Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 21

 

  О.Дашзэвгэ, Ч.Амарсанаа, Н.Дорждагва 
                              Ж.Амгаланбаатар, Ж.Хүрэлбаатар нарт 
                                          холбогдох хэргийн талаар


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Баттогтох, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмааг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 123 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргачийн төлөөлөгч Д.Отгонбаярын давж заалдах гомдлоор захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1960 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багт оршин суудаг, ДЮ60022471 регистрийн дугаартай Жаал овгийн Олонбаярын Дашзэвгэ,
Монгол улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Халиун сум Сүүж багт оршин суудаг,  ДЮ75011670 регистрийн дугаартай Хотол овгийн Найдангийн Дорждагва,
Монгол улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Засаг даргын орлогч, ам бүл 3, эхнэр хүүхийн хамт Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багт оршин суудаг, ДК81110115 регистрийн дугаартай, Шуугуур овгийн Жандалжавын Амгаланбаатар,
Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Халиун сумын бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багт оршин суудаг, ДК83040715 регистрийн дугаартай, Жалайр овгийн Жамьяандоржын Хүрэлбаатар,
Монгол улсын иргэн, 1966  оны 11 дүгээр сарын 25-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багт оршин суудаг, ДИ66112520 регистрийн дугаартай, Урианхай овгийн Чимбийн Амарсанаа нар нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 Сонгуулийн тухай хуулийн хуулийн 68 дугаар зүйлийн 68.7, 70 дугаар зүйлийн 70.5.1, 70.5.13, 70.5.18, 77 дугаар зүйлийн 77.2 дахь заалтуудыг зөрчсөн зөрчилд холбогджээ.
           
Анхан шатны шүүх аймгийн Монгол Ардын Намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаярын гомдолтой, Говь-Алтай аймгийн сум дүүргийн ИТХ-ын 21 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч О.Дашзэгвэ, Ч.Амарсанаа, Ж.Амгаланбаатар, Н.Дорждагва, Ж.Хүрэлбаатар нарт холбогдох гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр давж заалдах гомдол, тайлбартаа: 
Шүүх уг зөрчлийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодьтой үнэлээгүй. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийн үйлдэл нь утга агуулгын хувьд хууль зөрчөөгүй байна гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Учир нь зөрчилд холбогдогч Ч.Амарсанаа нар нь "Бид нүүдлийн шувуу шиг ирээд буцдаг дарга нар биш", "Бид намын нэрээр суудалд тухалсан авлигачид биш"  гэж нэр зааж хэлээгүй  ч  одоогийн аймаг, сумын удирдлагыг илт хууль бусаар гүтгэж, доромжилсон шинжтэй байна.  Тухайлбал  "авлигачид биш"  гэж хэлж байгаа  нь  энэ  хүмүүс тодорхой гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, үйл явдлыг мэдэж байгаа, эсвэл бусдыг авлига авсан гэж гүтгэж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.
Сонгуулийн хуулийн 77.2-т нэр дэвшигчийн тараах хэвлэмэл материалын төрөлийг тодорхой заасан бөгөөд хуулийн утга агуулгад нийцүүлэн хуульд заагаагүй сурталчилгааны материал гаргахыг хуулийн 70.5.1-д хориглосон зохицуулалтаар  тодорхой   зааж  өгсөн.   Гэтэл   шүүх   зөрчил   гаргагчдын тараасан   материал   нь   сонгуулийн   хуулийн   77.2-т   заасан   заасан сурталчилгааны   материал   мөн   биш   гэдэгт  дүгнэлт   өгөөгүй   мөртлөө гомдолд огт хамааралгүй  "сонгуулийн  хуулийн  77.11"-г үндэслэх  хэсэгт дурдсан байгаа нь хуулийг буруу хэрэгсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шинэчилэн баталсан Сонгуулийн хууль нь нэр дэвшигчийн эрх, үүрэг, хийх үйлдлийг нарийвчлан зааж өгсөн бөгөөд зөвхөн хуульд заасан арга, хэлбэрээр сурталчилгаа явуулахаар хязгаарлаж өгсөн юм.
Гомдол гаргагч нар нь зөрчилд дурьдсан хууль бус сурталчилгааны материалаа 2016.10.18-нд зарим сонгогчдод тараасан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож Сонгуулийн хуулийн 68.6, 70.5.2 дахь заалтыг зөрчсөн байхад шүүх уг асуудлыг авч үзэж дүгнэлт өгөөгүй нь зөрчилд авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодьтой дүгнэсэн байх, шийдвэрийн хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 123 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, зөрчилд холбогдогч Халиун сумын АН-аас ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Ч.Амарсанаа, Ж.Амгаланбаатар, Н.Дорждагва, О.Дашзэвгэ, Ж.Хүрэлбаатар нарт хариуцлага тооцож өгнө үү гэжээ.
Зөрчил гаргагч Ч.Амарсанаа давж заалдах шатны шүүх хуралд гаргасан тайлбартаа: Бид Сонгуулийн тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсэгт зааснаар мөнгө, эд хөрөнгө өгөх, амлах, дамжуулах, зуучлах гэх мэт нь хууль бус үйлдэл хийгээгүй. Дараагийн дугаарт 68 дугаар зүйлийн 68.7 дахь хэсэгт зааснаар тараасан материалын эх сурвалжийг зааж нэрсийг тодорхой бичсэн байгаа ямар нэгэн хууль зөрчисөн зүйл байхгүй. Биднийг ямар арга хэлбэрээр сурталчилгааг хийсэн гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Хуульд захидал бичиж болохгүй гэсэн хориглосон заалт байхгүй байгаа. Сонгуулийн хуулийн 70.5.13 дах заалтын дагуу ямар нэгэн хүнийг нэр зааж доромжилж гүтгэсэн зүйл байхгүй. 77.2 дах хэсэгт зааснаар ямар нэгэн сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээнээс хэтрээгүй байгаа. Хууль зөрчисөн үйлдэл байхгүй гэж үзэж байгаа. Манай баг, нэр дэвшигчид хуулийг аль болох зөрчихгүй байх талаар ажиллаж ирсэн. Шүүх шударга  шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэв.
Зөрчил гаргагч нарын өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ч.Амарсанаа нь Сонгуулийн хууль зөрчсөн гэдэг гомдлын тухайд заалт нэг бүрээр нь дурдаж тодорхой тайлбарласан байдаг. Иймээс захирамжийг хэвээр нь үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 10 дугаар зүйлд зааснаар хүн бүр хараат бус шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй болохыг, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хэргийг нь шүүхээр хянан хэлэлцэхэд байлцах эрхтэй болохыг, Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэд хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох үндсэн эрхийг баталгаатай эдэлхээр заажээ.
Түүнчлэн захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зөрчилд холбогдох этгээдэд зөрчлийг хянан хэлэлцэх өдөр, цаг, газрыг мэдэгдсэн эсэхийг  заавал тогтоохыг зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон бөгөөд 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зөрчил гаргагч нь зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох, зөрчлийн талаар тайлбар өгөх нотлох баримт хүсэлт гаргах эрхтэй болохыг тодорхойлон заасан байна.
Гэтэл анхан шатны шүүхээс О.Дашзэвгэ, Ч.Амарсанаа, Ж.Амгаланбаатар, Н.Дорждагва, Ж.Хүрэлбаатар нарт холбогдох захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэхдээ зөрчлийг хэзээ, хаана шийдвэрлэх талаар мэдэгдээгүй, оролцогчдыг шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхээ эдлэх боломжоор хангаагүй байна.
Тиймээс Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 123 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож О.Дашзэвгэ, Ч.Амарсанаа, Ж.Амгаланбаатар, Н.Дорждагва, Ж.Хүрэлбаатар нарт холбогдох захиргааны зөрчлийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 123 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож О.Дашзэвгэ, Ч.Амарсанаа, Ж.Амгаланбаатар, Н.Дорждагва, Ж.Хүрэлбаатар нарт холбогдох захиргааны зөрчлийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.
    
2. Магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай. 
  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ЖАРГАЛСАЙХАН          
            ШҮҮГЧИД                     Ж.БАТТОГТОХ
                                                              Ч.ЭНХТӨР