Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 32

 

Б.Чойдорж, Д.Сүрэнхорол нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                               

          Прокурор Б.Алтанцэцэг,

          Ялтан Б.Чойдорж, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ,

          Ялтан Д.Сүрэнхоролын өмгөөлөгч Н.Жамъяндорж,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 8/Б дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Чойдорж, ялтан Д.Сүрэнхоролын өмгөөлөгч Н.Жамъяндорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар ялтан Б.Чойдорж, Д.Сүрэнхорол нарт холбогдох эрүүгийн 2015 0107 0311 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр  сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Буяндэлгэрийн Чойдорж, 1976 оны 9 дүгээр сарын 27-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Их чонос” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн  хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэрийн 2 дугаар хэсэг 34А дугаартай хувийн байранд оршин суух,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн /РД:УГ76092710/,

2. Цагаан гэрүүд овгийн Дашцоодолын Сүрэнхорол, 1978 оны 1 дүгээр сарын 13-нд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа “Эмээлт” зах дээр түүхий эдийн наймаа хийдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн  хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр гудамжны 36 дугаар байрны 52 дугаарт оршин суух, ял шийтгэлгүй /РД:РУ78011319/,

Б.Чойдорж нь 2015 оны 9 дүгээр сард Багануур дүүргийн 2 дугаар хороо “Зам зуур” зоогийн газрын хашаанд ховор ургамал болох хуш модны цайруулсан самрыг зохих зөвшөөрөлгүйгээр иргэдээс 1 кг-ыг 3000 төгрөгөөр тооцож 151 ширхэг шуудай буюу 4349 кг сибирь хушны самар худалдаж авсан, мөн тус самраа өөрийн Багануур дүүргийн 2 дугаар хороо “Зам зуур” зоогийн газрын хашаанд хадгалсан, 2015 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд Д.Сүрэнхоролд тухайн самрыг 25.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч үүнээс 15.000.000 төгрөгийг өөрийн дансаар авч, түүний эхнэр Б.Наранчимэг нь бэлнээр 10.000.000 төгрөгийг авсан гэмт хэрэг үйлдэж, байгаль орчинд их хэмжээний хохирол буюу 34.792.000 төгрөгийн бодит хохирол учруулсан,

Д.Сүрэнхорол нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Наранчимэг, Б.Чойдорж нараас зохих зөвшөөрөлгүйгээр 6 тонн хуш модны цайруулсан самрыг 25.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, мөн өдрөө иргэн Г.Батбаатарын данснаас 15.000.000 төгрөгийг Б.Чойдоржийн Хаан банкин дахь 5750100372 дугаартай данс руу шилжүүлсэн, 10.000.000 төгрөгийг Б.Наранчимэгт бэлнээр өгсөн, худалдан авсан 151 ширхэг шуудай буюу 4349 кг хуш модны цайруулсан самрыг Багануур дүүргийн 2 дугаар хороо “Зам зуур” зоогийн газрын хашаанаас Улаанбаатар хот руу тээвэрлэх зорилготой 28-34 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Багануур дүүргийн Прокурорын газраас: Б.Чойдорж, Д.Сүрэнхорол нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Чойдоржийг ховор ургамлын үрийг зохих зөвшөөрөлгүй худалдан авсан, хадгалсны улмаас байгаль орчинд үлэмж  хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.Сүрэнхоролыг ховор ургамлын үрийг зохих зөвшөөрөлгүй худалдан авсан, тээвэрлэхийг бэлтгэсний улмаас байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар Б.Чойдоржийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.520.000 төгрөгөөр торгох ялаар, Д.Сүрэнхоролыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10.560.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж эдлүүлэхээр заасныг Б.Чойдорж, Д.Сүрэнхорол нарт мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Б.Чойдоржоос 28.000.000 төгрөгийг хурааж улсын орлого болгож, мөн хуульд зааснаар 4349 кг самар хураагдсаныг улсын орлого болгосныг дурдаж, Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, 49.2 дахь хэсгийн 1 дэх заалтад тус тус зааснаар ойн санд учруулсан шууд хохиролд Б.Чойдоржоос 8.698.000 төгрөг, Д.Сүрэнхоролоос 8.698.000 төгрөг тус тус гаргуулж, нийт 17.396.000 төгрөгийг Байгаль хамгаалах санд олгож, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Чойдорж, Д.Сүрэнхорол нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, Б.Чойдоржийн өмчлөлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар хэсэг 34А тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2208003806 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 83-85 БРА улсын дугаартай “Хюндай аксент” загварын автомашин, Д.Сүрэнхоролын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 3 дугаар гудамжны 68а тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011120 дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай Г-2204016289 дугаартай газрыг захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх баримт бичгийн хамт шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн “Л.Хүрэлтогоогийн эзэмшлийн 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн “Мицубиши пусо” загварын, 28-34 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, Б.Наранчимэгийн өмчлөлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар хэсэг 34В тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004004 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг болон Хаан банкин дахь 5750224066 тоот төгрөгийн дансны мөнгөн гүйлгээг захиран зарцуулах эрхийг, Г.Батбаатарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө гудамжны 107 дугаар байрны 34 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039594 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8 дугаар байрны 121 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201011099 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, 62-91 ХӨВ улсын дугаартай, “Бонго пронтер” загварын цагаан өнгийн автомашиныг захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар байцаан шийтгэх ажиллагааны зардалд Б.Чойдоржоос 50.000 төгрөг, Д.Сүрэнхоролоос 50.000 төгрөг тус тус гаргуулж, нийт 100.000 төгрөгийг Хөрөнгийн үнэлгээний төвийн Төрийн банк дахь 100000142787 дугаартай дансанд шилжүүлж, Б.Чойдорж, Д.Сүрэнхорол нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Чойдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие самрыг хуульд заасан хугацаанаас өмнө бусдаас зээлээр худалдан авч хадгалж байгаад цааш нь зарж, борлуулах гэж байсан үйлдэлдээ гэмшиж байна. Харин Д.Сүрэнхоролоос авсан 28.000.000 төгрөгийг самар худалдаж авсан хүмүүстээ эргүүлж, тарааж өгсөн. Өөртөө дундаас нь завшсан мөнгө байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд дээрх 28.000.000 төгрөгийг яасан талаар надаас ганц ч удаа асуулт тавьж байцаалт аваагүй. Энэ талаар хийгдсэн мөрдөн байцаалтын ажиллагаа байхгүй байхад шүүхээс намайг хууль бусаар орлого олсон гэж дүгнэж шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна. 4349 кг самрыг бусдаас “олон хүнээс” худалдан авч хариу төлбөр хийсэн талаараа тодорхой мэдүүлнэ...” гэв.

Ялтан Д.Сүрэнхоролын өмгөөлөгч Н.Жамъяндорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг эс зөвшөөрч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгийг баримтлан дараах гомдлыг гаргаж байна.

1. Д.Сүрэнхоролын хуш модны самар худалдан авсан үйлдлээс үүдэн хэн нэгэнд хохирол учраагүй, мөн худалдан авсан 4349 кг самар нь эд мөрийн баримтаар хураагдсан. Энэ хураагдсан самрыг үнэлгээний байгууллага зах зээлийн үнээр тогтоохдоо 1 кг самрыг 4000 төгрөгөөр бодож 17.396.000 төгрөг гэж тогтоосон байдаг. Гэтэл 17.396.000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа самар нь хохирогч байгууллагад эргээд олгогдсон байдаг. Хохирогч байгууллага нь  ч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлсэн нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлэгтээ мэдүүлж, албан бичгээр давхар нотолсон байдаг. Нэгэнт энэ гэмт хэргийн объектын салшгүй хэсэг болох халдлагын зүйл болж байгаа хуш модны самар нь эд мөрийн баримтаар хураагдаад эргээд биет байдлаараа хохирогч байгууллагад олгогдсон нь хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин манай үйлчлүүлэгчийг самар худалдан авч байгаа үйлдэлд нь байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэж давхар төлбөр гаргуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Д.Сүрэнхоролын үйлдэлд улсын яллагчийн зүгээс хууль зүйн дүгнэлт хийж, яллах дүгнэлт үйлдэхдээ: Яллагдагч Д.Сүрэнхорол нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Чойдоржоос зохих зөвшөөрөлгүй хуш модны цайруулсан самрыг 25.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, мөн өдрөө иргэн Г.Батбаатарын дансаар 15.000.000 төгрөгийг Б.Чойдоржийн Хаан банкин дахь 5750100372 дугаартай дансаар, 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн.  Худалдан авсан 151 ширхэг шуудай буюу 4349 кг хуш модны цайруулсан самрыг Багануур дүүргийн 2 дугаар хороо “Зам зуур” зоогийн газрын хашаанаас Улаанбаатар хот руу тээвэрлэх зорилготой 28-34 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн ба байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан талаар дурдаагүй байдаг. Өмгөөлөгч миний хувьд улсын яллагчийн энэ дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт болсон гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтад өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Чойдоржийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Чойдоржийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Д.Сүрэнхоролоос Б.Чойдорж нь бэлэн болон бэлэн бусаар 28.000.000 төгрөг авсан болох нь дансны хуулга, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Б.Чойдоржоос 28.000.000 төгрөгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Чойдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар объектив талын 6 шинжээс зөвхөн 2 шинжийг нь авч гэм буруутайд тооцсон. Худалдан авсан, хадгалсан гэж буруутгаж байгаа нь Б.Чойдорж самрыг худалдаж авахдаа хариу төлбөртэй үйлдэл хийсэн байна гэдгийг гэрчилж байх бөгөөд зохих хэмжээний мөнгө гарсан. Мөн Д.Сүрэнхоролоос 400-500 төгрөгийн ашиг олох гэж байхдаа баригдсан.  Иймд шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү…” гэв.

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Чойдорж,  Д.Сүрэнхорол нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Б.Чойдорж,  Д.Сүрэнхорол нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангажээ.

Б.Чойдорж нь 2015 оны 9 дүгээр сард Багануур дүүргийн 2 дугаар хороо “Зам зуур” зоогийн газрын хашаанд ховор ургамал болох хуш модны цайруулсан самрыг зохих зөвшөөрөлгүйгээр иргэдээс 1 кг-ыг 3000 төгрөгөөр тооцож 151 ширхэг шуудай буюу 4349 кг сибирь хушны самар худалдаж авсан, мөн тус самраа өөрийн Багануур дүүргийн 2 дугаар хороо “Зам зуур” зоогийн газрын хашаанд хадгалсан, 2015 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд Д.Сүрэнхоролд тухайн самрыг 25.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч үүнээс 15.000.000 төгрөгийг өөрийн дансаар авч, түүний эхнэр Б.Наранчимэг нь бэлнээр 10.000.000 төгрөгийг авсан гэмт хэрэг үйлдэж, байгаль орчинд их хэмжээний хохирол буюу 34.792.000 төгрөгийн бодит хохирол учруулсан,

Д.Сүрэнхорол нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Наранчимэг, Б.Чойдорж нараас зохих зөвшөөрөлгүйгээр 6 тонн хуш модны цайруулсан самрыг 25.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, мөн өдрөө иргэн Г.Батбаатарын данснаас 15.000.000 төгрөгийг Б.Чойдоржийн Хаан банкин дахь 5750100372 дугаартай данс руу шилжүүлсэн, 10.000.000 төгрөгийг Б.Наранчимэгт бэлнээр өгсөн, худалдан авсан 151 ширхэг шуудай буюу 4349 кг хуш модны цайруулсан самрыг Багануур дүүргийн 2 дугаар хороо “Зам зуур” зоогийн газрын хашаанаас Улаанбаатар хот руу тээвэрлэх зорилготой 28-34 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох нь:

           

            Гэрч Л.Хүрэлтогоогийн “...2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас өвс ачаад Багануурын чиглэлд Хэнтий аймгийн нутагт явж байхад Б.Наранчимэгийн нөхөр Б.Чойдорж утсаар залгаад “Улаанбаатар хот руу самар, өвс оруулж өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би “амжихгүй байх” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд 20 цагийн үед Багануурт өвсөө буулгаад дуусч байхад Б.Наранчимэг утсаар яриад “танд 350.000 төгрөгний хөлс өгье. Та самар, өвс хоёр ачиж өгөөч” гэхээр нь би зөвшөөрч 20 цаг өнгөрч байхад “Зам зуурын” хашаа руу орж гараашийнх нь үүдэнд зогсоод өөрөө хажуу талд нь байдаг өөрийнхөө байшинд орж унтсан. Б.Наранчимэг хэлэхдээ “танд ямар ч асуудалгүй, зөвшөөрөлтэй самар байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд 23 цаг өнгөрч байхад унтаж босоод гарч иртэл миний автомашины тэвшин дээр өвснийхөө дотор талд шуудайтай самраа аччихсан байсан. Тэгэхээр нь би “яагаад заавал ингэж ачиж байгаа юм” гэтэл “бороонд норгохгүй гэж ингэж ачсан” гэж Б.Наранчимэг хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд зөвшөөрөлгүй самар тээвэрлэсэн гэж автомашиныг журмын хашаанд саатуулсан...” /1-р хх-26-27/,

 

            Гэрч Х.Оюунбилэгийн “...Монгол Улсын Засгийн газраас 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоолоор Хуш модыг “Ховор ургамлын жагсаалт”-д, Засгийн газрын 2004 он 165 тоот тогтоолоор “Нарсны төрлийн модны үр”-ийг ховор ургамлын жагсаалтад 2004 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 355 дугаар жагсаалтад оруулан нэмж бүртгэсэн байна. Нарсны төрлийн үр гэдэгт ямар төрлийн модны үр багтах талаар нэг мөр ойлголттой болохын тулд Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаартай тогтоолоор Нарсны төрлийн үр гэдэгт “ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ” зэрэг орно гэжээ. Мөн Нарсны төрлийн модны үр гэдэгт ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ оруулахаар тогтоосон. ....Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 он 5 дугаар сарын 12-ны өдрийн А/166 дугаартай тушаалаар “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам” батлагдсан. Энэ тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Хуш модны самрыг 10 дугаар сарын 15-ны өдрөөс дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэхээр хугацааг зааж өгсөн байна. Энэ жилийн хувьд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/338 тоот тушаалын 4 дэх хэсэгт “Үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар хуш модны самрыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түүж бэлтгэхийг “ зөвшөөрсөн байна. Энэ тушаалын 1, 2 дахь заалтад үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар самар түүж, бэлтгэхийг зөвшөөрсөн газруудыг зааж өгсөн болно...” /1-р хх-70-71/,

Гэрч Б.Батхуягийн “...2016 оны 9 дүгээр сарын 10-ны орчим Д.Сүрэнхорол Г.Батбаатар нар утсаар яриад самрын талаар лавлахаар нь “би зарах хүн биш ээ, сайн мэдэхгүй байна. Б.Чойдорж гэж хүн байгаа, түүнээс асуу” гэж хэлээд Б.Чойдоржийн гар утасны дугаарыг өгсөн юм. Гэтэл Б.Чойдорж иргэж над руу яриад “миний дугаарыг чамаас авсан гээд хүмүүс яриад байна. Чи таних уу, надад 5-6 тонн орчим самар Мөнгөнморьтод байна, би нэг килограммыг нь 4500 төгрөгөөр бодоод зарна” гэж хэлсэн. Би Б.Чойдоржид “миний танил найз биш ээ. Хэнтийд явж байхад би чам руу ярьж утсаар асууж байсан тэр л асуудлаар ярьж байгаа юм” гэж хэлээд, Д.Сүрэнхорол руу яриад Б.Чойдоржийн хэлснийг дамжуулсан. Д.Сүрэнхорол, Г.Батбаатар нар 9 дүгээр сарын 13-нд над руу яриад “Б.Чойдоржийн найз юм чинь 14-ний өглөө хамт яваад өгөөч” гэхээр нь би зөвшөөрсөн. Учир нь би Б.Чойдоржийн эхнэр Б.Наранчимэгээс “Зеро кроун-180” загварын автомашиныг худалдаж авахаар ярьсан байсан ба наймаа тохирвол аваад буцна гэж тооцсон. Ингээд 9 дүгээр сарын 14-ний өглөө Д.Сүрэнхорол, Г.Батбаатар нарын хамт “Зам зуур” зоогийн газрын буудалд буугаад Б.Чойдорж, Б.Наранчимэг нарыг тэдэнтэй танилцуулсан. “Зам зуур” зоогийн газрын гараашд хураалттай бэлдсэн самар байсан. Гэвч самар нь 5-6 тонн хүрэхээргүй байсан. Б.Чойдорж хураалттай байсан самрын үнийг хүмүүст өгөөгүй байсан ба Д.Сүрэнхорол нарыг мөнгөө өгчихвөл үлдсэн самрыг хүнээс аваад өгнө гэж хэлж байсан. Тэд Б.Чойдоржийн данс руу 15.000.000 төгрөг шилжүүлсэн ба 10.000.000 төгрөгийг надад өгч “Б.Наранчимэгт аваачаад өгчих, бид 2 оройн хоол идэх гэсэн юм” гэхээр нь би мөнгийг аваад Б.Наранчимэгт өгсөн. Б.Наранчимэгтэй автомашины наймаагаа тохироод дээр хэлсэн автомашинаа аваад Улаанбаатар хот руу явсан...” /4-р хх-7-10/ гэх мэдүүлгүүд,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж эд зүйл хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-4, 6-8/ Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч А.Мөхбатын бичсэн илтгэх хуудас /1-р хх-11/, цайруулсан самрын жинг хэмжсэн тухай тэмдэглэл /1-р хх-12/,  эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1-р хх-13/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-192-194/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 278 тоот хөрөнгө үнэлсэн тухай албан бичиг /2-р хх-67-70/ болон Б.Чойдорж, Д.Сүрэнхорол нарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

Б.Чойдорж, Д.Сүрэнхорол нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын шатанд чухал ач холбогдолтой байж болох зүйлийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэн ялтнуудын гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Иймд Б.Чойдорж нь ховор ургамлын үрийг зохих зөвшөөрөлгүй худалдан авсан, хадгалсны улмаас байгаль орчинд үлэмж  хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Д.Сүрэнхорол нь ховор ургамлын үрийг зохих зөвшөөрөлгүй худалдан авсан, тээвэрлэхийг бэлтгэсний улмаас байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байх тул ялтан Б.Чойдорж, ялтан Д.Сүрэнхоролын өмгөөлөгч Н.Жамъяндорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

            1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 8/Б дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Чойдорж, ялтан Д.Сүрэнхоролын өмгөөлөгч Н.Жамъяндорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.ДАВААСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                         Т.ӨСӨХБАЯР

                                                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ