүх өөрөө нэмж шалгаж тодруулах боломжтой ба шалгуулах талаар хэн нэгэн нь гомдол санал гаргаагүй байна.

3. Шүүгдэгч И.Мөнхбаяр нь тухайн хэргийн хувьд өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчөө сонгон авах эрхтэй ба шүүх энэ эрхээ эдлэх нөхцөл бололцоогоор хангах боломжтой юм.

4. Шүүгдэгч И.Мөнхбаяр нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байхдаа, давтан үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлж нийтдээ хоёр иргэнд 2.255.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон ба түүнийг ганцаараа энэ гэмт хэргийг үйлдсэн гэж хохирогч болон хохирогчийн мэдүүлгийг нотолж гэрч нар мэдүүлсэн байна. Үүнээс гадна хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч И.Мөнхбаяр нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгийг няцаасан болон эс зөвшөөрсөн мэдүүлэг өгөөгүй, мэдүүлэг өгөхөөс удаа дараа татгалзаж, мэтгэлцээгүй байхад, шүүх энэ нөхцөл байдалд  дүгнэлт хийгээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан заалтын дагуу хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх нь прокуророос шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг шийдвэрлэх нь зүйтэй ба энэ агуулгаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.  

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 149 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, И.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол И.Мөнхбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

                                   ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                            Д.МӨНХТУУЛ