Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраагийн Энхтөр |
Хэргийн индекс | 133/2016/0000/э |
Дугаар | 20 |
Огноо | 2016-12-20 |
Зүйл хэсэг | |
Улсын яллагч | Б.Өлзийбат |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 20
Ш.Энхтөрд холбогдох хэргийн талаар
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Баттогтох, тус шүүхийн шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Одбаярыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар шийтгэвэрийг эс зөвшөөрч өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн гаргасан давж заалдах гомдлоор, Ш.Энхтөрд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн 1976 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 40 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багт оршин суудаг, ДЖ76101916 регистрийн дугаартай, Боржигон овогт Шархүүгийн Энхтөр 2016 оны 11 дүгээр сарын 24-ны орой хамтран амьдрагч И.Уранчимэгтэй хэрэлдэн, зодож дарамтлан бусдын амгалан тайван байдал алдагдуулан, айлган сүрдүүлж, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчилд холбогджээ.
Шүүх: Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Боржигон овогт Шархүүгийн Энхтөрийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулжээ.
Ш.Энхтөрийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах гомдолдоо: Ш.Энхтөр, И.Уранчимэг нарын хооронд гэр бүлийн маргаан гарсан бөгөөд И.Уранчимэг нь өөрөө Цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй, түүний дүү нь гомдол гаргасан. Эхнэр И.Уранчимэг нь ямар нэгэн гомдол саналгүй бид эвлэрсэн гэх бөгөөд Ш.Энхтөр урьд нь зодож байгаагүй. Анх удаа захиргааны зөрчил гаргасан байхад Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 хэсэгт зааснаар 21 хоног баривчилж байгаа шийтгэвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иймд тус шийтгэвэрийг хүчингүй болгож тогуулийн арга хэмжээ болгож өөрчилж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 10 дугаар зүйлд зааснаар хүн бүр хараат бус шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй болохыг, Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэд хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох үндсэн эрхийг баталгаатай эдэлхээр заажээ.
Түүнчлэн захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зөрчилд холбогдох этгээдэд зөрчлийг хянан хэлэлцэх өдөр, цаг, газрыг мэдэгдсэн эсэхийг заавал тогтоохыг зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон бөгөөд 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зөрчил гаргагч нь зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох, зөрчлийн талаар тайлбар өгөх нотлох баримт хүсэлт гаргах эрхтэй болохыг тодорхойлон заасан байна.
Гэтэл анхан шатны шүүхээс Ш.Энхтөрд холбогдох захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэхдээ зөрчлийг хэзээ, хаана шийдвэрлэх талаар мэдэгдээгүй, шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхээ эдлэх боломжоор хангаагүй байна.
Тиймээс Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаартай шийтгэвэрийг хүчингүй болгож Ш.Энхтөрд холбогдох захиргааны зөрчлийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул гомдлыг хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2061.1, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1.Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаартай шийтгэвэрийг хүчингүй болгож Ш.Энхтөрд холбогдох захиргааны зөрчлийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.
2.Магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЖАРГАЛСАЙХАН
ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ
Ч.ЭНХТӨР