Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/0032

 

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/0032

Улаанбаатар хот

 

Т г ХК-ийн нэхэмжлэлтэй, А м,

Г-ын т-ы г-ын К-ын х-ийн д-д

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:                                  Г.Банзрагч

                                                 Х.Батсүрэн

                                                 Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                         Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: А м, г-ын т-ы х э г-ын Г, у у К-ын г-ын д-ын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1396 дугаар шийдвэрийн Э т ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 558 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, Ө.Э-О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,

Гуравдагч этгээд Э т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, өмгөөлөгч Ш.Х-Э нар.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасныг баримтлан А м, г-ын т-ын х э г-ын Г у у к-ын х-ийн д /хуучин нэрээр/ 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э т ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох А м, г-ын т-ын х э г-ын Г у у к-ын х-ийн д /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э т ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 558 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, Ө.Э-О нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Давж заалдах шатны шүүх хууль зөрчиж гомдлын хүрээнээс хэтрүүлэн шүүхийн шийдвэрийг хянасан болон хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухай:

4. ЗХШХШТХ-ын 118.3-д зааснаар хоёр ба түүнээс дээш хэргийн оролцогч гомдол гаргасан, нийтийн эрх, ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах маргаанаас бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдлыг хүрээнд хянах үүрэгтэй. Тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Э т ХХК дангаар давж заалдах гомдол гаргасан тул тус гомдолд дурдсан үндэслэлийг л шүүх хянах үүрэгтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурдагдаагүй анхан шатны шүүх ЗХШХШХТХ-д заасан журам зөрчсөн, шаардагдах нотлох баримтыг цуглуулж бүрдүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөөгүй гэх шинэ үндэслэлүүдийг өөрийн санаачилгаар магадлалдаа зааж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь ЗХШХШТХ-ын 118.3-д заасныг зөрчсөн.

5. Магадлалын хянавал хэсэг, 5 дахь талд ... хүрээнд дүгнэлт хийх байдлаар хэргийн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлийн нэг болох ЗХШХШТХ-ын 121 дүгээр зүйлийн 121.3.7-д шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол гэсэнд хамаарна гэжээ. Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдийг шийдвэрлээгүй гэж давж заалдах гомдол гаргаагүй, мөн гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргаагүй тул ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан үндэслэлээр хэргийн дахин хэлэлцүүлэхээр буюу нэхэмжлэлийн шаардлагыг үнэлүүлэхээр буцаах эрх давж заалдах шатны шүүхэд байхгүй. Шүүх энэ тохиолдолд зөвхөн давж заалдах гомдлын хүрээнд хянах ёстой байсан. Иймд давж заалдах шатны шүүх ЗХШХШТХ-ийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь заалтыг зөрчсөн, 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү.

Анхан шатны шүүх хуулийн зөрчилтэй ажиллагаа хийгээгүй тухай

6. Нэхэмжлэгч Т г ХК-ний нэхэмжлэлийн шаардлага нь А м г-ын т-ы х э г-ын г у у к-ын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1396 шийдвэрийн Э т ХХК д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болох-ыг тогтоолгох юм. Шүүх энэхүү нэхэмжлэл бүхий хэргийг 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг гаргаж хэргийг шийдсэн тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийллээ гэж тооцогддог. Энэ нь шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалт болон ЗХШХШТХ-ийн 107 дугаар зүйлийн 107.6-ийн зохицуулалттай холбоотой.

7. Нөгөө талаас илт хууль бус захиргааны актыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаарддаггүй байх нэгэн үндэслэл байдаг. Учир нь энэ төрлийн акт гарсан цагаас нь эрх зүйн үйлчлэлгүй тул иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх чадамж байдаггүй. Иймд хүчингүй болгох нэхэмжлэлтэй буюу хуулийн зөрчилтэй актын адилаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх урьдач нөхцөлийг 100 хувиар шаардах боломжгүй. Иймд давж заалдах шатны шүүх шаардлагагүй асуудлаар дүгнэлт хийлгэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаасан гэж үзэж байна.

8. Давж заалдах шатны шүүх магадлалын 4 дэх тал, 2 дахь догол мөрд ... нотлох баримтыг хуульд зааснаар бүрдүүлж, дүгнэх шаардлагатай гэж дурджээ. Гэтэл Дээд шүүх болон давж заалдах шатны шүүхээс энэ хэрэгт цуглуулах шаардлагатай гэж үзэж байсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх цуглуулж, холбогдох үйл баримт буюу Т г ХК-ийн эзэмшил ашиглалтын газар Э т ХХК-ийн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай юу, үгүй юу гэдгийг үнэлэн тогтоох бололцоог бүрэн ханган ажилласан. Тухайлбал энэ талаарх шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг, түүний тэмдэглэл зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан болно. (4хх 168-172 тал, 5хх 127-130 тал). Мөн шүүх ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шийдвэр гаргасан нь эдгээр нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг үндсэндээ хүлээн зөвшөөрсөн юм. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийнхээ 12 дахь талын эхний параграф-д нэхэмжлэгчийн зөрчигдсөн газар эзэмших, ашиглах эрх захиргааны байгууллага нөхцөл байдлыг тодруулах явцад шийдвэрлэгдэх (сэргээгдэх-Д.Б, Ө.Э) боломжтой гэж үзэж байгаагаа дурдсан билээ.

9. Дээр дурдсан зүйлээс үзвэл хэргийг анхан шатанд буцаасан магадлал үндэслэлгүй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 558 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. А м, г-ын т-ны х э г-ын Г, у у к-ын х-ийн даргын 2008 оны 1346 дугаар шийдвэрээр Э т ХХК-д 1391 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 14209А тоот тусгай зөвшөөрөл олгосон, нэхэмжлэгч Т г ХК-аас ... Э т ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь манай компанийн эзэмшлийн өөрийн ажилчдын тосгон, авто зам, ШТС, аж ахуйн болон конторын барилгууд, тэсрэх материалын агуулах зэрэг олон объект байрлаж байгаа нийт 56 га газарт давхцуулан олгож, компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан, Э т ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн... гэх үндэслэлээр шүүхэд маргажээ.

11. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

12. Энэ хэргийг өмнө нь Улсын Дээд шүүх хоёр удаа хэлэлцэж нотлох баримт бүрэн цуглуулаагүй гэх болон бусад үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг хэвээр үлдээжээ, үүний дараа нэхэмжлэгч Т г ХК-ийн захирал С.Цэрэндондовоос 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг шинэчлэн тодорхойлохдоо А м, г-ын т-ны х э г-ын Г, у у к-ын х-ийн даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1396 дугаар шийдвэрийн Э т ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж[1] гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхой, эргэлзээгүй байдлаар илэрхийлсэн.

13. Гэтэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ...нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай... гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан ... давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн,... анхан шатны шүүх хэрэгт шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулсан... гэх гомдлыг хангах үндэслэлтэй байна.

14. Давж заалдах шатны шүүхийн магадлалд ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 569 дүгээр магадлалд ...нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газрын хил хязгаар, уг газар дээр нь нэхэмжлэгчийн эд хөрөнгө байгаа эсэх, уг газар нь гуравдагч этгээдэд анх олгогдсон болон талбайн зарим хэсгийг сүүлд буцаан өгсний дараа үлдсэн тусгай зөвшөөрлийн болон ашиглах эрх бүхий газартай нь давхцалтай эсэх талаарх нотлох баримтыг цуглуулаагүй... гэж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 64 дүгээр тогтоолд ...нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын ашиглаж буй газрын хил хязгаарыг тогтоох, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа гэх 56 га газрын байршил нь гуравдагч этгээдийн хэсэгчлэн буцааж өгсөн талбайд хамрагдаж байгаа эсэх талаарх нотлох баримтыг хуульд зааснаар бүрдүүлж, дүгнэх зайлшгүй шаардлагатай... гэжээ.

15. Гэтэл, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр тогтоол, магадлалаар буцааснаас хойш анхан шатны шүүхээс (уурхайн эдэлбэр газрын хил тэмдэг, албан контор шатахуун түгээх станц, тэсэлгээний бодисын агуулах, уурхайн овоолго, амны байрлал)-ын талаарх үзлэг хийсэн тэмдэглэл, Кадастрын мэдээллийн санд Э т ХХК-ийн эзэмшлийн 692.42 гектар ашиглалтын талбай Т г ХК-ийн эзэмшлийн 35.29 гектар ашиглалтын талбайтай давхцалгүй талаар тойм зураг, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг цуглуулснаар магадлалд дурьдсан хэргийг буцаах үндэслэлд тодорхой дүгнэлт өгч болохуйц баримт бүрдсэн байжээ.

16. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай 94 дугаартай захирамжаар[2] тус сумын 5 дугаар багийн нутаг Тал булаг гэдэг газарт Т г ХК-д, АМГТХЭГазрын 2060А лицензийн дагуу нүүрс олборлох зориулалтаар 35 га газрыг Газрын тухай хуульд зааснаар 15-н жилийн хугацаатай гэрээгээр ашиглуулж, 4 дэх заалтаар энэ захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2007 оны 77 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон аж.

17. Гэвч, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/34 дүгээр захирамжаар[3] дээрх 2008 оны 94 дүгээр захирамжийг хүчингүй болгож, 2007 оны 77 дугаар захирамжийн үйлчлэл сэргээжээ.

18. Дээрх байдлаас дүгнэхэд, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2019 оны А/34 дүгээр захирамжаар 2008 оны 94 дүгээр захирамжийг хүчингүй болгож, 2007 оны 77 дугаар захирамж сэргэснээр нэхэмжлэгч Т г ХК-ийн уул уурхайн зориулалтаар Газрын тухай хуулийн дагуу ашиглаж байгаа 91 га талбайн хувьд гуравдагч этгээд Э т ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл болсон байна.

19. Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүхийн ... Э т ХХК нь 14209А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлж авсан үйл баримт тогтоогдсон,... хариуцагч байгууллагаас үүнийг хүлээн зөвшөөрч Э т ХХК-д тусгай зөвшөөрлийг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн атлаа уг мэдэгдлийн дагуу ямар үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдохгүй... гэсэн дүгнэлт үндэстэй.

20. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход шаардлагатай гол баримт болох хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр нь энэ Тал булаг нэртэй талбайд хийгдсэн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэж хүлээн авсан тэмдэглэл, шийдвэр биш байгаа тул хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй нөхцөлд уг талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноор нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмал ашиглах, түүнтэй холбогдсон газар ашиглах эрх зөрчигдсөн байдлыг арилгах замаар захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.

21. Иймд, дээрх үндэслэлээр гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 558 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН               Ч.ТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ                                                Ц.ЦОГТ


 

 

[1] 5-р хавтаст хэргийн 184-188 дахь тал

[2] 3-р хавтаст хэргийн 222 дахь тал

[3] 5-р хавтаст хэргийн 125 дахь тал