Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 12

 

Т.Сүхбаатар, Д.Лхагвасүрэн
нарт холбогдох хэргийн талаар


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Баттогтох, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Одбаярыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Т.Сүхбаатар, Д.Лхагвасүрэн нарт холбогдох захиргааны зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 109 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Д.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлоор захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 19-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Газар зохион байгуулалтын менежер мэргэжилтэй, Цогт сумын засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багт оршин суудаг, ДС79081414 регистрийн дугаартай, Дивангар овгийн Тогтохын Сүхбаатар,
Монгол улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловролтой, Цогт сумын Баянтоорой тосгоны захирагчаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Цогт сум Баянтоорой тосгонд оршин суудаг, ДМ86092411 регистрийн дугаартай Гонс овгийн Доржсүрэнгийн Лхагвасүрэн нар нь 2016 оны 9 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд хадланд явж, төрийн албан хаагчдыг цуглуулан зохион байгуулалттайгаар архидуулан, зарим хүмүүст бэлэг эд зүйл тарааж Сонгуулийн хуулийн 70.1.1, 70.1.4, 70.5.10, 70.5.15, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн зөрчилд холбогджээ.

Анхан шатны шүүх Говь-Алтай аймгийн Монгол ардын намын хорооны дэд дарга В.Сүррагчаагийн, нэр дэвшигч Т.Сүхбаатар, Д.Лхагвасүрэн нарт холбогдуулан гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр давж заалдах гомдол, тайлбартаа: Шүүх уг зөрчлийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодьтой үнэлээгүй, хэт нэг талыг баримталж нэр дэвшигчийн үйлдэл   нь хуулийн хориглосон заалтад хамаарахгүй байна гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Учир нь зөрчилд холбогдогч Т.Сүхбаатар, Д.Лхагвасүрэн нартай ажил хэргийн холбоотой доод албан тушаалтан болох сумын Засаг даргын тамгын газрын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, албан газрын дарга нарын тайлбар, тэдний гаргаж өгсөн бичгийн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үнэлсэн нь зөрчлийг үнэн зөв, бодьтой шийдвэрлэсэн гэхэд эргэлзээтэй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэр дэвшигчийн энэхүү үйлдэлийг 


сонгогчдын  саналыг татах зорилгогүй  гэдгийг бүрэн  нотлоогүй  бөгөөд "хадлан хадах нэрийн" дор олон сонгогчдын дунд дайллага, цайллага хийж, сонгогчдод  бэлэг сэлт өгч  байгааг тал  бүрээс  нь  үндэслэлтэй тогтоогоогүй байна.
Нэр   дэвшигч    М.Сүхбаатар,    Д.Лхагвасүрэн    нарт   сумын    сонгуулийн хорооноос анхааруулсаар байхад /сонгуулийн хорооны албан бичгийг хавсаргав/ Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж сонгогчдод эд зүйл, бэлэг сэлт өгсөн, зохион байгуулалттай архидан согтуурч дайллага, цайллага хийсэн нь нотлох   баримтаар   тогтоогдож   байгаа   учраас   сонгуулийн хуулийн дагуу хариуцлага хүлээх үндэслэлтэй байна. 
Мөн шүүхээс тухайн зөрчлийг хянан хэлэлцэх өдөр, цагийг мэдэгдээгүй нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17-р зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасныг, гомдол гаргагч талын гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэнийг хянан үзээгүй нь 17-р зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг зөрчсөн байна гэж үзэж байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 109 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, зөрчилд холбогдогч Цогт сумын АН-аас ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч М.Сүхбаатар, Д.Лхагвасүрэн нарт хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.

 Зөрчилд холбогдогч Т.Сүхбаатар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Говь-Алтай аймгийн засаг даргын захирамж, Аймгийн онцгой комиссын албан даалгаварын дагуу, Цогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд тусгагдсан, жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг төрийн чиг үүрэгт хамаарах ажлыг улс төрийн зорилгоор ашиглаж миний нэр төр, Монгол Улсын Үндсэн хуулиар надад олгогдсон сонгогдох эрхэнд минь ноцтойгоор халдаж нэг намд үйлчлэн шийдвэр гаргаж сонгогчдын санал татах бусад үйл ажиллагаа явуулсан гэж шүүх цагдаагийн байгууллагийн шийдвэр гараагүй байхад 2016 оны 10 дугаар сарын 19-нд буюу санал авах өдөр нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан Цогт сумын сонгуулийн хороонд гомдолтой байна. Би сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчөөгүй. 
Тиймээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлэдээж өгнө үү гэжээ.

Зөрчилд холбогдогч Д.Лхагвасүрэн нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Халдлан бэлтгэх ажил бол сонгуультай ямар ч холбоогүйгээр урьдаас төлөвлөгдсөн төрийн ажил байсан. Би 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө ажил гараад хадлан дээрээс Баянтоорой тосгонруу яваад орой ирэх гэж байхад ИТХ-ын нарийн бичгийн дарга Мөнхжаргал надруу яриад хадлан дээр байгаа байгууллагын дарга эрхлэгч нар архи захиад байна чи 20 шил архи аваад ирээч ирхээр чинь байгууллагууд мөнгийг нь хувааж өгнө гэхээр нь би хот явах замдаа аваачиж өгөөд явсан. Тэр архины мөнгө надаас гараагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 10 дугаар зүйлд зааснаар хүн бүр хараат бус шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй болохыг, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хэргийг нь шүүхээр хянан хэлэлцэхэд байлцах эрхтэй болохыг, Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэд хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох үндсэн эрхийг баталгаатай эдэлхээр заажээ.
Түүнчлэн захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт 


зөрчилд холбогдох этгээдэд зөрчлийг хянан хэлэлцэх өдөр, цаг, газрыг мэдэгдсэн эсэхийг  заавал тогтоохыг зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зөрчил гаргагч нь зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох, зөрчлийн талаар тайлбар өгөх нотлох баримт хүсэлт гаргах эрхтэй болохыг тодорхойлон заасан байна.
Гэтэл Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Т.Сүхбаатар, Д.Лхагвасүрэн нарт холбогдох зөрчлийг шийдвэрлэхдээ холбогдох этгээдэд зөрчлийг хянан хэлэлцэх өдөр, цаг, газрыг мэдэгдэж, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох эрхээ эдлэх боломжоор хангаагүй байна. 
Тиймээс Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 109 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож Т.Сүхбаатар, Д.Лхагвасүрэн нарт холбогдох захиргааны зөрчлийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, давж заалдах гомдол гаргагч Т.Отгонбаярын шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэлэлцэлгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 109 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож Т.Сүхбаатар, Д.Лхагвасүрэн нарт холбогдох захиргааны зөрчлийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.
    
2.Магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай. 
  

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЖАРГАЛСАЙХАН          
                               ШҮҮГЧИД                             Ж.БАТТОГТОХ
                                                                               Ч.ЭНХТӨР