Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 16

 


Д.Есенкелдид холбогдох эрүүгийн 
                                                         хэргийн тухай

            Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Т.Жаргалсайхан даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Баттогтох, тус шүүхийн шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Дэжидмааг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Ц.Сайнхүүгийн гаргасан эсэргүүцлээр Д.Есенкелдид холбогдох 201607000020 дугаартай эрүүгийн хэргийг  2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, прокурор Ц.Сайнхүү, хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Ж.Мөнхнасан, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв. 
 Монгол улсын иргэн, казак, 1990 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн,  боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, охин, ээжийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, гавьяа шагналгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй Ханкелди овогт Дастаны Есенкелди нь 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт 1945 УНА дугаартай шар өнгийн “Daewoo” маркийн автобус жолоодож яваад Д.Энхбат жолоочтой “KIA BONGO FRONTIER” маркийн цагаан өнгийн 05-70 ГАА дугаарын автомашинтай мөргөлдөж Д.Энхбат нас барсан, Ш.Эрдэнэчимэг, К.Хуягбат нарын биед хүндэвтэр гэмтэл, Х.Алтансувдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт зааснаар  Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Есенкелдид холбогдох 201607000020 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, Шүүгдэгч Д.Есенкелдид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүгчийн захирамжийг хүлээн авсанаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 
    Прокурор эсэргүүцэл, тайлбартаа Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан үндэслэл нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 80.1.6 дахь хэсгүүдэд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нотолж тогтоогоогүй байна.Тухайлбал:Хохирогч нараас гаргаж өгсөн Хөрс автосервис шатахуун түгээх станцын баримтууд, таван богд хүнсний бөөний төвийн баримт, Алтай тан ХХК-ний баримтууд бодит байдалд нийцсэн эсэх, гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй бодит зардал мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй, хавтас хэрэгт 
2
хавсаргасан баримтууд нь үнэн зөв эсэх, хэрхэн юунд зарцуулсан зэргийг тогтоох шаардлагатай гэж үзсэн байна.
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтоох ёстой. Дээрх 201607000020 дугаартай хэргийн хувьд тухайн гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний амь нас хохирсон, онц их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл 201607000020 дугаартай хэрэгт Д.Есенкелдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь Д.Энхбат нас барсан, Х.Алтансувдын биед хүнд гэмтэл, Ш.Эрдэнэчимэг, К.Хуягбат нарын биед хүндэвтэр гэмтэл учруулснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ нь тогтоогдож байна.
Нөгөө талаас УДШ-ийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолд "эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн иргэн хуулийн этгээд нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхийг өөрөө шийдвэрлэх тул хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хэнийг ч нэхэмжлэл гаргуулахаар албадаж болохгүй" гэж, мөн дээрх тогтоолд иргэний нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт сэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хүлээн авахаас татгалзаж болохгүй" гэж заасан байна. Дээрх тогтоолын заалтаас харахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батболдоос хүнд гэмтэл авсан эхнэр Х.Алтансувдын эмчлүүлэх болон бусад холбогдох зардлын баримтыг албадан гаргуулах, эсвэл гаргаж өгсөн баримтуудыг хүлээн авахгүй байх эрх зүйн үндэслэлгүй байна. Тиймээс Д.Есенкелдийн буруутай үйлдлийн улмаас шууд шалтгаалаагүй бусад хохирлын асуудлыг иргэний журмаар хянан шийдвэрлэх боломжтой байсан байна. Өөрөөр хэлбэл Мөрдөн байцаалтын явцад 6.200.000 төгрөгийг Х.Алтансувдын хууль ёсны төлөөлөгч Б.Батболдод гэм буруутай этгээдээс өгсөн бөгөөд бодит байдалд нийцээгүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, гэмт үйлдлийн улмаас шууд шалтгаалаагүй бусад хохирлын асуудлыг хүлээн авахаас татгалзаж иргэний журмаар шийдвэрлэх боломжтой байсан.
2. Kia bongo frontier маркын 05-70 ГАА дугаартай автомашины эзэмшигч Б.Цээпил нь уг автомашиныг талийгаач Д.Энхбатад шилжүүлэн өгсөн, Daewoo маркын 19-45 УНА дугаартай автомашины жолооч К.Өтеп нь Д.Есенкелдид жолоогоо шилжүүлсэн өгсөн байхад Б.Цээпил, К.Өтеп нарыг иргэний хариуцагчаар татаагүй байна гэж үзсэн.
Иргэний нэхэмжлэгч Б.Цээпил, хохирогч, иргэний нэхэмжлэгч К.Өтеп нарыг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаартай захирамжаар иргэний хариуцагчаар татсан бөгөөд К.Өтепийн гомдлоор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хрэгийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцээд 02 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн Б.Цээпил, К.Өтеп нарыг иргэний хариуцагчаар татсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон болно. Өөрөөр хэлбэл Б.Цээпил, К.Өтеп нарын бусдад машинаа шилжүүлэн өгсөн үйлдэл нь хохирогч нарт учирсан хохиролтой шалтгаант холбоогүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар дээрх К.Өтеп, Б.Цээпил нарын улмаас хохирогч нарт гэм хор учруулсан нь тогтоогдоогүй байгаа болно. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Б.Цээпил, хохирогч, иргэний нэхэмжлэгч К.Өтеп нар нь бүрэн бус тээврийн хэрэгсэл шилжүүлэн өгсөн, түүнчлэн согтуу буюу жолоодох эрхийн үнэмлэхгүй, илтэд хараа, сонсголын гажигтай этгээдэд жолоогоо шилжүүлж дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн бол иргэний хариуцагчаар татах нь зөв юм. Гэвч Д.Есенкелди, талийгаач Д.Энхбат нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, жолоодох эрхийн үнэмлэхтэй, илтэд хараа, сонсголын гажигтай хүмүүс биш болох нь тодорхой харагдаж байгаа. 
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохиролыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулж болно” гэж заасан байна. Хуулийн этгээд гэж Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюуэзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг 
3
хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж заасан байдаг. Гэвч Б.Цээпил, К.Өтеп нар хуулийн этгээд биш гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой харагдаж байхад иргэний хариуцагчаар татах нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр Б.Цээпил, К.Өтеп нарыг иргэний хариуцагчаар татсан шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон байхад магадлалыг үл ойшоож дахин иргэний хариуцагчаар татуулахаар заасан байна. 
3. 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй буюу зөв болох нь эргэлзээтэй гэж үзэж эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт  зааснаар дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэв. Түүнчлэн тухайн осол болсон гэх газрын зам нь төв суурин газрын зам эсвэл төв суурингийн гаднах замын аль нь болох, уг замд зорчигч тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл ямар хурдтай явахыг зөвшөөрдөг, осол гарах үед тээврийн хэрэгслүүд ямар хурдтай явж байсан зэргийг тогтоох шаардлагатай гэж үзсэн байна. 
Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт суурин газар гэж 5.3, 5.5 тэмдгээр тэмдэглэгдсэн, хүн ам төвлөрч суурьшсан нутаг дэвсгэрийг хэлнэ гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр тухайн осол болсон газрын зам нь хүн ам төвлөрч суурьшсан газар биш, 5.3, 5.5 тэмдэг буюу суурин газрын эхлэл гэсэн тэмдэг байхгүй болно. 
Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "суурин "Газрын гаднах зам болон тууш замд автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 70 км цагийн хурдтай", мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэж заасан байх бөгөөд Киа бонго пронтер маркын 05-70 ГАА дугаартай автомашин болон Дайвоо маркын 19-45 УНА дугаартай автобус нь дээрх хурдыг хэтрүүлээгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогддог.
Мөн эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд хуулийн дээрх заалт нь хүчингүй болсон байхад уг заалтыг барьж дахин шинжилгээ хийлгэх талаар дурьдсан нь үндэслэлгүй байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар улсын ядлагчийн эсэргүүцэл бичив гэв.
Өмгөөлөгч К.Сьезд давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд би Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн "Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай” 115 дугаар шүүгчийн захирамж, Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, улсын яллагч Ц.Сайнхүүгээс Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот улсын яллагчийн эсэргүүцэлтэй тус тус танилцаад хохирогч К.Өтепийн өмгөөлөгчийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна.
Шүүгдэгч Д.Есенкелдид холбогдох эрүүгийн 201607000020 дугаартай хэрэгт мөрдөн байцаалт бүрэн гүйцэд хийгдсэн, нэмж шалгуулах зүйлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Энэхүү эрүүгийн хэрэг гармагц газар дээр нь эрх бүхий албан тушаалтан нар ажиллаж, хэргийн газрын үзлэгийг хийж, улмаар шинжээчийн дүгнэлт гарсан юм Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 
4
10-ны өдрийн 66 дугаартай захирамжаар иргэний хариуцагчаар К.Өтепийг татсан бөгөөд хохирогч К.Өтепийн гомдлоор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцээд 02 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн Б.Цээпил, К.Өтеп нарыг иргэний хариуцагчаар татсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон юм. Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар магадлал нь хуулийн хүчинтэй байна. Энэхүү хэрэгт хохирогчоор тогтоосон К.Өтепээс 14-45 дугаартай аютобусыг жолооч Д.Есенкелдид шилжүүлсэн өгсөн үйлдэл нь хохирог нарт учруулсан хохиролтой шалтгаант холбоогүй, жолооч Д.Есенкелди нь жолоодох эрхийн үнэмлэхтэй, согтуу байгаагүй, автобус нь бүрэн бүтэн байсан юм. Иймд К.Өтепийг тухайн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг төлүүлэх зорилгоор иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайн осол гарсан шалтгаан, бусад нөхцөл байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн "Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай" 115 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож. Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, улсын яллагч Ц.Сайнхүүгээс Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоотоор гаргасан улсын яллагчийн эсэргүүцэлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
Шүүгдэгч Д.Есенкелдийн өмгөөлөгч М.Энхзаяа тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Д.Есенкелдийг Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийг тусгай ангиллын мэргэшсэн жолооч байх шаардлагатай гэж заасан. Д.Есенкелди нь мэргэшсэн биш, бүртгэлгүй. Мэргэшсэн жолооч нь авто тээврийн өөрт ашиг олох зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтанд хамрагдсан, мэргэшлийн үнэмлэх авсан этгээдийг хэлдэг. Д.Есенкелди нь B, C, D, E ангилалтай, мэргэшсэн жолооч биш. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх шийдвэр гаргасан. Хохирлын хэмжээ тогтоогдохгүй байгаа. Манай талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй ч гэсэн дээрх зүйлийг анхаарч үзнэ үү. Прокурорын эсэргүүцэлд тусгайлсан саналгүй гэжээ. 
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ тайлбартаа Энэ хэрэгт хохирогч Алтантуяагийн өмгөөлөгчөөр оролцож байна. Алтантуяа нь уг хэргээс болж нас барсан Д.Энхбатын эхнэр. Уг хэрэг шүүхэд шилжиж ирээд 6 сарын хугацаанд шийдэгдсэн. Шүүх хуралдаан оролгүйгээр 4-5 удаа хойшилж, шийдэгдсэн. Энэ нөхцөл байдлаас болж хохирогч нар болон бусад хүмүүс ирж, буцах асуудлаас эхлээд нилээн асуудалтай тулгарсан байх. Иймд хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна. Шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Яагаад гэвэл хэрэгт хохирлын асуудал тогтоогдоогүй биш харин маш тодорхой тогтоогдсон. Авто аваарын хэрэг хүний биед учирсан гэмтлээр эсвэл тухайн тээврийн хэрэгсэлд учирсан бодит үнэлгээгээр хохирол тогтоогдоно. Энэ хэргийн тухайд хэлэлцэгдсэн бодит хохирол нь хохирогч Х.Алтансувдын хууль ёсны төлөөлөгч Б.Батболдын иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг шалгуулахаар шүүх буцааж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг үнэлэх, үнэлэхгүй нь шүүхийн дотоод итгэлийн асуудал. Миний үйлчлүүлэгчийн тухайд хохиролтой холбоотой нийт хохирлоо авсан гэх үүндээс баримтаа бүрдүүлж өгөөгүй. Гэтэл түүнийг дахин гаргуулж шалга гэдэг үүднээс шийдвэрээ тайлбарлаж байсан. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой зардлаа авчихлаа Д.Есенкелдид гомдол саналгүй гэж байхад нь гаргахгүй байгаа нэхэмжлэлтэй холбоотой 
5
баримтыг авч шалга гэж мөрдөн байцаалтын шатаар бодитой эсэхийг тогтоо гэж тайлбарлаж байсан. Тухайн аваарын хэргээс болж одоо болтол гэмтэлтэй байгаа хүний баримтыг шалга гэж байгаа нь үндэслэлгүй байна. Үнэхээр үндэслэлгүй гэж үзэж байгаа бол шүүх өөрийн дотоод итгэлээр баримтуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж болно. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа оролцогчид яриагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, гэм буруугийн талаар маргасан. Шинжээчийн дүгнэлттэй маргаагүй. Гэтэл зам нь суурин газрын зам байна уу, осол гаргасан автомашин хэдэн км цагийн хурдтай явсан байдал нь энэ хэргийн зүйлчлэлийн тухайд нөлөөлөх үндэслэл болохгүй. Бодит учирсан хохирол тодорхой, хэн учруулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Шүүгчийн захирамж үндэслэлгүй байгаа тул хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан тайлбартаа Хохирогч Х.Алтансувдын хууль ёсны төлөөлөгч Б.Батболдын өмгөөлөгчөөр оролцсон. Батболд анхан шатны шүүх хуралдаан дээр иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудаа өөрөө тайлбарлаж хэлсэн. Одоо ч хохирогч Алтансувд нь босч чадахгүй хэвтрийн байдалд, хүний асаргаанд байдаг. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой зардалд шатахууны баримт нь Дэлгэр сумаас аймгийн төв рүү авч ирж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Мөн хэрэг шийдэгдэх хугацаанд Улаанбаатар хот руу өөрийн машинаар авч явж эмчлүүлсэн талаарх зардлын баримтуудыг гаргаж өгч гарсан зардлыг нэхэмжилсэн. Илүү нэхэмжилсэн зүйл байхгүй. Шүүх хуралдаанд маш тодорхой тайлбарласан. Иймд уг хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү гэжээ.              
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. 
Шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах болсон үндэслэлдээ “мөрдөн байцаалтын шатанд зарим хохирогч нараас гаргаж өгсөн баримтууд нь бодит байдалд нийцсэн эсэх өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй бодит зардал мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй” гээд гэмт хэргийн улмаас учирсан гэх шууд бус хохирлын баримтуудын талаар дурдсан байна.    
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад тооцоог бүрэн хийх боломжгүй бөгөөд энэ нь гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй бол эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлээ иргэний журмаар гаргахыг нэхэмжлэгчид мэдэгдэхээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт иргэний нэхэмжлэлийн үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг буюу хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой болохыг, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1, 43.3.4 дэх хэсэгт иргэний нэхэмжлэгч нь хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт гаргаж өгөх, гаргасан нэхэмжлэлээ дэмжих, татгалзах эрхтэй болохыг тус тус заасан байна. 
Тиймээс дээр дурдсан баримт сэлтийн талаар гаргаж өгсөн этгээдээс нь шүүх шаардлагатай бол тодруулж, ямар зардлын баримт болохыг асууж, тухайн баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотолж байгаа эсэхийг үнэлэх боломжтой бөгөөд энэ үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь учир дутагдалтай байна.
6
Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл өмчлөгч нь түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу Б.Цээпил, К.Өтеп нарыг мөрдөн байцаалтын шатанд татаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх”, 16 дугаар зүйлд заасан “хэргийн бодит үнэнийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох” зарчимд нийцэхгүй байна гэжээ. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зорилт нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад орших бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад Үндсэн хуулийг удирдлага болгож, энэ хуулийг баримтлана, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч, бусад оролцогч дагаж биелүүлнэ гэж заасан байна. 
Мөн хуулийн 8 дугаар зүйлд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 8.1 дэх хэсэгт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зарчмыг нарийвчлан тодорхойлжээ. 
Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээдийг тогтоосны дараа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх холбогдох этгээдийг энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан журмын дагуу иргэний хариуцагчаар татах тогтоол гаргахаар, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт  иргэний хариуцагчаар насанд хүрээгүй яллагдагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулж болохоор тус тус заасан болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд насанд хүрээгүй яллагдагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд иргэний хариуцагчаар татан оролцуулахаар тусгайлан заасан нь эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг зөвхөн хувь хүнд хүлээлгэх, гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө хариуцлага хүлээх зарчимтай уялдаатай байх бөгөөд сонирхогч этгээдийн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас гадуур нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй байна. 
Тиймээс хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээд тогтоогдсон гэж үзвэл хуульд тодорхойлон заасан иргэн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулах боломжтой юм.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид давж заалдах шатны шүүхээс К.Өтеп, Б.Цээпил нарыг иргэний хариуцагчаар татсан 66 дугаартай шүүгчийн захирамжийг К.Өтепийн давж заалдсан гомдлын дагуу хүчингүй болгосон нь хавтаст хэргийн 188 дугаар хуудсанд байгаа 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй буюу эргэлзээтэй гэж үзэх үндэслэлийг бий болгож байх тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай, тухайн осол болсон гэх газрын зам нь төв суурин газрын зам, эсвэл төв суурийнгийн гаднах замын аль нь болох, уг замд зорчигч тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл ямар хурдтай явахыг зөвшөөрдөг, осол гарах үед тээврийн хэрэгслүүд ямар хурдтай явж байсан эсэхийг тогтоох шаардлагатай гэжээ. 
7

Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар магадлал нь шинжээчийн дүгнэлттэй хамааралгүй байх бөгөөд шүүгч шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн, шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй буюу эргэлзээтэй гэж үзсэн бол түүнчлэн шинжээчийн гаргасан дүгнэлтийг тайлбарлуулах, тодруулах шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар дахин буюу нэмэлт шинжилгээ хийлгэх, шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулан асууж тодруулах зэрэг боломжтой юм.
Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Есенкелдид холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Есенкелдид холбогдох 201607000020 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай. 
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Д.Есенкелдид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
3. Магадлалд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЖАРГАЛСАЙХАН
                                     
                                       ШҮҮГЧИД                                   Ж.БАТТОГТОХ
                                                                                           Ч.ЭНХТӨР