Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 28

 

                                                                        

 

 

 

 

 

 

 

Л.Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Ж.Энхжаргал,

Ялтан Л.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, Б.Бат-Ерөөлт,

            Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Л.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн нарын гаргасан давж заадлах гомдлуудаар Л.Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн 201624000746 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Лувсанбалдангийн Лхагвасүрэн, 1941 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймагт төрсөн, 75 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, хоёр хүүхэд, ачийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 21-557 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УР41013012/,

 

Л.Лхагвасүрэн нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өглөө 8 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Нэг дүгээр төрөхийн зүүн урд замд “Hyundai Grace” загварын 42-93 НАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч С.Цэрэнпагамыг мөргөж амь насыг нь хохироосон,

мөн дээрх ослыг гаргаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчиж, осол гаргасан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Л.Лхагвасүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Лхагвасүрэнг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Л.Лхагвасүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Л.Лхагвасүрэнд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Лхагвасүрэнд оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Л.Лхагвасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Цэрэндашийн нэхэмжлэлээс 20.580.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь 49 хоногийн зардал болон өмгөөлөгчийн хөлс, Өвөрхангай аймгаас ирж, очсон зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, Л.Лхагвасүрэн нь төлөх төлбөргүй болохыг дурдаж, Л.Лхагвасүрэнгийн 171551 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлмөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 0205437 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг Л.Мягмарт буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн Л.Лхагвасүрэнгийн эзэмшлийн “Kia Pregio” загварын 16-67 НАА улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, Л.Лхагвасүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Л.Лхагвасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан бодит хохирлыг сайн дураараа бүрэн төлсөн юм. Миний эрүүл мэндийн байдал их муу цагдан хоригдсон өдрөөс эхлэн тус ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа боловч эмчилгээ төдийлөн сайн авахгүй өдөр ирэх тусам даралт унаж биеийн байдал дээрдэхгүй байгаа юм. Энэ талаар тус ангийн эмнэлгийн тодорхойлолтыг өмгөөлөгчөөр дамжуулан авсан болно. Мөн миний хань 3.Төвшин нь элэгний хүнд өвчнөөр өвчилж элэгний хатуурал буюу церроз өвчнөөр өвчлөн биеийн байдал нь маш муу эмнэлгийн хяналтад байгаа юм. Анхан шатны шүүх хурлын дараа сайн дурын үндсэн дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өмгөөлөгчийн болон унааны зардалд гарсан нэхэмжлэлийг төлж хохиролгүй болгосон.

Иймд миний бие 75 настай хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон эрүүл мэнд, биеийн байдал, хань ижилд минь тохиолдсон өвчин зэрэг гэр бүлийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Л.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Авгайн бие муу, миний өөрийн бие муу байна. Цагдан хорих төвд ирсэн цагаасаа эмнэлэгт хэвтэж байна. Оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

 

Ялтны өмгөөлөгч Б.Лхагвацэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Лхагвасүрэн нь анх удаа болгоомжгүйгээр, хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн, хуульд заасан нотлох баримтад тавигдах шаардлага хангасан баримтаар нотлогдсон төлбөр болон талийгаачийн оршуулгын зардал болон бусад холбогдох зардал төлбөрийг бүрэн төлсөн. Өөрийн гэм буруутай үйлдлээ шударгаар хүлээн мэдүүлж, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа болон түүний хувийн байдал, тухайлбал өндөр настай /75 настай/, нас болон биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж болох үндэслэл бүхий байхад үүнийг харгалзахгүйгээр биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан нь үнэн ч үүнийг ялтны зүгээс нөхөн сэргээх ямар ч боломжгүй бөгөөд хүнд ял оногдуулснаар ч сэргээгдэх боломжгүй учир гэм хорыг ямар ч арга хэрэгслэл, нөхцөлөөр арилгах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад шүүх хохирол арилаагүй гэж ямар ч хэрэгжих боломжгүй үндэслэлийг зааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан Л.Лхагвасүрэнд оногдуулсан 3 жил 3 сарын xорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

 

Ялтан Л.Лхагвасүрэнгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хурадаанд Л.Лхагвасүрэнгийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцож байна. Л.Лхагвасүрэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг арилгасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “хохирогч нас барсан бол түүний эрхийг гэр бүл, төрөл садангийн хүн эдэлнэ” гэж заасан. Амь хохирогчийн ар гэрийнхэн Л.Лхагвасүрэнд гомдолгүй, хохирлоо бүрэн барагдуулсан” гэдгээ илэрхийлсэн. Л.Лхагвасүрэнгийн өөрийнх нь эрүүл мэндийн байдал муу байгаа гэдэг нь Цагдан хорих 461 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолтоор тогтоогддог. Мөн түүний эхнэр элэгний церроз өвчнөөр өвчилсөн, биеийн байдал муу байгаа. Үүнээс түүний хувийн байдал нь харагдаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд уг хэрэг нь шууд санаатай үйлдэгдээгүй...” гэв.

 

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие Л.Лхагвасүрэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон. Л.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дгаар зүйлийн 215.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Давж заалдах гомдолд “учруулсан хохирлыг барагдуусан. Өөрийнх нь биеийн байдал муу байгаа зэргийг харгалзаж онодуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэсэн байна. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед гэмт хэргийн улмаас учирсан гэм хор барагдаагүй, хохирогч тал “20.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэж байсан. Өнөөдрийн байдлаар ялтны өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлсөн гэх баримтыг харахад хохирлын мөнгө 7.500.000 төгрөгийг Баяртунгалаг гэх хүний данс руу шилжүүлсэн байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цэрэндаш энэ дансаар дамжуулан мөнгө авсан тухайгаа хүсэлтдээ бичээгүй. Уг хүсэлт нь түүний өөрийнх мөн эсэхийг нотариатаар гэрчлүүлсэн зүйл байхгүй байна. Хохирлыг Цэрэндаш гэж хүн хүлээн авсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Хэдийгээр шүүгдэгч 75 настай өндөр настай гэж байгаа боловч түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан. Түүний учруулсан хохирол, гэмт хэргийн ниймийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

                                                                   ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ялтан Л.Лхагвасүрэн нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны 8 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Нэг дүгээр төрөхийн зүүн урд замд “Hyundai Grace” загварын 42-93 НАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч С.Цэрэнпагамыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

                       

Ялтан Л.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын шатанд: “…2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 07 цаг 30 минутын үед Налайхаас 42-93 НАА улсын дугаартай “Hyundai Grace” загварын автомашиныг жолоодон, 12 зорчигч суулгаад хотын төв рүү Багшийн дээд хүртэл явахаар болсон. Налайхаас суусан хүмүүс маань нэг нэгээрээ замдаа буусаар, 3-4 хүн үлдсэн. Ингээд 08 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Буян ХХК-ийн замаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо яваад, улмаар Нэг дүгээр төрөхийн зүүн урд уулзвараар баруун тийш эргэсэн. Баруун тийш эргэтэл гэнэт урд талд явган зорчигч эмэгтэй хүн гараад ирсэн. Явган зорчигч урд гараад ирсэн болохоор тоормос гишгэж амжаагүй. Тэгээд явган зорчигчийг зүүн урд талын толиор шүргэсэн. Шүргэлт болсоны дараа явган зорчигч дээшээ хараад зам дээр унасан. Би машинаасаа буугаад очоод “өндийгөөрэй” гэсэн чинь юм хэлэхгүй, өөдөөс хараад л байсан. …Би уулзвараар гарч байсан болохоор хурд гээд байх юм байхгүй, шүргээл зогссон…” /хх-ийн 106-107/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цэрэндаш мөрдөн байцаалтын шатанд: “...С.Цэрэнпагам нь миний гэр бүлийн хүн байсан. Би эхнэртэйгээ 31 жил хамт амьдарч дундаасаа 5 хүүхэдтэй болсон юм. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн үед талийгаачийн дүү С.Цэвэлмаа надруу залгаад “эгч С.Цэрэнпагам автомашинд мөргүүлээд Гэмтлийн эмнэлэг дээр байна. Би эмнэлэг дээр байна...” гэсэн. Би Өлзийт хорооллын оршуулгын газарт харуул хийдэг. Тэгээд эмнэлэг дээр ирээд манай эхнэр эмнэлэг очих замдаа нас барсаныг мэдсэн. Талийгаачийн дүү С.Цэвэлмаад ослын талаар мэдэгдээд, тэр Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд осол гаргасан жолооч байхгүй байсныг надад хэлсэн. Гэмтлийн цагдаа анх замын цагдаад ослын талаар мэдэгдсэн гэсэн. Осол гаргасан жолооч ерөөсөө эмнэлэг дээр ирээгүй…” /хх-ийн 20-21/,

 

гэрч Д.Пүрэвбадар мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 8 дугаар сарын сүүлээр байхаа өдрийг нь санахгүй байна. Өглөөний 08 цаг 30 минутын үед Налайх дүүргээс шугаманд явж байсан саарал өнгийн микро автобусанд суугаад Улаанбаатар хот руу явсан. Микро автобусанд сууж явсан ихэнх зорчигч нар Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордон дээр буусан. Дөрвөн зорчигчтой Багшийн дээдийн автобусны буудал руу Нарны замаар яваад Замын цагдаагийн газрын наад талын Буянгийн гарцаар дээшээ эргээд Нэг дүгээр амаржих газар луу зүүн гар тийшээ эргээд зогссон. Удалгүй микро автобусанд сууж байсан хүмүүс “хүн дайрчихлаа” гээд бүгд буусан. Би бууж ирээд харахад микро автобусны урдхан талд настай эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хүн босож чадахгүй байсан...” /хх-ийн 69-70/,

 

гэрч С.Цэвэлмаа мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 8 дугаар сарын 26-ны өглөө 09 цаг өнгөрч байсан. Ажлаа хийгээд байж байтал Өвөрхангай аймагт амьдардаг талийгаачийн том охин Баяртунгалаг над руу залгаад “Над руу 103-ын эмч залгаад ээж чинь зам тээврийн осолд ороод, Гэмтлийн эмнэлэг үү явж байна” гэж хэллээ. Та яаралтай “Гэмтлийн эмнэлэг дээр яваад оч” гэсэн. Тэгээд би яваад очиход манай эгч ухаангүй, эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан. Эмчтэй уулзахад “Энэ хүн найдлагагүй болсон байна” гэж хэлсэн. Тэгээд л удаагүй байж байтал эгч маань нас барсан. Эмнэлэг дээр байсан 103-ын эмчээс осол гаргасан жолооч хаана байгаа талаар асуухад надад гар утас дээрх машины дугаартай зургийг үзүүлээд “Жолооч нь ослын газар дээр үлдсэн” гэж хэлсэн. Би Гэмтлийн цагдаад болсон үйл явдлыг хэлэхэд бүртгэж аваад замын цагдаагийн газар дуудлага өгч байсан. Хэсэг хугацааны дараа замын цагдаагийн байцаагч ирсэн. Тэр цагдаа хэлэхдээ осол гаргасан жолоочийг “Нарантуул зах дээр явж байна” гэж хэлсэн. Намайг эмнэлэг дээр ирснээс хойш осол гаргасан жолооч ирээгүй…” /хх-ийн 71/,

 

гэрч Т.Машбат мөдөн байцаалтын шатанд: “...2016 оны 8 дугаар сарын сүүлээр байхаа өдрийг нь санахгүй байна. Би жижүүртэй байтал өглөөний 9 цаг өнгөрч байхад “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Солонгос улсын элчин сайдын яамнаас зүүн тийшээ 200 метр зайд автомашинд хүн мөргүүлсэн байна” гэсэн дуудлаганд очсон. Дуудлагын дагуу ослын газар дээр ирэхэд саарал өнгийн Налайх дүүргийн улсын дугаартай микро автобусны урд талд 50 гаран настай эмэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Тэр ухаангүй байсан ил шарх сорвигүй байсан. Тэр хүнд анхны үзлэг хийж, яаралтай Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгч байхдаа өөрийнх нь утсаар түүний төрсөн охины дугаар руу залгаж, ослын талаар мэдэгдэж, биеийн байдлыг хэлээд, Гэмтлийн эмнэлэг дээр ах, дүү нарыг нь яаралтай ир гэж хэлсэн. Дараа нь Гэмтлийн жижүүр цагдаад ослын талаарх мэдээллийг бүртгүүлсэн...” /хх-ийн 75/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Талийгаач С.Цэрэнпагамын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал, тархины битүү гэмтэл, зүүн талын суурь яс, дагзны ясны хугарал, тархины зүүн дух, зулай, чамархай, баруун дух, чамархайн хэсгийн цусархаг няцрал, зүүн чамархай, дагзны хатуу хальсан доорх цусан хураа, дух, дагзны хуйхны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач нь гавал, тархины битүү гэмтэл, зүүн талын суурь яс, дагзны ясны хугарал, тархины зүүн дух, зулай, чамархай, баруун дух, чамархайн хэсгийн цусархаг няцрал, зүүн чамархай, дагзны хатуу хальсан доорх цусан хураа, дух,
дагзны хуйхны цус хуралт зэрэг хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. Эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломж муутай байжээ. Цусанд спиртийн агууламж илрээгүй байна. АВО системээр В 3-р бүлгийн цустай байна. Задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй…”  болохыг тогтоосон шинжээчийн 1601 тоот дүгнэлт /хх-ийн 77-78/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Шинжилгээнд ирүүлсэн С.Цэрэнпагамын гэх цусанд спиртийн агууламж илрээгүй…” болохыг тогтоосон химийн шинжээчийн 7515 тоот дүгнэлт /хх-ийн 82/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Шинжилгээнд ирүүлсэн Л.Лхагвасүрэнгийн гэх цусанд спиртийн агууламж илрээгүй…” болохыг тогтоосон химийн шинжээчийн 7499 тоот дүгнэлт /хх-ийн 83/,

 

Улаанбаатар хотын цагдаагийн газрын “Hyundai Grace” загварын 42-93 НАА дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Л.Лхагвасүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна…" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч С.Цэрэнпагам нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3ам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй…” болохыг тогтоосон шинжээчийн 511 тоот дүгнэлт /хх-ийн 95-96/, Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Л.Лхагвасүрэнгийн гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Л.Лхагвасүрэнд ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, хохирогч гомдол саналтай, түүнчлэн түүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх ялтан Л.Лхагвасүрэнгийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтны мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэгтэй нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй юм.

 

Харин Тээврийн прокурорын газраас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчиж, осол гаргасан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт холбогдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт анхан шатны шүүх ялтан Л.Лхагвасүрэнг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь хавтаст хэрэгт Л.Лхагвасүрэнгийн “…Тэр үед миний машин дотор байсан хүмүүс бууж ирээд, нэг нь түргэн тусламж дуудсан. …Удалгүй 103-н машин ирээд эмч нь явган зорчигчийг үзчихээд, шууд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв рүү аваад явсан. Харин намайг “та дагаад явбал яв” гэсэн. Тэгэхлээр би машинтайгаа 103-н машины араас дагаж яваад Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Гэмтлийн эмнэлэгт очоод явган зорчигчийг дотогшоо аваад орчихсон. Би гадаа нь үлдсэн. Тухайн 103-н эмч миний гар утасны дугаарыг авсан бөгөөд “тань руу утсаар ярих байх” хэлсэн. Тэгэхлээр нь би над руу утсаар ярих байх гэж бодоод Гэмтлийн эмнэлгээс “Нарантуул зах” руу явсан…” /хх-ийн 106-107/, гэрч Д.Пүрэвбадарын “…Би өөрийн 88040660 гэсэн дугаараас 103 руу залгаж ослын талаар дуудлага өгсөн. Замаар явж байсан явган, машинтай хүмүүс бүгд л тэр хүнийг ослын газар дээрээс хөдөлгөж болохгүй гэж байсан. 103-ын автомашин ойролцоогоор 5 минутын дотор ирээд тэр хүнийг үзээд дамнуурга дээр тавьж машиндаа оруулаад, осол гаргасан микро автобусны зургийг гар утас дээрээ аваад яваад өгсөн. Жолоочид хандаж эмч нар ямар нэгэн юм хэлээд байсан. Юу хэлснийг сонсоогүй. 103-ын автомашин яваад өгөхөөр би ч гэсэн яваад өгсөн. …бүгд л осол болсон газрыг намайг 103-тай ярьж байхад зааж өгч байсан…” /хх-ийн 69-70/, гэрч Т.Машбатын “…Ослын газар дээр жолоочтой уулзсан. Тэр настай хүн айсан байдалтай байсан. Намайг хүнээ авч явах гэж байхад, жолооч “ах нь одоо яах вэ” гэж надаас асуухад нь “Би мэдэхгүй. Би хүнээ аваад Гэмтэл явах ёстой. Гэмтлийн эмнэлгийн цагдаад ослын талаар бүртгүүлнэ. Тэндээс таныг дуудах байх” гээд явсан…” /хх-ийн 75/, гэрч С.Энхбаярын “…надад ослын талаарх мэдээллийг 103-ын эмч өгч, би ослын талаар журнал дээр бүртгэж авсан…” /хх-ийн 73/ гэх мэдүүлгүүд, Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд “…“Hyundai Grace” загварын 42-93 НАА дугаартай автомашины талийгаач явган зорчигч С.Цэрэнпагамыг мөргөсөн анхны цэгийг жолооч Л.Лхагвасүрэнгээр заалгаж, “А” үсгээр тэмдэглэн авсан. Мөн явган зорчигч автомашинд мөргүүлэн газар унасан цэгийг жолоочоор заалган “Б” үсгээр тэмдэглэв…” /хх-ийн 2/ гэсэн байх бөгөөд Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдалтай /хх-ийн 7/ ялтан Л.Лхагвасүрэн танилцаж гарын үсгээ зуржээ.

 

Дээрх хэрэгт авагдаж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл ялтан Л.Лхагвасүрэн нь зам тээврийн осол гаргасны дараа амь хохирогч С.Цэрэнпагамыг эмнэлгийн тусламж авсныг мэдсэн, өөрийн утасны дугаарыг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хүний их эмч Т.Машбатад өгсөн, цагдаагийн байгууллага түүнийг дуудахад зам тээврийн осол болсон газарт ирж, хэргийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр хэлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив тал тогтоогдохгүй байна. Иймээс прокуророос ялтан Л.Лхагвсүрэнд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           

Үүнээс гадна анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэснээс хойш давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө Л.Лхагвасүрэнгийн ар гэр гэмт хэргийн улмаас учирсан хохирогчийн зардлыг Хаан банкны 5561012444 тоот данс болон Голомт банкны 5024137205 тоот данс руу шилжүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирогчоос гарсан зардлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан болон Голомт банкны мөнгөн шилжүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цэрэндашийн тус шүүх хуралдаанд ирүүлсэн “гомдол саналгүй, хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэх хүсэлт, ялтан Л.Лхагвасүрэнгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Лхагвацэрэн нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, түүнчлэн ялтан Л.Лхагвасүрэн нь “Артерийн даралт ихсэх өвчний хоёр дугаар зэрэг, Зүрхний архаг цус хомсдох өвчин зүрх томролт, Зүрхний дутагдал нэг дүгээр зэрэг, Гуурсан хоолойн багтраа сэдрэлийн үе” зэрэг өвчтэй болох нь ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 469 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт зэргээс тус тус тогтоогдож байна.         

 

Ялтан Л.Лхагвасүрэн нь гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан зардлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

           Иймд ялтан Л.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн нарын гаргасан “…хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн: