Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 30

 

                                                                        

 

 

 

 

Г.Болдбаатарт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Энхтуул,

Шүүгдэгч Г.Болдбаатарын өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

Хохирогч Лим Нонг /Lim Nong/-ын өмгөөлөгч, Д.Барсүрэн, Г.Алтанчимэг,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Д.Батсуурь, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Лим Нонг /Lim Nong/-ын гаргасан давж заалдах гомдлоор Г.Болдбаатарт холбогдох эрүүгийн 2014250001332 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Цагааннуур овогт Галмагнайн Болдбаатар, 1977 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Уяачдын  1 дүгээр гудамжны 67 тоотод суух бүртгэлтэй боловч, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Голден парк” хотхоны 102 дугаар байрны 199 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ТИ77091273/,

Г.Болдбаатар нь шунахайн сэдэлтээр 2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар “Ханжу Гонсол” ХХК-ийн эзэмшлийн 77-84 УНА улсын дугаартай “iveco” загварын 47.234.100 төгрөгийн үнэлгээ бүхий өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн эрүүгийн 2014250001332 дугаартай хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байх явцдаа 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Болдбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурорын газраас Г.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Г.Болдбаатарыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, мөн мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Г.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч Д.Ууганбаярт 77-84 УНА улсын дугаартай “iveco” загварын автомашиныг хариуцуулан эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Ханжу Гонсол” ХХК-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.Болдбаатар нь 92 хоног цагдан хоригдсон, иргэний нэхэмжлэгч Д.Ууганбаяр нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдаж, хохирогч Лим Нонг /Lim Nong/-ын нэхэмжилсэн 152.620.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Болдбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Лим Нонг /Lim Nong/ гаргасан давж заалдах гомдолдоо: “…2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолоор 2014250001332 дугаар хавтаст хэргийг 2015 оны 10 дугаар сард тус шүүхээс автомашины бүртгэлд тэмдэглэгдсэн хөдөлгүүрийн дугаартай зөрж байгаа талаар дахин шүүх хурал хийхээр болсон боловч автомашины хөдөлгүүрийн дугаарын хувьд “Ханжу Гонсол” ХХК-ийн захирал Лим Нонг би Солонгосоос худалдан авч ирсэн машины хөдөлгүүрийн дугаартай таарч байгаа бөгөөд Монголд бүртгүүлэхдээ бичилтийг буруу хийсэн байна гэж үзэж байгаа тул машины төлбөр тооцоонд хамааралгүй ийм машин худалдаж авсан байлаа ч гэсэн түүний хариуцлагыг худалдан авагч тал хүлээх ёстой атал тус шүүхээс энэ талаар сайтар нягталж үзээгүй. Тус хэрэг нь иргэний хэрэг бус эрүүгийн хэрэг боловч хохирогч нь Солонгос хүн гэсэн шалтгаанаар гэмт хэрэгт хөнгөн шийтгэл оноож байна. Г.Болдбаатар 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр уг машиныг хулгайлан авч явах зорилгоор машины өөрийнх нь хөдөлгүүрийн дугаар бүхий Солонгосоос авчирсан бичиг баримтыг өөрчилж бүртгүүлсэний дараа ажил хийнэ гэж хэлээд машины түлхүүрийг 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр авч явсан. Үүний дараа Лим Нонг миний бие Солонгос руу хэсэг хугацаанд томилолтоор яваад эзгүй байх зуур 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр бичиг баримт дээрх нэрийг өөрчилсөн ба машины үнийн тооцоог тухайн хэрэг гарсан өдөр буюу 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эсвэл 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн үнээр тооцсон гэж үзэж шүүхээр шийдвэрлэх ёстой байтал “Bendo” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн машины үнийн үнэлгээний тайлан өөрөөр хэлбэл 3 жилийн турш Монголд барьж байсан элэгдэл хорогдлын үнийг тооцож, уг гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг дагуу дараах шалтгаанаар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

2014 оны 1 дүгээр сард ломбарднаас 35 сая төгрөгөөр авсан бөгөөд хамгийн багаар бодоход уг автомашин 50 сая гаран төгрөгийн үнэтэй гэдгийг мэдэж байх ёстой. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн автомашины үнэлгээний тайланд бичсэн 36 сая төгрөгийн хувьд Монголд 3 жилийн турш эдэлж хэрэглэсэн элэгдэл хорогдлыг тооцож гаргасан дүн учир тухайн хэрэг үйлдэгдсэн өдрөөр бодож үнийг тооцоолж гаргах учиртай. Хууль ёсны дагуу тус хэрэг гарсан өдөр буюу 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн үнэ нь 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр гаргасан үнэлгээний тайлан дээрх 47.234.100 төгрөгөөс илүү өндөр гарах учиртайг мэдэж байх ёстой. Гэтэл хохирогч нь “Ханжү Гонсол” ХХК-ийн захирал Лим Нонг би байтал Ууганбаярт бүх хохирлын нөхөн төлбөрийг өгч Өршөөл үзүүлэх тухай хуулиар шийдвэрлэсэн тул энэхүү шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаж байна.

Компанийн нэр болон машины бүртгэл дээрх нэрийг буруу тэмдэглэсэн бичиг баримтыг үндэслэн нэрийг нь өөрчлөн бүртгэж өгсөн хариуцсан ажилтан ч мөн адил гэмт этгээд атал энэ талаар огт шалгаж үзээгүй.

Ууганбаяр нь Болдбаатараас хохирлын төлбөрөө бүрэн барагдуулж авсан тул тухайн автомашиныг даруйхан “Ханжү Гонсол” ХХК-ийн захирал Лим Нонг /Lim Nong/-д хүлээлгэн өгсөн эсэхийг шалгаж үзэх ёстой байтал огт шалгаагүй. Мөн Ууганбаяр уг машиныг Эрдэнээс худалдаж авчихаад Болдбаатараас мөнгө авч явсан эсэхийг нягталж үзээгүй бөгөөд Лим Нонг /Lim Nong/ миний бие 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл буюу одоо хүртэл машинаа авч чадаагүй л байна.

Шүүхийн шийдвэрээр хохирогч миний нэхэмжилсэн 152.620.000 төгрөгийн асуудлыг цуцал гэсэн хэдий ч тухайн автомашиныг хүлээн аваагүй байхдаа тооцоолсон мөнгөн дүн бөгөөд автомашиныг хүлээн авбал Солонгост төлөх үнэ 110.000.000 төгрөг, гаалийн татвар болон тээврийн зардлыг миний бие төлөх болсон тул 122.000.000 төгрөг суутгах буюу өөрөөр хэлбэл 3 жилийн турш хэрэглэсэн элэгдэл, хорогдлын үнэлгээ 24.624.000 төгрөг болон уг хэргээс үүдэн гарсан зардал болох өмгөөлөгчийн хөлс, Солонгос улс руу явсан зардал буюу 30.620.000 төгрөгийг Болдбаатар бичиг баримт дээрх нэрийг өөрчилж бичилт хийж өгсөн төрийн албан хаагч, түүнчлэн Ууганбаяр нар нь энэхүү элэгдэл хорогдлын хохирлын төлбөрийг барагдуулахад хариуцлага хүлээх ёстой. Гэтэл энэ талаар зохих ёсоор нягталж шалгаагүй.

Гэрэлцэцэгийн өгсөн мэдүүлгийн дагуу Солонгост байсан Лим Нонг надтай утсаар ярьсан мэтээр хуурч тамга тэмдэг авч явсаны дараа, Гэрэлцэцэгийг ч гэсэн залилан мэхэлж 2013 оны 11 дүгээр сард 5 сая төгрөг авч явсан хэрэг явдлыг ч мөн гэмт хэрэг гэж үзэж байгаа тул үүнийг шалгах хэрэгтэй. Миний бие Солонгосоос худалдаж авсан машины бүртгэлийн гэрчилгээг хулгайлан авч явсан тул энэ хэргийг ч гэсэн шалгах хэрэгтэй…” гэжээ.

Хохирогч Лим Нонг /Lim Nong/-ын өмгөөлөгч Д.Барсүрэн тус шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Лим Нонгийн нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас дам учирсан хохирол 152.000.000 төгрөгийг Г.Болдбаатараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан заалт шийтгэх тогтоолд оруулж өгнө үү…” гэв.

Хохирогч Лим Нонг /Lim Nong/-ын өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “…Миний үйлчлүүлэгч Лим Нонг нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гараагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Прокуророос Г.Болдбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх Г.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан. Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэхдээ 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр тээврийн хэрэгслийг 36.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг баримталсан. Уг тээврийн хэрэгсэл нь Замын-Үүдийн гаалиар 46.000.000 төгрөгөөр үнэлэгдэж орж ирсэн бөгөөд холбогдох татваруудаа төлсөн. Хохирогчийн хувьд тээврийн хэрэгслийг гаалиар оруулж ирсэн үнийг бодит хохирол гэж үзэж байгаа. Иймд хохирлын тооцоог тээврийн хэрэгслийг гаалиар орж ирсэн үнэлгээгээр тооцож байгаа. Тээврийн хэрэгслийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсад оруулж ирсэн бөгөөд аваад удаагүй байхад Г.Болдбаатар авч явсан. Тээврийн хэрэгслийг ажилд гаргаж ашиг олох зорилготой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн тээврийн хэрэгсэл нь хэд хэдэн хүний нэр дамжсан бөгөөд хамгийн сүүлд Ууганбаярын нэр дээр очсон. Мөрдөн байцаалтын шатанд тээврийн хэрэгслийг битүүмжилсэн. Хохирогч нь “Вендо” ХХК уг тээврийн хэрэгслийг 36.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр бодит хохирлын хэмжээг тооцож байгааг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн үнэлгээ 36.000.000 төгрөг биш, анх Монгол Улсын гаалиар оруулж ирсэн үнийн дүнгээр үнэлж, хохирлын хэмжээг тогтоох ёстой. Мөн уг тээврийн хэрэгсэлд 3 жил ашигласны элэгдэл хорогдол гэж байх ёсгүй бөгөөд оруулж ирсэн цагаас хойш бараг ашиглаагүй. Хохирогч нь 152.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч түүний гаргаж өгсөн баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Лим Нонг нь гадаад улсын иргэн, монгол хэл мэдэхгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч авч оролцсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.9 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэдэг үүднээс олох байсан орлого, өмгөөлөгчид төлсөн хөлс, Солонгос руу явж машинтай холбоотой баримт бичгүүдийг авч ирсэн зардал зэргийг нэхэмжилсэн. Түүний эдгээр нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Ингэснээр Лим Нонг нь Г.Болдбаатараас хохирол нэхэмжлэх эрхээ алдаж байгаа юм. “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж зааснаар Г.Болдбаатар нь хохирол төлөхөөс чөлөөлөгдөхгүй бөгөөд хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй гэснийг анхан шатны шүүх зөрчиж байна. Г.Болдбаатарын авч явсан тээврийн хэрэгсэл нь бодит хохирол юм. Хохирогчийн нэхэмжилсэн 152.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд хохирогч Лим Нонг нь өөрт учирсан хохирлыг ялтан Г.Болдбаатараас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг шүүхийн шийдвэрт зааж өгнө үү…” гэв.

Шүүгдэгч Г.Болдбаатарын өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “…Хохирогч Лим Нонгийн гаргасан давж заалдах гомдол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь тус зүйлд “давж заалдах гомдлыг аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргана” гэж заасан. Гэтэл хохирогч гомдлоо “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд” гэж гаргасан. Мөн “2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоол”-д холбогдуулан гомдол гаргасан байна. Гэтэл Г.Болдбаатарт холбогдох хэрэг нь 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолтой хэрэг юм. Дээрхээс гадна “прокурор та миний гомдлыг хүлээн авна уу” гэсэн. Түүний гаргасан давж заалдах гомдолд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан үг, үсэг байхгүй. Гэсэн хэдий ч давж заалдах шатны шүүхээс хэргийг хүлээн авч хэлэлцэж байгаа тул өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдолд тайлбар хэлэх нь зүйтэй. Тээврийн хэрэгслийг битүүмжлэх тогтоол гаргасан бөгөөд битүүмжилсэн тээврийн хэрэгслийг Ууганбаярт хариуцуулж өгсөн. Тээврийн хэрэгслийг ямар нэг байдлаар хөдөлгөөгүй, ачаа бараа ачаагүй. Үнэлгээний тухайд анх “МКТРС” ХХК-иар тээврийн хэрэгслийг үнэлүүлсэн бөгөөд үнэлгээний баримтад тээврийн хэрэгслийн арлын дугаар зөрүүтэй бичигдсэн байсан. Тус компани тээврийн хэрэгслийг 47.234.200 төгрөгөөр үнэлсэн. Хавтаст хэргийн 36 дугаар хуудсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн албан тоотоос харахад “Арга билэг эстимэйт” ХХК-иар үнэлгээ хийлгэхээр заасан байдаг. Гэтэл МКТРС ХХК-иар тээврийн хэрэгслийг үнэлүүлсэн. Энэ нь зөрүүтэй байгааг анхаарч үзнэ үү. Энэ үнэлгээний дагуу анхан шатны шүүх хуралдаан явагдсан бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тогтоол 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр гарсан бөгөөд үүнээс хойш үнэлүүлэхэд 36.000.000 төгрөгөөр тээврийн хэрэгслийг үнэлсэн. Уг үнэлгээний дагуу хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг болгон өөрчилж, ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрх нь нээлттэй. Гэхдээ мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч нь гаргаж байгаа нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Хохирогчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтууд хангалтгүй байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Г.Болдбаатар нь уг гэмт хэргийг үйлдснээс хойш ямар нэг гэмт хэрэгт холбогдоогүй нэмж зөрчил гаргаагүй, мөрдөн байцаалтаас оргон зайлж болзошгүй үндэслэл тогтоогдоогүй тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад гаргаж өгнө үү…” гэв.

Прокурор Б.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Г.Болдбаатарт холбогдох хэрэгт анхан шатны шүүх хуралдаанаас эхэлж оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна…” гэв.    

                                                            ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон, эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Болдбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргасан нь “шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” хуулийн шаардлага хангагдаагүй байна. Тухайлбал:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед сонсгосон ялыг өөрчлөх буюу түүнд нэмэлт оруулах үндэслэл гарвал яллагдагчид энэ хуулийн 199, 201 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу шинээр ял сонсгох бөгөөд шинээр сонсгосон ялын талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байцаалт явуулах үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд ялтан Г.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцож, мэдүүлэг авчээ. /1-р хх-ийн 136-137/ Улмаар түүнийг тухайн зүйл хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, байцаасан байна. /1-р хх-ийн 228-229/,  

 

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Мөнхзул 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн ял өөрчилж сонсгох тухай тогтоолоор Г.Болдбаатарт урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгосныг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар байцаажээ. /2-р хх-ийн 204-208/,

 

Гэтэл Баянзүрх дүүргийн прокурор газраас Г.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ. Эдгээрээс дүгнэхэд Г.Болдбаатарт урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгосныг мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгож, яллагдагчаар байцааж мэдүүлэг аваагүй атлаа прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Уг ажиллагааг хуульд нийцүүлэн явуулснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалт болон Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэх юм.

 

2. Мөрдөн байцаалтын шатанд “Ханжү Гонсол” ХХК-ийн 2013 онд гаалийн бүрдүүлэлт хийсэн барааны жагсаалтад уг тээврийн хэрэгсэл буюу өөрөө буулгагч “Iveco”-г 44.601.174 төгрөгөөр үнэлсэн бөгөөд гаалийн татварт 2.230.058 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварт 4.683.123 төгрөгийг төлсөн байна. /1-р хх-ийн 45/

 

 “Iveco” загварын өөрөө буулгагч автомашиныг “Эм Кэй Ти Ар Эс” ХХК 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 47.234.100 төгрөг /1-р хх-ийн 48-51/,  Эд зүйлийн үнэлгээний комисс 2014 оны 2 дугаар сарын 1-ны өдөр 47.234.100 төгрөг /2-р хх-ийн 39/, “ВЕНДО” ХХК 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “…уг автомашиныг Монгол Улсад нийт 3 жил явсан.   …75.00 хувийн элэгдэлтэй байгаа бөгөөд хөдөлмөр хамгаалал болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын стандартад нийцэж байгаа тул тухайн тээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжтой гэж үзээд…” 36.000.000 төгрөгөөр /2-р хх-ийн 178/ тус тус үнэлсэн баримт хавтаст хэрэгт авагджээ.

 

Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг материалаг бүрэлдэхүүнтэй тул тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бүрэн тогтоох нь туйлын ач холбогдолтой бөгөөд хохирлын хэмжээгээр хэргийн хүндрүүлж зүйлчилдэг.

 

Хэрэгт авагдсан гаалийн бүрдүүлэлт хийсэн барааны жагсаалт, Эд зүйлийн үнэлгээний комисс, тусгай эрх бүхий үнэлгээний компаниудын үнэлгээнүүд хоорондоо цаг хугацаа, үнэлгээний хувьд зөрүүтэй, аль нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодиттой тогтоосон болохыг мөрдөн байцаалтын шатанд нэг мөр тогтоох шаардлагатай.

 

  Энэ тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бодитой тогтоогоогүй гэж үзнэ.

 

Үүнээс гадна прокурорын яллах дүгнэлтэд Г.Болдбаатарыг 2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж дурдсан байхад анхан шатны шүүх “ВЕНДО” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “…уг автомашиныг Монгол Улсад нийт 3 жил явсан. …75.00 хувийн элэгдэлтэй, …36.000.000 төгрөг” үнэлгээг үндэслэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь ойлгомжгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчсөн байх тул цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг яаж, хэдийд  тогтоодог, зүйлчлэлд нөлөөлөх эсэхийг сайтар судалж шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж байвал зохино.

 

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Г.Болдбаатарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул давж заалдах шатны шүүх хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: