Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 19

 

 

                           Д.Болбаатар, Б.Батбаяр нарт холбогдох
                                         эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Баттогтох, тус шүүхийн шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Дэжидмааг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 42  дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Батбаяр, болон шүүгдэгч Д.Болдбаатарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарын  гаргасан давж заалдах гомдлоор Д.Болбаатар, Б.Батбаяр нарт холбогдох 201607000133 дугаартай эрүүгийн хэргийг  2016 оны 12 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч, прокурор Т.Эрдэнэбат, иргэний нэхэмжлэгч М.Мөнхзаяа, шүүгдэгч Д.Болдбаатар, Б.Батбаяр, шүүгдэгч Д.Болдбаатарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүгдэгч Б.Батбаярын өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1977 оны 5 дугаар сарын 26-нд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Жаргалант хорооны 2-3 тоотод оршин суудаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ДК77052619 регистрийн дугаартай, Боржигон овогт Баастын Батбаяр,

Монгол Улсын иргэн, 1964 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн Говь-Алтай аймгийн Шарга сумд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, 2 хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн Шандын 3-3 тоотод оршин суудаг, Тээврийн яамны хүндэт жуух бичгээр шагнуулж байсан, ял шийтгэлгүй, ДП64040210 регистрийн дугаартай, Хойд овогт Дуламын Болдбаатар,
 
Шүүгдэгч Д.Болдбаатар нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж зам тээврийн осол үйлдэж Н.Доржсүрэнгийн биед хүндэвтэр, Б.Батбаярын биед хөнгөн зэргийн гэмтэл, М.Мөнхзаяагийн тээврийн хэрэгсэлд 3.313.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, 
Шүүгдэгч Б.Батбаяр нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж зам тээврийн осол үйлдэж иргэн Н.Доржсүрэнгийн биед хүндэвтэр, Д.Болдбаатарын 

 

2

эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 553.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шүүгдэгч Хойд овогт Дуламын Болдбаатар, Боржигон овогт Баастын Батбаяр нарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Болдбаатар, Б.Батбаяр нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр шүүгдэгч тус бүрийг 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Болдбаатараас эмчилгээний зардалд 37.850 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Батбаярт, машины эвдрэлийн хохирол 1.656.500 төгрөг, машин зөөвөрлөсний зардал 50.000 төгрөг, нийт 1.706.500 төгрөгийн гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Мөнхзаяад, ялтан Б.Батбаяраас машины эвдрэлийн хохирол 1.656.500 төгрөг, машин зөөвөрлөсний төлбөр 50.000 төгрөг, нийт 1.706.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Мөнхзаяад, 276.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Болдбаатарт тус тус олгож, Д.Болдбаатар нь хохирогч Н.Доржсүрэнд 200.000 төгрөг төлсөн ба хохирогч Н.Доржсүрэн нь хойшид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч М.Мөнхзаяа нь бусад хохирол буюу шинжээчийн дүгнэлт гаргуулсны төлбөр зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг дурдаж шийдвэрлэжээ.  

Ялтан Д.Болдбаатарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах гомдол тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлгэч Д.Болдбаатар нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Доржсүрэнтэй анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө очиж уулзаж биеийн байдлыг нь асууж, эмчилгээндээ зарцуулаарай гээд 200.000 төгрөгийг өгсөн. Хохирогч Н.Доржсүрэн хэргийн материалд ямар нэгэн эмчилгээ зардалтай холбоотой баримт өгөөгүй байгаа. Яагаад гэвэл хохирогч нь цаашид Улаанбаатар хот явж биеэ үзүүлж харуулсныхаа дараа эмчилгээний мөнгөө нэхэмжилнэ гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Хохирогчид сайн дурын үндсэн дээр хохирол барагдуулсан. Хх-230-рт авагдсан хохирогч Н.Доржсүрэнгийн хүсэлт дээр иргэн Д.Болдбаатар 2-3 удаа гуйж уулзаж, эмчилгээндээ хэрэглээрэй гэж 200.000 төгрөг өгсөн. Энэ хүний тухайд одоогоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт, хэрэгт хавсаргасан. Мөн анхан шатны шүүх хуралдаанаас өмнө иргэний нэхэмжлэгч Мөнхзаяад мөнгө олгохоор тогтоогдсон боловч уг мөнгийг иргэний нэхэмжлэгч Мөнхзаяа авахгүй, би гомдолтой байна гэх байдлаар хандсан. Би үйлчлүүлэгчийн хүсэлтээр хэргийн материал дээрээс Мөнхзаяагийн овог, нэр, ригестрийн дугаарыг нь авч банкаар 1.430.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ ямар учиртай вэ гэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Батбаярын машинд учирсан 3.000.000 гаруй төгрөгийг хуваагаад мөн Д.Болдбаатарын машинд учирсан 500.000 гаруй төгрөгийг хоёр хувааж олгохоор шийдвэр гарсан. Д.Болдбаатарын машинд 276500 төгрөгийн хохирол учирсан. 1.706.500 төгрөгнөөс Д.Болдбаатарын машинд учирсан 276500 төгрөгийг хасаад 1.430.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчийн дансанд хийсэн. Яллагдагч Д.Болдбаатарын ар гэрийн амьдрал маш хүнд, хэвтрийн өвчтэй хүүхэд асардаг, уг хүүхэд нь ямар ч эмчилгээ хийлгэх боломжгүй. Мөн яллагдагч Д.Болдбаатарын даралт ихддэг байнга эм уудаг. Даралтны эм уухгүй бол шөнө унтдаггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 


3


хорих газарт орсноос хойш байнга эм ууж байгаа. Ар гэрээс нь үргэлж эмийг нь зөөдөг. Иймд яллагдагч Д.Болдбаатарын ар гэрийн байдал, биеийн байдал, хохирогч нарт хохирол төлсөн байдал, хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, учраас хохирогчтой эвлэрсэн үндэсллээр Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Ялтан Б.Батбаяр давж заалдах гомдол, тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх намайг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байхад  Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж  буруутгаж хохирол учруулж ял халдааж байгаад гомдолтой байна. Би болон манай өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн Замын цагдаагийн газарт буюу механик инженерийн дээд сургуулийн 5 хүний бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулж өгөхийг удаа дараа прокурор шүүхэд хүссэн байхад миний хуулиар олгогдсон эрхийг боож байаад маш их харамсалтай байна. Би группэд байдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, амьдарлын түвшин маш доогуур байдаг хүн. Эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирч байна. Миний бие гэр доторх 4 хүүхэд эхнэрийнхээ гэдсийг тэжээхийн тулд ах дүү аав ээж төрөл төрөгсдөөсөө 9-н сая төгрөг авч Улаанбаатар хотруу эхнэрээ явуулж приус-20 машин авчруулсан юм. Тэгээд уг машинаар таксинд явах санаатай байсан юм. 
Ингээд Д.Болдбаатарын буруутай үйлдлээс болж асар их хохирол учирлаа. Иймд өр зээлээ яаж төлөх, эхнэр хүүхдээ яаж тэжээхээ мэдэхээ байлаа. Ийм учир сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож бидний хэргийг үнэн зөвөөр шударга шийдэж дахин 5 хүний бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргаж өгнө үү гэв. 
Ялтан Б.Батбаярын өмгөөлөгч М.Энхзаяа  тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр мөрдөн байцаалтын шатанд анх гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, шүүхийн шинжилгээний тухай хуулийн 273 дугаар зүйлд зааснаар Шинжлэх ухаан техникийн сургуулийн Механик инженерийн сургуулийн мэргэжлийн багш, Замын цагдаагийн газраас зэрэг 5 хүн орсон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлттэй байна. Физик техникийн томьёоллоор нарийвчлан тал бүрээс нь тогтоолгох шаардлагатай. Ямар нэгэн байдлаар нарийвчлан тооцоолол гаргаагүй байхад миний үйлчлүүлэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. 45 хоногийн жолооны курс төгсчихөөд дүгнэлт гаргаж байгаа байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гол замаар явж байгаа хүн давуу эрхтэй байдаг. Яллагдагч Б.Батбаяр группэд байдаг, уг хэргийн улмаас биед нь хөнгөн гэмтэл учирч, тархи толгойны өвчтэй болж машинаараа хохирсон. Прокурор эхний хүсэлтийг хангаж шийдээд дараа нь дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргахад хангах боломжгүй гэсэн. Яагаад хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлэхгүй байгаа юм бэ?  Шинжээчийн дүгнэлтээр хурд, гулсалтын зайг физик, техникийн томьёоллоор нарийвчлан тогтоож гэм буруутай эсэх нь тогтоогдох юм бол түүнээс үүссэн үр дагавар хохирлыг хариуцахад бэлэн байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлт нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, хуулиар олгогдсон эрхээ эдлэх боомжийг нээж өгнө үү гэв.
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын орлогч прокурор .. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ялтан нарын гэм буруутай үйлдлийн улмаас 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дээрх зам тээврийн осол гарч иргэн 


4


Доржсүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгчид хохирол учирсан. Ялтан Д.Болдбаатар нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан туслах замаар явж байгаа тээврийн хэрэгсэл гол замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх заалтыг зөрчсөн үйлдлээс болж уг гэмт хэрэг гарсан байдал нь тогтоогдсон. Ялтан Б.Батбаярын тухайд хэдийгээр гол замаар явж байгаа давуу эрхтэй боловч, тухайн үед аюул саад болохыг мэдсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл хажуу талаас машин орж ирчихсэн байхыг мэдсэн хэрнээ машиныхаа хурдыг хасах болон зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Энэ нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд Б.Батбаяр тормоз гишгэсэн мөр огт байхгүй. Ийм учраас зогсоох арга хэмжээ авсан гэж үзэхгүй гэдгийг шинжээч дүгнэлт болон байцаалтандаа тодорхой тусгаж өгсөн. Хэрвээ зогсоох арга хэмжээ авч тормозны мөр гарсан байх юм бол замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ жолооч биелүүлсэн байна гэж үзэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шалгах үндэслэлтэй. Хэргийн газар дээр тормозны мөр гараагүй учраас ямар худртай явж байсан болохыг тогтоох боломжгүй гэдгийг шинжээч анхан шатны шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан. Анхны шинжээчийн дүгнэлтийг замын цагдаагийн байцаагч гаргасан. Шалгаж байх явцад хүсэлт гарч 3 шинжээчийн бүрэлдэхүүнийг томилж дүгнэлтийг гаргуулсан. Гол замаар явж байгаа тээврийн хэрэгсэл уулзвар нэвтрэх давуу эрхтэй байгаа ч гэсэн аюул саад бий болохыг мэдсэн бол аюул саадыг бий болгохгүй байх арга хэмжээг авах үүрэгтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаагүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан байдал, зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үндсэн шалтгааныг тогтоогоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй, мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд хийгээгүй байхад шүүх хэргийг хүлээн авч эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. 
Мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор хийгдсэн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шинжээч Б.Түмэнбаярын дүгнэлт, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Д.Ойнбилэг, Ц.Жамсран, Ч.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт зэрэг нь уг осол гарахад нөлөөлсөн үндсэн шалтгааныг тогтоож чадаагүй байна. 
Өөрөөр хэлбэл дээрх шинжээчийн дүгнэлт нь зам тээврийн ослын талаарх нөхцөл байдал, бүдүүвч зураг, хэмжилт зэрэгт тулгуурлан осол гарсан үндсэн шалтгааныг тодорхойлж, түүнийгээ физик техникийн шинжлэх ухааны үндэслэлээр нотолсон тохйолдолд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжтой.
Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9 дэх хэсэгт заасан Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалт, эсхүл жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний аль нь эсхүл өөр ямар заалт зөрчсөн нт осол гарах үндсэн шалтгаан болсныг хангалттай шалгаж тогтоогоогүй байна.
Мөрдөн байцаалтаар хийж гүйцэтгэвэл зохих эдгээр ажиллагааг гүйцэт хийгээгүй нь хэрэг гарсан байдлыг үнэн зөв тогтоох хуулийн шаардлагыг зөрчиж 


5


улмаар шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байна.

Иймд зам тээврийн ослын дүгнэлтийг шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шаардлага хангасан шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр дахин гаргуулж, ослын үндсэн шалтгааныг тогтоосны үндсэн дээр холбогдох мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийж хэргийн үйл баримт, гэм бурууг үндэслэлтэй зөв тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Тиймээс шүүгдэгч Б.Батбаярын өмгөөлөгч М.Энхзаяагийн давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэв.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Болдбаатар, Б.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Говь-Алтай аймгийн прокурорын газарт буцаасугай. 
2. Ялтан Д.Болдбаатар, Б.Батбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн хэргийг Прокурорт очтол оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

3. Магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж эсэргүүцэл бичих эрхгүй болохыг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                              Ж.ЖАРГАЛСАЙХАН 

                     ШҮҮГЧИД                                   Ж.БАТТОГТОХ 

                                         Ч.ЭНХТӨР